Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00720

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг оршин суух “Онход” овогт Цэрэндашийн Ганбаатар /РА-57070113/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэлийг суулцуулан.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ц.Ганбаатар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-нд туслах малчнаар тус нэгдэлд элсэн орж үүнээс хойш малчнаар тус нэгдэлд 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж ирсэн. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, орсон гаргасан тушаал архиваас олдохгүй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ганбаатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн архивын лавлагаа, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбар, 

Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн № 000004669 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

Гэрч Ч.Нанжидийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Ц.Ганбаатар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оноос 1992 оныг хүртэл малчин байсан. Хонь, үхэр, адуу малладаг байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч С.Тунглагийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Ганбаатар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оноос 1992 оныг хүртэл малчин байсан. Хонь, үхэр, адуу малладаг байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Ганбаатарын шүүхэд “....миний бие ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү....” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Онход” овогт Цэрэндашийн Ганбаатар /РА-57070113/-ыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үхэрчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ