Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/307

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч *******

Улсын яллагч С.Алтай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Э-ын өмгөөлөгч Ө.Батболд, Б.Солонго

Шүүгдэгч Б, А, О нарын өмгөөлөгч В.Давааням

Шүүгдэгч Э, Б, А, О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт А, ........... овогт О, .......... овогт Б нарт холбогдох 1921000000273 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ....... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ...... дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ............ овогт Э /РД: ................../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ...... дүгээр сарын ........-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ....... дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ......... овогт Б /РД: ............/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны .......... дугаар сарын ...........-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын .......... дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..........овогт А /РД: ............../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ......... дугаар сарын ........-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ........ дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........... овогт О /РД: ЖА 75072078/.

 

Шүүгдэгч Э нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байх гэх худгийн дэргэд үл ялих шалтгаанаар иргэн Б-ийн толгойн тус газарт 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архины шилээр цохиж, баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл учруулж алсан,

шүүгдэгч Б нь эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

шүүгдэгч А нь эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

шүүгдэгч О нь 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон хэрэв худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яг юу болсон талаар санахгүй байна. Нутгийн зон олон минь худлаа хэлээгүй байх. Тийм учраас надаас болж хохирогч нас барсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Архи согтууруулах ундаа ууж хүний амь насанд халдсан хэргийн талаарх шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгчид гэм буруугаа хүлээж байна. Хүнийг гэмтээгээд худаг дээр хаяж явсан буруутай байна” гэв.

          Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би талийгаач Б-ийн эхнэр нь байгаа юм. Талийгаач бид 2 гэр бүл болоод 19 жил болж байна. ...2019 оны 08 сарын 29-ний өдөр талийгаач Геологи явж хүнтэй уулзана гээд гэрээсээ гарсан. Тухайн үед би аймгаас очихдоо түүнд 0.5 граммын Хараа нэртэй архи өгснийг талыг нь хүртэл уучихаад үлдсэн архиа аваад машинтайгаа явсан. Тэгээд орой нь Э-ын утсаар одоо ингээд очлоо гэж ярьчихаад ирээгүй. Өглөө нь буюу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09-10 цагийн орчимд Балжням ах манайх руу яриад талийгаачийг манайд байна, одоо очно гэж байна гэж ярьсан. Цаанаас нь талийгаач "хөгшин нь одоо очно" гэж ярьж байсан. Тэгээд ирэхгүй байтал 2019 оны 08 дугаар сарын 31-нд талийгаачийг цус харваад сумын эмнэлэгт хүргэгдсэн байна гэж мэдэгдсэн. Орхоодойн геологид ажилладаг О гэдэг хүн ярихдаа худгийн тэнд хүмүүс архидаж байсан гэж т хэлсэн байсан. Сүүлд нь энэ талаар бидэнд хэлж байсан...” гэжээ. /1хх-ийн 50-54/

          Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14-15 цагийн орчимд ...би *******, ******* хоёроор Б-ийг өргүүлж машиндаа хийн гэрийн гадаа очиж нөхрийн хамт буулгаж хэвтүүлсэн. Орой ******* ирээд “Б-ийг гэртээ оруулъя” гэхэд нь би согтуу хүн гэрт бөөлжөөд шээчих байх гэж бодоод “яахын бэ, өөрөө сэрэхээрээ гэрт орж унтана биз” гэж хэлсэн. Маргааш өглөө өвгөн маань “Б сэрэхгүй байна, нэг л бишээ” гэхэд нь би босоод дуудахад сэрэхгүй байсан. Тэгээд ******* босоод дуудахад сэрэхгүй байхаар нь сандраад эмнэлэг дуудсан. ...талийгаачийг анх өргүүлээд машинд хийхэд ч тэр, буулгахад ч тэр ямар нэг байдлаар сэрээгүй, хариу үйлдэл хийгээгүй, ямар ч хөдөлгөөнгүй унтаа байдалтай хурхираад байсан болохоор түүнийг унтаад сэрэхгүй байна л гэж бодсон. ...Талийгаачийн нүүр ам болон бусад биенээс нь цус гарсан бол би яаралтай эмнэлэг дуудах байсан. Огт тийм зүйл харагдаагүй...” /1хх-ийн 69-75, 4хх-ийн 124-125/  

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дэлгүүр рүү орж хэсэг удсан бөгөөд би түүнийг хүлээж байхдаа нойр хүрээд байхаар нь машины ар руу ороод унтсан. Нэг мэдсэн чинь талийгаач намайг дуудаж сэрээгээд “худаг дээр хүмүүс архи ууж байна, бос” гэсэн. Босоод буухад худаг дээр ирээд зогссон байсан бөгөөд машинаас буухад Б, Э хоёр худгийн зүүн талд сууж байсан. Талийгаач бид хоёр машинаас буугаад тэр хоёр дээр очоод хажууд нь суусан. Э, Б нар 750 граммын Соёрхол нэртэй архи уугаад сууж байсан, худаг дээр харин машины тэвшин дээр уурхайн нэг залуу ус хийгээд байж байсан. Талийгаач бид хоёр Э, Б нарын хажууд нь суугаад талийгаач нь Эаас савтай түлшээ авъя гээд асуухад Э нь “та өчигдөр аваад машиндаа хийгээ биз дээ” гэсэн. Талийгаач болохоороо би аваагүй, машиндаа хийгээгүй гэсэн. Тэгээд тэр хоёр энэ асуудлаас болж маргалдаад Э нь архины шилээр талийгаачийн толгой руу цохисон. Нэг мэдэхэд Б нь талийгаачийн толгойг илээд “яаж байгаа юм бэ чи, хүний толгойг хага цохилоо шүү дээ” гээд Эыг загнаж байсан. Тэгээд тэд тэндээс хөдлөөд явсан, харин талийгаач бид хоёр үлдсэн. Талийгаач тэндээ унтаж байгаа юм шиг хэвтээд байсан. Би босоод талийгаачийн машины сүүдэрт буюу баруун талд нь унтсан, би тухайн үед өглөө нь уучихсан ядарсан нойрмог байсан болохоор Э, Б нарыг машины хаана нь сууж байсан талаар тодорхой сайн санахгүй байна. Намайг худаг дээр машины хажууд унтаж байхад ээж ******* мотоциклтой ирээд машины түлхүүрээ авсан. Би түлхүүрээ өгчихөөд буцаад унтаад өгсөн. Талийгаач машины хажууд, зүүн талд ойрхон унтаж байсан. Ингээд би буцаад унтсан, хэсэг унтаж байхад мөн л ээж дахиад ирчихсэн намайг сэрээгээд “бос гэр орондоо очиж унт, наад Б чинь халуун наранд болохоо байлаа” гээд намайг загнасан, энэ үед ******* дэлгүүрийн тэндээс ирэхэд нь би *******тэй хамт талийгаачийг өргөж ээжийн машины арын суудал дээр хэвтүүлж өгсөн. ...би баруун талын жижиг байшин руугаа орж унтсан. Талийгаач харин өдөр авчирч хэвтүүлсэн газраа хэвтэж л байсан. Би талийгаачийг гэрт оруулъя гэж хэлэхэд ээж “согтуу хүн гэрт шээж баагаад заваарна, шөнө даараад сэрэхээрээ гэр рүү орох байлгүй дээ” гэхээр нь би дээгүүр нь хөнжлөөр хучиж орхиод байшин руу орж унтсан. Ингээд өглөө үүрээр орж ирээд миний хажуугаар хэвтсэн, жаахан хэвтэж байхдаа “миний мотоцикл хаана байгаа вэ” гэхээр нь “хойно шорооны хажууд орхисон” гэхэд “за за” гээд надаас түлхүүрээ аваад мотоцикл руугаа явсан. Унтаж байхад аав орж ирээд “Б нэг л биш, эрүүл болоод сэрэх хугацаа болчихлоо, хурхираад унтаад байна, хурхирч байгаа хүн нэг л зүгээр биш дээ” гэхэд нь би босоод Б ах дээр очоод сэрээх гэхэд хурхираад байсан, түүнийг сэрээхээр гараараа мөрнөөс нь татахад сэрэхгүй байсан. Тэгээд ээж “энэ нэг л биш, хойд дэлгүүр рүү очиж гэрийнхэнд нь утсаар хэлье” гээд явсан. Ээж ирэхдээ уурхайн эмчийг дуудаад ирсэн байсан бөгөөд эмч талийгаачийг үзээд даралт нь өндөр байна, харвалт өгсөн байж магадгүй, сумаас эмч дуудъя гэсэн. Эмч талийгаачийг үзэж байхдаа сүүдэрт хэвтүүлье гээд талийгаачийг зүүн гэрийн баруун хойд талд сүүдэр рүү хэвтүүлсэн. ...Талийгаач нь лав Эын өөдөөс хараад баруун талд нь суусан, би урд талд нь Бы өөдөөс хараад суусан. Энэ үед л Э нь талийгаачийн толгой руу архины шилээр цохисон, талийгаач нь арагш унасан. Архины шилэнд архи байгаагүй, дууссан байсан, бид хоёрыг очиход архи бараг дуусчихсан байсан. Би анх машинаас буугаад Э, Б нарын дэргэд очсон, тэд машинтай их л ойрхон сууж байсан. Тэгээд талийгаач нь тэдний хажууд суугаад дахин босоогүй, тэндээ хэвтсэн...” гэжээ. /1хх-ийн 80-84/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчимд ******* сумын .... дүгээр багт Б нь хурхираад унтаад сэрэхгүй байна гэж Ганбат гэх хүн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу 13 цагийн орчимд очиход гэх айлын хаяанд хурхирсан, ухаангүй байдалтай байсан. Даралт пүлс, хүчилтөрөгчийг үзээд, анхны тусламжийн тариа хийсэн, ямар нэгэн хариу урвалгүй, орчиндоо харьцаагүй байсан. Ингээд сумын эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт ирээд ухаан оролгүй байж байгаад л нас барсан. Биед нь ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохгүй байсаар нас барсан...” гэжээ. /1хх-ийн 119-122/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэрийн төрсөн дүү О нь Орхоодойд ажилладаг бөгөөд сумын төвд ирэхээрээ манайд байдаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Уурхайгаас ирлээ гээд манайд орж ирсэн. Тэгээд Бийн бие нь муу, эмнэлэгт байгаа гэж ярьсан чинь О нь “намайг ажлаасаа буугаад амарч байхад манай ажлын газрын усанд явсан хоёр хүн орж ирээд ярихдаа “худаг дээр Б гуайг чи баавгай биш бух Б биз дээ гээд нь архины шилээр цохиж байсан” гэж ярьсан гэж хэлсэн...” гэжээ. /1хх-ийн 125-126/

А мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 08 дугаар сарын 30-нд цайгаа уучихаад 09 цагийн орчимд Б-ы хамт саарал өнгийн пикап маркийн машинтай худаг руу усанд явсан. Худаг манай уурхайгаас зүүн урагш 3 км орчим зайд байдаг юм. Ингээд худаг дээр ирээд ус аваад дуусаж байхад хар өнгийн /маркийг нь мэдэхгүй байна гэх/ машинтай хоёр хүн хойноос ирээд худгийн баруун талаар тойрч зүүн талд нь хойш хараад зогссон. Жолооч нь болон хажууд нь сууж явсан хүн хоёул согтуу байх шиг байсан, машинаас буулгүй, дотроо юм яриад суугаад байсан. Тэгээд бид хоёр ч усаа хийж дуусаад тэндээс явсан. Тэр хоёр хүнийг би танихгүй, манай нутгийн хүмүүс байсан, зүс харж байсан. Б ах тэр хоёр хүнийг таньдаг гэсэн. Маргаж муудалцсан, зодоон цохион болсон зүйл байхгүй. Бид хоёр машинтай хоёр хүн ирэхэд нь усаа хийж дуусч байсан болохоор тэгээд л хөдлөөд явсан...” гэжээ. /1хх-ийн 129-130/

А мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэрэг явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлээгүй, худал мэдүүлсэн байгаа. Энэ нь миний буруу, одоо үнэн зөвөөр мэдүүлэхэд би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 8 цагт ажлаасаа буугаад цайгаа уучихаад 8 цаг өнгөрөөгөөд 09 цагийн орчимд Б ахын хамт худаг руу машинтай усанд явсан. Худаг руу явж байхад дэлгүүрийн гадна зогсоход мотоцикл байсан, дэлгүүрийн хашаан дотроос Э гарч ирж байгаа харагдсан. Тухайн үед би жолоо бариад явж байсан, тэгээд дэлгүүрийн гаднаас хөдлөөд худаг руу очин худгийн зүүн талд машинаа худагт шахаж байрлуулаад зогссон, араас Э мотоциклтойгоо ирсэн, Э архи уусан, жаахан согтуу байсан. Э Соёрхол нэртэй архи, кола ундаа авчирсан байсан бөгөөд би савнууддаа ус хийгээд харин Э, Б ах хоёр худгийн зүүн талд Э-ын авчирсан архийг ууж суусан. Бид худаг дээр ирэхэд цаг 09 жаахан өнгөрч байсан байх. Ингээд Э, Б ах хоёрыг архиа уугаад дуусч байхад буюу 10 цагийн орчимд Б ах машинтайгаа зүүн хойноос ирээд худгийн баруун талд хальт зогссоноо хөдлөөд баруун талаар тойроод зүүн урд зогсож машинаас Б ах, нэг хүнтэй бууж ирсэн. ...Ингээд Б ах, ******* хоёр бууж ирээд Э, Б ах хоёрын хажууд суусан бөгөөд тухайн үед Э баруун тийш хараад сууж байсан, Эын баруун гар талд Б ах урагш хараад сууж байсан, харин Б ах хүрч ирээд Э ахын өмнөөс хараад буюу зүүн тийш хараад, ******* нь Б ахын өөдөөс хараад буюу хойш хараад суусан. ...Ингээд сууж байхад Э нь Б ахын өөдөөс элдвээр хэлээд байсан, яг юу гэж хэлснийг би сайн сонсоогүй, Б ах өөдөөс нь үг дуугарахгүй суугаад л байсан. Гэтэл гэнэт л Э нь шилээр Б ахын толгойн тус газарт нь цохисон, энэ үед Б ах арагш газарт унаад өгсөн. Б ах босч ирээд Э-ын гарт байсан архины шилийг авч зүүн тийш шидээд Б ахыг өндийлгөж суулгаад толгойг нь барьж өгөөд байсан. Энэ үед Б ах хүзүүгээ гулдайлгаж, толгой нь өвдсөн хүн шиг доош хараад хөдөлгөөнгүй суусан. ...Э нь архины шилийг хүзүү хэсгээс нь баруун гартаа бариад Б ахын толгойн баруун хэсэг рүү цохисон. Толгой руу нь нэг л удаа цохисон, их л хүчтэй цохиж байгаа харагдсан бөгөөд улмаар Б ах арагш унасан. ...Тэгээд Б ах надад хандан “худаг дээр Б-ийг Э нь архины шилээр цохисон, цохиход нь Б ухаан алдаж унасан гэдгийг хүнд битгий хэлээрэй, ер нь худаг дээр уулзаж хамт архи уусныг хэнд ч битгий хэлээрэй” гээд гуйгаад байхаар нь би цагдаад мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлээгүй юм, энэ нь миний буруу, анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлээгүйдээ харамсаж байна...” гэжээ. /1хх-ийн 131-135/

А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөрдөгч нь надаас мэдүүлгийг авах үед надад гэрчийн эрх үүрэг болон зориуд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулсан, би гарын үсэг зурсан. Гэвч тухайн үед би худал мэдүүлэг өгсөн нь үнэн зөв. Учир нь хэрэг болох үед Э нь талийгаачийн толгойн тус газарт архины шилээр цохисныг би харсан ч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөх үеэр Б ах надаас “Э цохисон гэдгийг битгий хэлээрэй гээд гуйгаад байсан бөгөөд бүүр болохгүй бол би өөрөө үнэнг нь хэлнэ, чи цагдаад мэдүүлэг өгөхдөө цохисон талаар нь битгий хэл, мэдэхгүй, тийм зүйл болоогүй л гэж хэлээрэй” гээд надаас байн байн гуйгаад байсан болохоор нь би болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлээгүй, худал мэдүүлэг өгсөн юм...” гэжээ. /2хх-ийн 123-125, 3хх-ийн 62-63/

          Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...худаг дээр ирээд усаа аваад байж байтал Б гуай машинтайгаа хойноос ирээд худгийн баруун талаар тойрч зүүн талд нь хойш хараад зогссон. Дотор нь ******* хамт сууж явсан бөгөөд Б ах өөрөө машинаа барьж байсан. Тэр хоёр их согтуу байх шиг байсан, машинаасаа буулгүй, дотроо юм яриад сууж байсан. Бид хоёр ч усаа хийгээд явсан. Тэр хоёр тэндээ үлдсэн. Би уурхай дээр ирээд О ахад “Б ах ******* хоёр худаг дээр согтуу явж байна” гэж хэлж байсан. Б, ******* нар нь хоорондоо хэрэлдэж марган зодоон цохион хийсэн зүйл байхгүй. Машин дотроо юм яриад л суугаад байсан. Бид хоёр ч хөдлөөд явсан...” гэжээ. /1хх-ийн 136-137/

          Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би урьд нь 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ болсон хэрэг явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлээгүй, учир нь Этай ойр дотно байдаг, ууртай догшин зантай талаар сайн мэдэх бөгөөд түүнийг хэрэг төвөгт орчих болов уу гэж санаа зовоод түүнийг хэлчихвэл надад муу юм болох байх гэж айгаад тухайн үед үнэн зөвөөр хэлж чадаагүй, мөн энэ талаар А-аас битгий цагдаад хэлээрэй гэж гуйсан. Одоо үнэн зөвөөр мэдүүлэхэд би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 8 цагт ажлаасаа буугаад цайгаа уучихаад 8 цаг өнгөрөөгөөд 9 цагийн орчимд Аын хамт худаг руу саарал өнгийн Пикаб машинтай усанд явсан. ...Э нь араас мотоциклтойгоо ирсэн. Ат би худгийн мотор асааж өгчихөөд Этай хамт худгийн зүүн талд суугаад түүний авчирсан “Соёрхол” нэртэй архийг хувааж уусан. Тухайн үед архийг их хурдан уусан, ус дүүрэхээс өмнө архиа дуусгаад усаа дүүргээд явъя гэсэн бодолтой уусан юм. Ингээд архийг ууж дуусаад байхад буюу ойролцоогоор 10 цагийн орчимд Б ах өөрөө жолоогоо бариад ирсэн. ...сууж байхад Э нь Б ах руу хандаж “За манай баавгай компаниар юу байна, гайгүй явж байна уу” гэж хэлэхэд Б ах дуугарч өгөхгүй байсан. Тэгэхээр нь Э нь өндөр дуугаар “За баавгай юм чинь тэснэ биз дээ” гээд хажуудаа байсан архины шилийг аваад Б ахын толгойн баруун хэсэг рүү нь цохиход Б ах арагшаа дээшээ хараад газарт унасан. Ингэхэд нь би босоод Э-ын гарт байсан архины шилийг авч хол шидээд “Чи хүн амьтан цохиод байхдаа яадаг юм” гээд Б ахыг өндийлгөж суугаагаар толгойн цохиулсан хэсэг болох толгойн оройн баруун хэсгийг нь илж зогссон. ...Би ажил дээрээ очоод О ахад “Этай нэг шил архи уусан чинь Б ах ирээд, тэгсэн Э нь Б ахын толгой руу нь архины шилээр цохичихлоо” гэж хэлсэн. Б ах доошоо хараад толгой нь гуйвс хийгээд манарсан байдалтай байсан. Энэ үед нь би толгой руу нь арай л хүчтэй цохичихлоо, Б ах жоохон л эвгүй болчихлоо доо гээд дотроо бодож байсан. Э нь архины шилийг хүзүү хэсгээс нь баруун гартаа бариад Б ахын толгойн баруун хэсэг рүү нь цохисон. Их хүчтэй цохисон болохоор Б ах арагш унаад өгсөн юм. Би мөн А, О ах хоёрт “Дараа нь янз бүрийн зүйл болвол би өөрөө үнэнг нь хэлнэ, тэрнээс наана Э-ын цохисон гэдгийг битгий хэлээрэй” гэж гуйсан юм. Мөн Э-ын цохисон үйлдлээс болж Б ах нас барсан гэж бодоод дүүгээ хамгаалаад түүнийг цохисон гэдгийг хэлээгүй, нууж худал хэлсэн юм...” гэжээ. /1хх-ийн 138-144/

          Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөрдөгч нь уг мэдүүлгийг авах үед надад гэрчийн эрх үүрэг болон зориуд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулсан. Гэвч тухайн үед би худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Яагаад худал мэдүүлэг өгөх болсон бэ гэвэл хэрэг болох үед би Эыг талийгаачийн толгой руу хүчтэй цохихыг харсан бөгөөд талийгаачийг нас барсны дараа Эт цохиулснаас болж нас барчихлаа, Э нь одоо элдэв асуудалд орооцолдчих байх гэж бодоод эхний ээлжинд энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлэг өгөхөөр шийдсэн...” гэжээ. /2хх-ийн 126-128, 3хх-ийн 65-66/

          О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...А Б нар нь худаг дээр хүнд зодуулсан талаар хэлээгүй, яриагүй. Бийг нь “Чи баавгай Б биш бух Б биз дээ” гэж хэлээд архины шилээр цохисон гэж ахад яриагүй.  Харин Б нь шарх гэмтэлтэй байна гэсэн, хүн амьтантай зодолдсон байж магадгүй, манай ажлын 2 дүү худаг дээр согтуу явж байхад нь таарсан байсан гэж л ярьсан....” гэжээ. /1хх-ийн 145-146/

          О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлэг өгөхдөө болсон хэрэг явдлыг үнэн зөвөөр мэдүүлээгүй юм. Одоо үнэн зөвөөр мэдүүлэхэд 2019 оны 08 сарын 30-ны өдөр хамт уурхайд ажилладаг Б, А 2 өглөө 08 цаг өнгөрч байхад худаг руу усанд яваад нилээн удаж байж ирсэн. ...Б орж ирээд ярихдаа “Танай баавгай Б худыг Э нь толгой руу нь шилээр цохиход би салгаад ирсэн” гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2019 оны 08 сарын 31-ний өдөр Б худын бие нь муу эмнэлэгт байна гэхээр нь би сумын төв орсон. Тэгээд сумын төв дээр ахынд очиход ах байхгүй байсан, түүн рүү утсаар ярихад эмнэлэг дээр байсан бөгөөд би эмнэлэг дээр очиж уулзаад худын биеийн байдлыг асуухад “Найдваргүй болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би ахад “Надтай хамт ажилладаг 2 залуу усанд яваад ирэхдээ Б-ийг Э нь архины шилээр цохисон гэж надад хэлсэн, архины шил толгойд нь буусан юм шиг байна, үүнийг шалгуулаарай“ гэдгийг хэлсэн...” гэжээ. /1хх-ийн 147-148/

          О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ”...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөрдөгч нь уг мэдүүлгийг авах үед надад гэрчийн эрх үүрэг болон зориуд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулсан. Гэвч тухайн үед би худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Тухайн үед Б нь “Э-ыг талийгаачийн толгой руу цохисон гэдэг асуудлыг битгий хэлээрэй, бүр болохгүй бол би өөрөө хэлнэ” гээд надаас гуйгаад байхаар нь би үүнийг хэлэхгүй мэдэхгүй гэж худал мэдүүлсэн...” гэжээ. /2хх-ийн 129-131/

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр уурхайгаас хойш яваад буцаад зүүн урагш гэр рүү явж байхад Б нь машинтайгаа ирсэн. Тухайн үед өглөө 9 цаг 10 минут болж байсан. Хажууд нь ******* унтаад явж байсан. Тэгээд надтай уулзаад чиглээд явсан. Ер нь нилээн согтуу байсан. Биеийн байдал зүгээр байсан. Ил харагдах шарх гэмтэл байгаагүй. ******* хажууд нь унтаад явж байснаа нэг өндийн харснаа буцаад унтаад өгсөн...” гэжээ. /1хх-ийн 110-111/

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баян-Уул суманд ажил дээрээ байхад ******* сумын бага эмч миний гар утас руу залгаж тус сумын эмнэлэгт ухаангүй байдалтай хүн ирээд байна, та ирж үзэж өгнө үү гэж дуудлага өгсний дагуу би тухайн өдөртөө ******* сум руу очиж 16 цаг 10 минутад үзлэг хийхэд өвчтөн нь ухаангүй байдалтай, биеийн байдал нь маш хүнд, орчны харьцаагүй, хөл гарт булчингийн хүчдэл мэдэгдэхгүй, маш сул, тариа тарихыг мэдрэхгүй, хүүхэн хараа нь 2 талдаа өргөссөн байсан. Ингээд би түүний нугасанд хатгалт хийж үзэхэд нугасны шингэн цусархагдуу өнгөтэй, даралт багатай гарсан. Үүнд нь би тархины цус харвалт, шалтгаан тодорхойгүй гэсэн онош тавьж, эмчилгээ зааж үлдээсэн...” гэжээ. /1хх-ийн 179-180/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 123 тоот дүгнэлтэд:

1. Б-ийн цогцост баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт болон тархины эдийн няцрал, зүүн тохой, зүүн бугалга, зүүн шууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

3. Гавал тархины гэмтлийн баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт болон тархины эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн тохой, зүүн бугалга, зүүн шууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно гэжээ. /1хх-ийн 182-185/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1495 тоот дүгнэлтэд:

          1. Шинжээчийн №123 тоот дүгнэлт, шинжээч Ж.Жаргалангаас авсан мэдүүлэг зэрэгт Бийн цогцост учирсан баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...энэ нь үхэлд хүргэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

          2. Талийгаачид учирсан зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт болон тархины эдийн няцрал гэмтэл нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин дээрх Б-ийн цогцост учирсан баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

          3. Талийгаачийн үхэлд хүргэсэн тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь аажмаар нэмэгдэж, тархи дарагдах хүртэл хугацаанд орчны харьцаагүй болох, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх нь харилцан адилгүй байна.

          4. Дээрх гэмтэл нь толгойн баруун талд чамархай, зулайн тус газар мохоо зүйлийн цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Мод, чулуу, архины шил, цайны шаазан аяга гэх мэт зүйлийн аль алинаар үүсгэгдэх боломжтой гэжээ. /1хх-ийн 203-206/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 253 тоот дүгнэлтэд:

1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №123 дугаартай дүгнэлтийн гурав дах хариултанд...зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт болон тархины эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1495 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаачийн гавал тархинд учирсан...баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт болон тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн тохой, зүүн бугалга, зүүн шууны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Талийгаач нь тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас барсан байна.

5. Дээрх гэмтлийг аваад цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдаж ухаан алдах хүртэл хугацаанд орчиндоо харьцаатай, үйл хөдлөл хийж явах боломжтой. Хэдий хугацаанд үйл хөдлөл хийж явах нь хүн хүнд харилцан адилгүй өөр өөр байдаг ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

6. Дээрх гавал тархины гэмтлийг эрт оношилж тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааг мэс заслаар авсан тохиолдолд амь нас аврах боломжтой байдаг гэжээ. /1хх-ийн 217-224/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаа дүгнэлттэй холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ”...Дорнод аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар өөрсдийн зохих тоног төхөөрөмжид суурилан оношийг зөв тавьж эмчилсэн байна. Талийгаач нь сумын эмнэлэгт ухаангүй, биеийн байдал маш хүнд, орчны харьцаагүй очсон байх ба гэмтэл аваад удаан хугацааны дараа эмнэлгийн тусламж авсан байна. Иймд дээрх гэмтлийг оношлоод тэр даруй мэс засал хийсэн ч амь насыг аврах боломжгүй юм. Харин гэмтэл авсан даруйд буюу тархи цусан хураанд дарагдаагүй тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж цусан хурааг авах мэс засал хийсэн тохиолдолд аврах боломжтой юм. Сумын эмч нар өвчтнийг аймгийн төв рүү зөөвөрлөх боломжгүй байсан байна. Тухайн өвчтөн нь маш хүнд, ухаангүй, орчны харьцаагүй байсан тул зөөвөрлөх боломжгүй юм...” гэжээ. /1хх-ийн 225-227, 3хх-ийн 14-15/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 43 тоот “Э нь сэтгэц эрүүл, архинд донтох эмгэгийн учир өөрийн хүсэлтээр мэдрэг эмчилгээ хийлгэсэн, өөрийн үйлдлийн бодол шинж чанар, хор уршгийг ухамсарлах үйлдлээ удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, гэмт хэргийн үед архидан согтуурсан байсан ба эмгэг согтолтын хэмжээнд байгаагүй тул хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /3хх-ийн 22-23/

 

          Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 27/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 28-39/

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 40-47/

          Мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /1хх-ийн 48/

          Э-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 106-107/

          Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 186-187/

          Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 188-190/

          Гэрч мэдүүлэг /1хх-ийн 165-166/

          Гэрч мэдүүлэг /1хх-ийн 167-168/

          Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан өргөдөл /2хх-ийн 152-157/

          Э-ын тайлбар /2хх-ийн 177-179/

          Б-ийн тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэх, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /2хх-ийн 180-188/

          Өвчний түүх, эмчийн үзлэгийн тодорхойлолт /2хх-ийн 189-196/

          Хохиролтой холбоотой баримтууд /2хх-ийн 229-237/

          Э-с Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан өргөдөл, хохирлын баримтууд /3хх-ийн 178-183/

          Э-ын хохирол төлбөр төлсөн тухай баримт /3хх-ийн 184-185/

          Гэрч мэдүүлэг /1хх-ийн 158-160/

          Гэрч мэдүүлэг /1хх-ийн 161-162/

          Э-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 55-65, 2хх-ийн 89-90, 120-122, 3хх-ийн 59-60/

          Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоол /4хх-ийн 1-18/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 209, 211-213/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар ирсэн шаазан аяга, архины шилний хэлтэрхий зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э, Б, А, О нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.

          Шүүгдэгч Улаалзай хөгдүүд овогт Э нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байрлах худгийн дэргэд Б-ийг толгойн тус газарт нь архины шилээр цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Б.Баттулгын “...тэр хоёр энэ асуудлаас болж маргалдаад Э нь архины шилээр талийгаачийн толгой руу цохисон. Нэг мэдэхэд Б нь талийгаачийн толгойг илээд “яаж байгаа юм бэ чи, хүний толгойг хага цохилоо шүү дээ” гээд Эыг загнаж байсан. Тэгээд тэд тэндээс хөдлөөд явсан, харин талийгаач бид хоёр үлдсэн. Талийгаач тэндээ унтаж байгаа юм шиг хэвтээд байсан. ...хэсэг унтаж байхад мөн л ээж дахиад ирчихсэн намайг сэрээгээд “бос гэр орондоо очиж унт, наад Б чинь халуун наранд болохоо байлаа” гээд намайг загнасан. Энэ үед ******* дэлгүүрийн тэндээс ирэхэд нь би *******тэй хамт талийгаачийг өргөж ээжийн машины арын суудал дээр хэвтүүлж өгсөн. ...Унтаж байхад аав орж ирээд “Б нэг л биш, эрүүл болоод сэрэх хугацаа болчихлоо, хурхираад унтаад байна, хурхирч байгаа хүн нэг л зүгээр биш дээ” гэхэд нь би босоод Б ах дээр очоод сэрээх гэхэд хурхираад байсан, түүнийг сэрээхээр гараараа мөрнөөс нь татахад сэрэхгүй байсан. Тэгээд ээж “энэ нэг л биш, хойд дэлгүүр рүү очиж гэрийнхэнд нь утсаар хэлье” гээд явсан. Ээж ирэхдээ уурхайн эмчийг дуудаад ирсэн...” гэх, гэрч *******ийн “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14-15 цагийн орчимд ...би *******, ******* хоёроор Бийг өргүүлж машиндаа хийн гэрийн гадаа очоод нөхрийн хамт буулгаж хэвтүүлсэн. Орой ******* ирээд “Бийг гэртээ оруулъя” гэхэд нь би согтуу хүн гэрт бөөлжөөд шээчих байх гэж бодоод “яахын бэ, өөрөө сэрэхээрээ гэрт орж унтана биз” гэж хэлсэн. Маргааш өглөө өвгөн маань “Б сэрэхгүй байна, нэг л бишээ” гэхэд нь би босоод дуудахад сэрэхгүй байсан. Тэгээд ******* босоод дуудахад сэрэхгүй байхаар нь сандраад эмнэлэг дуудсан...” гэх, гэрч ийн “...Дуудлагын дагуу 13 цагийн орчимд очиход гэх айлын хаяанд Б хурхирсан, ухаангүй байдалтай байсан. Даралт пүлс, хүчилтөрөгчийг үзээд анхны тусламжийн тариа хийсэн, ямар нэгэн хариу урвалгүй, орчиндоо харьцаагүй байсан. Ингээд сумын эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт ирээд ухаан оролгүй биед нь ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохгүй байсаар нас барсан...” гэх мэдүүлгүүд,

          шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч Аын “...гэнэт л Э шилээр Б ахын толгойн тус газарт нь цохисон. Энэ үед Б ах арагш газарт унаад өгсөн. Б ах босч ирээд Эын гарт байсан архины шилийг авч зүүн тийш шидээд Б ахыг өндийлгөж суулгаад толгойг нь барьж өгөөд байсан. Энэ үед Б ах хүзүүгээ гулдайлгаж, толгой нь өвдсөн хүн шиг доош хараад хөдөлгөөнгүй суусан...” гэх, шүүгдэгч Бы “...сууж байхад Э нь Б ах руу хандаж “за манай баавгай кампаниар юу байна, гайгүй явж байна уу” гэж хэлэхэд Б ах дуугарч өгөхгүй байсан. Тэгэхээр нь Э нь өндөр дуугаар “за баавгай юм чинь тэснэ биз дээ” гээд хажуудаа байсан архины шилийг аваад Б ахын толгойн баруун хэсэг рүү нь цохиход Б ах арагшаа дээшээ хараад газарт унасан...” гэх, шүүгдэгч Оын “...Б орж ирээд ярихдаа “танай баавгай Б худын толгой руу нь Э шилээр цохиход нь би салгаад ирсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1495 тоот дүгнэлт, таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 253 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Улаалзай хөвдүүд овогт Б, Бодонгууд овогт А, Моотгон харгана овогт О нар нь эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг болон худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай танилцсаны дараа гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч Бы “...Э нь Б ахын толгой руу архины шилээр цохисон. Б ах доошоо хараад толгой нь гуйвсхийгээд манарсан байдалтай байсан. Энэ үед нь би толгой руу нь жаахан хүчтэй цохичихлоо, Б ах жоохон эвгүй л болчихлоо гэж дотроо бодож байсан.  ...яагаад худал мэдүүлэг өгөх болсон бэ гэвэл хэрэг болох үед би Эыг талийгаачийн толгой руу хүчтэй цохихыг харсан бөгөөд талийгаачийг нас барсны дараа Эт цохиулснаас болж нас барчихлаа, Эыг элдэв асуудалд орооцолдчих байх гэж бодоод эхний ээлжинд энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлэг өгөхөөр шийдсэн...” гэх, А-ын “...тухайн үед би худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Учир нь хэрэг болох үед Э нь талийгаачийн толгойн тус газарт архины шилээр цохисныг би харсан ч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөх үеэр Б ах надаас “Э цохисон гэдгийг битгий хэлээрэй” гээд гуйгаад байсан бөгөөд бүүр болохгүй бол би өөрөө үнэнг нь хэлнэ, чи цагдаад мэдүүлэг өгөхдөө цохисон талаар нь битгий хэл, мэдэхгүй, тийм зүйл болоогүй л гэж хэлээрэй гээд надаас байн байн гуйгаад байсан болохоор нь би болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлээгүй, худал мэдүүлэг өгсөн юм...” гэх, О-ын “...би худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Тухайн үед Б нь “Эыг талийгаачийн толгой руу цохисон гэдэг асуудлыг битгий хэлээрэй” гээд надаас гуйгаад байхаар нь би үүнийг мэдэхгүй гэж худал мэдүүлсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э, гэрч *******, *******, , , , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүх, эмчийн үзлэгийн тодорхойлолт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч Э нь Б-ийн толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий гэмтэл авч улмаар нас барсан, шүүгдэгч Б, А, О нар нь эрүүгийн 1921000000273 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, худал мэдүүлбэл хүлээх эрүүгийн хариуцлагатай танилцаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгчид гэм буруутай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй юм. Түүнчлэн шүүгдэгч Э, Б, А, О болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж  хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж зориуд хэргийг үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

Шүүгдэгч Э, Б, А О нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Эыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Б, А О нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

          Шүүгдэгч Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 5.652.589 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-т 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

          шүүгдэгч Б, А О нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч А, О нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахдаа гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хасаж хөнгөрүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч Б, А, О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Б-ийн амь нас хохирсон байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э-т шүүгдэгч Э нь оршуулгын зардалд баримтаар нотлогдсон 5.652.589 төгрөгийг төлж барагдуулжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э-н өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд “...Э-н тухайд Э-аас оршуулгын зардалд 5.652.589 төгрөгийг авсан. Хохирогчийн хувьд хүүхдийн сургалтын төлбөртэй холбоотой баримтыг шүүхэд өгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилнэ гэж байсан боловч өгч чадсангүй. Иймд хохирогчийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж өгнө үү” гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлтийг илэрхийлж байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э нь хүүхдийн сургалтын төлбөр болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын цагдан хоригдсон 388 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарын хамт Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б, А, О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар ирсэн шаазан аяга, архины шилний хэлтэрхий зэргийг устгаж, шүүгдэгч Б, А, О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч .......... овогт А, ........... овогт О, .......... овогт Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-т оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эын цагдан хоригдсон 388 /гурван зуун наян найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, А, О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б, А, О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э-т 5.652.589 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар ирсэн шаазан аяга, архины шилний хэлтэрхий зэргийг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч Б, А, О нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э нь хүүхдийн сургалтын төлбөр болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А, О, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             П.ПАГМА

ШҮҮГЧИД                                           Л.БАТЖАРГАЛ

                                                                                   Г.НАМУУНТУЯА