Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0607

 

 

 

 

 

 

 

 

 

             Т.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М

Нэхэмжлэгч: Т.Б

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөл

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 409 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, Ч.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э

Хэргийн индекс: 128/2022/0856/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б-ээс Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан “Т.Б-ийг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 409 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасныг тус тус баримтлан иргэн Т.Б-ээс Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд  холбогдуулан гаргасан “Т.Б-ийг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд: “...

3.1. ...Нэхэмжлэгч Т.Б-ийг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан хууль ёсны шийдвэр гараагүй. Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 3.4-д “Комиссын хуралдааны шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байна. Тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу баталгаажаагүй, хүчин төгөлдөр бус шийдвэр байсаар атал, шүүх захиргааны үйл ажиллагааг хууль, журам зөрчсөн гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг бүтэн хэлэлцэх хүртэл тухайн комиссын хуралдааны шийдвэр хэрэгт ирээгүй, хариуцагч нотлох баримтаар гаргаж өгөөгүй, “бүх баримтаа өгсөн” гэх байр суурьтай байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хувьд тус тэмдэглэлийг дээрх журмын 3.4-д заасан шаардлагыг хангаагүй, баталгаажаагүй шийдвэр гэж үзэхийн сацуу шүүхэд нөхөн бүрдүүлж өгсөн гэж үзэж байна. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг бүтэн хэлэлцсэний дараа шүүх шийдвэрээ гаргахаар завсарласан бөгөөд “тэмдэглэл”-ийг нотлох баримтаар авъя гэж хуралдааныг хойшлуулсан. Тухайн мөчид нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч тал тус тэмдэглэлийг нөхөн бүрдүүлэх боломжтой тул шүүх хуралдаан тараад шууд баримт бичгийн үзлэг хийх байдлаар тэмдэглэлийг гаргуулах тухай хүсэлт тавьж байсан.

3.3. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь Ц.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн мөн өдрийн шүүх хуралдаанд “салбар зөвлөлийн гишүүн н.Сарантуяа БНСУ-д зорчсон, гишүүн Ч.Э дарга өөр яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон, тэр хүнээр очиж гарын үсэг зуруулан байж тэмдэглэлийг нөхөж хийнэ гэж байхгүй” гэх агуулга бүхий тайлбар хэлсэн. Энэхүү шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар хэрэгт авсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч салбар зөвлөлийн гишүүн Д.О нь бүх гишүүдийн гарын үсэг зурсан тэмдэглэл байгаа гэх агуулгыг илэрхийлсэн нь хэрэгт авагдсан маргаан бүхий тэмдэглэлтэй зөрчилдөж байна.

3.4. Хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд үүнтэй холбоотой мэтгэлцэх, тайлбар авах боломжгүй байсан. Шүүх хэрэг дэх энэхүү эргэлзээтэй, ноцтой нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу боллоо. Тухайн тэмдэглэл журмын дагуу баталгаажсан эсэх, бүрэлдэхүүн гарын үсэг зурсан эсэх, яагаад зөвхөн нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан болохыг комиссын бүрэлдэхүүнд ажилласан гишүүдээс тодруулах, гэрчээр оролцуулах бүрэн боломжтой байсан.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоолгох, нотлох баримт цуглуулах, гэрчийн мэдүүлэг авах зэргээр хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Б-ээс Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан “Т.Б-ийг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 409 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасныг тус тус баримтлан иргэн Т.Б-ээс Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд  холбогдуулан гаргасан “Т.Б-ийг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын саналыг харгалзан төрийн албаны төв байгууллага батална. Албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ журмыг баримтална.", 66 дугаар зүйлийн 66.1. "Зөвлөл Дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-т "төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам"-ын 3.4."Комиссын хуралдааны шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байна. Тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна.", 5.3."Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн оролцогчийг бүртгэх эсэх шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ." гэж тус тус заасан.

3.2. Дээрхээс үзэхэд “...комиссын хуралдааны шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байх ба тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулахаар байхад зөвхөн комиссын нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан, Т.Б-ийг сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх эсэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсэгт тусгагдаагүй нь дээрх журамд нийцээгүй байх хэдий ч тус комисс нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн үндэслэлээс үзвэл нэхэмжлэгчийг Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт"-ын "Албан тушаалд тавигдах тусгай шаардлага"-ын "Туршлага" хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцуулахаас хассан нь үндэслэлтэй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.3. Учир нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална” 23.6-д “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 1.2-т “Албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно”, 3.5.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын тодорхойлолтод тусгагдах тусгай шаардлагыг боловсруулахдаа Төрийн албаны зөвлөлөөс баталсан тусгай шаардлагыг баримтална”, 3.5.2-т “төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах мэргэжил ба мэргэшлийн шаардлагыг тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн, албан тушаалын тодорхойлолтод тусгана” гэж тус тус заасан.

3.4. Боловсрол шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны А/282 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ыг баталсан бөгөөд тус тодорхойлолтын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Туршлага” хэсэгт ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил ажилласан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх шаардлагыг тавьжээ.

3.5. Нэхэмжлэгч нь Боловсрол шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/067 дугаар тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд боловсролын байгууллагын удирдах албан тушаалд 4 жил ажилласан нь дээрх албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байх тул “...комиссын хуралдааны тэмдэглэл нь журамд заасан шаардлагыг хангаагүй, баталгаажаагүй шийдвэр гэж үзэхийн сацуу шүүхэд нөхөн бүрдүүлж өгсөн” гэх давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

3.6. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...тухайн тэмдэглэл журмын дагуу баталгаажсан эсэх, бүрэлдэхүүн гарын үсэг зурсан эсэх, яагаад зөвхөн нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан болохыг комиссын бүрэлдэхүүнд ажилласан гишүүдээс тодруулах, гэрчээр оролцуулах...” гэсэн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал бий болно гэж үзэхээргүй байна.

3.7. Тодруулбал, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан ажлын талаарх тайланд “...нийт 12 оролцогчийн анкетыг АТТ-д тавигдсан тусгай шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтээр /https://hh-admin.csc.gov.mn/ системээс цуцаллаа. ...Т.Б “ажилласан жилийн туршлагын шаардлага хангаагүй” гэсэн шалтгаанаар бүртгэлээс хассан талаар тусгасан, мөн гуравдагч этгээдийг тус сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх тул “...хариуцагчийн шийдвэр журамд заасан шаардлага хангаагүй боловч тус үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 409 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                         С. МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН