Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Д-гийн Г-д холбогдох эрүүгийн 2135001110139 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Д-ийн Г, 1996 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын гуравдугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, регистрийн дугаар: ..........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Өндөрхангай сумын тавдугаар багийн нутагт байрлах Шажин гэх газраас 2020 оны 5 дугаар сарын сүүлээр иргэн Н.Д-ын өмчлөлийн гурван тооны ямаа хулгайлж 120’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр эрүүгийн 2135001110139 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 07-10 дугаар хуудас/, хохирогч Н.Дын малын тооллогын А дансны хуулбарыг /хх-ийн 13-17 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Н.Д-ыг хохирогчоор тогтоосон тогтоолыг /хх-ийн 27 дугаар хуудас/, мөн хохирогчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2021 оны 7 дугаар сарын 29-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус тус өгсөн мэдүүлгийг /хх-ийн 30-32, 34, 36 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрч Я.Г-ийн өгсөн мэдүүлгийг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрч Г.Б-ы өгсөн мэдүүлгийг /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч П.Д-гийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус тус өгсөн мэдүүлгийг /хх-ийн 44-45, 51-52 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрч П.М-ы өгсөн мэдүүлгийг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрч Ж.О-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 57 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр насанд хүрээгүй гэрч А.Х-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 59 дүгээр хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр насанд хүрээгүй гэрч А.Х-ын дахин өгсөн мэдүүлгийг /хх-ийн 61 дүгээр хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй гэрч М.Г-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 64 дүгээр хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 165 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 79 дүгээр хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг /хх-ийн 96 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогч Н.Д-ын мал тооллогын А дансны хуулга /хх-ийн 13-17 дугаар хуудас/, хохирогч Н.Д-ын мэдүүлгийг /хх-ийн 30-32 дугаар хуудас/, гэрч П.Д-гийн шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч Т.Ц-ын шүүгдэгчийн хувийн байдлын талаар тодорхойлж өгсөн мэдүүлгийг /хх-ийн 67 дугаар хуудас/, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын өрхийн амьжиргааны түвшин тогтоох тодорхойлолтыг /хх-ийн 103 дугаар хуудас/, Увс аймгийн Автотээврийн төвийн Д.Г-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэх тодорхойлолтыг /хх-ийн 105 дугаар хуудас/, Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг /хх-ийн 119 дүгээр хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

- Хохирогч Н.Д-ын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Би 2021 оны 5 дугаар сарын дундуур өдрийг нь сайн мэдэхгүй. Өндөрхангай сумын Шажингийн дугуй гэх газраас таван тооны ямаа хулгайд алдсан. Тэрний дараа удалгүй 5 хоногийн дараа гурван тооны ямаа нийт найман тооны ямаа хулгайд алдсан. ...Би ямаагаа хайгаад явж байтал н.М ахын малд миний хоёр тооны ягаан, цагаан зүсмийн баруун чих нь зүрх имтэй ямаа байсан. Би М ахаас миний ямаанууд танай малд яагаад байгааг асуусан чинь манай хүү мал хариулж байтал Д.Г гурван ямаа мотоциклоор авч ирж харуулсан. Дараа удалгүй Баруунтуруун сумын Баатараа гэж хүн саарал зүсмийн ямаа аваад явсан. Б М ахынхаас Д.Г ямаа аваад ир гэсэн гэж хэлээд саарал ямаа авч явсан байсан...” гэх мэдүүлэг[1],   

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн “...Д.Г хөдөө надтай таараад найз нь чиний малыг авчихлаа муухай юм боллоо уучлаарай гэж хэлсэн. Тухайн үед миний хохирлыг барагдуулаад өгчихсөн байсан учраас би ямар нэг зүйл яриагүй. Миний хэчнээн малыг хаанаас хэрхэн авсан талаар хэлээгүй. Би Д.Гоос асуугаагүй юм...” гэх мэдүүлэг[2]

- 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрч Г.Б-ы “...Би 2020 онд ямаа цуглуулахаар хүмүүст мөнгө тараасан. Д.Г надаас нэг ямааны мөнгө болох 60’000 төгрөг бэлнээр авсан. 2020 оны 5 дугаар сард ямаагаа авахаар болж Д.Г-той тааралдаж урьд өгсөн ямаагаа авъя гэж хэлсэн чинь М буюу П.М-ы малд ямаа байгаа чи очоод авчих гэхээр нь би П.М-ы хүүхэдтэй очиж уулзаад ягаан зүсмийн хоёр настай /борлон/ ямаа авсан. Би уг ямаагаа аваад малдаа авч ирж тавьсны дараа Н.Д миний хулгайд алдсан ямаа танайд байна гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг[3],

- 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрч П.Д-ийн өгсөн “...2020 оны 5 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэрт Н.Д ирээд “танай хүү Д.Г миний малаас мал хулгайлж аваад айлд аваачиж тавьсан байна” гэж хэлсэн. Мөн “хохирлоо барагдуулмаар байна” гэхээр нь би “тийм асуудал байгаа бол цагдаа шүүх гээд яах бэ? ах нь хохирлыг нь барагдуулаад өгье” гэж хэлсэн. Н.Д “Улаангом явчхаад ирнэ, тэгээд малаа явъя” гэсэн би тэгж болно гээд тохиролцоод явсан. Түүний дараа 2020 оны 6 дугаар сард өдрийн санахгүй байна Мөргүү гэх газарт морьтой ирээд намайг арван мал өгчих гэхээр нь би найман хонь /төлөг/, хоёр ямаа /борлон/ нийт арван мал туулгаад явуулсан...” гэх мэдүүлэг[4],

- 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрч П.М-ы өгсөн “...2020 оны 5 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Би Бага ар булаг гэх газар байж байтал Д.Г мотоциклтой ардаа Улаанаагийн хүүхдийг сундлаад дундаа гурван ямаа /борлон/ тавьчихсан авч ирээд “хэд хоног хадгалж байгаач нүүхээс чинь өмнө авна” гэж хэлсэн. Би тухайн үед хаанаас авсан талаар асуухад хүнээс авсан юм гэж хэлсэн. Ягаан, саарал, улаан зүсмийн гурван /борлон/ ямаа надад авч ирж өгөхөд миний төрсөн хүү М.Г хараад байж байсан. Хэд хоногийн дараа хүү М.Г-оос маань Баатараа гэж хүн ирээд “Д.Г-ын үлдээсэн ямаанаас нэгийг авъя” гэж хэлээд аваад явсан гэсэн. Ямаа хадгалуулснаас хойш таваас зургаан хоногийн дараа Н.Д манайд ирээд мал сураглаж Д.Г-ын авч ирсэн ямааны зүсийг хэлсэн. Би “Д.Г ямаа авч ирсэн чи үзээч” гэхэд “миний хайж явсан ямааны хоёр ямаа нь байна, Д.Г-той уулзаад ирье” гэж хэлж яваад гурван хоногийн дараа ирээд “би ямаагаа авъя” гээд манайд байсан хоёр ямаагаа аваад явсан. Би хамт ирсэн гурван ямааны нэг нь Б авч явсан талаар хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг[5],

- 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрч Ж.О-ын өгсөн “...2020 оны 5 дугаар сард манайх Өндөрхангай сумын Шажингийн хужир гэх газраас бэлчээрээс алга болсон. Тухайн алга болсон малыг хэдэн сарын хэдний өдөр алдсанаа санахгүй байна. Манайх ямаагаа самнаад дуусчихсан борлон /2 настай/ ямаагаа самнах гэж байсан. Тэр үеэр Н.Д үлдэгдэл ямаагаа самнахаар ирэхэд би найман ямаа алдсан талаар хэлсэн. Н.Д манай гэрт хоноод хоёр хоног ойр хавийн айлуудаар хайж яваад ирсэн. Н.Д гурван ямаа оллоо Ар булаг гэх газарт П.Мөнхсайханы малд байсан байна. Миний ямааг Д.Г хулгайлаад аваачиж өгсөн байсныг олсон талаараа ярьсан...” гэх мэдүүлэг[6],

- 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр насанд хүрээгүй гэрч А.Х-ын өгсөн “...2020 оны 5 дугаар сард өдрийг сайн мэдэхгүй байна. Манай хажуу талын Д буюу П.Д-гийн хүү Д.Г улбар шар өнгийн Даюн загварын мотоциклтой манай гэрт ирээд голын урд тал руу мал мотоциклд дүүрээд хүргээд ирье гэж хэлсэн. Тухайн үед манай аав байсан бөгөөд аав н.Алтанхундага зөвшөөрөөд намайг мотоциклд суулгаад аваад явсан. Бид хоёр П.Д ахын гэрийнх нь хажууд очиход бариад уячихсан ягаан, улаан зүсмийн ямаа байсныг мотоциклд дүүрээд М буюу П.М гэх айлд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг[7],

- 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй гэрч М.Г-ын өгсөн “...2020 оны 5 дугаар сард би өдрийг нь сайн санахгүй байна. Даанаа ахын хүү Д.Г намайг аавтай хамт малынхаа бэлчээрт байтал мотоциклоор гурван ямаа авч ирж өгсөн. Д.Г ах уг ямааг “та хадгалж байгаач дээшээ нүүхээс тань өмнө ирээд авъя” гэж хэлсэн. Уг мал нь саарал, ягаан, улаан зүсмийн борлон 2 настай ямаа байсан юм. Би гэрт байж байтал Баруунтуруун сумын Б ах ирээд “Д.Г танайд ямаа хадгалуулсан, тэрний нэг ямаа авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би авч ирсэн гурван ямааг нь заахад ягаан зүсмийн борлон 2 настай ямааг аваад явсан...” гэх мэдүүлэг[8],

- 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай “2021 оны 5 дугаар сарын байдлаар Увс аймгийн Өндөрхангай суманд зах зээлийн үнэ цэнийн баримжаа ...борлон 40’000 /дөчин мянга/ төгрөг, ...4 настай морь 800’000 /найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт[9] зэргээр шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Өндөрхангай сумын тавдугаар багийн нутагт Шажин гэх газраас 2020 оны 5 дугаар сарын сүүлээр хохирогч Н.Д-ын гурван тооны ямааг өмчлөгчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Н.Д-ын гурван тооны ямаа хулгайлж авсан үйлдлээрээ хохирогч Н.Д-д 120’000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирол учруулсан болох нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон ба шүүгдэгч Д.Г-ын хохирогч Н.Д-ын гурван тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Иймд шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Н.Д-ын “...Надад одоо гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн гүйцэт төлж барагдуулсан тул гомдолгүй” гэх мэдүүлгээр[10] тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Г-оос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч П.Д-гийн “...Дээрээ нэг эгчтэй ба айлын ганц эрэгтэй хүүхэд юм. Хүнтэй нийлж элдэв янз болоод байдаггүй ба манайх хөдөө байдаг учир тийм зүйл мэдэгддэггүй. Д.Г нь багаасаа эхнэр бид хоёртой хамт байсан болохоор үг дуу цөөнтэй хүнтэй маргалдаад байдаггүй их тайван хүүхэд юм” гэх мэдүүлэг[11], гэрч Т.Ц-ын “...Д.Г нь багаасаа нөхөр бид хоёртой хамт өссөн учир үг дуу цөөнтэй хүнтэй маргалдаад байдаггүй их тайван хүүхэд юм. Цэргийн алба хаагаагүй ба Д.Г нь ар гэрийн гачигдлаас болоод цэрэгт явж чадаагүй...” гэх мэдүүлэг[12], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[14], Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 156 дугаартай тодорхойлолт[15] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутагт оршин суудаг, малчин, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохистой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан жинстэй дором тамгатай, зөв чих араасаа ухам, буруу чих нь урдаасаа ухам имтэй хээр зүсмийн, дөрвөн настай морь 800’000 төгрөгийн үнэлгээтэй болох нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай дүгнэлтээр[16] тогтоогджээ.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн тул гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан жинстэй дором тамгатай, зөв чих нь араасаа ухам, буруу чих нь урдаасаа ухам имтэй, хээр зүсмийн дөрвөн настай морийг шүүгдэгчээс хураан авч улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Д.Г-оос гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г-ын хээр зүсмийн морийг битүүмжилсэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Д-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэгт үйлдэхдээ уналга болгон ашигласан жинстэй дором тамгатай, зөв чих нь араасаа ухам, буруу чих нь урдаасаа ухам имтэй, хээр зүсмийн дөрвөн настай морийг шүүгдэгчээс хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч Д.Г-оос гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Г-ын хээр зүсмийн морийг битүүмжилсэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА

 

 

[1] хх-ийн 30-32 дугаар хуудас,

[2] хх-ийн 34 дүгээр хуудас

[3] хх-ийн 42 дугаар хуудас

[4] хх-ийн 44-45 дугаар хуудас

[5] хх-ийн 54-55 дугаар хуудас

[6] хх-ийн 57 дугаар хуудас

[7] хх-ийн 61 дүгээр хуудас

[8] хх-ийн 64-65 дугаар хуудас

[9] хх-ийн 79 дүгээр хуудас

[10] хх-ийн 34 дүгээр хуудас

[11] хх-ийн 51-52 дугаар хуудас

[12] хх-ийн 67 дугаар хуудас

[13] хх-ийн 108 дугаар хуудас

[14] хх-ийн 110-116 дугаар хуудас

[15]хх-ийн 119 дүгээр хуудас

[16] хх-ийн 79 дүгээр хуудас