Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/332

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт А-д холбогдох эрүүгийн 2121002490344 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ....... дугаар сарын .......-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “........” ХХК-д туслах ажилтан хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .............овогт А /РД: ............/.

Шүүгдэгч А нь Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Төмөртэй өндөр” гэх газарт 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “........” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д-гийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ ослын улмаас эхнэр маань нас барж би бага насны хоёр хүүхдийн хамт үлдсэн. Миний хувьд А-өөс оршуулгын зардалд 10.000.000 төгрөг, бусад гэм хорын хохиролд 15.000.000 төгрөг нийт 25.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд түүнээс надад 19.500.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 5.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. А миний адил 2 хүүхэдтэй залуу хүн учир ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

 А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...А нь машинаараа “Төмөртэй өндөр”-өөс хөдлөөд 70 орчим км/цагийн хурдтай явж байсан. “Төмөртэй өндөр” өнгөрөөд 400 орчим метр яваад машин зүүн тал руугаа шарваад араас бөгс нь шидэгдээд тэгэхээр нь А буцаж хариулж дарахад 2-3 удаа машин өнхөрсөн. Өнхрөөд баруун хажуу талаараа зогссон. Би машиных нь хаалгыг онгойлгоод дээшээ гарсан. Яг осол болоод дуусахад эхнэр маань шидэгдээд машинаас гарчихсан байсан. Би машинаас гарч эхнэр дээрээ очиход дээш харсан байдалтай эрүү нь зуулттай, амьсгалж байсан ба үг хэлэхгүй, өвчиндөө шаналаад гингэнэж байсан. Нэргүй урагшаа машин руу гүйсэн. Тэгээд А машинаа босгоод Нэргүйн хамт урд застав руу явсан. Тэр хооронд би эхнэр, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Эхнэрийнхээ дэргэд байж байхад 10 цаг 30 минутын үед зүрх нь цохилохоо болиод нас барчихсан...” гэжээ. /хх-ийн 33, 42/

Гэрч З.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чойбалсан сумын нутаг “Төмөртэй өндөр” гэх газарт А нь машинаа унаад явж байх үед түүний хажууд Д бага хүүхдийн хамт, жолоочийн ард би Эрхэсийг өвөр дээрээ аваад, Д-гийн ард талд А том хүүгээ аваад суусан байрлалтай байсан. Энэ үед замын нөхцөл байдал халтиргаатай байсан ба тухайн үед жолооч миний бодлоор дундаж хурдтай явж байсан. Улмаар замын эвдрэлтэй хэсэг таарсан бололтой уг тээврийн хэрэгсэл хажуулдаад миний санаж байгаагаар нэг бүтэн тэнхлэгээрээ эргэж осолдсон. Улмаар талийгаач Дгийн цонх онгорхой байсан ба тэрээр машинаас бага хүүхдийн хамт шидэгдэж газарт унасан байсан...” гэжээ. /хх-ийн 44-45/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 92 тоот дүгнэлтэд:

     1. Талийгаач Д-гийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний эдийн язрал, бяцрал, баруун уушгины няцрал, баруун зүүн талын олон хавирганы хугарал, хэвлийн хөндийн цусан хураа (1250 мл), дагзны хуйх, голтын зөөлөн эдийн цус хуралт, баруун мөр, цээж, нуруу, зүүн бугалга, шуу, тохой, баруун бугалга, хэвлий, зүүн гуяны цус хуралт, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар элэгний эдийн язрал, бяцрал, баруун уушигны няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, 3.1.10-т зааснаар баруун зүүн талын олон хавирганы хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар дагзны хуйх, голтын зөөлөн эдийн цус хуралт, баруун мөр, цээж, нуруу, зүүн бугалга, шуу, тохой, баруун бугалга, хэвлий, зүүн гуяны цус хуралт, цээжний зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.5. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн алкоголи илрээгүй.

      6. Талийгаач нь цээж, хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн язрал, бяцрал, баруун  уушгины няцрал, хурц дотуур цус алдалт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун зүүн талын олон хавирганы хугарал гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 53-56/

Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн магадлагаанд: “Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Төмөртэй өндөр” гэх газарт байрлах шороон зам дээр А нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ...... улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” гэжээ. /хх-ийн 78/

А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...би машинаа жолоодон цааш хөдөлсөн бөгөөд Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг Төмөртэй өндөр гэх газарт байрлах шороон замаар Хэрлэн сум руу чиглэн явж байх үед замын гол хэсэг, миний машины доод хэсэгт тулж хавираад байсан. Тэгээд замаас нэг дугуйгаа хажуу хэсэгт гаргаад нэг дугуйгаа зам дээр тааруулан явж байтал гэнэт машин маань өвсөнд бөгсөө шидээд осолдсон, энэ асуудал маш хурдан болоод өнгөрсөн бөгөөд миний машин тэнхлэгээрээ бүтэн нэг удаа эргэж, жолооч талаараа хажуулдсан. Тэгээд би сэргээд хартал машины арын суудал дээр Нэргүй, А, А-гийн 2 хүү, Нэргүйтэй хамт явж байсан бага насны хүүхэд байж байсан шиг санаж байна. Тэгээд бид нар бүгдээрээ машинаас гарахад талийгаач Д машины хойд хэсэгт ойролцоогоор 2-3 метр зайд дээш хараад гиншээд нэлээн өвдсөн байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 91-92/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/

Зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 15/

Зам тээврийн осолд холбогдсон ........ маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16-17/

Цогцогт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22, 58-60/

Мөрдөгчийн хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-24/

Иргэний нэхэмжлэгч У мэдүүлэг /хх-ийн 27-28/

Гэрч П.Мөнх-Очирын мэдүүлэг /хх-ийн 39-40/

Гэрч Б.Оргилболдын мэдүүлэг /хх-ийн 47-48/

Гэрч Т.Мөнхбаганын мэдүүлэг /хх-ийн 50-51/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 143 тоот, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 151 тоот, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 413, 414 тоот дүгнэлтүүд /хх-ийн 57, 63, 65-66, 72-73/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн 7602 тоот дүгнэлт /хх-ийн 69-70/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх-ийн 81-82/

А-ий иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 93/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 98, 108-114/

А-ий жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 99/

............ маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 101/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн “.......” ХХК-ийн тодорхойлолт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д 15.000.000 төгрөг төлсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /нийт 5 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч А-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч .......... овогт А нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Төмөртэй өндөр” гэх газарт ........ улсын дугаартай ........... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Дгийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би машинаа жолоодон цааш хөдөлсөн бөгөөд Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Төмөртэй өндөр” гэх газарт байрлах шороон замаар Хэрлэн сум руу чиглэн явж байх үед замын гол хэсэг миний машины доод хэсэгт тулж хавираад байсан. Тэгэхээр нь нэг дугуйгаа замын хажуу хэсэгт гаргаад нэг дугуйгаа зам дээр тааруулан явж байтал гэнэт машин маань өвсөнд бөгсөө шидээд осолдож ... тэнхлэгээрээ бүтэн нэг удаа эргэж, жолооч талаараа хажуулдсан. Тэгээд би сэргээд хартал машины арын суудал дээр Нэргүй, А, А-гийн 2 хүү, Нэргүйтэй хамт явж байсан бага насны хүүхэд байж байсан шиг санаж байна. Тэгээд бид нар бүгдээрээ машинаас гарахад талийгаач Д машины хойд хэсэгт ойролцоогоор 2-3 метр зайд дээш хараад гиншээд нэлээн өвдсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж тодорхой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-гийн “...400 орчим метр яваад машин зүүн тал руугаа шарваад араас бөгс нь шидэгдээд тэгэхээр нь А буцаж хариулж дарахад 2-3 удаа машин өнхөрсөн. Өнхрөөд баруун хажуу талаараа зогссон. ...Яг осол болоод дуусахад эхнэр маань шидэгдээд машинаас гарчихсан байсан. Би машинаас гарч эхнэр дээрээ очиход дээш харсан байдалтай эрүү нь зуулттай, амьсгалж байсан ба үг хэлэхгүй, өвчиндөө шаналаад гингэнэж байсан. ...Эхнэрийнхээ дэргэд байж байхад 10 цаг 30 минутын үед зүрх нь цохилохоо болиод нас барчихсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Ууганбаяр, гэрч З.Нэргүй, П.Мөнх-Очир нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураг, осол дээр тогтоосон акт, осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцогт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 92 тоот дүгнэлт, мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч А нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, улмаар хүний амь нас хохирсон болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 92 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А-ий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч А-ий анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 19.500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-гийн “...ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Аий тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг гурван жилээр тогтоох нь зүйтэй байна.

Тус гэмт хэргийн улмаас Д-гийн амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А нь оршуулгын зардалд 10.000.000 төгрөг, бусад гэм хорын хохиролд 15.000.000 төгрөг нийт 25.000.000 төгрөгийг нэхэмжилж, хохирол төлбөртэй холбоотойгоор 5.023.006 төгрөгийн баримт /хх-ийн 111-113/ болон оршуулгын зардлын тооцоо хийсэн баримтыг /хх-ийн 114/ тус тус гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 19.500.000 төгрөгийг төлсөн байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч А 19.500.000 төгрөгийг төлсөн, одоогоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А-д тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д 19.500.000 төгрөгийг төлсөн бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА