Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Ч.Б, Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ч.Б, Б.Ш нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 0239 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ............. дүүргийн .......... дугаар хороо, .......... тоотод оршин суух суух, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 334 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.2, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,

Б овогт Чийн Б /РД:...................../,

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............. дүүргийн ............ дугаар хороо, ........... тоотод оршин суух суух, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан ялыг эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Бн овогт Бийн Ш /РД:.................../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ш, Ч.Б нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн ........................... тоотод оршин суух иргэн Ц.Тийн эзэмшлийн хувийн байшинд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр цонхоор нь нэвтэрч иргэн Д.Яын өмчлөлийн эрэгтэй, эмэгтэй хүний олон төрлийн хувцаснууд бүхий комиссын бараанууд болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 372.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бөгөөд уг гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 219 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Ч.Б, Б.Ш нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-10/,

2. Хохирогч Д.Яын “...хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бараагаа үзэх гээд Түмээ ахтай холбогдож байгаад түлхүүр нуусан газрыг нь заалган бараагаа орж үзэхэд хэвийн байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байтал манай комиссын барааны ойролцоо ТҮЦ ажиллуулдаг Отгонжаргал эгч над руу залгаад танай бараанаас хүн аваад байх шиг байна гэж хэлэхээр нь шууд яваад очтол байшингийн цонх хагархай, цонх нь цус болсон байсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ комиссын бараагаа сайн бүртгэж, харж үзээгүй алдагдсан эд зүйлсээ буруу мэдүүлсэн байна. Сүүлд цагдаа нарыг явсны дараа алдсан бараагаа нэг бүрчлэн тоолж үзэхэд цагаан, улбар шар, ногоон өнгийн шуудайтай хувцаснууд алдагдсан байна лээ. Байшингаас алдагдсан цагаан шуудайн дотор 51, ногоон шуудайн дотор 40, улбар шуудайн дотор 15 хувцаснууд байсан. Нийт 106 хувцас. ...Би шуудайтай хувцаснуудаа 1 ширхэг тус бүрийг нь 3500 төгрөгөөр авч байсан. Одоо анх авсан үнээрээ үнэлнэ. Харин 3 ширхэг шуудай тус бүрийг нь 500 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх14-15/,

3. Иргэний нэхэмжлэгч Ц.Тийн “...Манай байшингаас эд зүйл огт алдагдаагүй байна лээ. Харин манай байшинд хувцсаа хадгалж байсан Я гэх эмэгтэйн комиссын хувцаснууд алдагдсан. ...Байшингийн вакум цонх хагарсан байсан, тус цонхоо 80.000 төгрөгөөр үнэлж байна. Би хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй. ...Би Бтэй 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай гэрт орж ирээд тал шил архи гаргаад ирэхээр нь би уухгүй гэж хэлсэн. Тэгээд манайд ганцаараа тал шил архиа уучхаад явсан. Миний зөвшөөрөлгүй орох эрх байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,

4. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн “...хөрөнгийн төрөл: хувцас ...нийт хохирлын дүн нь 372.500 төгрөгөөр тогтоож байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх55-57/,

5. Шүүгдэгч Б.Шын яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орой 19-20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны автобусны буудал дээр танил Ч.Бтэй таарсан. Тэгээд Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын дан байранд шуудайтай комиссын хувцас байна. Хоёулаа хулгай хийж архи авч ууя гэхээр нь би тэгье гэж бид хоёр тохирсон. ...Тэгээд би байшингийн цонхыг гараараа цохиж хагалаад хагалсан цонхоор орсон. Харин Ч.Б байшингийн гадна хүлээгээд үлдсэн. Тэгээд би Ч.Бд 1 шуудайтай хувцсыг өгөх үед хашаанаас гараад явахаар нь би 2 шуудайтай хувцаснуудыг аваад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний гудамжны жалганд хулгайлсан хувцаснуудыг нуусан байх үед Б миний араас ирж уулзаад 1 шуудайтай хувцсыг авч явсан. Би 2 ширхэг шуудайтай хувцсыг авч өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 100-1 тоотод авч ирж хашаанд тавиад маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цагдаа нар Ч.Бг дагуулж манай хашаанд ирж 2 шуудайтай хувцаснуудыг хурааж авсан. Хулгайлсан эд зүйлсийг би зарж борлуулаагүй байсан. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор хулгай хийсэн. Өвлийн сууцны цонхыг би хагалж дотор байсан шуудайтай комиссын хувцаснуудыг гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх78-80/,

6. Шүүгдэгч Ч.Бгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орой 20 цагийн үед гэртээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхоны автобусны буудал дээр зогсож байх үед манай гэрийн ойролцоо амьдардаг миний танил Б.Штай таарсан. Тэгээд би Б.Шаас архи байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр автобусны буудлаас урагшлаад Ц.Т гэх залуугийн өвлийн сууж болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын дан байр руу явсан. Тэгээд Ц.Тийн хашаанд очиход хашааны хаалга нь онгорхой байхаар нь би Б.Шт өвлийн сууцанд комиссын бараанууд байгаа. Хоёулаа хулгай хийж архи авч уух уу гэхэд Б.Ш тэгье гээд өвлийн сууцны цонхыг хагалаад дотор талаас нь шуудайтай хувцас гаргаж өгөхөөр нь аваад автобусны буудал явж байх үед Б.Ш миний араас 2 шуудайтай хувцас авч гарч ирсэн. ...Би гэмт хэрэг үйлдэх санаачилгыг гаргасан. Харин Б.Ш зөвшөөрч бид хоёр нийлж хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх90-92/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ч.Б, Б.Ш нар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр нотлох баримт, талуудын мэдүүлэг,  тайлбарыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Ч.Б, Б.Ш нар нь Сонгинохайрхан дүүргийн ........................... тоотод байрлах Ц.Тийн өмчлөлийн өвлийн сууцны цонхыг хагалан орж дотроос нь хохирогч Д.Яын эзэмшлийн 3 шуудай буюу 106 ширхэг эрэгтэй, эмэгтэй хүний комиссын хувцсыг нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Яын “...Отгонжаргал эгч над руу залгаад танай бараанаас хүн аваад байх шиг байна гэж хэлэхээр нь шууд яваад очтол байшингийн цонх хагархай, цонх нь цус болсон байсан. ... алдсан бараагаа нэг бүрчлэн тоолж үзэхэд цагаан, улбар шар, ногоон өнгийн шуудайтай хувцаснууд алдагдсан байна лээ. Байшингаас алдагдсан цагаан шуудайн дотор 51, ногоон шуудайн дотор 40, улбар шуудайн дотор 15 хувцаснууд байсан. Нийт 106 хувцас...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Тийн “...Харин манай байшинд хувцсаа хадгалж байсан Я гэх эмэгтэйн комиссын хувцаснууд алдагдсан. ...Би Бтэй 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай гэрт орж ирээд тал шил архи гаргаад ирэхээр нь би уухгүй гэж хэлсэн. Тэгээд манайд ганцаараа тал шил архиа уучхаад явсан. Миний зөвшөөрөлгүй орох эрх байхгүй...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Яд 372.500 төгрөгийн хохирол учирсан нь хохирогчийн мэдүүлэг, хулгайд алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлттэйгээр  өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар хулгайлах гэмт үйлдэл төгссөн байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж хамтран гүйцэтгэсэн буюу гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэжээ.

Прокуророос шүүгдэгч нарыг хулгайлах үйлдлээ бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.Ш нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.Я нь “алдагдсан эд зүйлээ биет байдлаар бүрэн хүлээн авсан, шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа мэдүүлсэн /хх13-14/, мөн иргэний нэхэмжлэгч Ц.Т нь байшингийн цонхны хохирол болох 80.000 төгрөгөө шүүгдэгч нараас авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж дүгнэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бд 2 жил 8 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Шт 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж байна, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ч.Б, Б.Ш нар нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үндэслэлээр мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалтай болохыг дурдаж байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ бага, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заажээ.

Дээр дурдсанаар шүүгдэгч нар нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын хэмжээ бага байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.Ш нарт тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чийн Б, Бийн Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.Ш нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэдгээрийг цагдан хорьсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР