| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2018/00019/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 19
О.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Бат-Өлзий /цахим сүлжээгээр/
Шүүгдэгч О.М
Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/ЦШТ/28 дугаартай шийтгэх тогтоолд прокурорын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 03 дугаартай эсэргүүцлээр, О.М-д холбогдох эрүүгийн 1727000880057 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, гавъяа шагналгүй, Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулагдаж байсан, Морьт овгийн О.М
О.М нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б.А-н гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж хохирогч Б.А-д 155000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Ц-н эмээл хазаартай, нас гүйцсэн хар хээр зүсмийн морийг хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Морьт овгийн О.М-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, мөн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар О.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар ялыг тус тус нэмж хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Мөнгөн-Эрдэнэд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Өлзий давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх О.М-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурьдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэсэн заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна.
Иймд О.М-д холбогдох Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч О.М-н үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхийг яллах дүгнэлтэнд тусгаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ /хх-ийн 97х/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хэмжээ хязгаарыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
Мөн анхан шатны шүүх О.М-д оногдуулах ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож О.М-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгч О.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.