Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 52

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

         Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх, Б.Оюунтунгалаг

         Шүүгдэгч В.М  

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч В.М , шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын давж заалдах гомдлоор В.М , Н.М  нарт холбогдох 1728000600075 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

         Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1971 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “Холч монгол” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р баг, 43 дугаар байрны 32 тоотод оршин суух, урьд нь

-1999 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, аймгийн шүүхийн 33 тоот магадлалаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

       -2002 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 153 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн,

       -2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Хээхий овгийн В.М , регистрийн дугаар .....................,

        Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1974 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг,  ................................. оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ламаачин овгийн Н.М , регистрийн дугаар ........................,    

          Шүүгдэгч В.М , Н.М  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр орон сууцны 65 тоотод хохирогч Х.М ын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар бэхжүүлсэн, сидинд хуулбарласан ярианы бичлэгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар тогтож, шүүгдэгч В.М , Н.М  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.М , Н.М  нарт  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар В.М , Н.М  нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.М , Н.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.М д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаанаас хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

          Шүүгдэгч В.М  давж заалдах гомдолдоо: ...Миний бие 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Өмнөговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/106 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож ял халдааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  энэхүү гомдлыг гаргаж байна.

         Намайг яллах гол үндэслэл нотлох баримт болгож байгаа хохирогч Х.М ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь зөрүүтэй ойлгомжгүй байхад нарийн бодитой үнэлэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Х.М ын биед үүссэн гэмтлүүдийг  хэн, хэрхэн үүсгэснийг нотлох хангалттай баримтаар нотлоогүй, гэмтэлгүй байсан талаар гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй.

          Х.М ын биед үүссэн гэмтлүүдээс миний үйлдлээр ямар гэмтэл үүссэнийг тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад бусадтай бүлэглэн хөнгөн гэмтэл учруулсан болгож надад халдаасан ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж В.М ыг Х.М ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж зааснаар нотлох баримтуудыг шалгаж үнэлэлгүй гэм буруутайд тооцох үндэслэл болгосон Х.М ын хохирогч, гэрчээр 2017 оны 09 дүгээр сарын 01, 04-ний өдрүүдэд зөрүүтэй өгсөн мэдүүлгүүд, мөн Х.М  нь тухайн зодуулсан гэх үед хажууд нь гэрч нарыг байсан гэдэг боловч  Б.Н , Ц.Г , З.Э , Н.Э  нар гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгтээ хамт байгаагүй гэдгээ хэлсэн байдаг.

Гэрч нарын мэдүүлэг Х.М ын мэдүүлгийг давхар нотлохоосоо илүүтэйгээр няцааж үгүйсгэсэн, В.М ын мэдүүлгийг илүү нотолсон мэдээллийг агуулдаг. Тодруулбал тус өдөр эргүүл хийсэн болон жижүүрт гарч байсан цагдаа нарыг гэрчээр асуусан байдаг бөгөөд тэд “Мандахбаярын биед ямар нэг шарх сорви байгаагүй, эмчид үзүүлж үзлэг хийлгэх үү гэхэд зүгээр байна гээд байсан. Эрдэнийн гүн төвийн гадаа очиход ямар нэгэн зодоон цохион болсон гэхээр зүйл ажиглагдаагүй гэдэг”.  Мөн байрны хүмүүс ямар нэг дуу чимээ  гараагүй гэдэг.

Х.М ын биед хүн халдах гээд хашхираад байсан уу, зүгээр өөрөө хашгираад байсан уу гэдгийг нотолдоггүй. Иймд дээрх байдлаар хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байхад түүнийг үнэлэн ял халдаасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  

Мөн шинжээч Д.Долгормаа нь гэрчээр мэдүүлэхдээ: “...Х.М т учирсан хүзүүний баруун ар хэсэг, баруун бугалга, зүүн шуу цус хуралт гэмтэл нь 3-аас дээш хоногт, бусад гэмтлүүд нь өөр өөр цаг хугацаанд үүссэн байх боломжтойг харуулж байх бөгөөд яагаад нэг цаг хугацаанд В.М , Н.М  нар нь үүсгэсэн гэж шүүх дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Иймээс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж В.М ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн зүгээс хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэж давж заалдах гомдол гаргадаг. В.М , Х.М ын хооронд таарамжгүй харьцаа үүссэн байдалтайгаар зууралдсан байсныг нотолж гэрч Б.Н  мэдүүлсэн байдаг. В.М  бүгдээрээ гарцгаа гэж хэлснээр өрөөнөөс хүмүүс гарсан байдаг. Мөн Х.М  орон сууцны шатаар доошоо уруудаад зугтаахад хойноос нь В.М  буусан гэдгийг мэдүүлдэг. Б.Н , Х.М , В.М  нарыг Арвин сан, Эрдэнийн гүн төвийн ард хажууд очсон гэх байдлуудыг гэрч Б.Н  мэдүүлдэг. Б.Н гийн мэдүүлэг, мөн гэрч Ц.Г , Ж.Х , мөн байрны оршин суугч Н  нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Энэ үйлдэл шөнийн цагт болсон байдаг. Заавал байрны оршин суугчид маргааны талаар мэдсэн байх албагүй. Гэхдээ Н  нь аллаа, цагдаа дуудаарай гэж хашхирсныг сонссон талаар мэдүүлэг өгсөн байдаг. Шүүгдэгч Н.Мөнгөндуулгын хувьд өөрөө зодсон, цохисон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг байхгүй. В.М ын мэдүүлгийг үгүйсгэсэн гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нь нотлох баримтуудаар В.М , Н.М  нар нь хохирогч Х.М ын эрүүл мэндэд хохирол учруулсан нь хавтаст хэргийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шинжээч эмч заавал Х.М т учирсан гэмтлийг 08 дугаар сарын 31-ний өдөр гэснийг 09 сарын 01-ний өдөр гэж тоочин дурдаж дүгнэлт гаргах шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Тэдээс тэд хоногт үүссэн байх боломжтой гэдэг байдлаар дүгнэлтээ тодруулж мэдүүлэг өгсөн. Ийм учраас Х.М т В.М , Н.М  нар нь бүлэглэн хөнгөн хохирол учруулжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан. Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаад шүүх хурлаар хэргийг хэлэлцэж байна. Хэрвээ энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзвэл шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хуульд заасан үг, үсэг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр босон гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

          Шүүгдэгч В.М аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед болсон асуудлын талаар Х.М , Н.М  хоёрын хоорондох маргааныг би салгасан. Би Х.М ыг оффисоос гараад яв гэсэн шаардлагыг тавьж, хэлж гуйсан.  Хохирогч Х.М ын бие, эрх чөлөөнд халдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Х.М ыг санаатай зодох гэсэн санаа сэдэл байгаагүй. Н.М  нь архины шил барьж, зодолдсон зүйл байхгүй. Харин заамдалцсан, барилцсан зүйл бол байсан. Х.М ын хажууд би байсан болохоос тэр хүний бие эрх чөлөөнд халдаж, санаатай бүлэглэн, хөнгөн гэмтэл учруулаагүй.  Би ямар нэгэн байдлаар худлаа хэлж мэдүүлсэн юм байхгүй. Тэр өөрөө цагдаа дээрээс яваад өөр хүнтэй зодолдсон байх магадлалтай. Яагаад гэхээр их согтсон байсан. Мөн агсан согтуу тавьсан байх магадлалтай юм. Өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2017 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө болсон  хэргийн талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдах явцад өмгөөлөгчөөр оролцож байсан. Бүлэглэн, бусдын биед хөнгөн гэмтэл хохирол санаатай учруулсан гэх хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар удаа дараа прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан. Энэ хэрэг  болсноос хойш 1 жил 5 хоног өнгөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч Н.М  нь В.М тай бүлэглэж, хохирогч Х.М ын биед халдаагүй, гэдгээ удаа дараагийн мэдүүлгээр болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлж байсан. Ийм байдлаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн бүлэглэсэн гэх асуудлыг нотлох баримтын хэмжээнд бүрэн үнэлж, эцсийн шийдлийг гаргаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний  өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн  учраас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.М  нь В.М тай бүлэглэж хохирогч Х.М ын биед янз бүрийн гэмтэл учруулаагүй юм. Би өөрөө зодсон гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм байдлуудыг ялган салгаж, шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна. Хэргийн хүрээнд Х.М т учирсан гэмтэлтэй холбоотой шинжээч эмчээс авсан тайлбар Х.М т учирсан хүзүүний гэмтэл, баруун бугалга, зүүн мөрний гэмтэл нь  3-аас дээш хоногт бусад гэмтлүүд 1-3 хоногт үүссэн байх боломжтой гэж гаргасан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд гэмтэл нь хэзээ, хаана, хэрхэн, яаж үүссэн нь эргэлзээтэй. Хэргийн хүрээнд Х.М  нь тухайн үйлдэл болсны  дараа шууд Цагдаагийн газар очсон байдаг. Цагдаагийн газар очсоны дараа жижүүр, ахлах офицер Түвшинтөр нь танд ямар нэгэн гэмтэл шарх учирсан уу, биед чинь үзлэг хийх үү гэж асуухад би бол зүгээр байна. Ямар нэгэн гэмтэл шарх учраагүй гэсэн зүйлийг хэлдэг. Ямар нэгэн байдлаар хавирга хугарсан гэх зовиур өөрт нь илрээгүй байсан талаар мэдүүлдэг. Маргааш нь Х.М ыг Цагдаагийн газар очоод байж байхад түүний төрсөн ах очиж авсан байдаг. Мөн Х.М ын биед ил харагдах шарх, сорви гэмтэл  байгаагүй талаар гэрч нар мэдүүлдэг. Эдгээр гэмтлүүд В.М , Н.М  нарын үйлдлээс болж учирсан гэж үзэх нь эргэлзээтэй байгаа учраас хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь магадлан хооронд харьцуулан шинжлэн судалж, хэргийн бодит байдлыг тогтооно гэдэгт итгэлтэй байна. Гэрч нарын мэдүүлэг нь  Х.М ын мэдүүлгийг үгүйсгэсэн, нотлох баримт давамгайлсан. Хэргийн үйл баримтын талаар Х.М  нь худал мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл В.М  нь хоёр хүнийг дуудаж авчраад зодуулах гэсэн, хутга барьсан гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг боловч тэр хоёр хүн нь Х.М тай хувийн журмаар өөрсдөө очиж уулзах гэж очсон хүмүүс байдаг. В.М тай ямар нэгэн холбоогүй болохыг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Эдгээр бусад нотлох баримтаар Х.М ын мэдүүлгийг харьцуулан шинжлээд үзэхэд эх сурвалж нь тодорхойгүй, үнэн зөв гэхэд эргэлзээтэй байгаа учраас В.М , Н.М  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч В.М , түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

             Шүүгдэгч В.М , Н.М  нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 31-ээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр орон сууцны 65 тоотод хохирогч Х.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          В.М , Н.М  нарын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

          Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын хэмжээнд нийцүүлэн анхан шатны шүүхээс тэдэнд торгох ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд нийцжээ.

           В.М , Н.М  нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11203 дугаартай дүгнэлт, шинжээч, хохирогч, гэрч Х.М , гэрч Б.Н , Ж.Х , Ц.Г , Д.Ганзориг нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж хэргийн нөхцөл байдал, тухайн үйл баримтад анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч В.М , түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Харин шүүгдэгч нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө болсон байна.   Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг тоолох журмыг зааснаас үзэхэд В.М , Н.М  нарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байна. 

            Иймд Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг , мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

          Шүүх хуралдаанд оролцсон прокуророос “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй учир хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй” гэж дүгнэлт гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж заасан байх тул прокурорын “хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй” гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

           А.. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.М ад 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Н.М д 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар хуулийн 1.2-т зааснаар В.М , Н.М  нарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

           Б. Шийтгэх тогтоолын 4, 5 дахь заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгосугай гэж,

           В. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.М , Н.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар В.М , Н.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож” гэж тус тус өөрчилсүгэй.                                                                     

           2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч В.М , түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын “В.М  нь гэмт хэрэг үйлдээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          П.ДОЛГОРМАА

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА