Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00694

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группд байдаг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 06-16 тоотод оршин суух “Авга хариад” овогт Төрмөнхийн Сарангэрэл /РЭ-62021340/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Т.Сарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Сарангэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Мөрөн 1 дүгээр 10-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1979 онд төгсөөд Завхан аймгийн Барилга техник мэргэжлийн сургуульд суралцаж 1981 онд төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт хуваарилагдаж 1981 оноос 1994 оныг дуустал шаварчин, будагчнаар тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох болж байгаа тул ажиллаж байсан жилээ шүүхээр сэргээлгэх гэж хандсан юм. 

Иймд намайг Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл, Хөвсгөл аймгийн “Барилгачин” ББХКомпанид 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Т.Сарангэрэл нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл, Хөвсгөл аймгийн “Барилгачин” ББХКомпанид 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл шаварчин, будагчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Завхан аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төрмөнхийн Сарангэрэлд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1981 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай тушаалд: ”....1981 онд гадаад, дотоодын техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирсэн 45 хүнийг 1-р хавсралт ёсоор тус тусын мэргэжлийн ажилчингаар томилон ажлуулсугай...Төрмөнхийн Сарангэрэл 7 дугаар сарын 02-ноос 1 дүгээр бригадад шаварчин, будагчнаар....” гэх ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Улсын барилга хорооны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын триестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай тушаалд: ”....байгууллагын сангаас нэгжүүдэд олгох хөрөнгийг хавсралт 5-аар хувиарлан олгож банканд харилцах данс нээлгэхийг ерөнхий Нябод зөвшөөрсүгэй...44/ Т.Сарангэрэл....” гэх тушаалын хуулбар,

МЗХЭ-ийн төв хорооны нарийн бичгийн даргын 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4649 дугаартай “....нөхөр Төрмөнхийн Сарангэрэл таныг 12 жилийн төлөвлөгөөг хугацаанаас өмнө биелүүлж, хөдөлмөрийн гарамгүй амжилт гаргасан тул “Гавшгай залуу” медалиар шагнав....” гэх үнэмлэх,

Гэрч Д.Амгалангийн: “....Т.Сарангэрэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга угсралтын конторт 1979 оноос 1995 он хүртэл засал чимэглэл хийж байгаад, 1995 оноос Барилга угсралтын триест болоод 2000 он хүртэл засвар чимэглэлийн ажлыг хийдэг байсан....” гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Сарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Авга хариад” овогт Төрмөнхийн Сарангэрэл /РЭ-62021340/-ийг Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл, Хөвсгөл аймгийн “Барилгачин” ББХКомпанид 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Сарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ