Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/338

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт М-д холбогдох эрүүгийн 2121000000382 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .....оны .... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Булган сумын ........ дугаар баг, “..........” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....... овогт М /РД: ............/.

Шүүгдэгч М нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Өүлэн” эхийн хөшөөний урд талын “Өвөр эрээн” ХХК-ийн мод үржүүлгийн хашааны баруун талд өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай ......... маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М-ыг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би талийгаачийн төрсөн дүү нь байгаа юм. Манай ах бид хоёр эхээсээ хоёулаа бөгөөд ах маань өөрийн гэсэн хүүхэд байхгүй, 2013 онд Ариунтуяа гэх эмэгтэйтэй танилцаж нэг гэрт орж байсан. Ариунтуяа нь том болсон Даваажаргал гэх хүүтэй юм. Тэрнээс биш төрсөн хүүхэд байхгүй. Намайг гэртээ байхад 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 55 минутад Ариунтуяа над руу уйлсан байдалтай утсаар залгаад “ах чинь үхчихлээ” гэхээр нь “та нар юу яриад байгаа юм бэ, архи уусан юм уу, үгүй байлгүй дээ” гээд нөхрийн хамт гэрээс гараад тэд нарын амьдардаг “Өүлэн” эхийн хөшөөний урд талын хашаа руу очсон. Очиход цагдаа нар ирсэн үзлэг шалгалт хийж байсан бөгөөд тэр үед очиж харж чадаагүй. Ариунтуяагаас юу болсон талаар асуухад “Цагаанаа нэг машинтай хүнийг дуудаад өөрөө тэр машинд суугаад яваад өгсөн. Цагаанаа тэр үед буцааж над руу залгаад ах зүгээр үү гэж надаас асууж байсан” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 34/

Гэрч С.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Өүлэн” эхийн хөшөөний ертөнцийн зүгээр замын урд талд байрлах “Өвөр эрээн” ХХК-ийн мод үржүүлгийн хашаанд 17 жил хамтран амьдрагч Мын хамт оршин суудаг юм. ...хашааны гадна Долгормаагийн дуудсан хүн Портер юм уу, Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй урагшаа харсан байдалтай ирсэн зогсож байсан. Харин Долгормаа охиныхоо хамт машин дотор орсон манай нөхөр тээврийн хэрэгслийн зүүн талд буюу жолоочийн талд жолоочийг “гөлөг минь гараад ир” гээд хашгирч байхад уг тээврийн хэрэгсэл хурдтай огцом хөдлөөд явсан. Хөдлөх үед манай нөхөр харагдахгүй болсон бөгөөд би бодохдоо цуг явсан байх гэж бодоод гэр рүүгээ буцаад орсон. Ороод хэсэг сууж байгаад 19 цаг 50 минутын үед Долгормаагийн ... утас руу залгаж “ахыгаа аваад явсан юм уу” гэхэд “үгүй наана чинь үлдсэн шүү дээ гайгүй юу” гэж хэлэхээр нь гайхаад гэрээс гараад “Мийгаа” гээд хашгирахад огт хүн дугарахгүй байхаар нь Бадамханд болон Цогоо хоёрыг сэрээгээд “Мийгаа ахыг чинь Цагаанаа аваад явсан гэж бодсон чинь үгүй гээд байна” гэж хэлээд бид гурав гарч хайхаар болоод хашаанаас гарах үед хашааны зүүн талд манай хоёр нохой нэг юмны хажууд зогсож байхаар нь гайхаад харахад манай нөхөр хэвтэж байсан бөгөөд дуудах үед огт сэрэхгүй байхаар нь үхсэн гэж бодоод шууд цагдаа болон эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 38-39/

Гэрч Ж.Долгормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Удалгүй тухайн залуу ирчихлээ гээд над руу залгахаар нь охиноо аваад тэд нарт “хөдөө явлаа” гэсэн чинь Ариунтуяа эгч намайг “явбал явна биз дээ” гээд хэлсэн чинь М ах намайг “охиноо үлдээгээд ганцаараа яв” гээд уурлаад тэгснээ гартаа хутга бариад намайг ална, эсхүл өөрийгөө ална гээд байсан. Тэгэхээр нь би Ариунтуяа эгчид хандан “нөхрийгөө ав” гэж хэлээд гадаа гараад Портер машинд суусан. Араас М ах гарч ирээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг “гараад ир” гэж хэлээд байх шиг байхаар нь би “яаралтай хөдөл, намайг алах гээд байна, чамайг алж магадгүй” гэхэд тэр залуу шууд дороо нэг бүтэн эргээд хөдөлсөн. Хөдлөх үед М ах ойчиж байгаа харагдсан бөгөөд би тэр залуугийн хамт шууд Эрдэнэцагаан сум руу хөдөлсөн. Явж байх замд Ариунтуяа эгч над руу залгаж “чи ахыгаа аваад явсан юм уу” гэхээр нь “би авч яваагүй үлдсэн шүү дээ, гайгүй юу” гэж хэлэхэд утас салчихсан. Ингээд өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой харанхуй болчихсон үед Сүхбаатар аймгийн төв дээр дөнгөж орж ирээд удаагүй байхад Портер машины жолоочийн эхнэр нь залгаад “хүн дайрчихсан байна, эргээд Дорнод аймаг руу гар” гэсэн. Тэгээд шууд Сүхбаатар аймгийн төвөөс шууд Дорнод аймаг руу гарсан. М ах жолоочийн хажуу талд зогсоод байж байсан, тэгээд би жолоочид хандаж “М ах халаасандаа хутгатай байгаа шүү, хурдан хөдлөөрэй” гэж хэлэхэд тухайн жолооч доороо бүтэн эргээд хөдлөөд явсан. Машин хөдлөх үед М газарт унах шиг болсон. Тухайн үед би айчихсан болохоор жолоочийг шууд хөдөл гээд яаруулахад тухайн Портерын жолооч доороо бүтэн эргээд шууд хөдлөөд явсан...” гэжээ. /хх-ийн 41-43/

Гэрч Д.Бадамханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Долгормаа охиноо дагуулаад нэлээн согтуу М ахын гэрт ирсэн. Тэгээд Долгормаа баахан хүний утас руу залгаад ... машин дуудаад байсан. Төд удалгүй М ахын гадаа машин ирэх шиг болсон. ...Тэгээд Долгормаа гэх эмэгтэй охиноо дагуулаад гараад явсан. Тэгсэн чинь М ах Долгормаад хандаж “архи уух гэж байгаа бол мөрөөрөө ганцаараа уу, битгий нялх хүүхэд дааруулаад зовоогоод бай, хүүхэд чинь нимгэн хувцастай даарчихна” гээд Долгормааг ганцааранг нь явуулаад хүүхдийг нь авч үлдэх гээд хориод байсан. Тэгээд тэр хэд орилолдоод гараад явсан. ...Ариунтуяа эгч намайг гэртээ дуудаад “М ах чинь Долгормаатай хамт явчихсан юм шиг байна, гэртээ орж ирэхгүй байна” гээд байсан. Тэгээд би Ариунтуяа эгчид хандаж “М ах цуг явахгүй байлгүй дээ, 00 орсон байх” гэж хэлээд байж байхад Долгормаа гэх эмэгтэй Ариунтуяа эгч рүү залгаад “М ах гайгүй юу, хашааныхаа гадаа үлдсэн” гэж хэлж байсан. Тэгээд Ариунтуяа эгч гэрээс ганцаараа гараад төд удалгүй “М ах чинь хашааны гадаа хөдлөхгүй байна” гээд уйлаад ирсэн. Би нөхрийгөө сэрээгээд Ариунтуяа эгч бид гурав хашааны гадна гараад нэрийг нь дуудаад бахирахад огт хөдлөхгүй байсан. Бид гурав сандраад эмнэлэг, цагдаа дуудсан...” гэжээ. /хх-ийн 45-46/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн цогцост хийсэн 116 тоот

          1. Талийгаач М-ын цогцост гавлын орой болон суурь ясны бяцарсан болон шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн орой хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хажуугийн ховдлын цус харвалт, 2 талын олон хавирганы хугарал, өвчүүний дээд 1/3 хэсгийн далд хугарал, эрүүний ясны зөрөөтэй далд хугарал, хамрын ясны бяцарсан хугарал, хуйхны дотор гадаргын цус хуралт, нүүрний зүүн талын зулгаралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт, зүүн мөр, цээжний ар тал, бүсэлхий, зүүн бугалга, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

              3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

       4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

              5. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

             6. Талийгаачийн цусанд 1.3 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-60, 62-64/

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн магадлагаанд: “6.1. Жолооч М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бидис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

6.2. Явган зорчигч, амь хохирогч М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ. /хх-ийн 98-101/

М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...Очоод залгасан дугаар руу залгаад ирчихлээ гэхэд удалгүй тээврийн хэрэгсэл дотор нэг эмэгтэй, бага насны хүүхэдтэй хамт орж ирээд үгийн зөрөөгүй суусан /би бодохдоо энэ хүн мал харах хүн юм байхдаа гэж бодсон/. Энэ үед араас нь нэг эрэгтэй хүн гарч ирээд жолоочийн /зөв/ талаар буюу миний талаар ирээд намайг “буугаад ир” гэхээр нь буух гэхэд хажууд сууж байсан эмэгтэй “бууж болохгүй наадах чинь хутгатай, намайг алах гээд байгаа юм, чамайг хутгална шүү, бушуухан хөдөл” гэхээр нь шууд тээврийн хэрэгслээ баруун тийш дараад хөдөлсөн. Энэ үед надад ямар нэгэн юм мэдэгдээгүй бөгөөд шууд 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу хөдөлсөн...” гэжээ. /хх-ийн 111-113/

 

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-18, 92-95/

          Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-24/

          Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25/

        Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 26-27/

          Зам тээврийн осолд холбогдсон ..... маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-31/

          Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 171 тоот, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129, 134 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61, 79-82, 88-91/

            М-ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 115/

            Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 116/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/

       М-н гэрлэлтийн бүртгэл болон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 119-120/

         .......... маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 121/

               Тодорхойлолтууд /хх-ийн 122-125/  

              Хохирлын тооцоо болон холбогдох баримтууд /хх-ийн 126-143, 144-152, 158-160/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Уийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, В.Оюунбатын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Нандинцэцэгийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /нийт 7 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч .......... овогт М нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Өүлэн” эхийн хөшөөний урд талын “Өвөр эрээн” ХХК-ийн мод үржүүлгийн хашааны баруун талд ......... улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М-ыг дайрч амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тээврийн хэрэгсэл дотор нэг эмэгтэй, бага насны хүүхэдтэй хамт орж ирээд үгийн зөрөөгүй суусан /би бодохдоо энэ хүн мал харах хүн юм байхдаа гэж бодсон/. Энэ үед араас нь нэг эрэгтэй хүн гарч ирээд жолоочийн /зөв/ талаар буюу миний талаар ирээд намайг “буугаад ир” гэхээр нь буух гэхэд хажууд сууж байсан эмэгтэй “бууж болохгүй наадах чинь хутгатай, намайг алах гээд байгаа юм, чамайг хутгална шүү, бушуухан хөдөл” гэхээр нь шууд тээврийн хэрэгслээ баруун тийш дараад хөдөлсөн. Энэ үед надад ямар нэгэн юм мэдэгдээгүй бөгөөд шууд 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу хөдөлсөн...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж тодорхой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Уийн “...Ариунтуяагаас юу болсон талаар асуухад “Цагаанаа нэг машинтай хүнийг дуудаад өөрөө тэр машинд суугаад яваад өгсөн. Цагаанаа тэр үед буцааж над руу залгаад ах зүгээр үү гэж надаас асууж байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Ариунтуяа, Ж.Долгормаа, Д.Бадамханд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн цогцост хийсэн 116 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон ......... маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129, 134 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн магадлагаа, М-ын нас барсны гэрчилгээний хуулбар, М-н жолоочийн үнэмлэхийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч М нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч М нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй боловч С ангиллын тээврийн хэрэгсэл болох ........... маркийн автомашиныг жолоодож явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчиж осол болох гол шалтгаан болсон байх бөгөөд уг осолд өртсөн хүн нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн цогцост хийсэн 116 тоот дүгнэлт, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129, 134 тоот дүгнэлт, мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн магадлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч М-н анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 10,715,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У-ийн шүүхэд ирүүлсэн “...ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч М-н тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг гурван жилээр тогтоох нь зүйтэй байна.

Тус гэмт хэргийн улмаас М-ын амь нас хохирсон байх бөгөөд шүүгдэгч М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 10,715,000 төгрөгийг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М-д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 10,715,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА