Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ШТЭД-1141/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00194 0255 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, үнээний ферм дээр ажилладаг, .......... аймгийн ............ сумын ....... дугаар баг, ........ дүгээр гудамж, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............... дүүргийн ............ дугаар хороо, ........... задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй,  

А овогт Бын А /РД:......................./,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............... дүгээр гармын .......................... гэх газарт байрлах “...............” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 50 боодол овьёосыг бусдад худалдан завшиж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “...............” ХХК-ийн хүсэлт, итгэмжлэл, цалингийн цэс /хх3-6/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /хх23-24/, гэрч Ли Шо Миний мэдүүлэг /хх32, 41/, гэрч Б.Батпүрэвийн мэдүүлэг /хх46/, гэрч Д.Алтангэрэлийн мэдүүлэг /хх48/, “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх59/, шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх83/, хохирол төлөгдсөн талаарх хохирогчийн албан бичиг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Б.Аыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “...............” ХХК-ийн хүсэлт, итгэмжлэл, цалингийн цэс /хх3-6/,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сувд-Эрдэнийн “...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо хярын үзүүрт байрлах тариалангийн талбай дээр очсон. Шинэ жил болж байсан учраас хүмүүсийнхээ цалинг өгөхөөр очсон юм. Тэгсэн чинь Амгаланбаатар, Элбэгзаяа тэр хоёр ажиллаагүй хоногийн цалинг авна гэж хэрүүл хийгээд байсан. Би тэр хоёрт цалин чинь ийм гарч байна гээд үзүүлсэн боловч яахаараа ийм бага цалин гардаг юм. Энийг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Бид хоёр ажиллаагүй өдрийн цалинг бас авна гэж захирал Ли Шо Минтэй хэрүүл хийсэн. Тэр өдөр Амгаланбаатарт цалинг нь өгчхөөд захирал бид хоёр яваад өгсөн. Бид хоёр явахдаа тухайн орчны зургийг авчхаад яваад өгсөн. Тэгээд 01 дүгээр сарын 03-ны өдөр захирал ажлын талбай руугаа очсон юм. Тэнд очоод над руу залгаад мессенжерээр зураг болон бичлэг явуулсан. Би тэрийг хараад 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр авсан зурагтайгаа харьцуулж үзэхэд боодолтой овьёосноос алга болсон байсан. ...Манайхаас алдагдсан овьёос 50 ширхэг байсан болж таарч байна...” гэсэн мэдүүлэг /хх23-24/,

3. Гэрч Ли Шо Миний “...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 3/61 гарамын .......................... гэх газар байрлах малын тэжээлийн талбайд очиж уулзахад Амгаланбаатар эхнэрийн хамт ажилчдын гэрт орж ирж ажилласан өдрийнхөө цалин дээр санал нийлэлгүй хэрүүл хийсэн. Хэрүүл хийж байсан чинь Амгаланбаатар намайг цохих гэж дайрсан. ... Дараа нь би Амгаланбаатарт цалинг нь өгөөд явуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Амгаланбаатар над дээр ирж би одоо овьёосоо авъя. Энэ овьёосноос чинь би цалингаа гаргаж авна гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яахаараа авдаг юм. Чи компанийн овьёосыг яахаараа авдаг юм. Тэгснээ Амгаланбаатар надад хандаж “чамайг харж байхад нүдэн дээр чинь энэ овьёосыг авна харж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд түүнийг эхнэр нь ирээд аваад явсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээр очиход Амгаланбаатар гэрээ буулгаад портер дээр ачаад явж байсан. Би ажил дээр очоод овьёосоо харахад 100 ширхэг боодол овьёос дутсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх33-35/, “...Манай компаниас 50 боодол преслэсэн овьёос алдагдсан талаар би санал нийлж байна...” гэсэн мэдүүлэг /хх42-43/,

4. Гэрч Б.Батпүрэвийн “...манай захирал яваад өгсөн. Тэгээд удалгүй Амгаагийнд нэг хөгшин ах, нэг эмэгтэй, нэг залуу ирсэн байсан. Тэгсэн Амгаа ирээд надад нэг пиво өгөөд ахын дүү өвс ачаад өгөөрэй гэхээр нь би “ямар учиртай өвс ачих гэж байгаа юм бэ, захирал мэдэж байгаа юу” гэж асуусан чинь Амгаа ахын дүү би захиралд хэлсэн. Чи ачилцаад өгчих гэхээр нь би 50 боодол өвс тэр ирсэн залуугийн хамтаар ачилцаж өгсөн. Тэр үед Амгаа өөрийн гэртээ нэг 61 гарам дээр ажилладаг Алтангэрэл гэх залуу болон Даваа нартай пиво уугаад сууж  байсан...” гэсэн мэдүүлэг /хх47-48/,

5. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...1 ширхэг боодолтой малын тэжээлийн овьёосыг 22.000 төгрөгөөр үнэлсэн...” тайлан /хх61-62/,

6. Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...эхнэр бид хоёрын цалинг бодохдоо 3.500.000 төгрөг авах байснаас 2.100.000 төгрөгийг бодож өгөхөөр нь дутуугаа авъя гэсэн чинь “чиний авах ёстой цалин наадах чинь” гээд өгөхгүй байхаар нь би “дутууг нь пресстэй өвснөөс зараад авлаа шүү” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны орой нэг үл таних хүн портер машинтай ирээд “эрдэнэ шиш асууж явна” гэхээр нь 50 боодол овьёос авах уу гэхэд зөвшөөрөхөөр нь нэгийг 8000 төгрөгөөр бодож нийт 400.000 төгрөгөөр зараад өгөөд явуулсан. Уг машинд Магнай буюу Батпүрэвт “би даргад хэлчихсэн байгаа” гэж хэлээд хамт ачилцсан. Тэгээд би тэр 400.000 төгрөгийг өөртөө хэрэглээд дууссан...” гэсэн мэдүүлэг /хх85/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.А:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.А нь “...............” ХХК-д манаачаар ажиллаж байх үедээ 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “...............” ХХК-ийн хашаанаас 50 боодол овьёосыг дур мэдэн бусдад худалдан борлуулж хувийн хэрэгцээндээ ашигласан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сувд-Эрдэнийн  “...Бид хоёр явахдаа тухайн орчны зургийг авчхаад яваад өгсөн. Тэгээд 01 дүгээр сарын 03-ны өдөр захирал ажлын талбай руугаа очсон юм. Тэнд очоод над руу залгаад мессенжерээр зураг болон бичлэг явуулсан. Би тэрийг хараад 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр авсан зурагтайгаа харьцуулж үзэхэд боодолтой овьёосноос алга болсон байсан. ...Манайхаас алдагдсан овьёос 50 ширхэг байсан болж таарч байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ли Шо Миний “...Манай компаниас 50 боодол преслэсэн овьёос алдагдсан талаар би санал нийлж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батпүрэвийн “...Чи ачилцаад өгчих гэхээр нь би 50 боодол өвс тэр ирсэн залуугийн хамтаар ачилцаж өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.А нь ...............” ХХК-д манаачаар ажилладаг байсан буюу тухайн хуулийн этгээдийн өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн ажиллаж байжээ. Улмаар цалин дутуу олгосон гэсэн шалтгаанаар захиралтайгаа маргалдан, дур мэдэн “50 боодол овьёосыг бусдад худалдан борлуулсан нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Аын үйлдлийн улмаас хохирогчид 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Б.А нь “...............” ХХК-д учруулсан 50 боодол овьёосыг биет байдлаар буцаан төлсөн нь талуудын тайлбар, “...............” ХХК-ийн захирал Ли Шо Мин өвс хүлээн авсан талаарх баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирлыг нөхөн төлсөн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь гэм буруугаа ухамсарлаж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, холбогдсон гэмт хэргийн ангилал хөнгөн, хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэн, өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ. 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР