| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0695/и |
| Дугаар | 00695 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 00695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1967 онд төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, “Цогнууд” овогт Самбуугийн Мягмаржав /РК-67080819/-ийн хүсэлттэй
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй тэтгэвэрт, Тосонцэнгэл сумын 5-р багт оршин суух “Есөн чоно” овогт Цэнд-Аюуш Оюундалай /РК-52112517/,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундалай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Мягмаржав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1983 оны 6 дугаар сарын 15-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр нэгдэлд элсэн орж ажилласан юм. Ингээд 1983 оны 6 дугаар сарын 15-наас 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд барилгачин, хоньчноор тасралтгүй ажиллаж байсан. 1985 оноос 1988 онд цэргийн алба хаасан. Миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй гээгдүүлсэн, мөн 1997 онд сумын захиргаа шатсаны улмаас бусад баримт бичиг байхгүй зэргээс ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 15-н хүртэл, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундалай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би С.Мягмаржавтай төрөл садангийн холбоогүй ба өөрөө ирэх боломжгүй учир би өмнөөс нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. С.Мягмаржав нь Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн туслах үйлдвэрт 1983 оноос 1986 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэргийн алба хааж 1988 оноос 1993 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох болж ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм билээ.
Иймд С.Мягмаржавыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн барилгын бригадад 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нормчиноор, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч С.Мягмаржав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн барилгын бригадад 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нормчиноор, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар тушаалд: “....тус сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр нэгдлийн үйлдвэрлэлд ажиллахаар хуваарилагдсан нэр бүхий 21 хүүхдийг 1-р хавсралтад зааснаар 1983 оны 6 дугаар сарын 15-наас эхлэн нэгдлийн малчин, барилгачин, ногоочин зэрэг ажилд томилон ажлуулсугай...14/ Самбуугийн Мягмаржав барилгачин....” гэх Илгээлтээр гарсан хүүхдүүдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн даргын 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар тушаалд: “....Барилгачин С.Мягмаржав...нарт 7 дугаар сарын 5-наас...үндсэн ажлын 18 хоногоор 7 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус ээлжийн амралт олгосугай....” гэх Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн даргын 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаар тушаалд: “....Барилгачин С.Мягмаржав ээлжийн амралт олгосугай....” гэх Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаар тушаалд: “....С.Мягмаржав нар нь цэрэгт явах болсон тул 6 дугаар сарын 15-наас ажлаас тус тус чөлөөлсүгэй....” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Гэрч Ш.Адъяагийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “....С.Мягмаржав нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн үйлдвэр бригад болон 1 дүгээр бригадад тасралтгүй мал маллаж байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч С.Даваажавын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “....С.Мягмаржав нь 1983 оны 01 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг хүртэл барилгачнаар, 1988 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оныг дуустал хугацаанд Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор ажиллаж....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч С.Мягмаржавт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн 10/217 дугаартай “....С.Мягмаржавыг барилгачнаар томилж, чөлөөлсөн тушаал архивт байхгүй лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх,
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн “....Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 онд шатсан....” гэх,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/174 дугаартай “....С.Мягмаржавт холбогдох лавлагааг бүрэн гүйцэт гаргах боломжгүй....” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Цогнууд” овогт Самбуугийн Мягмаржав /РК-67080819/-ийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн барилгын бригадад 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нормчиноор, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Мягмаржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ