Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00716

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багт оршин суух “Өөлд” овогт Магсаржавын Батбаяр /РД-58050518/, “Өөлд” Батбаярын Цэрэнбатаа /РД-86123013/-д холбогдох Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 4.037.020 /дөрвөн сая гучин долоон мянга хорь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын дарга И.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Батбаяр, Б.Цэрэнбатаа нар нь Монгол Улсын Засгийн газрын 134 дугаар тогтоолын дагуу “Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс “Чацаргана тариалах” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 7.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно.

Иймд үндсэн зээл 3.798.520 төгрөг, зээлийн хүү 238.500 төгрөг нийт 4.037.020 төгрөгийг М.Батбаяр, Б.Цэрэнбатаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Батбаяр, Б.Цэрэнбатаа  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.Батбаяр нь хүү Б.Цэрэнбатаагийн хамтаар Галт сумын ЗДТГ-аас сум хөгжүүлэх сангийн зээл 7.000.000 төгрөг авсан нь үнэн. Одоо үлдэгдэл зээл болох 4.037.020 төгрөгийг төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбараар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга нь хариуцагч М.Батбаяр, Б.Цэрэнбатаа нараас Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 4.037.020 /дөрвөн сая гучин долоон мянга хорь/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Батбаяр, Б.Цэрэнбатаа нь: “....4.037.020 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар нь төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.

Харин Сум хөгжлийн сангийн зээл 4.037.020 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 79.542 төгрөгийн 50 хувь болох 39.771 төгрөгийг хариуцагч М.Батбаяр, Б.Цэрэнбатаа нараас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 4.037.020 /дөрвөн сая гучин долоон мянга хорь/ төгрөгийг хариуцагч М.Батбаяр, Б.Цэрэнбатаа нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч М.Батбаяр, Б.Цэрэнбатаа нараас улсын тэмдэгтийн хураамжинд 39.771 /гучин ёсөн мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг нөхөн гаргуулаж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ