Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/368

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 03306 0195 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн .... дугаар хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

М овогт Дгийн О /РД:............/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн .............................  тоот болох гэртээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хэрүүл, маргаан үүсгэж улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Цын үснээс нь зулгааж, толгойн тус газар нь гараараа цохиж, зодон биед нь тархины доргилт, зүүн ташааны дээд ар хэсэгт цус хуралт, зулайн баруун ар хэсэгт үсний халцрал гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 191 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч шүүгдэгч Д.Оын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, /хх61/, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа /хх53, 56-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн сангийн лавлагаа, шийтгэврийн хуулбар /хх66, 68-69, 81-82/, гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх42-50/, Хаан банкны депозит дансны хуулга /хх72-73/ зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Д.Оыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Н.Цын “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчим дунд охин Уын хамт гэртээ байж байтал нөхөр О гаднаас согтуу орж ирээд ямар ч шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэж гараараа толгой руу 2 удаа цохисон. Тэр үед охин У салгасан юм. ...Өмнө нь нэг удаа согтуу агсам тавиад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Ер нь архи уухаар бага зэрэг агсам зантай, шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгээд байдаг юм. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эмнэлэгт үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх23/,

2. Гэрч О.Уын “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрт байж байхад аав О гаднаас ганцаараа согтуу орж ирээд хүнсний дэлгүүр орж манай ээжийн үснээс зулгаагаад чирээд гаргаж байхаар нь гүйж очоод аавыг ээжээс салгасан юм. Хоорондоо ямар шалтгаанаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Аав ээжийн толгой руу гараараа 2 удаа цохиж, үснээс нь зулгаасан юм..” гэсэн мэдүүлэг /хх26/,

            3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12810 дугаар “...Н.Цын биед тархины доргилт, зүүн ташааны дээд ар хэсэгт цус хуралт, зулайн баруун ар хэсэгт үсний халцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн ташааны дээд ар хэсэгт цус хуралт, зулайн баруун ар хэсэгт үсний халцрал гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдуулахгүй...” гэх дүгнэлт /хх16-17/,

            4. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан багийн хурлын “...Багийн гишүүд 100 хувийн саналаар иргэн О, Ц нарын хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болов...” гэсэн тэмдэглэл /хх39-41/,

            5. Шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ орсон. ...Би үснээс нь зулгаасан, мөн гараараа толгой руу нь цохисон юм. ...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх33-34/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.О:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Д.О, хохирогч Н.Ц нар нь 1996 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, нөхрийн харилцаатай байгаа болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэл /хх74/ зэргээр баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэдүүлэг тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.О нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............................. тоот болох гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Н.Цыг толгой хэсэгт нь гараараа цохих, үсдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч  О.Уын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхэд гаргасан мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Энэхүү үйлдлийн улмаас хохирогч  Н.Цын биед “тархины доргилт, зүүн ташааны дээд ар хэсэгт цус хуралт, зулайн баруун ар хэсэгт үсний халцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12810 дугаар дүгнэлт, дээр дурдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заажээ.

Иймд шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Н.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.От 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах тухай дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.О нь хувийн байдлын хувьд 53 настай, хохирогч /эхнэр/ Н.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй харилцаа хэвийн талаар мэдүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд “...би эхнэртэйгээ маргалдах явцдаа өөрөө газар уначихсан зүүн хавирга бага зэрэг хөндүүртэй...” гэсэн мэдүүлэг /хх34/ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.О нь гэм буруугаа ухамсарлаж хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй, гэмт хэргийн хор уршгийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн улсын яллагчийн шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч Д.Оын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн ангилал, шүүхээс оногдуулсан ялыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  5 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР