Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2016/0295

 

А.Энхтөрийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Чадраабал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хурцбаяр, Г.Хандмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Энхтөрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед өөрийн унаж явсан Ниссан bluebird маркын 8996 УНЗ дугаартай автомашинаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Төмөр замын билет түгээх газрын хойд талд тавиад вагоны билет авахаар орсон юм. Ингээд машины дохиолол дуугарах дохио түлхүүрт ирсэн даруйд нь гарч очиход миний машиныг ачаад хөдөлж байсан. Би гүйж очоод зогсооход “...та заавал 70000 мянган төгрөг төлснийхөө дараа машинаа авч болно” гээд яваад өгсөн. Тэр өдрөө 70000 мянган төгрөг тушааж байж машинаа авсан.

2015 оны 6 дугаар сарын эхээр интернетээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дүгээр захирамжийн талаар олж мэдсэн.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дүгээр захирамж нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын 2.1-д “замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ”, 4.1-д “тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, ачиж буулгах зардлыг дор дурьдсанаар шийдвэрлэнэ.”, 4.1.1-д “зардлыг зах зээлийн тухайн үеийн үнэ, ханшийг үндэслэн нэгж километрээр тооцон авах бөгөөд зардлыг тооцох журмыг Цагдаагийн ерөнхий газрын дарга батлах” гэж тус тус заасныг зөрчиж гарсан болох нь хяналт шалгалтаар илэрсэн.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 07/2952 дугаартай хариу тайлбараас маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаартай захирамжийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/742 дугаартай захирамжаар хүчингүй болгосон болохыг олж мэдлээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор хуульчилсан тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамжийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/742 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Иймд иргэн А.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар шийдвэрээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн /2015.07.08-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ 15 дугаар зүйлийн 1/-д заасныг баримтлан А.Энхтөрийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах тухай” А/769 дүгээр захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч А.Энхтөрийн өмгөөлөгч Н.Чадраабал би А.Энхтөрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг хүчингүй болгосон болохоо бичгээр мэдэгдсэн болно.

Түүнчлэн уг тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх"-ээр нэмэгдүүлсэн боловч эс зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэдгээрт тайлбар өгөх гэж заасны дагуу няцаалт өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6-д "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, “замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх" гэж заасан байх ба зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх бүрэн эрхтэй. Нийслэлийн Засаг даргын зүгээс тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэхийг үүрэг болгох, түүний төлбөр хураамжийг тогтоох бүрэн эрх олгох эрхгүй юм гэж маргасан.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 тоот захирамж гараагүй байсан бол Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг хууль бусаар ачиж, 70,000 төгрөг хураан авахгүй байсан болно. Гэтэл үүнд анхан шатны шүүхээс учир шалтгааныг нь ялгаж зааглаагүй бөгөөд шууд хариуцагчийг зөвтгөх зорилгоор шийдвэрийг гаргасан байна.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх эрхтэй” гэж дүгнэж, маргаан бүхий актыг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Нийслэлийн Засаг дарга нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авах ба цагдаагийн байгууллагын бүрэн эрхэд хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхгүй болно.

Цагдаагийн ерөнхий газар болон түүний замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын алба нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түүний төлбөр хураамжийг тогтоох бүрэн эрхийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан "Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам"-аар олгосон тодорхой зохицуулалтуудыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Чадраабалын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, А.Энхтөрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн[1] 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. ... Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд дээрх хуулийн заалтын дагуу 2005 оны 94 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ыг баталж, тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зардлыг зах зээлийн тухайн үеийн үнэ, ханшийг үндэслэн нэгж километрээр тооцон авах бөгөөд зардлыг тооцох журмыг Цагдаагийн ерөнхий газрын дарга батлах” эрхийг олгожээ.   

Гэтэл Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар 2013 оны А/769 дүгээр захирамж гаргаж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт даалгасныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар илт хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар тодорхой хэмжээнд хуулиар олгогдсон эрхтэй, Засгийн газраас даалгасан үүрэгтэй байх тул Нийслэлийн Засаг даргыг А/769 дүгээр захирамжийг эрхгүй этгээдээс гаргасан гэж шууд дүгнэн илт хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийн замын аюулгүй байдлыг хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх”, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 8-д “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэдэгт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос учирч болох хохирлыг багасгахад чиглэгдсэн үйл ажиллагааг ойлгох”-оор заасан нь нийслэлийн Засаг даргад тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг бусад байгууллагад даалгах эрхийг олгоогүй бөгөөд тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6-д уг үйл ажиллагааг явуулах, журам батлах бүрэн эрхийг замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагч, Хууль зүйн асуудал эрхэлсэн сайдад олгож нарийвчлан зохицуулжээ.

Мөн Засгийн газрын 2008 оны 57 дугаар тогтоолын 4-д “Замын зорчих хэсэгт тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчин хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх зэргээр хөдөлгөөний түгжрэлийг багасгах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг даргад тус тус даалгасан нь хэн аль нь хуулиар олгосон өөр өөрийн бүрэн эрхийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдал болон замын түгжрэлийн талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан гэж ойлгох бөгөөд хуулиар тусгайлан эрх олгоогүй “тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг бусдад даалгах”-ыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон гэж үзэхгүй.

            Түүнчлэн анхан шатны шүүх А/769 дүгээр захирамжаар “тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг журамлаагүй, мөн ямар нэгэн хураамж тогтоогоогүй, аж ахуйн нэгжид ч давуу эрх олгоогүй” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэжээ. Нийслэлийн Засаг дарга нь уг захирамжаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгасны дагуу “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/21 дүгээр тушаалаар “тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамжийн хэмжээ”-г тогтоож, улмаар иргэдээс хураамж авч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь эрх олгоогүй этгээдийн хууль бус тушаалаар төлбөр хураамж авч хохироосон талаар маргасан байхад тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг журамлаагүй, аж ахуйн нэгжид давуу байдал олгоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт хамааралгүй байна.  

            Мөн “А.Энхтөр өөрөө хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргасан энэ тохиолдолд хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон гэх Засаг даргын захирамжийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэхгүй” гэж хэргийн үйл баримтыг буруу үнэлжээ. Нэхэмжлэгч А.Энхтөрийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудалд хариуцлага ногдуулах нь хэрэгт хамааралгүй, энэ талаар хариуцагч маргаагүй, маргаж байгаа А/769 дүгээр захирамжаар ч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулах асуудлыг зохицуулаагүй, гагцхүү Нийслэлийн Засаг дарга өөрт эрх олгогдоогүй асуудлаар төлбөр хураамж авах эрхийг бусад байгууллагад олгосон нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн иргэний нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн бөгөөд уг нэхэмжлэлийн хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт өгч шийдвэрлэх учиртай.

            Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их хурал хуулиар бий болгох ... эрхтэй”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ”, 5.6-д “Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ” гэж тус тус зааснаас үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдээс хураамж авах, хураамжийн хэмжээг тогтоох үйл ажиллагааг хуулиар тусгайлан эрх олгосон этгээд явуулахаар байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга өөрт нь хуулиар эрх олгоогүй байхад 2013 оны А/769 дүгээр захирамжийг гаргаж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, төлбөр авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгасан илт хууль бус шийдвэрийн дагуу “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нь хураамжийн хэмжээг тогтоосон бөгөөд илт хууль бус шийдвэрийг үндэслэн тогтоосон хураамжийг нэхэмжлэгч А.Энхтөр (70000 төгрөг) төлж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан/ хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.6-д тус тус заасныг баримтлан А.Энхтөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/769 дүгээр захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгч А.Энхтөрөөс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.    

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 


[1] 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсон