| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01529/и |
| Дугаар | 135/ШШ2017/00190 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2017/00190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01529/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг 9 дүгээр хороо, 9-58-44 тоотод оршин суух, Хутаг-Уул овгийн Мөнхбатын Мөнх-Од /РД:ТЯ86081410 утас:9537 0762/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч : Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг Малчин 3/16 тоотод оршин суух, Боржигон овгийн Пүрэвийн Гэрэлтболор /РД:ТЖ86011105, утас:9979 8550/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Мөнх-Од, хариуцагч П.Гэрэлтболор шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Бид танилцаад үерхэж байгаад 2004 онд би Солонгос явсан. Солонгост би ажиллаж, сурч байсан. Би хүүхэдтэй болсон гэдгээ анх мэдээгүй. Надад 3 настай байхад нь хэлсэн. Хүүхэд төрсөн гэж ярьсан учир би Монголд 2009 онд ирж уулзаад гэрлэлтээ батлуулан, хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлээд хэсэг хугацааны дараа буцаж Солонгос явсан. Солонгост байх хугацаандаа хамтран амьдрагчтай болж, хүүхэд төрүүлэн, одоо 2 хүүхэдтэй. 2014 онд Солонгосоос ирсэн. Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийг миний хүүхэд биш гэж байсан боловч шинжээчийн дүгнэлтээр мөн гэж гарсан тул маргахгүй. Гэхдээ би Солонгост байхдаа мөнгөн туслалцаа үзүүлж байсан. Манай найзууд чи их мөнгө явуулаад, энд Гэрэлтболор тансаглаад байна ш тээ гэхээр нь миний сэтгэл хувирч өөр хүнтэй болсон. Одоо тогтмол ажилгүй, зундаа ашигтай ажилладаг тул харилцан ярилцаж болох байх. Хүүхэд ээж дээрээ байх нь дээр гэж үзэж байна. гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2001 оноос үерхээд 2004 онд М.Мөнх-Од Солонгос явсан. Явсаных нь дараа жирэмсэн болсоноо мэдэж, хүүхдээ төрүүлээд нэгэнт хол амьдарч байгаа юм чинь хэлэхгүй байя гэсэн боловч хүүхэд нь мөн учраас хүүхэдтэй гэдгийг хэлсэн. Интертнэтээр хүүхдээ санаж байна, хүүхдээ харж хандмаар байна гэдгийг хэлсэн. 9 сар хүртэл хүүхэдтэй нь яриулсан. 1 удаа хүүхэддээ хувцас, 100 доллар явуулсан. Намайг хүүхэд төрүүлээд хэлээгүй гэх юм. Би хүүхдээ төрүүлсэн тухайгаа би эмээд нь хэлэхэд эмээ нь энэ хүнд дамжуулж хэлсэн. 2008 оны 12 сард над руу залгаж би 2 сард очино чи ирээрэй гэсэн. Би чи хариуцлага хүлээх ёстой гэж хэлээгүй. Би Монголд очоод шинжилгээ хийлгэнэ. Мөн бол хоёулаа хамт амьдарна гэсэн. 2009 онд М.Мөнх-Од Солонгосоос ирсэн. Тухайн үед манай хүүхэд ой гарантай байсан. Монголд ирээд намайг хүрээд ир гэхэд нь би Улаанбаатарт очсон. Харваас миний хүүхэд байна. Хоёулаа гэрлэлтээ батлуулна гэж хэлсэн.Тэгээд гэрлэлтээ бүртгүүлж баталгаагаа авч хүүхдийн төрсний гэрчилгээг эцгээр нь овоглон авсан. Гэрийнхээ асуудлыг шийдвэрлэчихээд ирнэ гэсэн боловч ирээгүй тэгээд М.Мөнх-Од Солонгос явчихсан. Тэндээ хамтран амьдрагчтай болсоноос хойш охин бид хоёрыг харж хандаагүй. М.Мөнх-Одын эхнэр нь намайг хэл амаар доромжилдог байсан. Би гэрлэлтээ цуцлуулах талаар хэлж байсан. 2016 онд би гэрлэлтээ цуцлуулна гэхэд М.Мөнх-Од гэрлэлтээ цуцлуулж яах гээд байгаа юм гээд байсан мөртлөө тэтгэмж авахгүй ээ нэхэмжлэлээ өг гэхэд энэ хүн ирсэн. Ер нь хүүхэддээ мөнгө өгөхгүй гэсэндээ нэхэмжлэл гаргахгүй байж байгаад намайг тэтгэлэг авахгүй гэхээр нэхэмжлэл гаргасан хэрнээ эцэг тогтоолгохоор шинжээч томилуулсан. Би энэ хүнд итгэдэг байсан. Хүүхэддээ мөнгө өгөхгүй хариуцлага хүлээхгүй гэсэн бодолтой хүн. Солонгос буцаж явахдаа 1500 доллар 1 удаа өгч байсан. Солонгосоос өгч явуулсан мөнгөөр хүүхдээ тэжээж амьдар гэж байгаа мэт зүйл ярих юм. Тэр мөнгө дотор бид хоёрын зуучлалаар сургуульд явуулсан хүмүүсийн мөнгө ч байгаа. Би хүүхдийн өмнө ямар хариуцлага хүлээх ёстой түүнийг нь хүлээлгэмээр байна. М.Мөнх-Од надад явхаасаа өмнө 3000 доллар өгөөгүй. Гэрлэлт батлуулахад өгсөн 500,000 төгрөгийг би авсан. Өгсөн мөнгийг хүүхэддээ хадгалуулаарай гэж байсан. 5-6 сард 1,500 доллар явуулсан. Гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийнхөө асрамжид байлгаж, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Энэ олон жил намайг хүүхдээ хэрхэн өсгөж байсныг бодолцох ёстой. гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнх-Од нь хариуцагч П.Гэрэлтболорт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Болорцэцэгийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Зохигчид 2004 онд танилцан, 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн, гэрлэгчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээн хамтран амьдарч байсан гэр бүл байна.
Нэхэмжлэгч М.Мөнх-Од гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг ... 2004 онд гэр бүл болсон, Солонгос руу явж тэндээ хамтран амьдрагчтай болж 2 хүүхэдтэй болсон ... гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч П.Гэрэлтболор ... 2004 онд танилцан, 2007 онд хүүхэдтэй болсон. Солонгосоос ирэх үед нь гэрлэлтээ батлуулсан. 2009 оноос холбоогоо тасалсан гэж тодорхойлсон бөгөөд хэн аль нь гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй байна.
Зохигчид 2004 онд танилцан 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин М.Болорцэцэгийг төрүүлсэн энэ хугацаанд нь нэхэмжлэгч М.Мөнх-Од Солонгос улсад ажиллаж, сурахаар явсан, охин М.Болорцэцэг төрсний дараа Солонгос улсаас Монгол улсад ирсэн үедээ Иргэний гэр бүлийн бүртгэлийн гэрлэсэний бүртгэлд болон охин М.Болорцэцэгийг төрсний бүртгэлд эцэг М.Мөнх-Одоор овоглон бүртгүүлсэн бөгөөд энэ бүртгэлээс хойш хамтран амьдарч байгаагүй нь тогтоогдож байна.
Дээрх бүртгэлиийг хийлгэсний дараа нэхэмжлэгч М.Мөнх-Од Солонгос улс руу ажиллаж, амьдарч байх үедээ хамтран амьдрагчтай болж, улмаар хүүхэд төрүүлэн, 2 хүүхдийн эцэг, эх болцгоосон байна.
Ингэснээр Гэр бүлийн тухай хуульд заасан бие биендээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй, нэг эхнэртэй байх, гэр бүлийн дотор тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээх зарчим алдагдсан байна.
Нэхэмжлэгч 2009 оноос бусадтай хамтран амьдарч 2 хүүхэд төрүүлсэн, гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа нь гэрлэлт цуцлуулах үндэслэл болох бөгөөд гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэх учир гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар маргаангүй, дээрх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсныг дурьдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар хүүхдийг гэр бүлийн дотор өсгөн хүмүүжүүлэх боломжгүй болсон тул 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Болорцэцэгийн одоогийн өсөж байгаа орчинг өөрчлөх шаардлагагүй, охин төрснөөс хойш эхийн асрамжид байгаа мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэснийг харгалзан эх П.Гэрэлтболорын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх , Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар тэдний анхаарал халамжид байх эрхтэй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
Иймд эцэг М.Мөнх-Одоор охин М.Болорцэцэгт сар тутам тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Болорцэцэг төрсөн цагаас эхийн асрамжид байснаас нэхэмжлэгч М.Мөнх-Одын хувьд шүүхэд гэрлэлт цуцлуулахыг шаардах эрх үүссэн, харин гэр бүл болох зорилгоор төрийн эрх бүхий байгууллагад буюу иргэний гэр бүлийн гэрлэсэний бүртгэлд бүртгүүлэн, гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон гэр бүлийн гишүүд байсны хувьд охин М.Болорцэцэгийг асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг хуульд заасан үүргээс чөлөөлөгдөхгүй, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг харгалзан тэтгэлэгийг гаргуулан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Болорцэцэгийг Иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд өөрөөрөө овоглон бүртгүүлж, захиргааны журмаар эцэг тогтоолгосон атлаа өөрийн хүүхэд биш, тэтгэлэг төлөхөд эргэлзээтэй гэснээр түүний хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10508 тоот дүгнэлтдээ ...М.Мөнх-Од нь М.Болорцэцэгийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай... гэснээр энэ талаар маргаангүй болсоныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул тэтгэлэг төлөгч М.Мөнх-Одоос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28 022 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охинМ.Болорцэцэгийг эх П.Гэрэлтболорын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.2.1-т зааснаар 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин М.Болорцэцэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас,насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд / амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг эцэг М.Мөнх-Одоос гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох , хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь тэгш эрх, адил үүрэгтэй бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдийн эрхийг хангах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдсугай.
7 .Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хуланд даалгаж, шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн байдлын гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлж болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
9.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй , шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ