Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2019/0593/З |
Дугаар | 652 |
Огноо | 2019-10-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 652
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г
Хариуцагч: МУЗГ
Нэхэмжлэлийн шаардлага: “...Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Засгийн газрын тохируулагч агентлаг-Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О, нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, Б.Д, гэрч Т.Э, Н.Д нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Засгийн газрын тохируулагч агентлаг- Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд ажиллаж ирсэн.
Ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтмол 90-100 хувийн амжилттай биелүүлж 2014 оноос хойш төсвийн ерөнхийлөн захирагчаас байнга сайн, маш сайн гэсэн үнэлгээ авч гэрээгээ дүгнүүлдэг байсан болно.
МУЗГ намайг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй буюу:
Нэг. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлж байхад
Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэж байгаа хэдий ч чөлөөлөх үндэслэл болзол нь хангагдаагүй байхад
Учир нь Гби төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна’’ гэж заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй.
Мөн өөрийн биеэр тэтгэвэрт гарах хүсэлт өгөөгүй байхад ажлаас чөлөөллөө.
Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаа үргэлжлүүлэн цаашид ажиллах хүсэлтэй байгаа талаарх хүсэлтийг Шадар сайд Ө.Энхтүвшинд өгсөн боловч албан ёсоор хариу өгөөгүй болно.
Шадар сайд Ө.Энхтүвшинтэй 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр албан өрөөнд нь уулзахад агентлагийн даргаар дэд дарга Б.Билгүүнийг томилуулна ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж надад шахалт үзүүлж дарамтлаад байхад нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг тодорхой нөхцөлтэйгөөр бичсэн бөгөөд нөхцөлүүд хангагдахгүй болсон тул албан ёсоор тухайн хүсэлтээс татгалзаж байгаа талаар 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргаж мэдэгдсэн болно.
МУЗГ шийдвэр гаргахаас өмнө Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар 65 нас хүртэл ажиллах хүсэлтэй байгаагаа удаа дараа буюу 3 удаа илэрхийлж өмнө гаргасан хүсэлтээс албан ёсоор татгалзаж байгаагаа Шадар сайдад илэрхийлсээр байхад намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Засгийн газрын тохируулагч агентлаг-Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Янжинсүрэн, Б.Доньжчимбуу нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсны дагуу Г.Гийн албан ёсоор гаргасан хүсэлтийг харгалзан “Ажлаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2019 оны 131 дүгээр тогтоолоор түүнийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүрэг ажлаас чөлөөлж, өндөр насны тэтгэвэрт гаргасан.
3асгийн газрын хэмжээнд тогтсон жишгээр агентлагийн дарга нар тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдэлдэг бөгөөд энэ жилийн тухайд түүнийг өндөр насны тэтгэвэрт гаргахаар ярилцаж өргөдлийг хүлээн авсан байсан. Аль ч салбараас оны эхний улиралд өндөр насны тэтгэвэрт гаргах хүмүүс ээлжийн амралтаа бүрэн эдлэх боломжгүй, хэд хоног амрах нь тодорхойгүй учраас чөлөөлөх шийдвэр гаргах хүртэл хугацаанд ногдох ээлжийн амралтын цалинг бодож олгодог төрийн албанд тогтсон жишгийг Г.Гийн тухайд баримтлах бүрэн боломжтой болох нь цаг хугацааны хувьд төдийгүй, түүнд сонсгох ажиллагаа явуулснаас харагдаж байгаа болно.
Г.Гийн ээлжийн амралтаа авсан байдлыг судалж үзэхэд тэрээр тухайн чиглэлийн асуудал эрхэлсэн Шадар сайдтай зөвшилцөөгүй, шийдвэр гаргуулаагүй, албан ёсны дэд дарга байсаар байхад дур мэдэн агентлагийнхаа шийдвэр гаргах эрхгүй хэлтсийн даргаар тушаал гаргуулан ээлжийн амралтын цалингаа бүтэн /шийдвэр гарсан өдрөөр тооцоход ажлын 8 хоногийн амралтын цалин авах байсан/ бодуулж авсан зэрэг төрийн захиргааны удирдах албан тушаалтны хувьд байж болшгүй ёс зүйгүй шударга бус үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон.
Хууль бус шийдвэрээр ээлжийн амралтынхаа эдлэх ёстой 8 хоногоо түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаас өмнө буюу энэ 03 дугаар сарын 20-ны өдрөөс амран эдэлсэн тул амралтын цалингийн зөрүүг буцаан төлсний дараа нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.” гэж заасан боловч мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж заасны дагуу түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Г.Гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хэдий ч чөлөөлөх үндэслэл, болзол хангагдаагүй, мөн ээлжийн амралттай байх хугацаанд маргаан бүхий захиргааны акт гарсан нь хууль үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Нэг. “...Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хэдий ч чөлөөлөх үндэслэл, болзол хангагдаагүй...” гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч Гнь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 219 дүгээр тогтоолоор Стандартчилал, хэмжил зүйн төвийн /хуучин нэрээр/ даргаар томилогдон ажиллаж байсан байна.
Хариуцагч Засгийн газрын зүгээс 2010, 2012 онд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байсан ч 2 удаагийн шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдож 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж улмаар Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор “...тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн...” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.
Нэхэмжлэгч Г.Гийн зүгээс өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсонтой холбогдуулан 2019 он дуустал, 62 нас хүртэл гэх зэргээр удаа дараа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайдад хандан санал, хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байгаа, мөн дээрх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Гнь 1958 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн байх бөгөөд 60 нас хүрэхээс өмнө Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдад тус тус үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан боловч Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл төрийн алба хаах хугацааг сунгах эсэх нь захиргааны байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудал бөгөөд нэхэмжлэгчийг заавал ажиллуулах үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтан хүлээхгүй, зөвхөн ажлын зайлшгүй шаардлага, тухайн албан хаагчийн мэргэжлийн өндөр ур чадварыг харгалзан үзэж хугацаа сунгах эсэхийг захиргааны байгууллага, албан тушаалтан өөрөө шийдвэрлэх эрхтэй.
Тодруулбал Төрийн албаны хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана, уг хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, чөлөөлөх эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийн аль нэгнийг нь гаргах “сонгох боломж”-ийг захиргаанд олгожээ.
Энэ тохиолдолд хариуцагч Засгийн газар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны байгууллага нь тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байх” сонгох боломжоо хэрэгжүүлсэн байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
Хоёр: Ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлийн талаар:
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д “Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Гнь 2006 оноос Стандарт, хэмжил зүйн газарт /одоогийн нэрээр/ ажиллаж эхэлсэн нь хэрэгт авагдсан түүнтэй холбоотой хүний нөөцийн тушаал шийдвэр, холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “...Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ...” гэж заасан, энэ нь ажил олгогчийн шийдвэрийн дагуу ээлжийн амралтаа хуваарийн дагуу эдлэхээр агуулгатай байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ээлжийн амралт өөртөө олгосон нь ойлгомжгүй...” гэх тайлбарыг шүүх үгүйсгэх боломжгүй.
Учир нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын /цаашид заавар гэх/ 3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно”, 14 дэх хэсэгт “Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно” гэж заасны дагуу хэрэв нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллана гэж үзсэн тохиолдолд хариуцагчийн зүгээс түүнд бүтэн ээлжийн амралт олгох ёстой байжээ.
Түүнчлэн Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны төсвийн багцад “нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардал”-ыг төсөвлөсөн нь Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/6112 дугаар албан бичиг, Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/777 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэдгийг Стандарт, хэмжил зүйн газар тухайн үед анхааралгүй ээлжийн амралтыг бүтэн ажлын жилээр тооцсоныг дурдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “ээлжийн амралттай байгаа үед” ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай зохицуулсан нь өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчид хамааралгүй гэж үзэхээр байна. Учир нь энэ асуудал нь тусгай зохицуулалттай бөгөөд томилох, чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй этгээдийн шийдвэрээр ажлаас чөлөөлөх хуулийн нөхцөл бүрдсэн буюу Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д “...төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ... төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх…..шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ... төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” заасны дагуу зохицуулснаар хариуцагчид ажлын байрыг хэвээр хадгалах үүрэг үүсэхгүй.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “... маргаан бүхий актыг сонсох ажиллагааг журмын дагуу хийгээгүй...” гэх хэдий ч 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарын үсэн зурахгүй гэсэн талаарх тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-2/725 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид өгсөн өргөдлийн хариу, нэхэмжлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлтээ татан авах тухай” Шадар сайдад хандаж гаргасан өргөдлийн цохолт зэргээс дүгнэхэд сонсох ажиллагааг огт хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заасныг хариуцагч бүрэн биелүүлээгүй нь маргаан бүхий захиргааны акт болох Засгийн газрын 2019 оны 131 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны энэхүү алдаа нь нэхэмжлэлийг хангах, нэхэмжлэгчийн эрхийг сэргээх үр дагавар үүсгэхээргүй байна.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Г.Гийн төрийн жинхэнэ албан хаагчийн 2018 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн, 2019 оны үр дүнгийн гэрээг энэ оныг дуустал байгуулсан нь үргэлжлүүлэн ажиллуулахаар тооцсон гэж үзэхгүй, учир нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын зорилго, үр дүнгийн гэрээ байгуулах зорилго нь хувь иргэнтэй бус байгууллагын даргын хувьд гэрээ байгуулж, Төсвийн тухай хууль болон бусад хуулийг хэрэгжүүлж ажиллахаар байгууллагын зорилт, үйл ажиллагааг төлөвлөхөд оршино.
Иймд дээрх байдлуудыг нэгтгэн дүгнээд маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гөөс МУЗГт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА