| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0756/и |
| Дугаар | 00756 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00756
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1974 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, одоогоор тусдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 12-08 тоотод хоёр хүүгийн хамт оршин суух “Олхонууд” овогт Эрдэнэхүүгийн Амгалан /РУ-74080150/-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх 1386 дугаарын эрхийн үнэмлэхтэй “Харуул” овогт Бавуугийн Түмэндэмбэрэл /РЮ-53092011/,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1976 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, Улаанбаатар хотод цайны газарт түр ажиллаж байгаа, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, одоо тусдаа Улаанбаатар хотод амьдарч байгаа ба тухай газраа албан ёсны бүртгэлтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 45-02 тоотод оршин суух хаягтай “Хариад” овогт Лувсмаагийн Чулуунцэцэг /РУ-76051904/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Э.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч Л.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр Чулуунцэцэгтэй 1995 онд айл болж хамт амьдарсан. 1996 онд том хүү Чагнаадорж төрсөн одоо 21 настай, бага хүү Лхагвадорж нь 2009 онд төрсөн буюу 8 настай одоо надтай хамт амьдарч байгаа болно. 2016 оны 5 сард эхнэр Чулуунцэцэг нь гэрээсээ яваад жил гаран болж байгаа болон одоо тус тусдаа амьдарч байна. Тухайн үед хүүхдээ бодоод хүрээд ирэх байх гэж зөндөө харсан боловч ирээгүй өөр хүнтэй нийлээд явсан тул шүүхийн эвлэрлүүлэн зуучлагчид өгсөн боловч эвлэрээгүй тул шүүхэд хандсан болно.
Иймд бидний гэр бүлийг цуцлаж, насанд хүрээгүй бага хүү Лхагвадоржийг би өөрийнхөө асрамжид авч, эхээс нь хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Харин хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн хадгаламжийн дэвтрийн талаар хоорондоо тохиролцсон тул маргаангүй болно гэв.
Хариуцагч Л.Чулуунцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөр Амгалантай гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд 2 хүүхэд төрүүлсэн. Одоо том хүү маань насанд хүрсэн харин бага хүү маань 8 настай. Хүүхдийнхээ саналыг харгалзан үзээд бага хүүгээ эцгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа юм.
Иймд гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн хувьд маргаангүй, хүүхдийн хадгаламжийн дэвтэр надад байхгүй тэгээд ч 18 нас хүртэл нь хугацаатай нээлгэсэн учир би авах эрхгүй байдаг юм. Үүн дээр маргаан байхгүй болно гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Э.Амгалан нь хариуцагч Л.Чулуунцэцэгт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Амгалан нь хариуцагч Л.Чулуунцэцэг нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү А.Чагнаадорж, хүү А.Лхагвадорж нар төрсөн болох нь.
Тухайлбал; Гэрлэгчдийг 1995 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 1995 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн байгууллага бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн №00/003013 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
1996 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр том хүү Амгалангийн Чагнаадорж /РУ-96091714/, 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бага хүү “Олхонууд” Амгалангийн Лхагвадорж /РУ-09270116/ нарыг төрүүлсэн, тэдэнд олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, болон гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 5 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй харилцан тохиролцсон байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байна гэж үзлээ.
Шүүхээс хүүхдийн нас, эцгийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүү А.Лхагвадоржийн шүүхэд өгсөн санал зэргийг харгалзан хүү А.Лхагвадоржийг эцгийн асрамжинд үлдээх.
Иймд Э.Амгалан, Л.Чулуунцэцэг нарын гэрлэлтийг цуцлаж, насанд хүрээгүй бага хүү А.Лхагвадоржийг, эцгийн асрамжинд үлдээж, эхээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шүүх хуралдаанд нь: “....эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй....” гэх тайлбар, мэдүүлэг өгч байх тул эд хөрөнгийн маргаангүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 8 настай хүү А.Лхагвадорж /РУ-76051904/-д 11 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 1 хүүхдэд жилд тооцоход жилд 1.041.000 төгрөг болох ба нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг төлөх атал 9.996 төгрөг илүү төлсөн байх тул улсын орлогоос буцаан 9.996 төгрөгийг, хариуцагч Л.Чулуунцэцэгээс 99.734 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Амгаланд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар “Олхонууд” овогт Эрдэнэхүүгийн Амгалан /РУ-74080150/, “Хариад” овогт Лувсмаагийн Чулуунцэцэг /РУ-76051904/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү “Олхонууд” Амгалангийн Лхагвадорж /РУ-09270116/-г эцэг Э.Амгалангийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар насанд хүрээгүй хүү А.Лхагвадоржийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Л.Чулуунцэцэгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 9.996 /есөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг, хариуцагч Л.Чулуунцэцэгээс 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Амгаланд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ