Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0606

 

 

                 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 531 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0463/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Э” ХХК-ийн XV-014302 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, ойн сан бүхий газарт хамаарах 9,993.59 гектар талбайд нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах, “Э” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалгүй 63,696.39 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэст даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 531 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн XV-014302 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, ойн сан бүхий газарт хамаарах 9,993.59 гектар талбайд нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах, “Э” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалгүй 63,696.39 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд: “...

3.1. ...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д "...тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно" гэж заасны дагуу Засгийн газраас баталсан хилийн заагт багтсаны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал хайх, ашиглах боломжгүй болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгохтой холбоотой харилцааг Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зевшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам"-аар тусгайлан зохицуулсан. Журмын 3.4 хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй байх тохиолдлуудыг тусгайлан заасан бөгөөд тэдгээрт "...төсөвт нөхөн олговор тусгах талаар чиглэл өгөөгүй" гэсэн үндэслэл байхгүй. Харин нэхэмжлэгч "Э" ХХК-ийн хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хүлээн авч, мөн журамд заасны дагуу холбогдох шийдвэрийг гаргах үүргийг хүлээлгэсэн.

3.2. Гэтэл хариуцагчаас журамд заагаагүй үндэслэлээр татгалзсан бөгөөд түүнийг зөвтгөн зохих журмаар шийдвэр гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс захиргааны байгууллагын өмнөөс хариуцагчийн тайлбарт дурдаагүй асуудлаар дэлгэрүүлэн тайлбарлаж захиргааны байгууллага мэтээр дүгнэсэн нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн хууль бус болсон.

3.3. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн "Э" ХХК болон "С" ХХК-ийн хооронд байгуулсан хайгуулын ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан хариуцагч нараас маргаагүй байхад шүүх “1.27 ... "Геологийн хайгуулын гэрээ" гэгч" гэх зэргээр илэрхий нэг талыг баримтласан байна.

3.4. “Э” ХХК-ийн нөхөх олговрын хүсэлт гаргасан 9993,59 га талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол Гарснаар "ойн сан бүхий газар"-тай давхацсан хариуцагчаас энэ тухайд маргаангүй. Журамд ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргахаар заасан. Журмын дагуу өдөр тутмын сонин болох Зууны Мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад. Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн гэдэг ч сонины редакцуудаас “Э” ХХК-ийн нэр давхцалтай компаниудын нэрийн жагсаалтад байгаагүй, хэвлэгдээгүй тухай тодорхойлолтыг ирүүлсэн.

3.5. Дээрх үүргээ хариуцагч биелүүлээгүй байхад шүүхийн шийдвэрийн 1.13-т ...салбартаа гарч буй онцлог зохицуулалт, түүний дотор ашигт малтмал эрэх, хайх, ашиглах талбайг хориглосон хилийн заагийг тогтоож, нөхөн олговор олгохтой холбоотой хууль, тогтоомж, бусад эрх зүйн баримт бичгийг мэдээгүй гэдгээр... нэхэмжлэгчийг зөвтгөхгүй гэсэн дүгнэлт хийсэн нэхэмжлэгчийг хариуцагчийн үйлдлийн тухайд буруутгасан нь хууль, шударга ёсонд нийцэхгүй.

3.6. Түүнчлэн, Д.С 2014 онд, Б.С-д 2017 онд гэрчилгээ, албан бичгийг хүлээлгэн өгсөн, ажил хэргийн харилцаатай байсан, албан бичиг хүргэгдээгүй гэдгийг нэхэмжлэгч "няцаагаагүй" гэжээ. Гэтэл ажил хэргийн харилцаатай байсан этгээдэд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд чухал үр дагаварт хүргэх шийдвэр, албан бичгийг гардуулах эрхийг ямар ч хууль болон журмаар олгоогүй, нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д "Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй" гэж нотлох үүргийг нэхэмжлэгчид бус хариуцагч захиргааны байгууллагад хүлээлгэсэн байна.

3.7. Мөн уг дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 6-д "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно." гэж тайлбарласантай нийцээгүй. Нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүлээн авсан нь бусад хүмүүсээр дамжуулан мэдэгдэлийг авсан гэдгийг нотолно гэсэн хийсвэр таамаглал дэвшүүлсэн.

3.8. Гэвч Д.С, Б.С нар нь тэдгээр баримтуудаас бүрэн бүхэлд нь хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй этгээд тул түүгээр нэхэмжлэлийг буруутгах боломжгүй. Түүнчлэн маргааны зүйл нь хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын нөхөн олговор авах тухай хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлээгүйтэй холбоотой байхад шүүхээс "2.1.4 ...журмын 4.5 "Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд улсын төсөвт тусгагдсан байна" 2.1.5 ...Ашигт малтмал газрын тосны газарт байхгүй төсөвт тусгаагүй зардлыг гаргуулахаар хүлээн авах боломжгүй" гэжээ. Гэтэл журмын 4.8-д "Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нөхөх олговрыг улсын төсвөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа бүрэн олгоно" гэж заасан ба Ашигт малтмал, газрын тосны газарт хамааралгүй дараагийн шатны асуудалтай хамруулан дүгнэж шийдвэрлэсэн.

3.9. Үүнээс гадна, нэхэмжлэгчээс нөхөн олговор авах тухай хүсэлтдээ холбогдох баримтуудыг хавсарган өгсөн, түүнийг хариуцагч хүлээн авсан, хариу албан бичигтээ ч хүсэлтийн бүрдэл дутуу талаар дурдаагүй тул хавсаргах баримт дутуу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.10. ...Нэхэмжлэгч нь Covid-19 цар тахлаас шалтгаалан нөөц бүхий хайгуулын үр дүнгийн тайлан бичих бололцоогүй, цаашлаад хуульд заасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх ямар ч боломжгүй болсон байсан учир хайгуулын тусгай зөвшеөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч чадаагүй бөгөөд давагдашгүй хүчин зүйл болохыг тогтоосон гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн байдаг.

3.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ" гэж заажээ.

3.12. Улсын дээд шүүхийн зөвлөмжид "Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ хүндэтгэн үзэх шалгааны улмаас төрийн захиргааны төв байгууллагад гаргаагүй талаарх маргаан их гарч байна. Энэ талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй тул шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн тохиолдол нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх, хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон барьцаалагчид тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа талаар Кадастрын бүртгэлийн төв урьдчилан мэдэгдсэн эсэх зэргийг заавал шалгаж тогтоох шаардлагатай" гэж заасны дагуу заавал шалган тогтоох асуудлууд байдаг.

3.13. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41"хүндэтгэн үзэх шалтгаан" гэж: 6.1.41.д.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг" Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 “1.Монголын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим хэрэгжүүлнэ. 6/давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх" гэж заасан болон Коронавирус цар тахал нь "хүндэтгэн үзэх шалтгаан" нөхцөлд хамаарч байгаа болохыг Монголын үндэсний худалдаа аж үйлдэврийн танхимаас олгосон 2020 оны 02/438 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр тогтоогдно.

3.14. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан нийтэд илэрхий нөхцөл байдлын улмаас ялангуяа хүндэтгэн үзэх шалтгааны зохицуулалт бичигдээгүй Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хайхрамжгүй хандаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан нь нэхэмжлэгчид үүрэг болгосон зохицуулалт байх бөгөөд Иргэний хуулийн 222.2-т зааснаар нэхэмжлэгч компанийн гэм буруугаас болж үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрээгүй учир түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй хууль зүйн үндэслэл байдаг.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрх, хууль ёсны аши сонирхлыг сэргээн тогтоох замаар давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Э” ХХК-ийн XV-014302 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, ойн сан бүхий газарт хамаарах 9,993.59 гектар талбайд нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах, “Э” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалгүй 63,696.39 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэст даалгуулах”-аар маргасан байна.

3. ““Э” ХХК-ийн XV-014302 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, ойн сан бүхий газарт хамаарах 9,993.59 гектар талбайд нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-д  Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай, Гурван тэс сумын нутаг, Толгод нэртэй газарт 73776 га талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 14032Х дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

3.2. 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаар тус компанийн ашигт малтмал хайх зөвшөөрөл бүхий нийт 73776 га талбайгаас 9994,36 га талбайд ойн сан бүхий газартай давхцалтай болжээ.

3.3. Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус хандан “...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хүрээнд Ойн сан бүхий газартай давхцан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон 9993,59 га талбай бүхий хэсэгт Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу нөхөн олговрыг авах хүсэлттэй байна” гэх хүсэлтийг анх 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн EJ/20-17 дугаар, EJ/20-18 дугаар албан бичгүүдээр тус тус хүргүүлсэн байна.

3.4. Дээрх хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2547 дугаар албан бичгээр “...Засгийн газрын 2010 оны 299 дүгээр журмаар тус журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй байгаа тул манай газраас дээрх тогтоолоор баталсан хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг холбогдох газарт хүргүүлээгүй болно. Иймд танай компанийн ирүүлсэн нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариуг ирүүлсэн байна.

3.5. Нэхэмжлэгчээс дээрх албан бичгийг хууль бус болохыг тогтоож, ойн сан бүхий газарт хамаарах 9,993.59 гектар талбайд нөхөн олговор авах хүсэлтийг  Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулахаар маргаж буй үндэслэлээ “...Засгийн газрын 299 дүгээр тогтоолын хавсралтын 3.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгохгүй нөхцөлүүдийг дурьдсан байх ба хавсралтын  энэ заалтад дурьдаагүй “тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй” гэх үндэслэлээр бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, ...Ашигт малтмал, газрын тосны газар бидний хүсэлтийг хүлээж аваад нөхөн олговорт хамаарах хэмжээг тодорхойлон Сангийн яаманд хүргүүлэх үүргээ гүйцэтгэлгүйгээр “Э” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, ...хориглосон талбайтай давхцалтай талаарх албан бичгийг хүлээж аваагүй” гэж, харин хариуцагчаас “... журмын 4.1-т заасан нөхөн олговор авах хүсэлтдээ хавсаргах 8 баримт бичгийг заасан бөгөөд нэхэмжлэгч хүсэлт гаргахдаа нэг албан бичгээр хавсралт материалыг өгсөн” гэж тайлбарлан маргасан.

3.6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6-4631 дүгээр “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь ...хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг анхаарна уу” гэх албан бичгийг “Э” ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд тус албан бичгийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Э” ХХК-ийн зөвлөх Д.С хүлээн авсан талаар тэмдэглэгээ хийгдсэн байна.

Мөн Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-4631 дүгээр албан бичгээр “...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгдье. ...давхцалтай байгааг анхаарна уу” гэх албан бичгийг нэхэмжлэгч “Э” ХХК-д хүргүүлснийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.С хүлээн авч, тэмдэглэгээ хийгдсэн байх бөгөөд тус тэмдэглэгээнд дурдсан, эдгээр тусгай зөвшөөрөл, 2014 оны төлөвлөгөө зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүлээн авсан нь бусад хүмүүсээр дамжуулан мэдэгдлийг авсан гэдгийг нотолно гэсэн хийсвэр таамаглал дэвшүүлсэн, гэвч Д.С, Б.С нар нь тэдгээр баримтуудыг бүрэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй...” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах  үндэслэл тогтоогдохгүй байна.

3.7. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговор олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь бичиг баримтыг хавсаргана” 4.1.1-т жил бүрийн хайгуулын, эсхүл уулын ажлын тайлан, хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар аудит хийлгэсэн санхүүгийн жилийн тайлан”,
4.1.2-т энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан татвар, зардлыг нэр төрлөөр нь гаргаж холбогдох төрийн захиргааны байгууллагуудаар баталгаажуулсан нотлох баримт; 4.1.3-т “аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар; 4.1.4-т “харилцагч банкны дансны дугаар (банкны тодорхойлолт); 4.1.5-д тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын эх хувь”, 4.1.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 55.3.2-т заасан тодорхойлолт; 4.1.7-д Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-д заасан шаардлага хангасан зураг, талбайн солбицол; 4.1.8-д тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхацсан бол уг газартай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу гаргасан хүсэлт гэж,

Мөн журмын 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

3.8. Үүнээс үзэхэд “...давхцалтай” гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6-4631 дүгээр албан бичгээс мэдсэн боловч 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хандан EJ/20-17 дугаартай албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтийг анх  гаргахдаа дээрх журмын 4.1-т заасан баримтуудыг хавсарган ирүүлээгүй тул нөхөн олговор авах эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй учраас хариуцагчийг журмын 4.2-т заасан ажиллагааг явуулахыг шүүх даалгах үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байна. Иймд нэхэмжлэгчийн “...нөхөн олговор авах тухай хүсэлтдээ холбогдох баримтуудыг хавсарган өгсөн, түүнийг хариуцагч хүлээн авсан, хариу албан бичигтээ ч хүсэлтийн бүрдэл дутуу талаар дурдаагүй” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.

3.9. Мөн  “нэхэмжлэгч нь хайгуулын ажиллагаа явуулахыг хориглосон 9994,36 га талбай дээрээ хайгуулын ажил явуулсан буюу агаар, сансрын фото зургийн тайлал, геологийн зураглал, эрлийн маршрут, талбайн сорьцлолт, геохимийн болон геофизикийн судалгаа, суваг малталт, шурф нэвтрэл, өрөмдлөг, өөр бусад ажил явуулсан болох нь нотлогдохгүй байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. “Э” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалгүй 63,696.39 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...цар тахлын үед ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичгийн бүрдлийг хангах боломжгүй учир өргөдөл гаргах хугацаа хүссэн хүсэлтийг 4 удаа Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байсан. ...манай мэргэшсэн мэргэжилтэн, геологич инженерүүд БНХАУ-аас ирж чадаагүй болохоор өргөдөлд хавсаргах ...дүгнэлт гаргуулах боломжгүй байсан” гэж, хариуцагчаас “...Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гаргах эрхтэй, ...тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж тус тус заасан.

4.3. Нэхэмжлэгч “Э” ХХК нь анх 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр XV-014032 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах эрхтэй болж,  2011, 2014, 2017 онуудад дээрх хуульд заасны дагуу  тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон байна.

4.4. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан.

4.5. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “...манай компани Сейшелийн Бүгд найрамдах улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд Коронавирус халдвар /Covid-19/-ын улмаас Монгол Улсын хил хаагдаж хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлагууд Монгол Улсад байхгүй, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдан, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаж чадаагүй,  ...давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан энэ үед Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан өргөдөл гаргах боломжит хугацааг бидэнд олгож өгнө үү” гэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлжээ.

4.6. Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/4763 дугаар албан бичгээр “... “Э” ХХК-ийн эзэмшилд байсан ХВ-014032 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. ...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг “Э” ХХК-д хүргүүлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

4.7. Учир нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах хугацааг хойшлуулах, түдгэлзүүлэх эрхийг хуулиар Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтэст олгоогүй учир хариуцагчийг өргөдөл гаргах хугацааг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлээгүй гэж буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

4.8. Түүнчлэн нэхэмжлэгч нь хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу гаргаж, холбогдох баримтыг хавсарган хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтэст даалгах хууль зүйн боломжгүй тул “...Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан нь нэхэмжлэгчид үүрэг болгосон зохицуулалт байх бөгөөд Иргэний хуулийн 222.2-т зааснаар нэхэмжлэгч компанийн гэм буруугаас болж үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрээгүй учир түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй хууль зүйн үндэслэл байдаг” гэсэн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

4.9. Анхан шатны шүүхээс “...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэхэд шаардлагатай Ашигт малтмалын тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичгүүд нь байхгүй, энэ нь бүрдээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон, ...маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж  нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

4.10. Түүнчлэн Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 02/438 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчингүй зүйл” Force majеure гэрчилгээгээр “... “Э” ГХОХХК-ийн удирдлага, ерөнхий инженер болон түүний гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүд Монгол Улсад нэвтрэх боломжгүйгээс “Э” ХХК-ийн эзэмшлийн 14032Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт төлөвлөгөөт ажил хийгдээгүй тул хайгуулын ажлын үр дүнгийн тайланг гаргаж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжгүйд хүрсэн байна.  Дээрх нөхцөл байдал нь урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж гэрчилгээг олгосон” гэх бөгөөд үүгээр “Э” ХХК-ийн 14032Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсныг сэргээх, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжит хугацаа олгох хууль зүйн боломжгүй.

4.11. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын зэрэгцээ бодит байдалд биелэгдэх боломжтой байх ёстой.  Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан болох цаг хугацаанд ч нэхэмжлэгч “Э” ХХК нь дээр дурдсанаар Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичгүүд, тухайлбал хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж хүлээн авсан Эрдэс баялагын зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр зэрэг нь байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдлийг өөрчлөх боломжгүй бөгөөд шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан хамааралгүй хуулийн зүйл заалтыг хасаж, холбогдох хуулийн зүйл заалтыг нэмсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 531 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “.... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1”  гэсний дараа “11.1.14, 11.1.17, 53 дугаар зүйлийн 53.1.1” гэж өөрчлөн үлдэх хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                   Н.ДОЛГОРСҮРЭН