| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0707/и |
| Дугаар | 00707 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, “Бөхчүүд” овогт Балжиннямын Энхбат /РК-57030516/-ын хүсэлттэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй тэтгэвэрт байдаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 03-04 тоотод оршин суух, “Тэмээнийхэн” овогт Ойдовын Нямсүрэн /РЯ-56020411/
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Энхбат нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд болон компанид ажиллаж байсан юм. 1977 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс барилгачнаар ажилд орсон юм. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэл болон компанид 1991 оны 1 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Энхбатын төрсөн дүү нь харвалт өгөөд Улаанбаатар хотод ажилтай байгаа тул би өмнөөс нь итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байгаа болно. Б.Энхбат нь нэгдэлд жолооч хийж байгаад ардын цэргийн албанд явсан ба цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан юм. Өдгөө өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим бичиг баримт дутуугаас болоод тэтгэвэрт орж чадахгүй байгаа учир шүүхэд хандсан юм билээ.
Иймд Б.Энхбатыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын” зориг нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-н хүртэл, “Ардын зориг” компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл жолоочоор ажилласан жилийг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Энхбат нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын” зориг нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-н хүртэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Тээврийн яамны техникт мэргэжилийн сургуулиас 1976 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Балжиннямын Энхбатад нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 3/282 дугаартай “....иргэн Б.Энхбат нь ЗДТГазарт жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гаргах болсон....” гэх тодорхойлолт,
Гэрч Ш.Адъяагийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “....Б.Энхбат нь Ардын зориг нэгдэлд жолооч хийж байсан. Цэрэгт явж ирээд нэгдлийн жолоочоор ажиллаж байгаад Ардын зориг компани болох хүртэл ажиллаж байсан....” гэх,
Гэрч Р.Цэцэгмагийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “....Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд нэгдлийн жолоочоор ажиллаж байсан. 1991 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал жолоочоор ажиллаж байсан....” гэх мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэгийн ажиллаж байсан талаарх холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын газрын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10/267 дугаартай “....Тосонцэнгэл сумын Ардын зориг ХХК-ны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Б.Энхбатад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна....” гэх,
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “....Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатсан....” гэх,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 3/283 дугаартай “....Ардын зориг ХХК-ны холбогдох баримт цалингийн цэс шатаж устсан тул 1991-1994 онуудад ажиллаж байсан Б.Энхбатад холбогдох архивын лавлагаа гаргаж өгөх боломжгүй болно....” гэх тодорхойлолтууд тус тус хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Б.Энхбатын улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Бөхчүүд” овогт Балжиннямын Энхбат /РК-57030516/-ыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын” зориг нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-н хүртэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ