Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 407

 

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны

 албаны дарга Ж.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, гуравдагч этгээд Н.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Энхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 390 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0550 дугаар магадлалтай, Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын нэхэмжлэлтэй, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 390 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албыг төлөөлж тус албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бадамцэцэгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0550 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх 4 төрлийн зөрчлийг дүгнэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 2-д заасныг зөрчсөн тул 123 дугаар зүйлийн 123.2.2-д зааснаар гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх “Н.Пүрэвсүрэн уг баримт бичгийн төслийг боловсруулсан нь хэрэгт хавсаргагдсан төдийгүй, боловсруулсан төслийг нягтлан шалгаж, холбогдох өөрчлөлт оруулах тухай чиглэл өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Гэтэл энэ зөрчил нь баримт бичгийг боловсруулж батлуулаагүй явдал юм. Өөрөөр хэлбэл зохих ёсоор боловсруулаагүй байгааг боловсруулсан гэж үзэхгүй. Аливаа үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх нь төрийн албан хаагчийн үүрэг бөгөөд дутуу дулимаг үүрэг даалгавар биелүүлэхийг гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэлгүй.  Нөгөө талаас Н.Пүрэвсүрэн нягтлан бодогчийн ажлыг хүлээн зөвшөөрөн ажиллаж, цалин хөлс урамшуулал авч байсан тул дээрх үүргийг зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэйг шүүх буруу дүгнэсэн.

2. Н.Пүрэвсүрэн 2 тусдаа зөрчил гаргасныг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн байгууллагын ажилтны үүргээ хангалтгүй биелүүлж, тендерт оролцогч компаниудын ирүүлсэн мэдээллийг санаатай, санаандгүй байдлаар “Налайх дүүргийн 1, 3, 4-р хорооны гудамжны гэрэлтүүлэг”-ийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг явуулсан.

Сонгон шалгаруулалтад хяналт хийхэд ахлах мэргэжилтний ажил үүргээ умартан, удирдлагын нэр хүндийг гутаан доромжлох, худал гүтгэлэг тараах, хараах зүхэх зэрэг албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргасан. Үүнийг шүүх дүгнэхдээ бүгдийг ёс зүйн зөрчил гэж тайлбарлан “Төрийн албаны ёс зүйн хороогоор дүгнүүлээгүй гэж нотлогдоогүй, тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь ганц хүний үйл ажиллагаа бус үнэлгээний хорооны хамтын үйл ажиллагаа атал  тендер шалгаруулалтад хяналт хийж илэрсэн зөрчлүүдийг зөвхөн Н.Пүрэвсүрэнд хамааруулан авч үзсэн нь учир дутагдалтай хэмээн зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Үүргээ хангалтгүй биелүүлж, сонгон шалгаруулалт явуулсан нь тендерийн материалыг хянаж үзэхэд мэдэгдсэн бөгөөд сүүлд Налайх дүүргийн 2014-2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлангаар тогтоогдсон.

Тендерийн үнэлгээний хорооны гишүүд саналын адил тэгш эрхтэй боловч тендерийн үйл ажиллагааг явуулахад үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нь Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах журмын 3.5, 3.7-д зааснаар тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт материалыг хуулийн 49 дүгээр зүйлийн дагуу бүрдүүлж, хавтаст хэрэг болгон архивт хадгалуулах, захиалагч байгууллагын тухайн тендер шалгаруулалттай холбоотой хуулийн 49.2.1-49.2.9-д заасан бүх баримт материалыг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бүрдүүлж, архивт шилжүүлнэ гэсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл тендерт оролцогчдын чадвар чадамжийг зохих ёсоор шалгаж судлаагүй, бусад гишүүдээр хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан байсан. Үүнийг хамтын шийдвэр алдаа гэж дүгнэсэн ч нарийн бичгийн даргад хариуцлага тооцохгүй байх үндэслэл биш гэдгийг шүүх анхаараагүй.

3. Н.Пүрэвсүрэн нь албаны хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй нь гол зөрчил юм. Харин үүний улмаас тендерийн зөвлөмж, Худалдан авах ажиллагааны албаны тамга тэмдгээр хүргэгдээгүй. Өмнө нь ийм байдал гарч байгаагүй. Албаны даргын эзгүйд орлон гүйцэтгэх үүргээ даргын ээлжийн амралттай байх бүхий л хугацаанд гүйцэтгээгүй, байгууллагын ажил цалгардсан. Үүнийг шүүх зөрчил биш гэж өрөөсгөл дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нөгөө талаас 6 орон тоотой албанд 1 ахлах мэргэжилтэнтэй бөгөөд хөдөлмөрийн дотоод журамд зааснаар даргын эзгүйд ахлах мэргэжилтэн орлох үүрэгтэй гэж заасан. 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод томилолтоор ажилласан талаар худал тайлбар гаргаж, баримт гаргаж өгснийг давж заалдах гомдолдоо бичсэн бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байна.

4. Н.Пүрэвсүрэн нь өвчтэй талаараа өвдсөн өдрөө албан байгууллагад мэдэгдээгүй. Баримтаар Н.Пүрэвсүрэн нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ачтан эмнэлэгийн тархи мэдрэлийн тасагт үзүүлж, тархи толгойн өвчтэй гэж оношлогдсон. Үүнээс үзвэл 08 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тасалсан. 08 дугаар сарын 10-ны өдөр Н.Пүрэвсүрэнгийн өвчний магадлагааг нөхөр нь авчирч өгсөн ба ходоодны шарх өвчний улмаас 08 дугаар сарын 03-10-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн гэж бичсэн байсан.

Ийнхүү ямарч хэл шалтгаангүй ажлаа таслаад, дараа нь нөхөж худал магадлагаа бичүүлж өгснийг шүүх “эрх бүхий этгээд олгосон тул зөрчил гаргаагүй гэж дүнэв” гэсэн нь үнэн зөвийг шалгаж шийдээгүй гэж үзэж байна.

Н.Пүрэвсүрэнг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалгүй биелүүлсэн” гэж зааснаар ажлаас халсан бөгөөд энэ нь нотлогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” Ж.Бадамцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болжээ. 

“Дүгнэлт гаргах тухай“ Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Н.Пүрэвсүрэнг ажлаас халах тухай” Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бадамцэцэгийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б-07 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон байна.

“Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай” иргэн Н.Пүрэвсүрэнгийн гаргасан гомдлоор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс хяналт шалгалт явуулах ажлын хэсэг томилж, холбогдох шалгалтыг явуулж, шалгалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн дээрх шийдвэрийг гаргасан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа нь Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх талаарх Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчдийн хооронд төрийн албатай холбогдон гаргасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журамд нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь “...Н.Пүрэвсүрэнг 4 зөрчлийн улмаас халсан, эдгээрийг шүүхүүд буруу үнэлсэн...” хэмээн хяналтын журмаар гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Н.Пүрэвсүрэнг ажлаас халсан үндэслэл нэг бүрд хамааралтай нотлох баримтуудыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажлын хэсэг хяналт шалгалтын явцад нэг бүрчлэн шалгаж, түүнийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй, ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүй байхад тушаал гаргаж, ажлаас халсан нь буруу болохыг шалгалтын дүнг хэлэлцсэн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгасан, шалгалтаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүхээс буруутгах, өөрөөр үнэлж, дүгнэх боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяагийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бичээгүйг анхаарвал зохихыг тэмдэглэх нь зүйтэй, харин энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох шаардлагагүй байна.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 390 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0550 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ