Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0629

 

 

 

 

 

 

 

 

                          “С” ХХК-ийн гомдолтой

                                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагч “С” ХХК болон хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А

Гомдол гаргагч: “С” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 656 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, С.Х, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э

Хэргийн индекс: 128/2023/0608/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “С” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0002363 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 656 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 14 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А нь шүүхээс тогтоосон 14 хоногийн хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч “С” ХХК нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. …Анх “СФ” ХХК-ийг шатахуун хязгаартайгаар худалдаж байх үед нэмэлтээр мах худалдан авбал шатахууны талон дагалдуулан худалдах болзол тулгасан гэж үзэн ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 0003009 дугаартай шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгөөр торгосон байдаг. Тус захиргааны актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс шийдэхдээ “...дан ганц “СФ” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай, “С” ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй учраас шүүх энэ ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна … хоёр хуулийн этгээдэд шийтгэлийг буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулсан захиргааны актыг 58 хоногийн дотор шинээр гаргах үүргийг ШӨХТГ-т даалгаж” шийдвэрлэсэн.

3.2. Энэхүү тогтоолыг үндэслэн хариуцагч нь хоёр хуулийн этгээд тус бүрийг буюу “С” ХХК-ийг мөн адил 20,000,000 төгрөгөөр торгосон 0002301 дугаартай шийтгэлийг хуудсыг 2022 оны 08 сарын 22-ны өдөр гаргасан байдаг. Энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар “С” ХХК-аас гомдол гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдсэн бөгөөд дахин шинэ акт гаргах хүртэл шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.3. Гэтэл хариуцагч нь шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн 30 хоногийн хугацаанд түдгэлзүүлсэн актын дугаарыг сольж, яг адил шийтгэлийн хуудсыг дахин гаргасан. Тодруулбал, хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг талаар тодруулах үүргээ биелүүлээгүй.

3.4. Ийнхүү ШӨХТГ, улсын байцаагч Л.А нь “С” ХХК-д 2 удаа шийтгэлийн хуудас бичихдээ яг адил үндэслэлээр, яг адил торгох ялыг оногдуулж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байхад анхан шатны шүүхээс дахин шинэ акт гаргах хүртэл 14 хоногийн хугацаанд 2 дахь актыг түдгэлзүүлж шийдэж байгаа нь шүүх тус хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж байна гэж үзэхээр байна.

3.5. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн №221/МА2023/183 дугаартай магадлалаар шинэ акт гаргах хүртэл 30 хоногийн хугацаанд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдсэн байхад хариуцагч нь энэ хугацаанд хэргийн нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа огт хийлгүй, дахин яг адил шийтгэлийн хуудас гаргасныг захиргааны шинэ акт гаргасан гэж үзэхгүй. Ингэснээрээ ШӨХТГ-ын урьд гаргасан шийтгэлийн хуудас хүчингүй болохоос гадна 2 дахь удаагийн гаргасан адил үндэслэл бүхий захиргааны акт мөн адил хүчингүй болсон.

3.6. Энэ тохиолдолд анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох байсан боловч дахин 14 хоногийн хугацаанд шинэ акт гаргахыг ШӨХТГ-т даалгаж байгаа нь үндэслэлгүй байна.

3.7. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн ямар нөхцөл байдлыг тодруулах нь тодорхой биш, энэ талаар дүгнээгүй атлаа шинээр акт гаргахыг даалгаж байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгааг илтгэж байна.

3.8. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 30-ны өдрийн №128/ШШ2023/0656 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0002363 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. …Анхан шатны шүүх нь “...Хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1. “зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн … Угтаа зөрчил нь нэг үйлдлээр илрэх ба нэг нь нөгөөгөөс хамааралтай буюу хуулийн этгээдүүд нь тус бүрдээ зөрчил үйлдээгүй, хоорондоо шалтгаант холбоотойгоор зөрчлийг хамтран үйлдсэн нь тогтоогдсон байхад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан … хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зүйлчлэн дахин хорин сая төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1. “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээнд тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчим болон 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасанд нийцэхгүй юм” гэж дүгнэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.2. Эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.1.3-т “нэг зөрчлийг хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих” гэж тус тус заасныг баримтлан “СФ” ХХК-д шийтгэл оногдуулсан зүйлчлэлийн дагуу “С” ХХК-д шийтгэл оногдуулсан.

4.3. Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад торгох шийтгэлийн хэмжээг сонгох боломжтой байдлаар зохицуулаагүй юм.

4.4. Гэтэл анхан шатны шүүхээс “С” ХХК-д дахин хорин сая төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу “С” ХХК-д шийтгэл оногдуулсаныг анхан шатны шүүхээс үгүйсгэхдээ Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.1.3-т заасан үндэслэл, журамд ямар нэг дүгнэлт өгөөгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.5. Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмын дагуу нэг зөрчлийг хамтран үйлдсэн хэд хэдэн холбогдогчид тус бүрд нь шийтгэл оногдуулна гэж заасан байтал Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан торгох шийтгэлийн хэмжээг хувь тэнцүүлэн /хуваах гэж ойлгогдохоор/ тухайн зөрчил үйлдсэн хоёр хуулийн этгээдэд оногдуулахаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.6. Иймд анхан шатны шүүхээс “С” ХХК-д шийтгэл оногдуулсын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаартай шийтгэлийн хуудсыг 14 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0656 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч “С” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0002363 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

2.1. Хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан  “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” зөрчил гаргасан гэж үзэн, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.2. Гомдол гаргагч “С” ХХК-аас маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын үндэслэлээ “...захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь ...20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, маргаан бүхий захиргааны актын алдааг засаж, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байхад ...өмнө гаргасан алдаатай шийдвэрээ дахин давтаж, ...шүүхийн шийдвэр биелэгдэх буюу ...албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүргээ үл биелүүлсэн” гэж, хариуцагчаас “...эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ...”Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.1.3-т тус тус заасныг баримтлан шийтгэл оногдуулсан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

3. Маргааны тухайд анх “Сф” ХХК-аас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн  төлөө газрын 2021 оны 0003009 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор “...шатахуун нэмэлтээр худалдсан үйлдэлд дээрх хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг салгаж үзэх боломжгүй, харилцан холбоотой буюу “С” ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд “Сф” ХХК-аас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хоёр хуулийн этгээд хамтран хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагчаас дан ганц “Сф” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай” гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.1. Тус Тогтоолын дагуу хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0002301 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг “С” ХХК эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалаар “...уг тогтоолоор нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг нэгэнт зөрчил гаргасан болохыг дүгнэсэн байхад шүүхээс гуравдагч этгээд “Сф” ХХК-д нөхөн шийтгэл ногдуулах боломжгүй” гэж үзэн маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 183 дугаар магадлалд дурдсаны дагуу хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002363 дугаар шийтгэлийн хуудсыг гаргаж, “С” ХХК-ийг ...заасны дагуу 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг тус компани эс зөвшөөрч “...маргаан бүхий нөхцөл байдлыг дахин тодруулж, өмнө гаргасан алдаатай шийдвэрээ засах боломж олгож, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн атал хариуцагч нь маргаан бүхий актыг хуульд нийцүүлэн өөрчлөх үүргээ хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан үйл баримт нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

4. Анхан шатны шүүхээс “... “С” ХХК нь зөрчил гаргасан нь тогтоогдсон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.10-т зааснаар зөрчилд эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч шийтгэл оногдуулах эрх хэмжээг хуулиар олгосон энэ тохиолдолд улсын байцаагч нь шүүхийн шийдвэрийн дагуу удаа дараа шинэ акт гаргахдаа алдаатай акт гаргасан, хууль зөрчсөн үндэслэлээр маргаж байгаа шийтгэлийн хуудсыг шүүх хүчингүй болгож, зөрчил гаргасан хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, ...торгуулийн хэмжээг шүүх өөрчлөх боломжгүй” гэж үзэн ...шийтгэлийн хуудсыг 14 хоногийн хугацаагаар дахин түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.1. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргаанд өгч буй түр зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, шүүхээс нөхцөл байдлыг тогтооход ихээхэн хэмжээний ажиллагаа шаардсан, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх ёстойгоос гадна нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргаа хүлээх нь илүү үр дүнтэй бөгөөд ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд уг зүйл заалтыг хэрэглэхээр заасан.

4.2. Гэтэл анхан шатны шүүх захиргааны байгууллага нь хэргийн ямар нөхцөл байдлыг нэмж тодруулах шаардлагатай талаар аливаа дүгнэлт хийгээгүй хэрнээ нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 14 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

4.3. Тодруулбал, хариуцагч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 183 дугаар магадлалд заасны дагуу дахин шинэ акт гаргасан байхад анхан шатны шүүхээс дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

4.4. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “...хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгайлан зохицуулснаас үзэхэд торгох шийтгэлийн хэмжээг сонгох боломжгүй буюу хувь тэнцүүлэн торгох шийтгэл оногдуулах талаар зохицуулаагүй байна.

4.5. Иймд Зөрчлийн тухай хуулийн  2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь ...зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заасны дагуу гомдол гаргагчийн гаргасан зөрчилд холбогдуулан хариуцагч улсын байцаагчаас оногдуулсан шийтгэлийн хуудас нь үндэслэл бүхий байх тул гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

5. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмын дагуу зөрчлийн хамтран үйлдсэн хэд хэдэн холбогдогчид тус бүрд нь шийтгэл оногдуулахаар хуульчилсан байхад “...хорин мянган нэгжтэй тэнцэх торгуулийн хэмжээний хувь тэнцүүлсэн хэсгийг оногдуулах замаар дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд нийцээгүй байна.

 Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд   нь  хангаж,  шүүхийн   шийдвэрийг   хүчингүй  болгож,   гомдол   гаргагчийн

 

төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С” ХХК-аас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0002363 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Л.А-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “С” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөг нийт 140400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

      ШҮҮГЧ                                              Т.ЭНХМАА

        ШҮҮГЧ                                             Н.ХОНИНХҮҮ

        ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН