Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/325

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт А-д холбогдох эрүүгийн 2121002940392 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01ий өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ........-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ......... овогт А /РД: ........./.

Шүүгдэгч А нь 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ...... тоотод хамтран амьдрагч У-ийг зодож биед тархи доргилт, баруун шанааны зулгаралт, баруун тохойн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Хохирогч У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нэг мэдэхэд би машиндаа унтчихсан байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчимд жаахан даарч сэрээд гэртээ ороход манай нөхөр А ганцаараа байсан бөгөөд мал ажилласан хувцсаа энд тэндгүй тараачихсан байсан, тэгэхээр нь би уурлаад түүнтэй маргаж эхэлсэн. Тэгтэл А нь уурлаад гараараа миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Мөн хөлөөрөө баруун гарын тохой хэсэгт өшиглөсөн. Улмаар тухайн маргаан шөнөжин үргэлжилсэн ба үүний дараа түүний ээж Үржинханд орж ирээд бид хоёрыг маргаж байгааг харсан бөгөөд бид хоёр чимээ шуугиан их гаргасан учраас тэрээр орж гараад л байсан юм. Өглөөгүүр 06 цагийн орчимд А манай аав Баатарсүх рүү залгасан бөгөөд тэрээр удалгүй хүрээд ирсэн. Тэгээд намайг аваад гэр рүүгээ явсан...” гэжээ. /хх-ийн 12-15/

Гэрч Ш.Үржинханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би унтаж байсан. Тэгсэн гэнэт л миний хүү, бэр хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн асуудал байгаа. Тэр үед хоорондоо жижиг зүйлээс болж хэрүүл маргаан үүсгэсэн асуудал болсон. Тэгснээ бэр У нь гэрээ шатаана гээд бахираад байсан. Манай хүү А нь гэр шатаана гэхээр нь Уийг түлхчихсэн. Тэгсэн У нь газарт унаад өгсөн...” гэжээ. /хх-ийн 19-20/

Гэрч Ш.Баатарсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд гэртээ байж байхад манай хүргэн А нь над руу залгаад та гэрт хүрээд ирээч гээд байхаар нь би Хэрлэн сумын 2 дугаар баг, .......... тоот гэрт нь очиход манай охин хүргэн хоёр хоорондоо муудсан байсан. Би та хоёрын асуудалд орохгүй гэж хэлсэн. Охины хувцсыг аваад гэртээ ирсэн. Тухайн үед манай охины баруун шанаа нь зулгаралттай нүүр хөхөрчихсөн байсан...” гэжээ. /хх-ийн 21-22/

Шинжээч эмч Ж.Жаргалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уийн биед тогтоогдсон дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр цохих, цохигдох нэдрэгдэх үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсгэгдсэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 38/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 518 тоот дүгнэлтэд:

1. У-ийн биед тархи доргилт, баруун шанааны зулгаралт, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/

А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд У орж ирээд намайг цустай хувцсаа газраар тараалаа, намайг хаяж унтлаа гээд маргалдаж эхэлсэн. Тухайн маргаан их удаан үргэлжилсэн бөгөөд тэрээр намайг их олон удаа харааж загнасан. Тэгээд би уурлаад түүнийг газарт унагасан, тэрээр маш их хүчтэй унасан. Уг маргаан болж байх үед манай ээж Үржинханд орж ирээд гараад явсан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 44-45/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/

Гэрч Х.Амартуяагийн мэдүүлэг /хх-ийн 26-27/

Гэрч Х.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 29-30/

Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 35/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/

А-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 51-53/

У-ийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 62/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ......... овогт А нь 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ......... тоотод хохирогч У-ийг зодож, түүний биед тархи доргилт, баруун шанааны зулгаралт, баруун тохойн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч У-ийн “...А нь уурлаад гараараа миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Мөн хөлөөрөө баруун гарын тохой хэсэгт өшиглөсөн. Улмаар тухайн маргаан шөнөжин үргэлжилсэн, үүний дараа түүний ээж Үржинханд орж ирээд бид хоёрыг маргаж байгааг харсан бөгөөд бид хоёр чимээ шуугиан их гаргасан учраас тэрээр орж гараад л байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Үржинханд, Ш.Баатарсүх, шинжээч эмч Ж.Жаргалан нарын мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 518 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч А-ы үйлдлийн улмаас хохирогч У-йн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 518 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч А-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч У нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............. овогт А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА