Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00688

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгчид Г.Даваахүү, Б.Мөнхтуяа нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Байгаль Орчин аялал жуулчлалын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 02 дугаар баг 26-11  тоотод оршин суух “Хотгойд” овогт Даш Эрдэнэчулуун /РЭ-68031061/-т холбогдох,

Ан амьтны экологи-эдийн засагт учруулсан гэм хорын хохиролд 118.400.000 /нэг зуун арван найман сая дөрвөн зуу мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Жаргалсайхан, иргэдийн төлөөлөгч Л.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед хариуцагч нь ховор ан амьтан агнаж байгаль орчинд хохирол учруулсан байдаг. Энэ хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэдий ч хариуцагч нь тухайн үед хохирлыг зөвшөөрсөн тул Өршөөлийн тухай хуульд хамрагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл одоо болохоор хохирлоо барагдуулаагүй байгаа тул бид шүүхэд өгсөн юм. Дээрх ан амьтны бодит үнэлгээг шинжээч дүгнэлт гаргаж үнэлгээ гаргасан ба Эрдэнэчулуунд ашигтайгаар харин үнэлгээ гарсан. Өөрөөр хэлбэл эр, эмийг нь тогтоох боломжгүй байсан тул тухайн үед хүрэн баавгайн 2 бодгаль, 7 халиун бугийн эд эрхтэн байна гэж тогтоосон ба үүнийг эр амьтны эд эрхтнээр тооцож тогтоосон байдаг. Нэгэнт тогтоогдсон учир хохирлыг тооцож ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ байдаг.

Жишээлбэл: Эр баавгай 6.500.000 төгрөг, эм баавгай 7.500.000 төгрөгөөр үнэлдэг. 2 баавгайг тооцож 13.000.000 төгрөг, нэг эр халиун буга 6.600.000 төгрөг болдог, 7 буга нийлээд 46.200.000 төгрөг, нийт 59.200.000 төгрөг болж байгаа юм. Амьтны тухай хуулийн 37.2-т зааснаар 2 дахин өсгөж төлөх ёстой тул 118.400.000 төгрөгийн хохирол тогтоосон байгаа юм.

Иймд хариуцагч Д.Эрдэнэчулуунаас 118.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэхь хэсэгт зааснаар хориглосон ан амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан үйлдэлдээ хариуцлага хүлээн өршөөлийн хуульд хамрагдсан юм.

            Би энэ хэрэгт холбогдон шалгагдсанаас хойш биеийн болоод сэтгэл санааны асар их шаналал хохирлыг биеэр амсаж эдэлж явна. Эрүүл мэнд сайнгүй учир эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.  Дээр нь орлого тогтмол биш, ажил хөдөлмөр эрхэлдэггүйгээс амьжиргааны доод түвшинд байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан төлбөрөөс чөлөөлүүлэхийг хүсэж байна гэжээ.

             Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хариуцагч Д.Эрдэнэчулуунаас Ан амьтны экологи-эдийн засагт учруулсан гэм хорын хохиролд нийт 118.400.000 /нэг зуун арван найман сая дөрвөн зуу мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун  нь 118.400.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж шүүхэд: “....миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн хэдий ч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй “гэм хорын төлбөрт нийт 118.400.000 төгрөг”-ийг төлөхгүй гэдгээ нотолж чадахгүй байна.

Харин хариуцагч Д.Эрдэнэчулуун нь Улаанбаатараас Замын-үүд чиглэлийн вагонд зорчин явахдаа “78 ширхэг буюу 22кг бугын ясан эвэр, 2 ширхэг буюу 500гр бугын ясжин эвэр, баавгайн савар 8 ширхэг, баавгайн доньд 2 ширхэг, бугын сүүл 7 ширхэг, бугын чив 3 ширхэг” эд зүйл буюу хүрэн баавгай 2 бодгаль 13.000.000 төгрөг, 7 бодгаль халиун буга 46.200.000 төгрөг, нийт 59.200.000 төгрөгний эд зүйл авч, хууль бусаар тээвэрлэх гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол учруулсан болох нь Тухайлбал:

Нэхэмжлэгч Р.Жаргалсайхан: “....тухайн үед хариуцагч нь ховор ан амьтан агнаж байгаль орчинд хохирол учруулсан байдаг. Энэ хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэдий ч хариуцагч нь тухайн үед хохирлыг зөвшөөрсөн тул Өршөөлийн тухай хуульд хамрагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болгосон….” гэх тайлбар мэдүүлэг,

Хариуцагч Д.Эрдэнэчулууны: “....Эрүүгийн хуулийн  203 дугаар зүйлийн 203.1 дэхь хэсэгт зааснаар хориглосон ан амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан үйлдэлдээ хариуцлага хүлээн өршөөлийн хуульд хамрагдсан юм....” гэх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Тээврийн прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 209а дугаартай Яллах дүгнэлт, Д.Эрдэнэчулууны хүсэлт, Тээврийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 855 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, Шинжлэх ухааны академи биологийн хүрээлэнгийн 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн дүгнэлт, фото гэрэл зургийн хуулбар зэргээр болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх боловч нэхэмжлэлийн шаардлагаас доорхи үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх.

Учир нь: Хариуцагч нь Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 1 бодгаль эр халиун буга 6.600.000 төгрөг буюу 7 халиун буга 46.200.000 төгрөг, 1 бодгаль эр хүрэн баавгай 6.500.000 төгрөг буюу 2 хүрэн баавгай 13.000.000 төгрөг, нийт 59.200.000 төгрөгийн бодит хохирол учруулсан байх боловч Амьтны тухай хуульд “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасныг үндэслэж нэхэмжлэгч нь 118.400.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй хэдий ч хариуцагчийн: “....би энэ хэрэгт холбогдон шалгагдсанаас хойш биеийн болоод сэтгэл санааны асар их шаналал хохирлыг биеэр амсаж эдэлж явна. Эрүүл мэнд сайнгүй учир эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.  Дээр нь орлого тогтмол биш, ажил хөдөлмөр эрхэлдэггүйгээс амьжиргааны доод түвшинд байдаг зэрэг нөхцөл  байдлыг харгалзан төлбөрөөс чөлөөлүүлэхийг хүсэж байна....” гэх тайлбар болон эд хөрөнгийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тухайн хохирол, гэм хор учруулахад хохирогчийн “гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлгэх үүргээ биелүүлээгүй” болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн байна гэж үзээд гэм хорын хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хариуцагч Д.Эрдэнэчулуунаас Ан амьтны экологи-эдийн засагт учруулсан гэм хорын хохиролд 80.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу 38.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд хойшлуулах тухай хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гэм хорын улмаас учирсан хохирол болон төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, харин хариуцагч Д.Эрдэнэчулуунаас 80.000.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 557.950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэдэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь; 

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2, 229 дүгээр зүйлийн 229.2, Ан амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хариуцагч Д.Эрдэнэчулуунаас Ан амьтны экологи-эдийн засагт учруулсан гэм хорын хохиролд 80.000.000 /наян сая/ төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу 38.400.000 /гучин найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Эрдэнэчулуунаас 557.950 /таван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ

                                                              ШҮҮГЧИД                          Г.ДАВААХҮҮ

                                                                                                         Б.МӨНХТУЯА