| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0708/и |
| Дугаар | 00708 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00708
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт тус сумын төвд оршин суух, “Их-Мэргэд” овогт Доржийн Батцагаан /РЛ-65102508/-ний хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, хүсэлт гаргагч Д.Батцагаан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батцагаан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1984 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хүн эмнэлэгт 1984- 1985 оны 6 дугаар сар хүртэл үйлчлэгчээр, 1985 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн гал тогоонд сав угаагчаар ажиллаж байсан юм. Одоо 4 хүүхэд төрүүлсэн үндэслэлээр тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан болно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хүн эмнэлэгт 1984 оны 11 дүгээр сарын 16-наас 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үйлчлэгч, тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоонд 1985 оны 7 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл сав угаагчаар тус тус ажиллаж байсанг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батцагаан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хүн эмнэлгийн салбарт 1984 оны 11 дүгээр сарын 16-наас 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цэвэрлэгч, угаагч, тус сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн гал тогоонд 1985 оны 7 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл сав угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №09 дугаартай тушаалд: “....2/ Д.Батцагааныг цэвэрлэгчээр түр ажиллуулах....” гэх Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №07 дугаартай тушаалд: “....1/ тус салбарын угаагч Ц.Тэгшбуянт нь өвчтэй тул оронд нь цэвэрлэгч Батцагааныг 1985 оны 5 дугаар сарын 21-нээс эхлэн угаагчаар ажлуулсугай....” гэх Түр ажилчин авах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №21 дугаартай тушаалд: “....1/ тус сургуулийн ажилчин А.Дугаржавыг өөрийн хүсэлтийн дагуу сав угаагчийн ажлаас чөлөөлж оронд нь Д.Батцагааныг 1985 оны 7 дугаар сарын 01-нээс авч ажлуулсугай....” гэх Ажилд томилсон ба чөлөөлсөн тухай тушаалын хуулбар,
Хүсэлт гаргагч Доржийн Батцагаанд 1986 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 8 жилийн сургуулиас нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Гэрч Д.Наранцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Хүн эмнэлэгт 1984 оны 11 дүгээр сараас 1985 оныг дуустал үйлчлэгч цэвэрлэгч хийж байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Цэрэнлхамын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Хөвсгөл Төмөрбулаг сумын 8-н жилийн сургуулийн гал тогоонд 1985 оны 7 дугаар сарын 01-нээс одоо хүртэл ажиллаж байгаа. Сав угаагч хийдэг байсан. Одоо тогооч хийж байгаа....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Их-Мэргэд” овогт Доржийн Батцагаан /РЛ-65102508/-ыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хүн эмнэлгийн салбарт 1984 оны 11 дүгээр сарын 16-наас 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цэвэрлэгч, угаагчаар, тус сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн гал тогоонд 1985 оны 7 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл сав угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Батцагааны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ