| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0291/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/367 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/367
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч/хохирогч А.Н,
шүүгдэгч/хохирогч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н, П.Б нарт холбогдох эрүүгийн 2008 03141 0213 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг: Монгол Улсын иргэн,
Хоёр: Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Б нь 2020 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод иргэн А.Нтэй ахынхаа талд орлоо, чи бичлэг хийлээ гээд маргалдсаны улмаас харилцан зодолдож, үснээс зулгааж, батерей шидэж хамар руу цохиж А.Нийн биед баруун мөр, зүүн бугалга, баруун зулайн хуйх, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.Н нь 2020 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод П.Быг ах Сайнжаргалыг зодлоо гэж маргалдсаны улмаас харилцан зодолдож, толгойн хэсэгт аягаар 2-3 удаа цохиж, үснээс зулгааж, мөр хэсэг рүү нь цохиж, П.Бы биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, оочинд зулгаралт, цус хуралт, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. П.Бы хохирогчоор өгсөн “... Н орж ирснээ юу болоод байгаа юм яачихсан юм бэ гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би ах чинь намайг зодоод байна, би өөр хүүхэнтэй хэвтэж байхад нь гэрт оруулж ирсэн чинь учир зүггүй уурлаад хараагаад байна гэж хэлсэн. ...Сайнжаргал босож ирснээ миний мөр хэсэг рүү гараараа цохиж авахаар нь би Сайнжаргалыг цааш нь түлхсэн чинь ор луу уначихаар нь миний уур хүрээд хэд хэд цохиод авсан чинь ... Н миний мөр хэсэг рүү цохиж аваад, дараа нь толгой руу аягаар 2-3 удаа цохиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх13-14/,
2. А.Нийн хохирогчоор өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 29-ний орой би гэртээ унтаж байхад шөнө манай ахын хүүхэд Бат-Ирээдүй орж ирээд аав ээж хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би ахын гэрт орсон чинь Сайнжаргал ах эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Сайнжаргал ах намайг наана зүгээр бичлэг хийгээд зогсож бай гэхээр нь би утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэж байсан чинь миний үснээс зулгааж, ширээн дээр байсан батерей аваад шидсэн чинь миний хамрыг оночихсон. Б бид хоёр үсдэлцээд орон дээр унаж Б намайг цохиж авч өшиглөөд байсан. ...Бы ээж нь гаднаас орж ирсэн чинь манай ээжийн хамар руу цохиж цус гаргаад манай эгч Наранцэцэгийг ч бас цохиж авсан. ...Миний үүдэн шүд хөдөлсөн. Толгой хавагнаж өвдөж байсан. Хамар хөхөрсөн байдалтай байсан. ...Би Бы толгойг ширээн дээр байсан аягаар цохиж гэмтээсэн... гэсэн мэдүүлэг /хх20-21/,
2. Гэрч Б.“...Би Сайнжаргалын гэрт орсон чинь Б миний охин дүү Нийн үснээс зулгаагаад байхаар нь би болиоч гээд салгах гэж оролдож байтал Бы ээж Энхцэцэг нь араас орж ирснээ үгийн зөрөөгүй миний үснээс зулгааж аваад татаж чангаагаад байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх23/,
3. Гэрч Б.“...Б манай дүүг бичлэг хийлээ гээд ширээн дээр байсан батерейг аваад шидсэн. Тэгсэн Н ширээн дээр байсан аягаар Бы толгойг очоод цохисон чинь Б уурлаад Н цохиж авч үснээс зулгааж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх27-28/,
4. Гэрч Б.“... Б та нар бичлэг хийлээ гээд Нийн үснээс татаж аваад зулгаасан чинь Н аяга аваад толгой руу нь цохичихсон юм...” гэсэн мэдүүлэг /хх30-31/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12574 дугаар “...П.Бы биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, оочинд зулгаралт, цус хуралт, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх50-51/,
6. Шинжээч Ц.Нандинцэцэгийн “...П.Бы биед учирсан гэмтлүүдээс зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх115/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12595 дугаар “...А.Нийн биед баруун мөр, зүүн бугалга, баруун зулайн хуйх, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх50-51/,
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч П.Б, А.Н нар.
Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б, А.Н нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авсан баримтаар шүүгдэгч П.Б, А.Н нар нь худ ургийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, талуудын тайлбар мэдүүлгийг дүгнэн үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод шүүгдэгч П.Б, А.Н нар нь гэр бүлийн маргаантай асуудлаас болж хоорондоо маргалдан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тэдгээрийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Б., Б., Б.нарын мэдүүлэг, шүүхийн эмнэлгийн шинжээчийн 12574, 12595 дугаар дүгнэлтүүд, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийгээ хүсэж, хэн хэнийхээ эрүүл мэндэд хохирол, хор уршгийг зорууд учруулсан буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.
Шүүгдэгч П.Б нь хохирогч А.Нийг үснээс зулгааж, нүүр рүү батерей шидэж хамар руу цохисон үйлдлийн улмаас биед нь “баруун мөр, зүүн бугалга, баруун зулайн хуйх, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл,
шүүгдэгч А.Н нь хохирогч П.Бы толгойн хэсэгт аягаар 2-3 удаа цохиж, үснээс нь зулгаасан үйлдлийн улмаас биед нь “...зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл тус тус учруулсан болох шүүх эмнэлгийн шинжээчийн дээр дурдсан дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Н, П.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Шүүгдэгч А.Н, П.Б нар хэн хэнээс хохирол нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэж байх тул тэдгээрийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Н, П.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн... ” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдлын хувьд хэн хэн нь бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан шүүгдэгч А.Н, П.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, П.Б нарт тус бүр 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР