Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/0037/Э |
Дугаар | ШЦТ0043 |
Огноо | 2016-07-29 |
Зүйл хэсэг | 211.1., |
Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар ШЦТ0043
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: О.Хишигсүрэн
Шүүгдэгч: Ц.Н, Ц.О, О.Б
Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн Тусгай ангийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ц-н Н, Х овгийн Ц-н О, Х овгийн О-н Б нарт холбогдох 201615010002 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.... оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ...... сумын Бургас гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овгийн Ц-н Н. /РД:...../
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19... оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ...... сумын Бургас гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овгийн Ц-н О. /РД:....../
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.... оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ...... сумын Бургас гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овгийн О-н Б. /РД:......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Н, Ц.О, О.Б нар нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар багийн нутаг “Бургасны авдрантай” гэх газраас 4.53 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 1.663.416 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Ц.Н, Ц.О, О.Б нар нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 2 дугаар багийн нутаг “Бургасны авдрантай” гэх газраас 4.53 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 1.663.416 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Хохирогчийн төлөөлөгч Ч.С-н мөрдөн байцаалтанд: ... Би Өвөрхангай аймгийн ...... сумын засаг дарга Т.Ариунболдын албан тоотын дагуу хохирогчоор оролцох болсон. Ойн тухай хуулинд зааснаар иргэн хүнд 1 метр ээс дээш урттай мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй, 1 метрээс дээш урттай мод нь хэрэглээний модонд ордог. Ц.Н, Ц.О, О.Б нар нь хохирлоо төлчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг,
гэрч О.А-нийн мөрдөн байцаалтанд ... Би 2015 оны жилийн эсийн мал тооллогоор Өвөрхангай аймгийн ...... сумын 2-р багийн нутгийн урд хэсгээр Цуврай, Бургас, Нарийн Цуурай, Хуурай шанд гэх газруудаар явсан. Ц.Огийн гэрт очиж мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөд үлдээсэн. Би он сар өдрөө ч сайн санаж байна. Тухайн өдөр 2015 оны 12 сарын 08-ны өдөр байсан. Ц.О өөрөө сумын төв рүү явах яаралтай ажилтай байна гээд бичгээ аваад өөрөө хүүгийнхээ хамт яараад яваад өгсөн шүү дээ. Олгосон бичгийн нэг хувь нь надад байгаа. Өвөрхангай аймгийн ...... сумын 2-р багийн нутаг Авдрантайн өвөр гэх газраас 3 метр куб модыг 1 метрээс доош урттайгаар бэлтгэх эрхийн бичиг олгосон. Ц.Огийн гэрийн гадаа байсан моднууд 1 метрээс дээш урттай буюу 2 метртэй 21 ширхэг нойтон шинэс мод байсан. Би түлшний мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо 1 метрээс доош урттайгаа бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Мөн Ц.О нь намайг түлээний мод бэлтгэх эрхийн бичгээ хураагаад авч явсан гэж хэлснииг гайхаж байна. Түлшний мод бэлтгэх эрхийн бичиг нь 2 хувь байдаг ба эх хувь нь цагаан, иргэн хүнд үлдэх хувь нь ногоон өнгөтэй байдаг. Би өөрөө эх хувийг нь заавал авах журамтай байдаг. Ногоон цаас буюу үлдэх хувь нь надад хэрэггүй учраас тэр бичгийг хураан авах шаардлага байхгүй. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Цэцэгмаа бид 2 хоёр удаа очсон. Эхний удаад нь хэсгийн төлөөлөгч Мягмарсүрэн, цагдаа Ариунболд бид 4 цуг явсан. Ууландаа 63 ширхэг бэлдсэн байсан. Мөн саравчных нь хойд талд 21 ширхэг мод байсан. 2015 оны 12 сарын 20-ны үеэр Ц.Н, Ц.О, О.Б нарын бэлтгэсэн мод нь миний өгсөн эрхийн бичгээр бэлтгэсэн мод биш. Учир нь тэр бичгээр түлээнийхээ модыг бэлтгэсэн байсан. Дахин мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ... гэсэн мэдүүлэг,
гэрч З.Ц-н мөрдөн байцаалтанд ... 2015 оны 12 сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 2-р багийн нутаг “Бургас” гэх газраас Ц.О, Ц.Н, О.Б нар нь мод бэлдсэн тухай мэдээллийг аваад байгаль хамгаалагч Алтанчимэг, хэсгийн төлөөлөгч Мягмарсүрэн, цагдаа Ариунболд нарын хамт явж шалгасан юм. Тэгэхэд Ц.О, Ц.Н, О.Б нар нь 2.25 метрээс 6.25 метр хүртэлх урттай нийт 89 ширхэг мод бэлдсэн байсан. Эдгээр 3 хүн нь мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Ойн тухай хуулинд зааснаар 1 метрээс илүү урттай бол хэрэглээний мод гэж үздэг. Эхний удаад Алтанчимэг бид 2 хэсгийн төлөөлөгч Мягмарсүрэн, цагдаа Ариунболд нарын хамт явсан. Дараа нь Алтанчимэг бид 2 цуг очиж Оюунаа, Нямдорж, Б нарын модыг хураасан юм. Нэг бүрчлэн хэмжилт хйигээд Бат-Өлзий сум дахь Сум дундын ойн анги руу хэмжилтээ явуулж албан тоотоор экологи эдийн засгийн үнэлгээ тогтоолгохоор явуулсан. Оюунаа, Нямдорж, Б эрхийн бичиг байхгүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57, 105, 131 дүгээр хуудас/
шүүгдэгч Ц.Н, Ц.О, О.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,
Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №01/08 тоот үнэлгээ тогтоосон тухай акт,
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15/04/344/04 тоот акт, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан тухай мөрдөн байцаагчийн тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэдгээрийн эд зүйлийн үнэлгээ, модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ тогтоосон акт, Шүүгдэгч Ц.Н, Ц.О, О.Б нарын хувийн байдлын талаар нотлох баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болно.
Иймд шүүгдэгч Ц.Н, Ц.О, О.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Ц.Н, Ц.О, О.Б нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн төлөөлөгч Ч.Сонинбаяр хохирлыг төлүүлэх тухай гэрээ хийсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул түүнийг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 68 ширхэг шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1663416 төгрөгөөр үнэлэгдсэн ба Байгаль хамгаалах тухай хуулинд “Ойд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нь ойн санд учруулсан нөхөн төлбөр 4990248 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах талаар хохирогч байгууллага болох Өвөрхангай аймгийн ...... сумын засаг даргын тамгын газартай гэрээ байгуулсан, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь зохих зөвшөөрөлгүй 68 ширхэг шинэс мод бэлтгэхдээ хөрөө, сүх хэрэглэсэн ба хуульд зааснаар зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 68 ширхэг модыг хурааж улсын орлого болгож шийдвэрлэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хөрөө, сүх зэргийг тус шүүхийн тамгын газраас томилогдсон “Эд мөрийн баримт устгах” ажлын хэсгээр устгуулахаар шийдвэрлэсэн болохыг дурьдав.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, экологид учирсан шууд хохиролыг төлсөн, шүүгдэгч нарын хувийн болон ар гэрийн амьдралын байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хуульд заасан ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 282, 283, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Х овгийн Ц-н Н, Х овгийн Ц-н О, Х овгийн О-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Ц-н Н, Х овгийн Ц-н О, Х овгийн О-н Б нарыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Х овгийн Ц-н Н, Х овгийн О-н Б нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, ялтан Хөхөө Цээпилийн Оюунаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4.Гэмт хэргийн улмаас ялтан Х овгийн Ц-н О, Х овгийн О-н Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, Х овгийн Ц-н Н 21 хоног цагдан хоригдсон, байгаль экологид учруулсан хохирол 1 663 416 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан 68 ширхэг шинэс модыг хурааж улсын орлогод оруулсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар ялтан Ц.Н, Ц.О, О.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хөрөө, модон иштэй сүх зэргийг хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлаж ялтан Ц.Н, Ц.О, О.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
8.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар ялтан Ц.Н, Ц.О, О.Б нарт захиргааны шийтгэл хүлээлгэвэл Цагдаагийн байгууллагын саналыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг анхааруулсугай.
9.Ялтан Ц.Н нь энэ хэрэгтээ 21 хоног цагдан хоригдсон, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Ялтан Ц.Нийд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялтан Ц.О, О.Б нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ДАГИЙМАА