Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/138

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 2135000000131 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Бын Э /РД: ОР02211111/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Б.Э нь Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр баг 205 тоот хашаанд байрлах хохирогч М.Цын хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрт 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар буюу гэрийн тооноор нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн авдарыг эвдэж, тухайн авдарт байсан Хаан банкны виза картыг нууцаар, хууль бусаар авч, улмаар уг картаас 217,200 төгрөгийн гүйлгээ хийж хохирогч М.Цд 217,200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багийн 205 тоот хашаанд байрлах хохирогч М.Цын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн авдрыг эвдэж, тухайн авдарт байсан Хаан банкны виза картыг нууцаар, хууль бусаар авч, улмаар уг картнаас 217.200 төгрөгийн гүйлгээ хийж хулгайлсан болох нь:

1. Хохирогч М.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би нөхөр Сайнбаярын хамт 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд Хяргас сумын 4 дүгээр баг 205 тоот хашаанд байх гэрээсээ гарч Хяргас сумын 2 дугаар багт байх малын гэр лүүгээ явсан. Харин гэрт хүү З ганцаараа үлдсэн юм. Тухайн өдрийн 14 цагийн орчимд би хүү Зын гар утас руу залгаад “Миний хүү гарч ирэхдээ дэлгүүр ороод талх, чихэр зэрэг ойр зуурын хэрэглээний юм аваад ир. Ээж нь 2 хоноод төв рүү орно. Карт авдар луу хийгээд үлдээчих” гэж хэлчхээд гар утасныхаа дуудлагыг тасалсан. Би сумын төв рүү 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд орж ирсэн бөгөөд сумын эмчтэй уулзаж “вакцин хийж байгаа юу? гэж асуухад “хийж байгаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүү Зын гар утас руу залгаж “чи дүүгээ дагуулаад ир, маргааш вакцин хийнэ гэнэ” гэж хэлээд утасныхаа дуудлагыг тасалсан. Удалгүй би сумын төвд байх гэртээ очиход тооно дээр байрлуулсан гялгар уут цоорчихсон байсан ба авдарын ар талын модыг эвдчихсэн байхаар нь авдраа онгойлгож үзэхэд миний цүнх болон ууттай дээл байсан боловч миний ХААН банкны карт байгаагүй. Авдар дээр алх сэрээ, хадаас байсан ба энэ зүйлсийг ашиглаж авдарын ар талыг эвдсэн юм байна, хэн орсон юм бол гэж бодож байгаад орхисон. Хүү З 22 цагийн орчимд дүүгийнхээ хамт гэртээ ирэхээр нь “манай гэрт хулгайч орсон юм шиг байна, чиний үлдээсэн банкны карт байхгүй байна, орж ирэхдээ тоононы гялгар уутыг цоолж орсон юм шиг байна” гэж хэлэхэд хүү З “Э л манай гэрийн тооноор ороо байлгүй, би хөдөө явахдаа таны картыг авдар луу хийж байхыг тэр харсан, би очиж уулзаад хүрээд ирье” гэж хэлээд гэрээс гарч явсан. Удалгүй хүү З гаднаас орж ирээд “Э авчихсан байж” гэж хэлээд надад ХААН банкны карт өгсөн. Тухайн үед бүх нийтийн амралтын өдөр байсантай холбоотойгоор банк ажиллахгүй байсан учир 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр банк ажиллаж эхлэхээр нь сумын төв орж дансныхаа хуулгыг авахад миний ХААН банкны 5817097929 тоот данснаас 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 7 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 217,200 төгрөгийг уншуулж авсан байсан. Тэр үед яарА мал руугаа буцаж явах ёстой байсан учир цагдаагийн газарт өргөдөл бичиж өгч чадаагүй юм. ...Этай таарч “чи яагаад эгчийнхээ картыг хулгайлж авсан юм бэ?” гэж асуухад “би авсан нь үнэн. намайг уучлаарай” гэж хэлэхээр би яваад өгсөн. Надад учирсан хохирлыг Э барагдуулаагүй байна. Манай гэрээс ганцхан миний эзэмшлийн ХААН банкны виза карт хулгайлагдсан байна. Түүнээс өөр ямар нэгэн эд зүйл хулгайлагдаагүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

-хохирогч М.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Миний виза картын нууц үгийг манай гэр бүлийн хүмүүс мэддэг. Нууц үг нь 2504 гэсэн тоотой. Би картынхаа нууц үгийг Э гэх залууд хэлж байгаагүй. Б.Э нь хүү С.Зыг дэлгүүрээс юм аваад картны нууц кодоо худалдагчид хэлж байхад хажууд нь зогсоод сонсож байсан гэж манай хүүхэд надад хэлсэн. ...Э нь миний хохирлыг барагдуулсан, надад нэхэмжлэх зүйл гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 24-р хуудас/,

2. Гэрч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний бие Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багт 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “Дэлгэр” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байна. Би гэр бүлийн гишүүдийн хамт 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн орчимд Хяргас нуур луу явсан ба 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд сумын төвд байх гэртээ ирсэн. Хашаандаа машинаа оруулах үеэр миний дэргэд нутгийн залуу болох Э хүрч ирээд “ахаа, хөдөө явах гэж байна, та дэлгүүрээ онгойлгоод өгөөч” гэж хэлэхээр нь би дэлгүүр лүү дагуулж ороход тэр залуу блок тамхи, хиам, талх, ундаа зэрэг 40,000 орчим төгрөгийн зүйл худалдаж аваад дэлгүүрээс гарч явсан. Эыг гарсны дараагаар би гэр лүүгээ орсон ба хөдөөнөөс авч ирсэн зүйлсээ цэгцэлчхээд унтах гээд хэвтэж байтал хашаа руу хүн давж орж ирэх шиг болохоор нь хувцас өмсөөд гэрээс гарахад Э зогсож байсан. Тэгэхээр нь би “юу болсон бэ?” гэж асуухад Э “ахаа, аавын захисан юмыг дутуу авчихсан байна. ...Буцаад ирлээ” гэж хэлэхээр нь дэлгүүр лүү дагуулж ороход ундаа, загас зэрэг 20,000 орчим төгрөгийн зүйл худалдаж аваад явсан. Тэр залуу тухайн үед хоёр удаа худалдан авалт хийхдээ ХААН банкны карт уншуулж байсан. Би Э нэртэй залууг танина. Тухайн залуу нь манай сумынх болохоор хүүхэд байхаас таньж мэднэ. Бид хоёрын хооронд хамаатан садны холбоо байхгүй. Би 2021 оны 7 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд хүнсний дэлгүүрээ ажиллуулаагүй. Намайг 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд сумын төв дээр ирэхэд Э хүрч ирж дэлгүүрээс юм худалдаж авсан. Түүнээс өөр ямар нэгэн хүнд би үйлчлээгүй. Харин би 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дэлгүүр дээрээ ганцаараа зогссон. Харин тухайн өдөр манай дэлгүүрээр Э үйлчлүүлсэн эсэхийг би сайн санахгүй байна. Манай хүнсний дэлгүүр дотор талдаа 2 хяналтын камертай. Би хяналтын камерууддаа завсар хийсэн болохоор 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс өмнөх бичлэг байхгүй. Худалдан авалт хийхдээ нутгийн дүү Э хэний эзэмшлийн карт уншуулсан болохыг хэлж мэдэхгүй байна. Одоо миний санаж байгаа зүйл бол Э ногоон өнгийн ХААН банкны карт надад өгч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

-Гэрч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Тухайн үед Б.Э нь манай дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ уншуулсан виза карт кодтой уншигдсан. Яг ямар код хэлсэн гэдгийг мэдэхгүй байна. Уг карт ногоон өнгийн Хаан банкны виза карт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

3. Гэрч С.Зын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэртээ байж байтал өдөр 13 цагийн орчимд ээж Ц миний гар утас руу залгаад “наашаа гарч ирэхдээ дэлгүүр ороод ойр зуурын хэрэглээний юм аваад ирээч, ээжийнхээ ХААН банкны картыг авдар дотор хийгээд үлдээчих” гэж хэлсэн. Гар утсаар ярьсныхаа дараагаар орон дээр хэвтээд унтаж байтал найз Э намайг сэрээсэн ба бид хоёр дэлгүүр лүү явж хөдөө авч явах юм худалдаж авахаар болсон. Гэрээс гарч явахдаа би авдар онгойлгож ээжийн цүнхнээс картыг нь аваад найз Эын хамт дэлгүүр лүү явсан. Дэлгүүрт очоод ойр зуурын хэрэглээний зүйл худалдаж аваад буцаад гэр лүүгээ явсан. Гэрт очоод ээжийн картыг цүнх рүү нь хийж, цүнхээ авдарт хийж цоожилсон. Тэгээд найз Эын хамтаар гэрээс гарч явсан ба сумын төвөөр хэсэг явж байгаад хөдөө гэр лүүгээ явсан. Ээж Ц 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд сумын төв рүү явсан. Сумын төв рүү орсноос хойш 2 цаг орчмын дараа ээж миний гар утас руу залгаад “чи дүүгээ дагуулаад ороод ир, маргааш вакцин хийлгье” гэж хэлсэн. Ойролцоогоор дүү бид хоёр тухайн өдрийн 22 цагийн орчимд сумын төвд байх гэртээ очсоны дараагаар ээж “манай гэрт хулгайч орсон юм шиг байна, чиний авдарт хийсэн виза карт алга, дээрээс нь тоононы гялгар уутыг цоолж орсон байна” гэж хэлсэн. Тухайн үед “намайг авдарт ээжийн виза карт хийхийг Э харсан болохоор манай тооноор орж Хаан банкны картыг хулгайлсан юм байна” гэж бодоод Этай очиж уулзаад ирье гээд гэрээс гарч явсан. Гэрээс гараад тэднийх рүү явж байтал Э гудамжинд явж харагдсан ба дэргэд нь очиж зогсоод “чи манай гэр лүү орсон юм уу, виза хаана байна” гэж асуухад Э ямар нэгэн юм хэлэлгүйгээр ээжийн картыг надад өгсөн. Би гэрт очоод Эаас авсан картыг ээжид өгсөн. Түүнээс хойш Этай таараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

4. Гэрч Х.Пын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд хөдөөнөөс сумын төвд байх гэртээ ирсэн. Гэртээ ирээд удаагүй байтал найз А миний гар утас руу залгаад “хаана байна андаа” гэж хэлэхээр нь би “төв рүү ороод ирчихсэн байна, чи хүрээд ирээч” гэж хэлээд утасныхаа дуудлагыг тасалсан. Удалгүй найз А, Э нар хүрч ирсэн ба Э цүнхнээсээ 1 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Архийг Э задалсан ба Э, А хоёр ууж эхэлсэн. ...Маргааш нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 07 цагийн орчимд сэрэхэд найз А “Э хаана байгаа юм бэ? миний мотоцикл яасан юм бэ?” гэж асуухаар нь би “мотоциклийн чимээ гарахаар нь сэрж гэрээс гарч харахад чиний мотоциклийг Э унаад явж байсан” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад бид хоёр Эыг олж уулзах гээд гэрээс гарч явсан. Гудамжинд явж байгаад найз Зтай тааралдахад “манай гэрийн тооноор Э ороод ээжийн картыг хулгайлж авсан байсныг өчигдөр мэдээд Эыг олж уулзаж картаа салгаж авлаа, согтуу чиний мотоциклийг унаж явахаар нь би булааж аваад хашаанд хүргэсэн. Манай хашаанаас очиж мотоциклоо аваарай” гэж хэлчхээд яваад өгсөн. Найз Аг би Зын гэрт хүргэчхээд хөдөө байх малын гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

5. Гэрч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 08 цагийн орчимд гэртээ байж байтал гаднаас найз Э орж ирээд мэнд асуугаад “мөнгө байна уу?, тамхины мөнгө байхгүй байна” гэж хэлэхээр нь өөрт байсан 30,000 төгрөгөөс 10,000 төгрөгийг найздаа өгсөн. Уг мөнгийг Э аваад гэрээс гарч явсан. Удалгүй 2.5 литрийн Брат нэртэй пиво, 2 хайрцаг тамхи авчихсан орж ирээд 1 хайрцаг тамхиийг нь надад өгөөд пивыг задалж аягалсан. Эын авчирсан пивыг хувааж уусны дараа найз Э манай гэрээс гарч явсан. Тухайн өдрийн 19 цагийн орчимд Э гаднаас орж ирээд “эмээгийн бие муудлаа, мотоциклоо өгчих” гэж хэлэхээр нь би мотоциклийнхоо түлхүүрийг өгч гаргасан. Найз Э 1 цагийн дараа буцаж ирэхдээ Зын хамт ирсэн ба мотоциклийн түлхүүрийг надад өгсөн. Бид гурав манай гэрт юм ярьж байгаад тэр хоёр 23 цагийн орчимд Зын мотоциклд суугаад манай гэрээс явсан.  ...орой 23 цагийн орчимд Э дахин манай гэрт ирэхдээ торонд 2.5 литрийн Брат нэртэй 3 сав пиво, хиам, ундаа, 1 блок тамхи зэрэг зүйлс хийчихсэн ирсэн. Тэгэхээр нь би “чи хаанаас энэ их юмыг авч ирсэн юм бэ? хаанаас мөнгө олсон юм бэ?” гэж асуухад Э “эмээгээсээ найз нь группын картаа авсан юм. Өлсөөд юм идмээр санагдахаар нь дэлгүүрээс загас, хиам авсан юм. Бас жоохон уумаар байна” гэж хэлсэн. Найзын авч ирсэн пивыг уугаад байж байтал найз Бгарав, М хоёр гаднаас орж ирсэн ба М “та ямар их юм авсан юм бэ?, хэн авсан юм” гэж асуухаар нь би “Э сая авчирлаа, эмээгээсээ группын картаа авсан гэсэн” гэж хэлэхэд найз М “чи хулгай хийчихсэн юм уу?, хаанаас ийм их юм худалдаж авах мөнгөтэй болсон юм бэ?” гэж асуухад Э эхэндээ “найз охиноосоо мөнгө авсан” гэж хэлж байсан. М “картаа аваад ир харъя” гэж хэлэхэд найз Э картаа гаргаад Мд өгсний дараагаар “саяхан манай эгч хотоос ирсэн, наадах чинь эгчийн карт” гэж хэлэхэд М картыг буцааж өгчхөөд надаас мотоциклийн түлхүүр аваад Бгаравын хамт гарч явсан. Тэр хоёрыг явсны дараагаар найз Эын авчирсан пивыг үргэлжлүүлэн ууж эхэлсэн бөгөөд нэг сэрэхэд өглөө болчихсон байсан ба Э миний унтаж байсан орны урдуур унтаж байсан. Сэрсний дараагаар цаг харахад 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг болж байсан. Тухайн үед “Шартаж үхлээ” гэж хэлэхэд найз Э гэрээс явсан бөгөөд удалгүй 2 бэлэн гоймон, 2 цэвэр ус, ундаа зэрэг зүйл авчихсан орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/,

7. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/,

8. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 15-р хуудас/,

9. “Увс финанс Аудит” ХХКомпанийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 209 дугаартай Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолтоор:

 -Увс аймгийн Улаангом суманд хуучин алх зах зээлийн дундаж үнэ цэнэ 2021 оны 8 дугаар сарын байдлаар 6,000 төгрөг болохыг тодорхойлов.

-Увс аймгийн Улаангом суманд хуучин хадаас зах зээлийн дундаж үнэ 2021 оны 8 дугаар сарын байдлаар 20 төгрөг болохыг тодорхойлов.

-Увс аймгийн Улаангом суманд төмөр сэрээ хуучин зах зээлийн дундаж үнэ 2021 оны 8 дугаар сарын байдлаар 500 төгрөг болохыг тодорхойлов” гэх үнэлгээ /хх-ийн 47-р хуудас/,

10. Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр З аав, ээж дээрээ очоод ирье гэж хэлээд миний хажууд ээжийнхээ цүнхэнд ногоон өнгийн виза карт цүнхлээд, авдартаа хийгээд гэрээ цоожлоод явсан. Урьд өмнө З нь ээжийнхээ ногоон өнгийн виза картыг дэлгүүрт уншуулаад ундаа, ус авч байсан бөгөөд би картны кодыг цээжилчихсэн байсан. Ингээд би тамхи авах мөнгө олох гээд Зын гэрт очиход хаалгыг нь төмөр цоожоор цоожилчихсон байсан бөгөөд тооноор орохоор шийдээд гэр дээр гартал тооно дээр гялгар уут битүү байсан тул тухайн уутыг би гараараа цоолж багана дамжиж буусан юм. Тухайн үед авдар цоожтой байсан тул зүүн талын хоолны шкаф дээр байсан халбага сэрээнээс нэгийг аваад мөн хадаас, алх гэх зүйл байсан тул тэдгээрийг авч авдрын ард хэсгийг тухайн сэрээ, алх хадаас зэргийг ашиглаж эвдсэн. Эвдээд авдар дотроос хөх өнгийн цүнх гаргаж ирээд цүнхэн дотроос улаан өнгийн түрийвч гаргаж ирээд дотроос нь ногоон өнгийн М.Ц гэх нэртэй виза карт аваад сандал давхарлаж тавьж байгаад буцаад тооноор гараад явчихсан. Гэрээс гараад Б гэх хүний дэлгүүр ороод тамхи, ундаа талх, хиам, пиво, зэрэг 217,200 төгрөгийн эд зүйл аваад гарсан. Тухайн авсан эд зүйлсээ аваад найз Птай уулзаад Агийн гэрт очиж тухайн эд зүйлсийг идэж уусан. Тухайн өдөр А бид хоёр тэднийд хоносон, өөр хүн хоноогүй, маргааш нь би Агийн гэрээс гараад явж байгаад Зтай таараад М.Ц гэх ногоон өнгийн виза картыг нь өгсөн юм. Би М.Ц гэх хүний виза карт авахаар ганцаараа явсан намайг хэн нэгэн хулгай хийсэн талаар мэдэхгүй. Би Зын ээж М.Ц гэх хүний виза карт авч 217,200 төгрөгийн эд зүйл авсан гэх талаар хэн нэгэнд хэлээгүй би найзууддаа Улаанбаатарт байдаг ах эгч нараас мөнгө ирсэн гэж хэлсэн юм. Би М.Цд учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамаарА, ач холбогдолтой нотлох баримт гэж шүүх дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багт байх хохирогч М.Цын гэрийн тооноор нэвтэрч, гэрт байсан авдрын ар талыг хадаас, сэрээ, алх зэргийг ашиглан эвдэж, авдар дотор байсан хохирогчийн цүнхнээс түүний ХААН банкны виза картыг хулгайлж авсан үйл баримт болжээ.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олж амьдрах гэсэн нөхцөл байдал, нөгөө талаас хохирогчийн орон гэрээ хараа хяналтгүй орхиж явсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл юм. Шүүгдэгч Б.Эын дээрх үйлдэл нь хохирогч М.Цын гэрийг эзгүй байгаа гэдгийг мэдэж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангахаас гадна “хүн байнга амьдрах зориулалттай орон байр” буюу хохирогч М.Цын гэрт нэвтэрч “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, ..хэрэглэж” буюу гэрт байсан авдрын ар талын хэсгийг тухайн айлын алх, сэрээ, хадаас зэргээр эвдэж онгойлгон эд зүйлийг авсан нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нь амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 217,200 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар бага хэмжээний хохирол учирсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заажээ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн” болох нь нотлогдон тогтоогдсон, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирлын талаар: Шүүгдэгч Б.Э нууц далд аргаар авсан хохирогч М.Цын гэрт нэвтрэн орж авдрыг эвдэж Хаан банкны виза карт авсан, улмаар түүний Хаан банкны виза картыг ашиглан гүйлгээ хохирогчид нийт 217,200 төгрөгийн хохирлыг учруулсан.

Хохирогч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Б.Э нь надад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх /хх-ийн 24-р хуудас/ мэдүүлгийг гаргасан, мөн шүүгдэгч нь 217,000 төгрөгийг хохирогч М.Цын 5817097929 тоот дансанд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкаар дамжуулан нөхөн төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Эыг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага болон бусад хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасны эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эын хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч П.Оийн “...Э багаасаа эцэг, эхийн хайр халамж амсаж өсөөгүй, тэнэмэл амьдралаар өсчихсөн, аав ээж нь тоохгүй бага наснаасаа хээр гадаа хоноод явж байдаг, гэр бүлийн хүмүүжил гэх зүйл байхгүй болохоор багаасаа хүний эд зүйл эд хөрөнгөд гар хүрдэг, чимээгүй хэлэхгүй авчихдаг байсан. Одоо том болоод ухаарах болов уу гэж бодохоор бодож байгаа зүйл байхгүй, аав, ээж нь мөнгө өгдөггүй тиймээс хаанаас мөнгө олох уу, яаж мөнгөтэй болох уу гэсэн бодлоос хулгай хийж эхэлсэн гэж би боддог юм. ...мориноос унаж чирэгдээд сүүж ясандаа гэмтэл аваад хамаг яс нь гэмтэж идээлээд Улаанбаатар хотод 2-3 сар орчим хэвтэж эмчлүүлээд ирж байсан. Мөн хоёр чихний хэнгэрэг цоорхой дүлий, хэзээ ямар оношоор гэх талаар мэдэхгүй, группт хамрагдсан гэх талаар сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/, гэрч Н.Эийн “...зан байдлын хувьд архи, тамхи хэрэглээд байдаггүй, үг дуу цөөтэй, олон хүнтэй харьцаад байдаггүй, тэгээд л явж байдаг хүүхэд юм. Э нээлттэй биш хүнтэй ярьж хөөрдөггүй, их хаалттай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /хх-ийн 74-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүх хуралдааны шатанд улсын яллагч шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргажээ.

Иймд шүүгдэгч Б.Э нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Эт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч М.Цын Хаан банкны виза картнаас 217,200 төгрөгийн зарлага хийж, тухайн мөнгөөр идэх, уух юм худалдаж авсан байх бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх тул тус мөнгийг шүүгдэгчээс гаргуулан хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай, шар өнгийн их биетэй алх 1 ширхэг, хадаас 1 ширхэг, хоолны сэрээ 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х ургийн овогт Бын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Эыг 1 /нэг/ жил  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 217,200 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас хурааж улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай, шар өнгийн их биетэй алх 1 ширхэг, хадаас 1 ширхэг, хоолны сэрээ 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН