Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00692

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багт оршин суух “Ар тогоруутан” овогт Цэвээндоржийн Баярлах /РС-61091310/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэлийг суулцуулан.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баярлах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 оноос 1984 оны хооронд цэргийн хугацаат албыг хааж улмаар 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажилллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баярлах нь ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №13 дугаартай архивын лавлагаа,

Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № 2054 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,

Гэрч Г.Төмөрийн  2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “....Ц.Баярлах нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг  сумын “Энх-Амьдрал” нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оноос 1991 оныг дуустал буюу нэгдэл тартал хоньчин, бригадын хэсгийн зохион байгуулагч байсан....” гэх мэдүүлэг,

Харин нэхэмжлэгч Ц.Баярлахын ажиллаж байсан талаарх холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10/263 дугаартай “....тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Ц.Баярлахад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц:Баасанбаяр шүүхэд “....биеийн байдал улмаас 2017 оны 6 дугаар 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү....” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Ар тогоруутан” овогт Цэвээндоржийн Баярлах /РС-61091310/-ыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Баярлахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ