Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00693

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймгийн Баянцагаан багийн 04-13 тоотод оршин суух, “Жамжаан” овогт Олдохын Сарантуяа /РП-62062902/-гийн хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, хүсэлт гаргагч О.Сарантуяа  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Сарантуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1978 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн 8-дугаар ангийг төгсөөд 1981 онд Дархан хотын политехникомын сургуулийг төгссөн юм. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн гал тогоонд 1985 оноос 1990 он хүртэл тогооч, 1990-1995 он хүртэл байрын жижүүр, 1995-1996 он хүртэл тус сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн гал тогоонд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тогоочоор, 1990 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тус сургуулийн дотуур байрны жижүүрээр, 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өрөөс 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл мөн тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Сарантуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн гал тогоонд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл тогооч, 1990 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тус сургуулийн дотуур байрны жижүүр, багшаар, 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өрөөс 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл мөн сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Нэхэмжлэгчид 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн №61 дугаартай тушаалд: “....1/ О.Сарангэрэлыг 1985.8.01-ээс туслах тогоочоор....” гэх Ажилчин авах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №11 дугаартай тушаалд: ”....О.Сарантуяаг 1990.01.09-нөөс эхлэн байрны жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс байрны багшаар түр авч ажиллуулсугай....” гэх Ажилчдын ажил өөрчлөх ба ажилд авах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №40 дугаартай тушаалд: ” ....байрны жижүүр О.Сарантуяа нь жирэмсний амралтаа авсан тул...С.Баямбасүрэнг жижүүрээр томилсугай....” гэх Ажилд томилох, цалин тогтоох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн №01 дугаартай тушаалд: ” ....байрны жижүүр О.Сарантуяа нь жирэмсний амралтаа авсан тул....” гэх Түр хугацаагаар ажилчид авч ажиллуулах тухай  тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №25 дугаартай тушаалд: ” ....9/ О.Сарантуяаг 12/IX-оос гал тогоонд үйлчлэгчээр түр....” гэх Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №08 дугаартай тушаалд: ”....1/ сургуульд үйлчлэгч ажилтай О.Сарантуяаг 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, сумын ЗДТГ-ын хөдөлмөрийн захад шилжүүлсүгэй....” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 3/39 тоот дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 

Гэрч Ж.Туяагийн  2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр өгсөн: “....О.Сарантуяа нь 1985 оноос 1990 оныг хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10-н жилийн дунд сургуулийн жижүүр, тогооч хийж байсан. 1995 оноос 1996 оныг хүртэл сургуулийн гал тогоонд түр хугацаагаар цэвэрлэгч хийж байсан санагдаж байна....” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Бадарчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр өгсөн: “....О.Сарантуяа нь 1997 онд Орхон аймаг руу явсан. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10-н жилийн дунд сургуулийн гал тогоонд тогооч, сургуульд жижүүр хийж байсан....” гэх мэдүүлэг, фото гэрэл зураг байгаа юм уу зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн №61 дугаартай тушаалд: “....1/ О.Сарангэрэлийг....” гэх Ажилчин авах тухай тушаалын хуулбарыг шүүх үнэлсэн болно. Учир нь: Гэрч Г.Бадарчийн: “....намайг 2001 он хүртэл тус сургуульд багшаар ажиллаж байхад Сарангэрэл гэж багш тогооч байгаагүй....” гэх мэдүүлгээр хүсэлт гаргагч О.Сарантуяагийн тушаал мөн байх тул нотлох баримтанд үнэлсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Жамжаан” овогт Олдохын Сарантуяа, /РП-62062902/-г Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн гал тогоонд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл тогооч, 1990 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тус сургуулийн дотуур байрны жижүүр, багшаар, 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өрөөс 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл мөн сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ