| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0712/и |
| Дугаар | 00712 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00712
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг Хөндлөн гэх газарт оршин суух, “Гонгор” овогт Даваадоржийн Бат-Эрдэнэ /РП-57081810/-ний хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Цагаан-Уул сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгсөөд аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөр эрхлэх насанд хүрч бие даан 1975 оноос 1980 он хүртэл тус сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт манаач туслах ажилтнаар ажиллаж байгаад 1979 оны 10 дугаар сард Төв аймгийн Угтаалын Сангийн аж ахуйн тракторын курссэд явж 1981 оны 6 дугаар сард суралцаж ирээд 1980 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлага болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдлийн уурын зууханд 1975 оны 01 дүгээр 01-нээс 1979 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл гачгаар, 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын “Бадрал” нэгдлийн уурын зууханд 1975 оны 01 дүгээр 01-нээс 1979 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл гачгаар, Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын “Бадрал” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3/106 дугаар архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар,
Гэрч Д.Лхагва-Очирын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Д.Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд тракторын жолоочоор 1990 он хүртэл ажиллаж байсан. Хэдэн онд ажилд орсныг нь санахгүй байна....” гэх мэдүүлэг, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Гонгор” овогт Даваадоржийн Бат-Эрдэнэ /РП-57081810/-ийг Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын “Бадрал” нэгдлийн уурын зууханд 1975 оны 01 дүгээр 01-нээс 1979 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл гачгаар, Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын “Бадрал” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ