Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00686

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын 6 дугаар баг 13-06 тоотод оршин суух, “Барнууд” овогт Аюурын Байгаль /РУ-63011408/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, хүсэлт гаргагч А.Байгаль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Байгаль шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын арван жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1981 онд төгссөн. Ингээд тус оны 12 дугаар сараас эхэлж Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн  цэцэрлэгт ажилласан юм. 1981 оноос 1984 оны 2 сар хүртэл угаагчаар, 1984 оны 9 сараас 1992 оны 9 сар хүртэл асрагч, 1992 оны 9 сараас 1993 оны 8 сар хүртэл хүмүүжүүлэгч багшаар тус хугацаанд зэрэг ажлуудыг хийж байсан.  Өдгөө өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үед ажиллаж байсан гэх зарим баримт бичиг дутуугийн улмаас улсад ажилласан жил маань тооцогдохгүй байна. 

Иймд намайг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгт 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл угаагч, 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл асрагч, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг минь тус тус тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч А.Байгаль нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгт 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл угаагч, 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл асрагч, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын цэцэрлэгээс 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.Байгальд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн  1981 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар  тушаалд “....Цэцэрлэгийн угаагчаар Надмид овогтой Маамыг 12 дугаар сарын 14-нөөс эхлэн ажлуулсугай....” гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн  1984 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар  тушаалд “....2/ Галч сахиул Ядмаа овогтлй Цэрмаасүрэн өвчтэй хүүхдээ асрах хугацаанд Надмид овогтой Маамааг 2 дугаар сарын 18-наас эхлэн түр ажлуулсугай....” гэх Ажилд түр томилох ба чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн  1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дугаар  тушаалд “....Цэцэрлэгийн асрагчаар Надмидын Маамааг 1984 оны 9 дүгээр сарын 19-нөөс эхлэн ажлуулсугай....” гэх Хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаар  захирамжид “....сумын хүүхэд саатуулах газар, цэцэрлэгийг татан буулгаж шинээр ясли цэцэрлэгийн комбинат болж байгаатай холбогдуулан...хүмүүжүүлэгч багшаар Н.Маамааг 1992 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн томилон ажлуулсугай....” гэх Ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхэд саатуулах газрын 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дугаар  тушаалд “....Шинэ-Идэр сумын Ц.Я.К-тод хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан Н.Маам нь Ш.У.Б.Х-ийн шалтгаанаар ажилдаа хандалтгүйн улмаас ажлаас гэнэт халагдсан учир 1993 оны 8 дугаар сарын 01-нээс ажлаас бүрмөсөн чөлөөлөгдсөн учир хөдөлмөрийн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосугай....” гэх Ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар,

Гэрч С.Цэндмаагийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “....Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэг 1982 оноос 1996 он хүртэл туслах багш хийж байсан. Ажилдаа их идэвхтэй шагнал урамшуулал байнга авдаг байсан.....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын цэцэрлэгээс 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн  1981 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай,   1984 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай,   1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дугаартай,   Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай,   Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхэд саатуулах газрын 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дугаартай тушаалуудыг шүүх үнэлсэн болно. Учир нь: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын 2000 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаар захирамжид “...тус сумын иргэн Надмид овогтой Маамаа нь өөрийн эцэг М.Аюураар овоглох, мөн өөрийн нэрийг өөрчлүүлэн Байгаль нэр олгохыг хүссэнийг зөвшөөрсүгэй....” гэх овог нэр өөрчлөх тухай захирамжийн хуулбараар хүсэлт гаргагч А.Байгалийн тушаалууд мөн байх тул нотлох баримтанд үнэлсэн болно.

Нэхэмжлэгч А.Байгалийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Барнууд” овогт Аюурын Байгаль /РУ-63011408/-ийг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүүхдийн цэцэрлэгт 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл угаагч, 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл асрагч, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Байгалийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ