Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00988

 

Я.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03640 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 515 дугаар магадлалтай,

Я.Н-гийн нэхэмжлэлтэй,

“Ш” СӨХ-д холбогдох,

Цалин 4.725.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэрэнжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 дугаар шийдвэрээр Я.Н-г Ш СӨХ-ны харуулын ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1.215.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Я.Н-д олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр Я.Н-д 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1.215 000 төгрөгийг олгосон. ч Ш СӨХ нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Я.Н-г ажилд авсан гэх тушаалыг шийдвэр гүйцэтгэгчид өгсөн байсан. Шийдвэр гүйцэтгэгч нэхэмжлэгчийг 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дуудсан бөгөөд энэ өдрөөс хойш Я.Н- 2 удаа гараанд гарсан. Хэдийгээр ажилд авсан тушаал гаргасан ч шүүхдэлцсэн зэргээс цаашид ажиллахад хүндрэлтэй байна гэж байсан ба ажил олгогчтойгоо ярилцаад Я.Н- 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн байгаа. Тэрээр 1 удаагийн гараанд 45.000 төгрөгийн цалин авдаг. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 105 удаагийн гарааны 4.725.000 төгрөгийг Ш СӨХ-с гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгэж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Ш” СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: Я.Н- нь Ш СӨХ-д харуул хамгаалалтын ажилтнаар 2013 оноос ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, сахилгын зөрчил гаргасан шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 тоот шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон ба дээрх шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 444 тоот магадлал, Улсын Дээд шүүх 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоолоороо тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Я.Н- нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр халагдсан бөгөөд уг өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор шаардах эрх үүсэх бөгөөд ийнхүү шаардлага гаргасны дагуу түүнийг ажилд эргүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4042 тоот шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдаж улмаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаар хүчин төгөлдөр болжээ. Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаас хойш ажилтан эрх нь үргэлжлэн зөрчигдсөөр байна гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах зохицуулалтын дагуу Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаас хойш гурван сарын дотор гаргах ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Я.Н- нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргаж байгаа нь түүнийг ажлаас халагдсан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 10 сарын дараа, талуудын хөдөлмөрийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 994 тоот тогтоол гарснаас хойш 4 сарын дараа шаардлага гаргаж буй явдал юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасантай нийцэхгүй байна. Иймд Я.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03640 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Я.Н-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.725.000 төгрөгийг хариуцагч Ш СӨХ-с гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Н-гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ш СӨХ-ны гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш СӨХ-с 90.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 515 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03640 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэрэнжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03- ны өдрийн 101/ШШ2018/03640 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 515 тоот магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд маргааны талаар гомдол гаргах хугацааг зохицуулсан байх бөгөөд 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харвал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байх бөгөөд шүүхэд гомдол гаргах хугацаа нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор байхаар хуульчилжээ. Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 тоот тогтоол гарснаас хойш ажилтан эрх нь үргэлжлэн зөрчигдсөөр байна гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан  зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 тоот тогтоол гарснаас хойш 3 сарын дотор гаргах ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Я.Н- нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргаж байгаа нь түүнийг ажлаас халагдсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 10 сарын дараа, талуудын хөдөлмөрийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 тоот тогтоол гарснаас хойш 4 сарын дараа шаардлага гаргаж буй явдал юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасантай нийцэхгүй байна. Хуульд заасан гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэдгээ нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч “бид улсын дээд шүүхийн тогтоол гарсан гэдгийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн тиймээс 2018 оны 10 дугаар сарын 15-н буюу 3 сар болохоос өмнө амжиж гомдлоо шүүхэд гаргасан” гэж тайлбарлаж маргасан. Хариуцагч хугацаа хэтрүүлснээ ийнхүү хүлээн зөвшөөрч Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/00994 тоот тогтоол гарсныг мэдээгүй гэж тайлбарлаж байхад шүүх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөр нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэж үүнээс хойш гомдол гаргах хугацааг тоолон нэхэмжлэлийг хугацаандаа гаргасан гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03640 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 515 тоот магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Я.Н- нь хариуцагч “Ш” СӨХ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.  Хариуцагч  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн тайлбар гаргажээ.  

Нэхэмжлэгчийг Ш СӨХ-ны харуулын ажилд эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 4042  дүгээр шийдвэр хуулийн хүчинтэй байна /хэргийн  5-15 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцна.

Түүнчлэн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч  ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан  өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны цалинтай тэнцэх  олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн  буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг  ажилгүй байсан хугацаанд нийт 105 гараанд гарах байсан,  1 удаагийн гараанд ногдох цалинг 45.000  төгрөгөөр тооцож, хариуцагчаас 4.725.000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцон зохих байгууллагад шилжүүлэн дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт  Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

Ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй тул энэ  талаарх  гомдол үндэслэлгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул  шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03640 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 515 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Цэрэнжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 90.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ