| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0709/и |
| Дугаар | 00709 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1957 онд төрсөн, эмэгтэй, тус сумын 3 дугаар багт оршин суух, “Хаад боржгон” овогт Мягмарын Хишигжаргал /РЗ-57051009/-ын хүсэлттэй,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх 1145 дугаарын эрхийн үнэмлэхтэй “Боржигон” овогт Бямбадоржийн Амаржаргал /РХ-80111005/,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Хишигжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.Хишигжаргал миний бие 1957 онд төрсөн. Бага насандаа эцэг эхийгээ дагаж мал маллаж байгаад 1974 оны 05 дугаар сард 17 насанд хүрч Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан Од” нэгдэлд 1974 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс анх малчнаар ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Тэрээр “Улаан Од” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажилласан юм. Өдгөө 60 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим баримт бичиг дутуу учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд М.Хишигжаргал намайг 1974 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан Од” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Хишигжаргалын өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа ба нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндийн улмаас шүүх хуралдаанд оролцож чадахгүй байгаа тул намайг ороороо гэсэн тул нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. М.Хишигжаргал нь 1957 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн юм. Бага насандаа эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1974 оны 5 дугаар сард хөдөлмөрийн насанд буюу 17 нас хүрч Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан Од” нэгдэлд 1974 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс анх малчнаар ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Тэрээс хойш тасралтгүй “Улаан Од” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажилласан юм. Одоо 60 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим баримт бичиг дутуу учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон учраас шүүхэд хандсан юм билээ.
Иймд М.Хишигжаргалыг 1974 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан Од” нэгдэлд хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Хишигжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” нэгдлийн 2 дугаар бригадад 1974 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/88 дугаартай архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбар,
Гэрч Ү.Пүрэвсүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “....би Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1984 оны 01 дүгээр сарын 16-нд сум нэгдлийн даргаар очиход М.Хишигжаргал Хөвсгөл Рашаант сумын “Улаан-Од” нэгдлийн 2 дугаар бригадад малчин байсан. Нэгдэл 1992 онд татан буугдсан тэр хүртэл Хишигжаргал малчнаар ажиллаж байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Мандахын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “....М.Хишигжаргал 1973 оноос 1990 оныг хүртэл Хөвсгөл Рашаант сумын “Улаан-Од” нэгдлийн 2 дугаар бригадад малчин байсан. Сувиа мал голцуу малладаг байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Хаад боржгон” овогт Мягмарын Хишигжаргал /РЗ-57051009/-ыг Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” нэгдлийн 2 дугаар бригадад 1974 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Хишигжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ