| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0455/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/426 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Адалбек /ШТЭҮД-1503/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 2108 00610 0634 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... дүүргийн ......... дүгээр хороо, ........ дугаар гудамж, ...... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Эгийн М /РД:............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.М нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ..................... тоотод С.Эыг ахмад настай буюу 64 настай, согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж нүүрэн тус газар нь цохих, газарт унагаан дээрээс нь дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь 2 нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн 4, 5 дугаар хавирга, баруун 5, 6, 7 дугаар хавирга суганы урд шугамаар хугарал, зүүн шагайн гадна хашлага ёсны зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Э.Мг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/,
2. Хохирогч С.Эын “...2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан Шархад гэх газарт би гэртээ байж байгаад хөрш айл болох Жаамаагийн гэрт орж Жаамаа, М хоёртой архи ууж ахуй амьдрал ярьж байгаад 20 цагийн үед гэртээ ороод байж байсан чинь араас Жаамаа, М хоёр архи бариад ороод ирсэн. Тэр архийг нь хувааж ууж байгаад би тасраад унасан байсан. Тэгээд маргааш нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өглөө 8 цагийн үед сэрэхэд миний бүх бие өвдөөд хөндүүрлээд нүд хавдаад хөхөрчихсөн байсан. Гаднаас Жаамаа орж ирэхээр нь юу болсон талаар асуухад Жаамаа надад хэлэхдээ “М намайг цохиж, зодоод хөлөөрөө дэвсээд байж байсан” гэж хэлсэн...” /хх11-13/, “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Шархад 8-2 тоот өөрийн гэртээ 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Мд зодуулсан. Надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. Мгээс эмчилгээний зардал авахгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх15/,
3. Гэрч Ч.Жаамаагийн “...Тус өдөр би гэртээ байж байгаад 22 цагийн үед хөрш айл болох хохирогч Эын гэрт ортол М, Э нар нь хоорондоо маргалдаад М нь Эын толгой, нүүр, хавирга орчим хөлөөрөө олон удаа дэвсээд байхаар нь би Мг боль гэж хэлээд Эын гэрээс гаргаад хөөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх17/,
4. Гэрч Б.Сэргэлэнбаатарын “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шар хад гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг 31 минутад Саранцэцэгээс 95205743 дугаарын утсаар манай байшингийн цонхыг зүс мэдэх М хагалаад зугтаасан гэх дуудлага мэдээллийг өгсөн. Би очиж шалгахад М нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Шар хад 3-4 тоот гэртээ согтуу байсан. Тэгээд дуудлага өгсөн Саранцэцэгийн гэрт Мг дагуулаад очиход байшингийн 40x20 хэмжээтэй цонхыг хагалсан байсан. Тэгээд Саранцэцэг нь шөнө манай цонхыг хагалсны дараа урд айлын С.Эыг зодсон байна надад жижиг цонхоо хагалуулсан дээрээ гомдол санал байхгүй гэж хэлэхээр нь Эын гэрт ороход намайг М зодсон гээд нүд ам нь хөхөрсөн байдалтай, хөл нь гишгэж чадахгүй байна гэж надад хэлсэн. Ингээд би С.Эын охин Гэрэлмаад аав чинь хүнд зодуулсан байна гэж хэлээд явсан. Тухайн үед М нь С.Этай архи ууж байгаад Эыг зодсон миний буруу гэж хэлсэн. Би Э.Мг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх19/,
5. Гэрч Н.Саранцэцэгийн “...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг 30 минутын үед санагдаж байна. Манай ах Эгийн хүү М согтуу манай байшингийн цонхны шилийг хагалсан. М нь Эыг зодсоны дараа манай цонхыг хагалсан. Манай нөхөр Жаамаа хэлсэн. Би Э.Мгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх23/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2375 дугаар “...С.Эын биед 2 нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн 4, 5 дугаар хавирга, баруун 5, 6, 7 дугаар хавирга суганы урд шугамаар хугарал, зүүн шагайн гадна хашлага ясны зөрөөгүй хугарал тогтоогдов. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх35-36/,
7. Шүүгдэгч Э.Мгийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх57/,
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Э.М.
Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
Шүүгдэгч Э.М, хохирогч С.Э нар нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шар хад, 8-2 тоот буюу С.Эын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар хохирогч С.Э архиндаа согтоод унасан байхад шүүгдэгч Э.М гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх байдлаар зодсон үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.Эын “...Жаамаа надад хэлэхдээ “М намайг цохиж, зодоод хөлөөрөө дэвсээд байж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Жаамаагийн “...Эын гэрт ортол М, Э нар нь хоорондоо маргалдаад М нь Эын толгой, нүүр, хавирга орчим хөлөөрөө олон удаа дэвсээд байхаар нь би Мг боль гэж хэлээд Эын гэрээс гаргаад хөөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сэргэлэнбаатарын мэдүүлэг, гэрч Н.Саранцэцэгийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Мгийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Эын биед “...2 нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн 4, 5 дугаар хавирга, баруун 5, 6, 7 дугаар хавирга суганы урд шугамаар хугарал, зүүн шагайн гадна хашлага ясны зөрөөгүй хугарал...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2375 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч их хэмжээний согтолттой байсан, шүүгдэгчийн өөдөөс огт эсэргүүцэл үзүүлээгүй, газарт унасан биеэ хамгаалах чадваргүй зодуулаад хэвтэж байсныг гэрч Ч.Жаамаа мэдүүлсэн, мөн хохирогч 65 настай байх тул хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн гэсэн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Э.М нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй согтуурсан үедээ хохирогчтой маргалдан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эгийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Мд 2700 нэгж буюу 2.700.000 /хоёр сая, долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР