Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/438

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч/хохирогч Т.Б,

шүүгдэгч/хохирогч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, О.Э нарт холбогдох эрүүгийн 2008 02868 0578 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, хувиараа гар утас засварын газар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ........... дүүргийн .............. дугаар хороо, ............. гудамж, ...............  тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ............... дүүргийн ............... дугаар хороо, .................... тоотод оршин суудаг, урьд

Ховд аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 109 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

М овогт Тын Б /РД:......................./.

2. Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа барилгын цахилгаанчин хийдэг, ам бүл 3, эх, ахын хамт амьдардаг, ............ аймгийн ............... дүгээр баг, ............... дугаар гудамжны ........... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ............. дүүргийн ............ дугаар хороо, ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Т овогт Оын Э /РД:......................./.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/   

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 27-оос 2-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шөнийн захын орчим хохирогч О.Этай “...намайг гар утас хулгайлсан гэж гүтгэлээ...” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд “...зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишигт Од” гэх нэртэй караоке баарны үүдэнд хохирогч Т.Бтэй “...өөрөө тамхитай байж тамхи нэхлээ, найзтай маргалдлаа, чулуугаар цохилоо...” гэх шалтгаануудаар маргалдан түүнийг хавсарч унаган, мөн хохирогчийн хүзүү, толгой, нүүрэн тус газруудад нь хөл, гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд “...зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун түнхний үеийн зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 449 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх133-138/,

2. Шүүгдэгч О.Эын хохирогчоор өгсөн “...Тэгээд шөнө 04 цаг арай болоогүй байхад нэг үл таних залуу ирээд “тамхи байна уу” гэж асуусан чинь Батзаяа тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу халааснаасаа тамхи гаргаж ирээд татаж эхлэх үедээ Батзаяа “чи яасан өдсөн гар вэ” гэж хэлсэн чинь тухайн залуу “өдсөн хүнийг чи яадаг юм” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд салгах гэж очих үед намайг зодох гээд дайраад элдвээр хэлээд байхаар нь би нэг удаа хавсарч газар унагаасан. ...Тэгээд мөн түрүүвч алга болсон та нар авсан гээд байсан. Тэгээд намайг заамдаж аваад зодох гээд байхаар нь би нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь газар унаад өгсөн. Энэ үед Төгсжаргал цаана байсан. Машинаасаа юм авна гээд үлдсэн болохоор Батзаяа бид хоёр түрүүлээд такси барихаар Шөнийн захын зам дагуу алхаж явтал нөгөө залуу өөдөөс ирээд “миний түрүүвчийг гаргаж өг” гээд өөдөөс хашхираад байсан. ...Энэ үед Төгсжаргал араас ирээд тухайн залуугийн түрүүвчийг олоод өгсөн тул бид нар хоорондоо ярилцаж зогсоод эвлэрсэн. Би тэгээд миний гар утас халааснаас унах боломжгүй талаар ярих үед “би авсан юм шиг харагдаад байна уу” гээд над руу дайраад байсан болохоор бид 2 дахин маргалдсан. Тэгтэл хамт явж байсан нэг залуу нь Батзаяатай маргалдаж хоорондоо муудалцаад байхаар нь салгах гэхэд араас түрүүвчээ алга болгосон гээд байсан залуу миний толгой руу чулуугаар 1-2 удаа цохисон. Би газар унаад босож ирээд нөгөө залуугийн чулууг салгахаар ноцолдох үедээ нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж түүний үйлдлийг зогсоосон. ..Анх бид нараас тамхи асууж ирсэн залуу ...дараа нь нэрийг нь мэдэж авсан Б гараараа нэг удаа нүүр рүү цохиж, чулуугаар толгой руу 1-2 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх49-51/,

3. Шүүгдэгч Т.Бгийн хохирогчоор өгсөн “...Тэгэхээр нь би караокены үүдэнд сууж байсан залуучуудаас “тамхи байна уу” гэж асуухад байхгүй гэж хэлэхээр нь “муу бацаанууд” гэж хэлээд өөрийнхөө халаасыг үзсэн чинь тамхи байхаар нь нэгийг асаагаад амандаа зуусан чинь “чи өөрөө тамхитай байж, өдөөд байгаа юм уу” гэж нэг залуу нь хэлэхээр нь “өдсөн хүнийг чи яадаг юм” гэж хэлтэл тухайн залуу хүрч ирээд намайг хавсарч унагаачхаад цааш яваад байрны голоор ороод яваад өгөх үед Алтанхуяг ирээд юу болсон талаар асуухаар нь “хэдэн бацаан зодчихоод явчихлаа” гэж хэлсэн. ...халаасаа тэмтэрч үзтэл миний түрүүвч байхгүй болсон байсан тул Алтанхуягтай араас нь очоод дуудсан. Тэгээд тухайн залуучуудаас “миний түрүүвч байхгүй байна. Та нар гаргаж өг” гээд түрүүвчээ нэхсэн. Тэр үед надаас бага зэрэг өндөр, туранхай залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохих үед би газар унасан. ...Бид хоёр араас нь очих үед би тухайн залуучуудад хандан миний түрүүвчийг гаргаж өгөөд яваарай гээд орилсон чинь гаргаж өгөхгүй байсан. Тэгтэл араас хамт явсан залуу нь хүрч ирээд “энэ чиний бичиг баримт мөн үү, доторх бичиг баримт нь чиний зураг харагдаад байна” гэж хэлээд өгөхөөр нь “баярлалаа” гэж хэлээд бид хоорондоо эвлэрсэн. Тэгээд Алтанхуяг бид хоёр тухайн зам дагуу зогсож байхад нөгөө залуучуудын нэг нь бид 2 дээр хүрч ирээд миний гар утас алга болсон байна та 2 харсан уу гэж асуухаар нь би “чиний гар утсыг авсан юм шиг харагдаад байна уу? чи нэгжээд үзээч” гээд дахин маргалдаж эхэлсэн. Тэгтэл хэн гэдгийг сайн санахгүй байгаа нэг залуу нь ирээд нүүр рүү гараараа цохисон. Миний уур хүрээд газраас чулуу аваад араас нь барьж аваад толгой руу цохисон чинь толгой хагарчихлаа гээд орилоод байсан. Тухайн залуучуудаас нэг залуу нь намайг цохиж зодсон бөгөөд хэрхэн яаж учруулсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх42-43/,

4. Гэрч С.Батзаяагийн “...Э эхлээд нэг удаа хавсарч унагаж байсан бөгөөд дараа нь намайг харснаар Эын толгойг хагалаад Э зөрүүлээд гараараа нүүр рүү нь цохиод ноцолдоод байсан...түүний биед Эаас өөр хүрсэн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх64-66/,

5. Гэрч Т.Төгсжаргалын “...Э тамхи гуйсан залууг заамдаад нөгөө гараараа чулуу барьсан гарыг нь барьсан. Харин Батзаяа салгах гээд хоёуланг нь зуурч барьсан, нөгөө залуу нь хажуугаас нь салгах гээд ирж байсан. Э анх баарны гадаа нэг удаа хавсарч унагаасан, дараа нь байрны голд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд хамгийн сүүлд толгойгоо хагалуулсан зууралдаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх69-71/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11072 дугаар “...О.Эын биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх53-54/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11223 дугаар “...Т.Бгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун түнхний үений зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх58-59/,

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Т.Б, О.Э нар. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б, О.Э нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, талуудын тайлбар мэдүүлгийг дүгнэн үзэхэд 2020 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Шөнийн захын орчимд шүүгдэгч Т.Б, О.Э нар нь үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тэдгээрийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч С.Батзаяа, Т.Төгсжаргал нарын мэдүүлэг, шүүхийн эмнэлгийн шинжээчийн 11072, 11223 дугаар дүгнэлтүүд, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийгээ хүсэж, хэн хэнийхээ эрүүл мэндэд хохирол, хор уршгийг зорууд учруулсан буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч О.Эын толгой руу чулуугаар цохисон үйлдлийн улмаас биед нь “зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл,

шүүгдэгч О.Э нь хохирогч Т.Бгийн хавсарч унаган нүүрэн хэсэгт гараа цохиж зодсон үйлдлийн улмаас биед нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун түнхний үений зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл тус тус учруулсан болох шүүх эмнэлгийн шинжээчийн дээр дурдсан дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Б, О.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Шүүгдэгч Т.Б, О.Э нар нь хэн хэнээсээ хохирол нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул тэдгээрийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б, О.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч О.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зөв байна. Шүүгдэгч Т.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б, О.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тын Б, Оын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, О.Э нарт тус бүр 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР