Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00314

 

Э.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02447 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2115 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Э.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Э-од холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Ц.Э-, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Э.Б- нь өөрийн эмээ Ц.Галягаас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 87 тоотод байрлах 2 өрөө 26 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. 2007 оны сүүлээр нэхэмжлэгч Э.Б-ы ээж Ц.Энхжаргалын төрсөн дүү Ц.Э-ын банкнаас зээл авахад төлбөрийн чадвартай гэдгээ нотлох хэрэгтэй байгаа тул байрны өмчлөх эрхийн гэрчилгээгээ түр шилжүүлээч гэсэн хүсэлтийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт орсон. Тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээн дэх нэрийг өөрчилсөн боловч нэхэмжлэгч Э.Б- нь 2001 оноос өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байна. Талуудын хооронд үүссэн нөхцөл байдал болон бэлэглэлийн гэрээнд хууль зүйн хувьд үнэлэлт, дүгнэлт хийвэл талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Иймд Ц.Э-, Э.Б- нарын хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Ц.Э- миний бие Д.Цэрэндагвын отгон хүү бөгөөд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 87 тоотод байрлах 2 өрөө 26 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Миний аав Д.Цэрэндагва, ээж Ц.Галя нар нь өөрийн өмчлөлийн дээрх байрыг айлын отгон хүү тул намайг шилжүүлж ав гэсэн бөгөөд тухайн үед манай эгч Ц.Энхжаргал хүү н.Батсайхан нь хамт Япон явах боллоо, виз гарах хүртэл байраа нэр дээр шилжүүлээч гэсний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Улмаар Э.Б- виз гарч Япон яваад ирсний дараа байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Манай ээж Ц.Галя болон Э.Б- нарын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд Э.Б-ы зорилго биелж буцааж надад шилжүүлэн өгсөн.

... Ээж, аавыг минь нас барсны дараа та байрандаа амьдруулаач гэхэд нь эхнэр, хүүхдүүдийнх нь хамт 2 жил гаруй амьдруулсан. Тухайн байр нь миний өмчлөлд шилжээд бүтэн 11 жил болж байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02447 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-ы 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2115 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2018/02447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Э.Б-ы үндсэн хүсэл зориг нь тус эд хөрөнгийг Ц.Э-од бэлэглэх байгаагүй. Тухайн эд хөрөнгийн өмчлөгч мэтээр Ц.Э-ыг банк болон эрх бүхий этгээдэд үзүүлэх зорилгоор байгуулж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”-д хамаарна.

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1- д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй. Иймээс хариуцагч нь энэ байрыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр олж авсан талуудын хооронд хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байгаа бол Э.Б-ы зүгээс өөрт нь тус байрыг ямар шалтгааны улмаас бэлэглэлийн гэрээ хийснийг нотлох баримтаар нотлох ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь ямар үндэслэлээр бэлэглэсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байдлаар дүгнэж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасан.

... Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” 276.2-д “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч нь өмчлөгчийн нэршлийг сольсноос хойш өнөөдрийг хүртэл эд хөрөнгийн эзэмшлийг аваагүй байгаа нь талууд тохиролцоо нь бэлэглэлийн гэрээний үр дагаврыг үүсгэх хүсэл зориггүй байсан нь нотлогдож байгаа.

... Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт хөөн хэлэлцэх дууссан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасан хугацаа нь хүчин байгуулагдсан бэлэглэлийн гэрээний тухайд хэрэгжих хугацаа юм. Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж тохиолдолд тус хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Харин Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн тоолох”-оор заасан. Мөн хуулийн 76.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан.

...Ц.Э- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч нь мэдсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 05 дугаар сард эрх зөрчигдсөн талаар мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацааг тухайн хугацаанаас тоолох учиртай. Иймээс давж заалдах шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлтийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бичгэн баримтуудад хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхэд өөрсдийн цуглуулах боломжгүй нотлох баримтуудыг шүүхийн журмаар цуглуулах хүсэлтийг гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 102/ШШ2018/02447 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 2115 тоот магадлалд Ц.Э-, Э.Б- нарын хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээг”-г хүчингүй болгосугай гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч Ц.Э-од холбогдуулан 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Ц.Э- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Маргааны зүйл болж буй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 21 дүгээр байрны 87 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Ц.Э-ын эх, нэхэмжлэгч Э.Б-ы эмэг эх талийгаач Ц.Галя 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Э.Б-д, Э.Б- нь 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Э-од тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч Ц.Э-од бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлсэн явдлаа Ц.Э-од банкнаас зээл авахад нь тусалсан гэж тайлбарласан бол хариуцагч Ц.Э- нь талийгаач Ц.Галя зээ хүү Э.Б-ыг гадаад явахад нь хөрөнгийн баталгаа болгох зорилгоор орон сууцыг түүнд бэлэглэх гэрээ хийсэн гэж тус тус тайлбарласан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг дүр үзүүлсэн хуурамч хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д зааснаар хуульд богиносгосон хугацаа  заагаагүй бол шаардлага гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа  арван жил байдаг бөгөөд нэхэмжлэгч нь 2007 онд байгуулсан бэлэглэлийн гэрээг дүр үзүүлсэн хуурамч хэлцэл болох талаар 2018 онд нэхэмжлэл гаргасан байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1., 280.3.-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй боловч бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж зохицуулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба зохигчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, мөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02447 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2115 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 510 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН