Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2019/0533/З |
Дугаар | 611 |
Огноо | 2019-09-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 611
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Х
Хариуцагч: НБГ-ын СШК, НЗД,
Гуравдагч этгээд: Боржигон овогт А.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “...НБГ-ын СШКын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18/03 дугаартай тогтоолын Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтын хэсгийг хүчингүй болгуулах, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/85 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч НБГ-ын СШКын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, Г.М, гуравдагч этгээд А.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Хшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын иргэн Дашпилжээгийн Хоролгарав миний бие 1995 онд Монгол Улсын Их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийг математикийн багш мэргэжлээр дүүргэж, боловсролын газарт математикийн багшаар 12 жил, дунд, ахлах ангийн сургалтын менежерээр 10 жил, захирлаар 2 жил нийт улсад 24 жил ажиллаж байна. Миний бие 2 хүү, өөрийн ээжийн хамт амьдардаг өрх толгойлсон эх билээ.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/15 дугаартай захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
Энэ хугацаанд миний бие сурлагын чанар, сургалтын орчинг сайжруулах, хамт олны нэгдэл, нягтрал, багийн ажиллагааг сайжруулах олон ажлуудыг эхлүүлэн Хан-Уул дүүргийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж “хангалттай” сайн үнэлгээг удаа дараа авсан. Тус сургуулийг удирдах хугацаанд мэргэжлийн ямар нэг алдаа дутагдал гаргаагүй ба Япон Улсад 1 сар, БНХАУ-д 10 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж англи хэлний бүтэн жилийн сургалтад хамрагдан 95 хувийн үнэлгээтэйгээр төгссөн. Нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын илтгэлийн уралдаанд удаа дараа эхний байрыг эзэлж байсан. Мэргэжлийн “Тэргүүлэх” зэргийн болзол ханган ажилласан. Мөн мэргэшүүлэх сургалт график семинаруудад бүрэн хамрагдсан.
НБГ-ын СШКоос 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалт нь хуульд заасны дагуу явагдаагүй гэж үзэж байна.
Учир нь сонгон шалгаруулалтыг явуулахдаа Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчиж явуулсан. Миний шалгалтын үнэлгээг дүгнэхдээ илтэд хувийн сонирхлоор бага оноо тавих зэргээр шалгалтанд муу үнэлгээ өгөх байдлаар явуулсан. Мөн удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахад улс төрийн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна.
Түүнчлэн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.4.3-д “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу тус тус зохион байгуулна” гэснийг тус тус зөрчсөн.
Ингээд сонгон шалгаруулалтыг явуулахдаа, мөн дүгнэхдээ хуулийн дагуу явуулаагүй тухай Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнгийн талаар Нийслэлийн боловсролын газар, Төрийн албаны зөвлөл, НЗДд гомдол гаргасан ба Нийслэлийн боловсролын газар, Төрийн албаны зүгээс шүүхэд годол гаргах эрхтэй болохыг дурдаж албан ёсны хаягаар надад ирүүлсэн.
Иймд НБГ-ын СШКын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18/03 дугаартай тогтоол бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас иргэн Д.Хминий хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул НБГ-ын СШКын 18/03 дугаартай тогтоолын Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтын хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Д.Хшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...НБГ-ын СШКоос 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалт нь хуульд заасны дагуу явагдаагүй. Учир нь сонгон шалгаруулалтыг явуулахдаа Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчиж явуулсан. Миний шалгалтын үнэлгээг дүгнэхдээ илтэд хувийн ашиг сонирхлоор бага оноо тавих зэргээр шалгалтанд муу үнэлгээг өгөх зорилготой байдлаар явуулсан. Мөн удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахад улс төрийн хүчин зүйл нөлөөлсөн.
Тэгтэл энэхүү хууль бусаар явагдсан Нийслэлийн Боловсролын газрын Сонгон шалгаруулалтын дүнгийн эцсийн шийдвэр гараагүй, Нийслэл дэх Захиргаан хэргийн шүүх нэхэмжлэлтэй холбоотой хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байхад Нийслэлийн Боловсролын газрын Сонгон шалгаруулалтын үндэслэлгүй дүн, үнэлгээг үндэслэн НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/85 дугаартай захирамжаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Иймд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/85 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Хшүүхэд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын иргэн Д.Хминий бие Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
НБГ-ын СШК 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтыг явуулахдаа хуулийг зөрчиж явуулсан төдийгүй сонгон шалгаруулалтын үнэлгээ дүнг санаатайгаар бууруулж дүн гаргасан гэж үзэж байна. Мөн НБГ-ын СШКын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18/03 дугаартай тогтоол бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас иргэн Д.Хминий хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул НБГ-ын СШКын 18/03 дугаартай тогтоолын Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтын хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Нийслэлийн Боловсролын газар нь Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” гэж заасан чиг үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар Сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Бүртгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 5 дугаар хэсгийн 5.1-т заасныг хангасан 54 иргэнийг 26 ажлын байранд бүртгэсэн.
Сонгон шалгаруулалтыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэдийн нэрсийг батлах тухай” 18/03 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэдийн нэрсийг батлан, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04/1883 тоот албан бичгээр нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлд сонгон шалгаруулалтын тайлан, дүн мэдээг хүргүүлсэн.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр хэсгийн 9.5-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар гарсан энэхүү журмын “нэг”-ийн 4.1-4.3-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасан.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.5 “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар гарсан энэхүү журмын “нэг”-ийн 4.1-4.3-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.”, 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар Д.Хоролгаравыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл хугацаагаар байгуулсан.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “Аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасны дагуу Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/60 тоот албан бичгээр НЗДд санал хүргүүлсэн.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т зааснаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/86 дугаар захирамжаар А.Туяасайханыг тус сургуулийн захирлаар томилсон. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж зааснаар Д.Хоролгаравын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажил хүлээлцсэн байна.
Иймд нэхэмжлэгч Д.Хоролгаравын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд А.Туяасайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Алтангэрэл овогтой Туяасайхан миний бие боловсролын байгууллагад тасралтгүй 17 жил бага ангийн багшаар, 13 жил сургалтын менежерээр ажиллаж, боловсролын салбарын шинэчлэлийг хөгжүүлэх үйлсэд өөрийн мэдлэг оюунаа дайчлан ирсэн. Нийслэлийн боловсролын газраас 2018 оны 4, 11 сард зарласан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сул орон тооны сонгон шалгаруулалтад 2 удаа оролцон 61.33, 73.89 оноо авч тэнцсэн.
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн сонгон шалгаруулалтад 73.89 оноогоор нэгээр тэнцэж, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын ажлаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч ажиллаж байгаа билээ. Монгол Улсын төрийн албан зөвлөл, Нийслэлийн Боловсролын газрын хэлтсийн сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу үнэн зөв явагдсан гэдэгт итгэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Д.Хоролгаравын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд Дашпилжээгийн Хоролгаравыг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар “Нийслэлийн зарим төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс”-ыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байх бөгөөд сонгон шалгаруулалтад маргаан бүхий Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын албан тушаал багтсан байна.
Нэхэмжлэгчээс маргаж буй үндэслэлээ “Сонгон шалгаруулалтын комисс нь ...сонгон шалгаруулалтын журам зөрчиж явуулсан..., бичгийн, туршлагын болон мэргэшлийн шаардлагыг дутуу үнэлсэн..., илтэд хувийн сонирхлоор бага оноо өгсөн... ” гэж тус тус тайлбарлаж байна.
Дээрх сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр явуулсан байх ба Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын албан тушаалд өрсөлдөхөөр 3 иргэн бүртгүүлсэн байх бөгөөд сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан байна.
Нийслэлийн Боловсролын газраас дээрх албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарлахдаа “мэргэшлийн шаардлага” гэдэгт “Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно..., ...мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт /сүүлийн 5 жил/” гэж, “туршлагын шаардлага” гэдэгт “мэргэжлээрээ ажилласан байх..., ...ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар...” гэж зарласан байна.
Улмаар хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комисс нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж туршлагын болон мэргэшлийн шаардлагыг дараахь байдлаар үнэлэхээр шийдвэрлэсэн байна
Туршлагын шаардлагын хувьд:
Огноо | Боловсролын салбарт удирдах ажилтнаар ажилласан жил | Багшаар ажилласан жил | Ажил байдлын тодорхойлолт | |||||||||
5 оноо | 4 оноо | 3 оноо | 2 оноо | 1 оноо | 5 оноо | 4 оноо | 3 оноо | 2 оноо | 1 оноо | 5 оноо | ||
Шалгуур | 10-аас дээш | 6-1 жилд | 3-5 жилд | 1-2 жилд | 0,1-1 жилд | 15-аас дээш | 10-15 жилд | 8-10 жилд | 5-7 жилд | 1-4 жилд | Ажилд байдлыг тодорхойлолтыг үндэслэнэ. | |
Нэхэмжлэгч Д.Хоролгаравын хувьд багшаар 12 жил ажилласан байх бөгөөд дээрх хүснэгтийн дагуу 4 оноо, боловсролын салбарт удирдах албан тушаалд ажилласан жилийн хувьд 2007 оны 8 дугаар сараас эхлэн ажилласан байх бөгөөд сонгон шалгаруулалт хүртэл 11 жил 3 сар ажилласан тул 5 оноо тавьсан байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийг 10.9 жил ажилласан гэж бичсэн нь алдаатай боловч 11 жил 3 сараар тооцсон ч энэ хэсгийн оноонд өөрчлөлт орохооргүй байна.
Гуравдагч этгээд А.Туяасайханы хувьд багшаар 17 жил ажилласан байх бөгөөд дээрх хүснэгтийн дагуу 5 оноо, боловсролын салбарт удирдах албан тушаалд ажилласан жилийн хувьд 12 жил ажилласан тул 5 оноо тавьсан нь зөв байна.
Мэргэшлийн шаардлагын хувьд:
Огноо | Дипломын сургалт | Мэргэшил дээшлүүлсэн батламж, сертифакын тоо | |||||||
3 оноо | 7 оноо | 6 оноо | 5 оноо | 4 оноо | 3 оноо | 2 оноо | 1 оноо | 0 оноо | |
Шалгуур | УА болон холбогдох сургуулиар мэргэшсэн бол 3 оноо | 15-аас дээш | 11-14 | 9-10 | 7-8 | 4-6 | 2-3 | 1 | 0 |
Нэхэмжлэгч Д.Хоролгаравын хувьд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэх 2014 оноос хойшхи 3 сертификат, 2013 оноос өмнөх 2 сертификат /2006, 2010 оны/, 3 илтгэлийн уралдаанд оролцсон баримт, тэргүүлэх зэргийн багшийн үнэмлэхийг тус тус ирүүлсэн байх бөгөөд дээрх хүснэгтийн дагуу 3 оноо өгсөн байна.
Зүй нь 2013 оноос өмнөх 2 сертификат /2006, 2010 оны/, 3 илтгэлийн уралдаанд оролцсон баримт, тэргүүлэх зэргийн багшийн үнэмлэхийг үнэлэх ёсгүй байсан бөгөөд харин “сүүлийн 5 жилийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт” гэж заасны дагуу 2013 оны мэргэшүүлэх сургалтын баримтыг авч тооцон үнэлэх байжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 онд 3 удаагийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан талаар баримт ирүүлсэн /хх-176, 188, 195/ тул эдгээр сертификатийг оруулан нийт 6 сургалтад хамрагдсан тул 3 оноо авахаар, өөрөөр хэлбэл үнэлгээнд өөрчлөлт орохооргүй байна.
Гуравдагч этгээд А.Туяасайханы хувьд Удирдлагын академийн нийгмийн удирдлагын мэргэжүүлэх дипломын сургалтыг 2005 онд суралцан төгссөн, 2013 оноос хойш 7 мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх тул 7 оноо тавьсан нь зөв байна.
Бичгийн шалгалтын хувьд:
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комисс нь Нэхэмжлэгч Д.Хоролгаравт бичгийн шалгалтыг 4,5 оноогоор, гуравдагч этгээд А.Туяасайханд 8 оноогоор тус тус үнэлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзэхэд бичгийн шалгалтаар боловсруулсан тушаалын төслийг харахад илтэд буруу үнэлсэн гэж үзэхээргүй байх бөгөөд нөгөөтэйгүүр комиссын гишүүдийн өөрийн үзэмжээр оноо өгсөнийг шүүхийн зүгээс буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бичгийн шалгалтын онооны зөрүү 3,5 бөгөөд энэ нь нийт сонгон шалгаруулалтын дүнд нөлөөлөхөөргүй байгааг дурдах нь зүйтэй.
Улмаар маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18/03 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын албан тушаалд тэнцсэн иргэдийн нэрсийг онооны дарааллаар баталгаажуулсан нь Боловсролын тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан журамд нийцсэн байна.
Дээрх тогтоол гарсны дараа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Хоролгаравыг Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч Д.Ханх 2018 оны 01 дүгээр сард уг албан тушаалд томилогдохдоо сонгон шалгаруулалт хүртэлх хугацаагаар томилогдсон, улмаар зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрч өөрөө оролцсон зэргээс дүгнэхэд маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д “Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах”, 30 дугаар зүйлийн 30.1.15-д “Аймаг, НЗД тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус заасны дагуу Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдсан, Нийслэлийн Засаг даргын захирамж үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Хоролгараваас НЗД, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисст тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар “Нийслэлийн зарим төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын 2018 оны 18/03 дугаар тогтоолын хавсралтын Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуульд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны Б/85 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА