| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0714/и |
| Дугаар | 00714 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт тус сумын Сангийн далай багийн Асгат гэх газарт оршин суух “Оймсон” овогт Дандгайн Должинсүрэн /РГ-64042003/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Д.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Должинсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын дунд сургуулийн 6 дугаар ангид суралцаж байгаад ээжийн бие муудаж ар гэрийн гачигдлаар хөдөө гарч сургуулиа орхисон. Ингээд хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1980 оны 06 дугаар сараас Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн “Сангийн далай” бригадад өөрийн ээжийн хамт эмчилгээ тэжээлийн цэгийн төлөг борлонг өвөл хаврын цагт маллаж, зун намрын цагт сүү тосны заводод туслах ажилтнаар тасралтгүй ажиллаж байсан ба 1986 онд гэр бүлтэй болж 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Дэлгэрмөрөн” нэгдэлд фермийн саальчнаар ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт орох болж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан болно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 15-н хүртэл туслах малчин, тус нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар тус тус ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Должинсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 15-н хүртэл туслах малчин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” нэгдлийн Сангийн далай бригадад 1985 оны 8 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 03/73 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбар,
Гэрч Д.Цэвээнсүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Д.Должинсүрэн нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Сангийн далай бригадад 1980 оноос 1991 он хүртэл саальчин, малчин, туслах ажилчин байсан....” гэх,
Гэрч Ш.Даваасүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Д.Должинсүрэн нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Сангийн далай бригадад 1980 оноос 1989 он хүртэл туслах малчин, саальчин байсан....” гэх тайлбар мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Оймсон” овогт Дандгай Должинсүрэн /РГ-64042003/-г Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 15-н хүртэл туслах малчин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” нэгдлийн Сангийн далай бригадад 1985 оны 8 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Должинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ