Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00690

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо үйлдвэрийн 01 дүгээр гудамж 07 тоотод оршин суух, “Жаваг” овогт Цэвээнжавын Эрдэнэцэцэг /РК-62101607/-ийн хүсэлттэй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Тосонцэнгэл сумын 5-р багт оршин суух “Эрдэнэхүнд” овогт Гандангийн Эрдэнэчимэг /РК-62040407/

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1983 оны 7 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүн эмнэлэгт ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Хүн эмнэлэгт цэвэрлэгчээр 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь манай нөхрийн төрсөн дүү нь байгаа юм. Өөрөө Улаанбаатар хотод ажил хийдэг учир би өмнөөс нь итгэмжлэлээр шүүх хуралдаанд орж байгаа юм. Эрдэнэцэцэг нь 1978 онд Улаанбаатар хотод Техник Мэргэжлийн Сургуулийг  төгсөөд 1983 онд Тосонцэнгэл сумын хүн эмнэлэгт асрагчаар ажилд орж байсан. Тус эмнэлэгтээ 1983 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ галд шатаасан учир шүүхэд хандаж ажилласан байдлаа сэргээлгэж байгаа юм.

Иймд Ц.Эрдэнэцэцэгийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүн эмнэлэгт 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Хүн эмнэлэгт 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Нийтийн аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цэвээнжавын Эрдэнэцэцэгт нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар бичилтүүд,

Гэрч Ц.Оюундалайн  2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “....Ц.Эрдэнэцэцэг 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Тосонцэнгэл сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мягмарцэцэгийн  2017 оны 5 дугаар  сарын 29-ний өдөр өгсөн: “....Ц.Эрдэнэцэцэг нь 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Ц.Эрдэнэцэцэгт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 10/189 дугаартай “....тус аймгийн Тосонцэнгэл сумын 1982 оны хүн эмнэлгийн эрхлэгчийн тушаал манай архивт шилжиж ирэээгүй тул Ц.Эрдэнэцэцэгт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 3/148 дугаартай “....тус сумын захиргааны барилга 1997 онд шатсны улмаас сургууль, хүн эмнэлэгийн цалин хөлсний баримт шатаж устсан тул хүн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан Ц.Эрдэнэцэцэгт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болохыг тодорхойлов....” гэх,

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн  “....Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатсан....” гэх тодорхойлолтууд тус тус хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Жаваг” овогт Цэвээнжавын Эрдэнэцэцэг /РК-62101607/-ыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Хүн эмнэлэгт 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ