Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00987

 

Ж.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00096 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 487 дугаар магадлалтай,

Ж.Т-ын нэхэмжлэлтэй,

“Э” ХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Төрбат, өмгөөлөгч Б.Нандин-эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, өмгөөлөгч Т.Гантулга, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Эрдэнэс тавантолгой ХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан менежер албан тушаалд 2014 оны 4 сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болсон. 2018 оны 6 сарын 05-ны өдөр ажилдаа очиход уурхайн цанхийн зүүн уурхайн хөрсний 2 дугаар овоолго дээр 2018 оны 5 сарын 04-ний өдөр гарсан үйлдвэрлэлийн ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь нас сүйдсэн. Үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх ажлыг хариуцсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, үр дүнд хүрээгүй, ослоос үүдэн иргэн, байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан зэргийг харгалзсан 2018 оны 5 сарын 06-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг тус тус үндэслэн сахилгын давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаалыг танилцуулсан. Миний бие ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь хангалттай биелүүлсэн бөгөөд дээрх үйлдвэрлэлийн осолд миний буруутай үйл ажиллагаа байгаагүй болно. Иймд үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.    

Хариуцагч “Э” ХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ажил олгогчоос ажлын байранд тавих хяналтыг мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх шаардлагын тухайд уурхайн үйл ажиллагаа нь тасралтгүй 24 цаг явагддаг онцлогтой хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Ажил олгогч өдөр тутам, тухай бүр хяналт тавих боломжгүй учраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжид нийцүүлэн компанийн үйл ажиллагаатай уялдуулан боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог бий болгох, уурхайн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний орон тоог Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйл,27.2 ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэж заасны дагуу баталсан. Энэхүү орон тоонд Ж.Т-ыг гүйцэтгэх захирлын 2014 оны 4 сарын 17-ны өдрийн Б/176 тоот тушаалаар уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан менежер, гүйцэтгэх захирлын 2016 оны 10 сарын 28-ны өдрийн Б/456 дугаар тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахлах мэргэжилтнээр авч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулснаар байгууллага ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Осолдогч Ц.Ариунболдын ажлын байрны онцлог, ажиллах орчин нөхцөл хэвийн бус хүнд бөгөөд ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор ажил олгогчийн шууд, байнгын хяналтын дор байх онцгой ажлын байр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 3.1.9 юм. Тийм ч учраас Ж.Т-ыг компанийн нийт ажилтны эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, энэ чиглэлийн бүхий л үйл ажиллагаа, мэргэжилтнүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах ахлах мэргэжилтнээр ажиллуулсан. Үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх үүрэгтэйгээр 4.800.000 төгрөгийн цалин хөлс авч, энэ ажлыг хариуцсан ХАБЭАБО-ны ахлах мэргэжилтэн Ж.Т- нь үндсэн үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй авсан, түүний ажил үүрэг тодорхой үр дүнд хүрээгүй тул Эрдэнэс тавантолгой ХК-ийн цанхийн зүүн уурхайд 5 сарын 04-ний өдөр авто ачигчийн оператор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож амь нас нь эрсэдсэн үйлдвэрлэлийн ноцтой осол болсон нь баримтаар нотлогдож байгаа. Бүтэн ээлжийн хугацаанд осол болсон ажлын байранд осол гарч болзошгүй зөрчил байгаа эсэхийг хянаж олох, илрүүлэх ажлыг зөвхөн нэг удаа хийснийг компанийн удирдлага, мэргэжлийн байгууллагаас хангалтгүй гэж үзэж байгаа, техник нь бүрэн бүтэн эсэх, ажилтных нь эрүүл мэнд ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байгаа эсэхийг ажлын байранд тогтмол хянах, ажиглалт хийх, соргогоор мэдэрч ажиглах мэргэжлийн нарийн ур ухаан, арга барилаар ажиллах үүрэгт ажлаа хийгээгүй учраас ажилдаа хариуцлагагүй хандсан. Дээрх эс үйлдлээс шууд шалтгаалан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, үр дүнд хүрээгүйгээс ажилтан нас барсан, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай аваагүй эс үйлдэхүй осол бусдын амь нас хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой болно. Тэрээр 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хариуцсан ажилдаа хайнга хандсан тул гүйцэтгэх захирлын 2017 оны 6 сарын 13-ны өдрийн Б/251 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан байсан. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргаагүй тул хуулийн хүчинтэй хугацаанд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д заасан сахилгын шийтгэлтэй хугацаанд сахилгын зөрчил дахин давтан гаргасан. Ж.Т-ыг гүйцэтгэх захирлын 2018 оны 5 сарын 25-ны өдрийн 6/165 тоот тушаалаар ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Мөн Ж.Т- нь Эрдэнэс тавантолгой ХК-ийн цанхийн зүүн уурхайд 5 сарын 04-ний өдөр авто ачигчийн оператор ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож хүний амь нас эрсэдсэн үйлдвэрлэлийн ноцтой осол болсон өдөр ажиллаж байсан нь ХАБЭАБО-ны хэлтэс 5 сарын ажлын цагийн бүртгэлийн АЮ77120115 регистрийн дугаартай Жигдэн Төрбат 12 гэж тэмдэглэгдсэнээр нотлогдож байна. Иймд иргэн Ж.Т-ын ажлаас буруу халагдсан тухай Эрдэнэс тавантолгой ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00096 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ж.Т-ыг Эрдэнэс тавантолгой ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Эрдэнэс тавантолгой ХК-иас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23.200.000 төгрөгийг гаргуулж Ж.Т-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ж.Т-ын ажилгүй байсан 2018 оны 5 сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Эрдэнэс тавантолгой ХК-ийн удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 273.950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 487 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 182\ШШ2019\00096 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 487 дугаар Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Ж.Т- урьд нь 2017 оны 6 дугаар сард Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хангаж ажиллаагүй, хариуцсан ажилдаа хайнга хандан зөрчил гаргасан тул Гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/251 дугаар тушаалаар түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Т- нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгээгүй гэм буруутай эс үйлдэл гарган үйлдвэрлэлийн осол болсон тухайн өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд хяналт тавих, шалгалт хийх, доод албан тушаалтан болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн бусад мэргэжилтэн, эмч нар нарыг удирдан оператор буюу гэрээт олборлогч үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг ажилтан мөрдөж буйд хяналт тавих, аюул эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, хяналт тогтоож, арилгах, компанийн үйл ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмжид аюулгүй байдалд хяналт тавих, эрүүл аюулгүй ажлын байранд ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч энэ чиглэлийн бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Ж.Т- нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн аюул эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, хяналт тогтоох, ХАБЭА- ын үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг тооцох, компанийн үйл ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих, компанийн нийт ажилтны эрүүл мэнд, аюулгүй ажлын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, оператор буюу гэрээт олборлогч үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүй эс үйлдэл гаргасан нь хүний амь нас эрсдэх ноцтой үр дагаварт хүргэсэн. Давж заалдах шатны шүүх “...Ж.Т-ыг осолд буруутай эсэхийг тогтоогоогүй байна..” “...Ж.Т-ыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлгүй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Үйлдвэрлэлийн ослыг цагдаа, прокурорын байгууллага эрүүгийн журмаар шалгасан, осол педаль дээр байсан савтай уснаас болсон, түүнийг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн шалгаагүй, жолооч ажилдаа согтуу гарсан зөрчлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Т- шүүх хуралдаан дээр өөрөө мэдээгүй гэж тайлбарласан. Ж.Т- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст харьяалагддаг. Тус хэлтсийн мэргэжилтэн, эмч гээд 10-аад хүнийг удирдан ажиллаж байсан атлаа тухайн өдөр оператор согтуу ажилдаа гарсныг, машины хаазны педальд усны сав байршуулсныг илрүүлээгүй, огт шалгаагүй, ахлахын хувьд шалгалт хийгээгүй орхигдуулсан, ажлын нийт цагт шалгалтыг зөвхөн 1 удаа хийлгэснийг мэргэжлийн хяналтын байгууллага буруутгаж байхад шүүх сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Ж.Т-ын зөрчил нь:  Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Д.Баасанбатын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 31 тоот мэдэгдэлд “Ажилтны биеийн эрүүл мэндийн байдлыг мөн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэх чадвартай, боломжтой байгаа эсэхийг ажилд гарахаас нь өмнө шалгаагүй...”, “...Ашиглагдаж буй техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангалтгүй, техникийн засвар үйлчилгээг өдөр тутмын үзлэгийн тэмдэглэл, ажилтнуудын санал, хүсэлт, техникийн байдалтай уялдуулан хийдэггүйгээс тухайн техник эвдрэлтэй эсэх, эсхүл хэвийн ажил үүрэг гүйцэтгэх боломжтой эсэхийг магадалж тогтоогоогүй. Уурхайн талбар дахь ажилтны ажил үүрэг гүйцэтгэж буй байдалд тавих хяналт сул, ажилтан аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зохих ёсоор биелүүлж байгаа эсэхийг хянадаггүй, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулдаг, ослоос урьдчилан сэргийлэх байдал хангалтгүй...” “...Ажилтан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч ажлын нярадыг “TTJVCO” ХХК-ны холбогдох ажилтан өгдөг, тухайн компанийн техник дээр ажилладаг байдлаас шалгаалж техникийн бүрэн бүтэн байдал болон ажилтны ажил үүрэг гүйцэтгэж буй байдалд тавих хяналт суларсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна...” гэж,  Монгол Улсын мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Б.Очирхуягийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16/06/189/13 дугаартай дүгнэлтийн 1-д “... “Эрдэнэс-Тавантолгой” ХК- ийн “Хөдөлгөөнт техник ашиглах журам”-ын...ажлын байран дээрх хэрэгжилт хангалтгүй, зөрчигдсөн...”, 2-д “...бүтэн ээлжийн хугацаанд осол болсон ажлын байран дээр 1 ажилтан нь 1 удаа хяналт тавихаар очсон байдлаас харахад өдөр тутмын ажлын байрны үзлэг, хяналт муу хийгдсэн байна...” гэж, Уурхайн дарга Д.Чинбатын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Ослын судлан бүртгэх комиссын удирдамжийн дагуу ажлын хэсэг ажиллан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2018 оны 05 сарын 06-ны өдрийн актын 13-д “...эрүүл мэндийн шалтгаанаар унасан байж болзошгүй...”, 15-д “...ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед...Осолдогч Цагаан овогтой Ариунболд нь 2018 оны 05 сарын 04-ний өдөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолдож нас барсан тул үйлдвэрлэлийн осол гэж үзэв...” гэж. Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын 2018 оны 05 сарын 07- ны өдрийн ажлын тайланд “...үйлдвэрлэлийн осол гарахад дараах хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. 1-д “...Комиссын ажлын хэсгийн үзлэгээр техникийн хаазны педаль дээр усны сав байрлуулсан байсан нь аюулгүй ажиллагааны горим зөрчигдсөн байж болзошгүй...” 3-д “...Тухайн ажилтан техникт дайруулсан байдалтай осолд орсон нь техник бүрэн бус байж болзошгүй...” гэсэн дээрх баримтаар нотлогдож байна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “ТиТиЖиВиСиӨү” ХХК- ийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татах хүсэлтийг хангаж шийдээгүй атлаа анхан шатны шүүхийн шийдвэрт “...шууд удирдах ажилтан нар нь “ТиТиЖиВиСиӨү” ХХК-ийн ажилтан нар, түүнчлэн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүрэг нь “ТиТиЖиВиСиӨү” ХХК... гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг гуравдагч этгээдээр татаагүй атлаа ийнхүү дүгнэж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүх хянаагүй орхигдуулсан. Шүүхийн шийдвэр, Магадлалын үр дагавраас шалтгаалан, дээрх асуудалтай холбогдуулан хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан “ТиТиЖиВиСиӨү” ХХК-тай байгуулсан "Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу “Эрдэнэс- Тавантолгой” ХК нь “ТиТиЖиВиСиӨү” ХХК-ийг гэрээний 3.4, 3.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн тус гэрээний 27 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх талаарх маргаантай нөхцөл байдал үүснэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны асуудлыг хариуцан ажиллаж байсан ахлах мэргэжилтнийг шүүх үйлдвэрлэлийн осолд хяналт тавих үүрэггүй байсан гэж дүгнэсэн нь шүүх тухайн ажилтны үйлдвэрлэлийн осол гаргахгүйн төлөө ажиллах үндсэн үүргийг ойлгоогүй байна гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал Зөвлөмжийн 2.4-д "... Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд “хөдөлмөрийн сахилгын хариуцлага”, “сахилгын зөрчил” гэсэн эрх зүйн ойлголтууд чухал байр эзэлнэ. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна...” гэсэн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахпах мэргэжилтэн Ж.Т-ыг Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 6/165 тоот тушаалаар Уурхайн Цанхийн хөрсний 2 дугаар овоолго дээр 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр үйлдвэрлэлийн ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь нас сүйдсэн. Үүнд үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх ажлыг хариуцсан Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хан а хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан, үр дүнд хүрээгүй, ослоос иргэн байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан, түүнчлэн Гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/251 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Компанийн дүрмийн 10.3.4,10.3.12, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2, 5.3.2, 11.1.3, 11.5.5., Хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.6, 4.2.4, 4.2.9, 5.1.3, Ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны гол үйл ажиллагааны 1.4, 1.8, 1.10, 1.14, 2.1 дэх хэсгүүд, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг тус тус үндэслэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болно.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 182\ШШ2019\00096 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 487 дугаар Магадлалыг хүчингүй болгож, Иргэн Ж.Т-ын ажлаас буруу халагдсан тухай “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Ж.Т-ын “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч Э ХК эс зөвшөөрч, сахилгын давтан зөрчил гаргасан гэж маргажээ.

Э ХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 5 дугаар сарын 25-ний өдөр Б/165 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөхдөө сахилгын арга хэмжээ авагдсан байхдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ослоос үүдэн иргэн байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 3 дугаар тал/.

Хуулийн дээрх зохицуулалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч  ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх учиртай.

Ажил олгогчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн Б/251 дүгээр тушаалаар Ж.Т-ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.

Э ХК-ийн уурхайд ажиллаж байсан Ц.Ариунболд нь 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орж нас барсан,  энэхүү осол гарахад нэхэмжлэгч буруутай эсэх талаар талууд маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын 2017 оны 5 дугаар сарын 7-ний өдрийн ажлын тайланг дурджээ /хэргийн 21-25, 59-60 дугаар тал/. 

Үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийг нэрлэсэн дээрх тайланд “...техникийн хаазны педал дээр усны сав байрлуулсан байсан нь аюулгүй ажиллагааны горим зөрчигдсөн байж болзошгүй”, “суудлын бүс бүслээгүй, ашиглаагүйгээс үүдсэн байж магадгүй”, “техник бүрэн бус байсан байж болзошгүй”, “ганцаараа ажиллаж байх үед биеийн эрүүл мэнд огцом муудсан байж болзошгүй” гэсэн боловч үүнд нэхэмжлэгч буруутай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

Түүнчлэн авто ачигчийн операторт 2018 оны 5 сарын 04-ний өдөр ажилд гарахад нь “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн ахлах ажилтан ажил тус бүрт зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж баталгаажуулсныг хариуцагч үгүйсгээгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2.-т нийцсэн тул хэвээр үлдээв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00096 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 487 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 273.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ