Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 154

 

Х.Аманбект холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,

нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол,

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар магадлалтай, 201604000126 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Аманбек болон өмгөөлөгч Я.Сьезд нарын хамтран гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ители бесшал овогт Хавилхахын Аманбек нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохироох”  гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Аманбекийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 3 хүний амь насыг хохироож, 1 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Х.Аманбекийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Х.Аманбекийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэж гэж өөрчлөн, тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Х.Аманбект оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Аманбек болон өмгөөлөгч Я.Сьезд нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнбилэг, өмгөөлөгч Я.Сьезд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Аманбек болон өмгөөлөгч Я.Сьезд нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Аманбект холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн хууль зүйн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Х.Аманбект холбогдох хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаярын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн дүгнэлтэд “...Жолооч Х.Аманбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хедөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.8.А-д заасан “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно”, 21.8.Б-д заасан “Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэж,

 Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагиин тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэч А.Мырзабекийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн 07 тоот дүгнэлтэд “3амын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаярын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. Жолооч Х.Аманбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.7-д заасан “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг зөрчиж ачаа нь дээр хүн суулгаж явсан, “3ил-130” маркийн 40-98 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд орох үед ямар хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. "3ил-130” маркийн 40-98 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тухайн нөхцөлд тулгарсан үед машиныг бүрэн зогсоож ослоос зайлж болох байсан. Осолд хүргэсэн шууд шалтгаан нь тээврийн хэрэгслийн руль нь гацсанаас болсон байна” гэж,

 Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн үзлэгийн инженер Е.Жанатхан, техникч Т.Шидат нарын дүгнэлтэд “... “3ил-431410” маркийн 40-98 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол гарах үед бүрэн бүтэн байгаагүй байна. Осол гарах үед “Зил-431410” маркийн 40-98 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослын улмаас эвдэрсэн байх тул асааж хий хураалгаж тормозны аппаратыг шалгах, мөн тормоз нь бүрэн ажиллагаатай эсэхийг шалгах боломжгүй байв. Автомашиныг асааж шалгах гэсэн боловч асаагүй болно. Жолооны механизмыг задалж шалгаж үзэхэд механизм хэвийн ажиллагаатай, урд дугуйнуудыг домкратаар өргөж байгаад дугуйнуудыг мушгихад баруун зүүн тийш эргэхгүй гацсан байдалтай байсан тул жолооны хөндлөн чиглүүлэгчийг салгаад дугуйнуудыг мушгихад зүүн урд дугуй хэвийн эргэлттэй байсан ба баруун урд дугуй гацаж эргэхгүй байв. Шалтгаан нь баруун урд дугуйны салфны латунан шайбнууд хадагдаж гацсан байсан болно. Баруун урд дугуй нь салфны латунан шайбнууд хөдөлгөөний дунд эвдэрсэн байсан тул гацсан байна. 3ам тээврийн осол гарах үед уг тээврийн хэрэгслийн жолооны механизм нь хэвийн ажиллагаатай байсан боловч баруун урд дугуйны салфны латунан шайбнууд гацаж хадагдсанаас болж осол гарсан байна” гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Дээрх 3 өөр шинжээч нарын дүгнэлтүүд хооронд утга агуулгын хувьд зөрүүтэй, нэг нэгний гаргасан дүгнэлтүүдийг үгүйсгэсэн, маргаан бүхий үйл баримтад бүрэн гүйцэд хариулт өгч чадаагүй, эргэлзээтэй нотлох баримт гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх эргэлзээтэй дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч Х.Аманбекийг гэм буруутайд тооцох шийдвэрийн хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дугаар зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан "Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэснийг ноцтой зөрчиж байна.

Шинжээч А.Мырзабек нь Б.Мэндбаярын дүгнэлт үндэслэлтэй гэсэн мөртлөө Б.Мэндбаярын гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.а, 21.8.б заалтуудыг зөрчсөн байна гэсэн хэсгийг үгүйсгэсэн дүгнэлт гаргажээ. Шинжээч А.Мырзабек болон шинжээч Е.Жанатхан, Х.Шидат нарын гаргасан дүгнэлтэд дурдагдсан осол гарах болсон шалтгаан нөхцөл хоорондоо зөрчилдөж байна. Шинжээч А.Мырзабекийн дүгнэлтэнд “...Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй гэж бичсэн атлаа уг дүгнэлтийн өөр нэг заалтад “...3ил-130” маркийн 40-98 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд орох үед ямар хурдтай явж байсныг тогтоох боломжгүй.” гэсэн нь хоорондоо зөрчилдөж байна. Учир нь тухайн ачааны автомашин нь гэнэтийн авто осолд орох үед ямар хурдтай явж байсныг тогтоож чадаагүй мөртлөө эсрэгээр жолоочийг тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутгаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Мөн шинжээч А.Мырзабекийн дүгнэлтэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.7 дахь заалтыг зөрчиж ачаа нь дээр хүн суулгаж явсан гэжээ. Тухайн ачааны автомашины тэвшинд хүн суулгаж явсан нь захиргааны зөрчил болохоос биш, гэмт хэргийн шинжийг агуулаагүй юм. Автомашин хөдөлгөөн дунд урьдаас төлөвлөөгөөгүй, гэнэтийн техникийн гэмтэл, эвдрэл хэзээ ч гарч болох юм. Иймэрхүү тохиолдлоор үүссэн авто ослын үед автомашины дээр зорчигч сууж явсан ч, зорчигч ч байхгүй байсан ч авто осол гарна шүү дээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.2.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул шүүгдэгч Х.Аманбект холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын шатны шүүх хуралдаанд: Х.Аманбект холбогдох хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байх тул дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах саналтай байна. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Х.Аманбек нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирч, нэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол болон магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн талаар дүгнэлт гаргахад чухал ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ шүүх тогтоолдоо заагаагүй бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйц байвал мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо харилцан зөрүүтэй байхаас гадна жолооч Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн, мөн осол гарахад нөлөөлсөн шалтгааныг тодорхой болгож чадаагүй байна. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаярын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн дүгнэлтэд Х.Аманбекийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8.А, 21.8.Б-д заасан заалтуудыг зөрчсөн гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд шинжээч А.Мырзабекийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 07  дугаар дүгнэлтэд Х.Аманбекийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.7-д заасан заалтуудыг зөрчсөн гэж тэмдэглэгдсэн нь хоорондоо зөрүүтэй байна.

 Мөн осол гарахад нөлөөлсөн шалтгааныг шинжээч А.Мырзабекийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 07  дугаар дүгнэлтэд “тээврийн хэрэгслийн руль нь гацсанаас болсон” гэж дүгнэснийг Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн үзлэгийн инженер Е.Жанатхан, техникч Т.Шидат нарын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар дүгнэлтээр “машины баруун урд дугуйны сапфны латунан шайбнууд гацаж хадагдсанаас болж осол гарсан байна” гэж үгүйсгэсэн нь осол гарахад нөлөөлсөн шалтгааны талаар эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн бөгөөд үүнийг нэг мөр тодруулаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Х.Аманбек нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн, осол гарахад нөлөөлсөн шалтгаан, техникийн эвдрэл, гэмтэл нь Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэл эзэмшигчид оногдуулсан ашиглалтын журмын биелэлттэй холбоотой эсэх талаар Замын Цагдаагийн газар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн тээврийн салбарын багш нарын баг зэрэг мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэрэгт чухал ач холбогдолтой гэж дүгнэн Х.Аманбект холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Аманбект холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Х.Аманбект урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                                   Ч.ХОСБАЯР