| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0399/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/419 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/419
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /ШТЭҮД-2128/,
Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.Чулуунбаатар /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Д.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00500 0446 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, .................................................... ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ дүүргийн ....... дугаар хороо, ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Е овогт Дын М /РД:....................../.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цагаан бургастай гэх газар Ар гүнтийн замд .............................................гийн эзэмшлийн “Mitsubishu Pajero” маркийн УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас засмал замаас гарч онхолдон зорчигч Б.О, У.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтууд болон хохирол төлсөн баримтууд шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримт зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Д.Мыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх7-14/,
2. Хохирогч Б.Оын “...Манай байгууллагаас төмс хураалгахаар Борнуур сумын Баянгол баг явсан. Тэнд туршлага судалгааны төв байдаг. Тухайн өдөр А Борнуур сум явсан. Нярав Э хэдэн залуус аваад түрүүлээд явсан. Би Мын хамт үлдсэн. Тэгээд Аийг авч явснаа санаад байна. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Архи хаана ууж байснаа, машин хэн жолоодож байсныг санахгүй байна. Надад гомдол санал байхгүй, эрүүл болж байвал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх22-24/,
3. Хохирогч У.Аийн “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би Төв аймгийн Борнуур сумаас Улаанбаатар хот орох гээд М, О нарын хамт гурвуулаа Пажеро маркийн ажлын газрын машинтай М жолоо бариад Ар гүнтийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ чиглэлтэй явж байгаад манай машин онхолдоод замын хажуу руу унасан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 28-29/,
4. Иргэний нэхэмжлэгч Ч.Эын “...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагын 9 ажилтан албан томилолтоор Төв аймгийн Борнуур сумын Баянгол багт байрлах манай төвийн судалгаа шинжилгээний газар руу албан ажлаар би хариуцан явсан. УБӨ улсын дугаартай пажеро маркийн машиныг Д.М жолоодон ... явсан. ...10 сарын 13-ны өдөр буцах гэхэд А Борнуур орох ажилтай гээд ...О, М хоёр Аийг аваад араас чинь очно гээд салсан. Бүгд эрүүл архи уугаагүй байсан болохоор нь орхиод явсан. Тэгээд шөнө 23 цагийн үед манай ажилтан Эрдэнэзориг нөгөө гурав унасан байна гэсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очоод мэдсэн. ...Манай байгууллагаас эмчилгээнд мөнгө гаргаагүй. Хамт олноос гаргасан. Нэхэмжлэх баримт байхгүй. ...Манай байгууллагад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх32-33/,
5. Гэрч А.Оюунбаатарын “...Төмөр замын призер гарах үед Мөнх-Эрдэнэ нэг автомашин урсгал сөрөөд яваад байна гэж хэлсэн. Бидний урд явж байсан машин замаас орж гараад явж байгааг би харсан. Хэсэг хугацааны дараа урд шороо бужигнаад эхлэхээр манай жолооч хурдаа хасаад шороо боссон зүг рүү автомашиныхаа гэрлийг тусгаад хартал машин онхолдсон байдалтай гэхдээ 4 дугуйн дээрээ байсан. Манай автомашин замаас гараад машины гэрлээ тусгаж хартал 1 хүн газарт хэвтэж байсан, бас 1 хүн нь жолоочийн талын цонхоор толгой, гараа унжуулсан байдалтай байсан. Бид дуудлага өгөөд машинаасаа буугаад гүйгээд очтол автомашиных нь баруун талын урд хэсэг мотор хавиас копут нь цоорчихсон түүнээс нь утаа гарч гал харагдаж байсан. Бид машинаас ус галын хор авч ирж цацсан боловч галыг унтрааж чадахгүй болохоор машиныг орхиод машин дотор байсан 2 хүнийг гаргаж авсан. Жолоочийн суудал дээр саарал өнгийн монгол дээлтэй туранхай шар залуу хамгаалах бүсээ бүсэлчихсэн байдалтай ухаангүй байсан. Хажуугийн суудал дээр ...арай ахимаг 45 орчим насны өндөр биерхүү залуу хамгаалах бүс бүслээгүй, ухаангүй байсан. ...Бид газарт хэвтэж байсан хүнд ойртоогүй. Харин автомашин дотор байсан жолооч болон нөгөө хүн хоёроос архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх41/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11878 дугаар “...У.Аийн биед зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал, зүүн 2, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга, баруун 4, 7-р хавирганы хугарал, цээжний хөндийд хий шингэн хуралт, зүүн чихэнд шарх, зүүн эгэм, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1хх60-61/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11879 дугаар “...Б.Оын биед баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга, цээжний 4, 5, 6-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын баруун хөндлөн сэртэн, баруун умдаг ясны дээд, доод салаа, ууцны 1-5 нугалмын зүүн хажуугийн хугарал, уушги авчилт, цээжний хөндийн шингэн хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1хх78-79/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5694 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Д.М t-гүй” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Д.М t-гүй” гэж хаягласан цусанд 1.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.9 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх69-70/,
9. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “...Mitsubishi Pajero маркийн УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.М нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно а/ ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа /1хх133/,
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Д.М:
Шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэтгэлцээнийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цагаан бургастай гэх газарт Mitsubishi Pajero маркийн УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замаас гарч тээврийн хэрэгсэлтэй онхолдсон зам тээврийн осол гаргаж түүнтэй хамт явсан Б.О, У.А нарын биед хүнд гэмтэл учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.О, У.А нарын мэдүүлэг, гэрч А.Оюунбаатарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Эын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, хохирогч нарын биед гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэснийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Энэхүү ослын улмаас хохирогч Б.Оын биед “...баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга, цээжний 4, 5, 6-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын баруун хөндлөн сэртэн, баруун умдаг ясны дээд, доод салаа, ууцны 1-5 нугалмын зүүн хажуугийн хугарал, уушги авчилт, цээжний хөндийн шингэн хуралт, зүүн шилбэнд зулгаралт...”, хохирогч У.Аийн биед “...зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал, зүүн 2, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга, баруун 4, 7-р хавирганы хугарал, цээжний хөндийд хий шингэн хуралт, зүүн чихэнд шарх, зүүн эгэм, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шанаанд зулгаралт...” бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь 11878, 11879 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгчийн хувьд 2020 оны 01 дүгээр сард тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан байх ба осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь түүний цусанд спиртийн агууламж 1,9 хувь промилли байсныг тогтоосон шинжээчийн 5694 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч энэхүү нөхцөл байдалтай маргаагүйг дурдаж байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.
Ослын шалтгаан нөхцөл, жолоочийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоох зорилготой тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаанд “...жолооч Д.М нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно а/ ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэж дүгнэснийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь дээрх тохиолдолд шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, үүнтэй шалтгаант холбоотойгоор тээврийн хэрэгслийг жолоодох чадваргүй буюу шаардлагатай тохиолдолд зогсоож чадалгүй замаас гарч онхолдон 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл уусан байсан нь хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах ба зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болжээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Мыг согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 15.084.000 төгрөг хүлээн авсан, хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдэгдсэн, мөн хохирогч У.А, иргэний нэхэмжлэгч Ч.Э нар нь гэмт хэргийн улмаас өөрт болон эд хөрөнгөд учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Мыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, бусдад учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч өөрөө ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлт, санал гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдаж, түүний В ангиллын ........... дугаар жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг “согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Мын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн В ангиллын ........... дугаар жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР