Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогч В.А /цахимаар/, шүүгдэгч Н.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Нийн Ад холбогдох 2135000000117 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, 6 дүүгийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогт Нийн А, Регистрийн дугаар: ОК96122618.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогч В.Атэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар 2135000000117 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч В.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Мусса маркийн суудлын автомашинтайгаа Нямбат гэх залуугийн хамтаар Өндөрхангай сумын төвд орж ирсэн. Нямбат нь Өндөрхангай сумын төвөөс өөрийнхөө машиныг авна гэхээр нь би сумын төв рүү түүнийг оруулж өгсөн юм. Сумын төв орж ирээд Нямбат бид хоёр Н гэх найзынхаа гэрт очсон. Нтэй адуу малын талаар ярих яриа байсан болохоор очиж тэр яриагаа ярилцаж Нямбат, Н бид гурав нэг шил 0.5 литрийн цагаан архи хувааж уугаад дуусчихсан байхад манай сумын Уундар гэх танил залуу ганцаараа Нгийн гэрт орж ирсэн. Ундар ямар нэг согтууруулах ундаа хэрэглээгүй байсан болохоор би Ундараар өөрийнхөө машиныг бариулж бид хоёр Нгийн гэрээс гарсан. Тэгээд Ундар бид хоёр ШТСтанцаас шатахуун аваад Ундараар машинаа бариулж хөдөө гэр лүүгээ явж байхад сумын төвийн гудамжинд Нийн А тааралдаж машин дотор ороод суучихсан юм. Н.А надад “нэг мотоцикл олоод өгөөч, би ойр зуур юманд явах гэсэн юм” гэхээр нь би түүнд “би одоо ямар юмаа олж өгдөг юм, би одоо хөдөө явах гэж байна” гэж хэлчхээд Нгийн гэрийн гадна очиж зогсоод Ад “чи одоо машинаас буу, би хөдөө гэр лүүгээ явлаа” гэж хэлсэн. Ундар бид хоёр Нгийн гадна зогсож Ундарын мотоциклийг миний машинд ачиж явах гэж байсан болохоор би Ундарыг мотоциклоо аваад ир гээд явуулсан. Тэгээд Нгийн гэрийн гадна А бид хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. А бид хоёр Нгийн гэрийн гадна зодолдож байхад Н ирж салгасан байсан. А бид хоёр барьцалдаж хоорондоо зодолдож би газарт уначихсан байхад Н ирж салгасан. Би босоход миний нүд маш хүчтэй өвдөж байсан. А миний толгой, нүд рүү гараараа зодсон байх, өөр ямар нэг мод чулуугаар зодож цохиогүй. Миний баруун нүд, зүүн нүд рүү гараараа цохисон. Одоо миний баруун нүд их өвдөж юм харахгүй байна. Тухайн үед хадам эгч Жавзансэнгийг дуудаж тэдний гэрт нь очиж хоносон. Орой нь миний нүд өвдөөд, бие өвдөөд болохгүй болохоор нь эмч дуудаж биеэ үзүүлж тариа хийлгэж унтсан. 2021 оны 6 дугаар сарын 22-ны өглөө сумын их эмч М эмчид биеэ үзүүлэхэд М “таны баруун нүд гэмтсэн юм шиг байна, яаралтай Улаангом сум руу орж нарийн мэргэжлийн эмчид үзүүл” гэж хэлсэн. Одоо миний баруун нүд их өвдөж байна. Мөн толгой жаахан өвдөж байна. Өөр өвдөж байгаа зүйл байхгүй. Баруун нүд юм харахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

-хохирогч В.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би Ад зодуулсны улмаас миний баруун нүд гэмтэж хараагүй болсон. Би 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж нүдний хагалгаанд орсон. Нүдний юу нь гэлээ нэг эрхтэн хагарчихсан байна гэсэн. Цаашид Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Миний хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Атэй зодолдож байгаад нүдэндээ цохиулж нүд маань хараагүй болсон. Цаашид гарах хохирлыг Агээс нэхэмжлэх болно. Одоогоор хохирлыг тооцох боломжгүй байна. Ад гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

-хохирогч В.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би Улаанбаатар хот руу эмчилгээнд явж Сондра нүдний эмнэлэгт очиж биеэ үзүүлсэн. Эмч үзээд нүдний шарх нь эдгэрэхээр хагалгаанд орно. Нүдний цаана цус хуралттай байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод янз бүрийн хагалгаа, эмчилгээ хийлгээгүй хүрч ирсэн. Цаашид Улаанбаатар хот руу явж эмчид үзүүлж, нүдний хагалгаанд орно. Миний баруун нүд хараагүй болсон. Ямар нэг зүйлийг харахгүй байна. А надтай уулзаж хохирол гэж 3 сая төгрөг миний данс руу хийсэн. Цаашид Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул хичээн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна. Цаашид нүдний хагалгаанд орно. Нүдний хагалгаанд нэг удаа ороход 3 сая төгрөгийн төлбөртэй гэсэн. Би нүдэндээ гэмтэл авснаас одоогоор 3 сая төгрөгийн зардал гараад байна. Надад одоо гаргаж өгөх хохирлын баримт байхгүй байна. Улаанбаатар хот руу Өндөрхангайгаас морь ачсан машинд сууж яваад Архангай аймагт очсон. Тэгээд Улаанбаатар хотоос машин дуудаж хүргүүлсэн. Санал хүсэлт байхгүй. Гомдолтой байна. 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу явж эмчтэй уулзаж хагалгаанд орно” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

2. Гэрч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн орчим хөдөөнөөс А, Нямбат хоёр манай гэрт ирсэн байх. Тэр хоёр Аийн эзэмшлийн автомашинтай ирсэн ба сумын төвд ирсэн шалтгаан нь Нямбат манай хашаанд байсан өөрийнхөө машиныг манайхаас ирж авах гэж ирсэн байсан. Тэгээд хөдөөнөөс найз нөхөд гэрт орж ирэхээр нь би гэрт байсан 0.5 литрийн хэмжээтэй цагаан архи задалж бид нар хувааж уусан. Энэ үед хөдөөнөөс Ундар буюу С мотоциклтой манайд ирсэн. Архи уугаад дууссаны дараа Нямбат манай гэрт унтаж хоцорсон. Харин Соор А өөрийн машиныг бариулж хөдөө гэр лүүгээ явна гээд манайхаас тэр хоёр гарсан. С мотоциклоо манай гэрийн гадна орхиод Аийн машиныг С бариад явсан. Тэд нарыг явсны дараа би өөрийн машинтай голоос ус авахаар яваад усаа аваад гэрт ирэхэд манай хашааны гадна Аийн машин зогсож байсан. Би машинаас буухад манай хашаан дотор А нь А гэх манай сумын залуутай байсан. А надаас “мотоциклоо өгч байгаач” гэхээр нь би “өгч чадахгүй, хүн авч хөдөө явах гэж байгаа” гэж хэлээд өгөөгүй. Тэгээд манай хашаан дотор А, А хоёр маргалдаад яваад байсан. Сүүлдээ хоорондоо зодолдохоор нь би тэр хоёрыг очоод салгахад А ямар ч байсан Аийн нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. Намайг очоод салгасны дараа А нь Аээс зугтаад байсан. Харин А нь цохих гээд дайраад байсан. Тэр хоёр хашаан дотор болон гадна гараад л маргалдаад барьцалдаж байгаад сүүлдээ хоорондоо зодолдож эхэлсэн. Би тэр хоёрыг маргалдаж байхад хажууд нь байгаагүй. Согтуу хүмүүс маргалдаж байгаад явчих байх гэж бодоод гэрт гарч ороод явж байсан. Гэтэл Аийн нүүрнээс гарч байхаар нь цусыг угаагаад гэрт оруулсан. Харин А нь манай гэрийн гадна унтчихсан. А манай гэрт орж сууж байхдаа “миний нүд рүү цохичихлоо, нүд өвдөөд байна” гээд нүдэн дээрээ устай алчуур тавьж байгаад “дотор бүгчимдээд байна” гэж хэлээд гэрээс гарч гадна сууж байтал эгч нь болох Ж ирээд Аийг аваад явсан. А манай гэрийн гадна унтаж амарч байгаад 19 цагийн үед босоод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

3. Гэрч Б.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Эрүүл мэндийн төвд хүний толгой өвдөөд байна гэх дуудлагаар Ж гэх айлд очиход нэг эрэгтэй хүн толгой, нүүрээ алчуураар дарчихсан хэвтэж байсан. Тэр эрэгтэй хүн согтуу байсан. Тэр хүний биед үзлэг хийхэд хоёр нүд хавантай, зүүн нүдний доор шалбарсан шархтай, баруун нүдний зовхи унжсан байдалтай байсан ба зовхийг нээгээд харахад нүдний алим нь гэмтэлтэй, цус хуралттай байсан. Өөр ямар нэг ил харагдах шарх сорви байхгүй байсан. Биед нь толгой өвдөх, нүд өвдөхөөс өөр ямар нэг зовуурь байхгүй байна гэсэн. Даралт, пульс болон амин чухал үзүүлэлтүүд нь хэвийн байсан болохоор өвчин намдаах тариа, хордлого тайлах ренгер /дусал/-ийн уусмал хийж өгөөд, өвчин намдахгүй, толгой тархи нь өвдөөд байвал эргээд яриарай гэж хэлээд явсан. Би тухайн хүнээс “юу болсон юм бэ” гэж асуухад тэр хүн ямар нэг зүйл хэлж чадахгүй байсан. Өвдөлтөөсөө болсон уу, аль эсвэл архи их ууснаас болсон уу, ямар нэг зүйл хэлэхгүй байсан. Харин гэрт байсан эгч нь “өглөө энэ хүн хөдөөнөөс орж ирсэн, тэгээд одоо ийм байдалтай хүнд зодуулаад ирж байна, бид нар хэн зодсон талаар мэдэхгүй байна” гэж хэлсэн. Маргааш өглөө нь тэр залуу өөрөө ирж эрхлэгч эмч Мт биеэ үзүүлэхэд аймаг руу явах талаар зөвлөсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

4. Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 8 цагийн үед Аийн эгч нь залгаад гэрт ирээд үзээд өгөөч гэсэн дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу Ж гэрт очиж Аийг үзэхэд тогой өвдөх, баруун нүд юм харахгүй байна гэсэн зовуурьтай байсан. Тэгээд Аийн биеийг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, хоёр нүд хавдаж хөхөрсөн, баруун нүдний алим бүхэлдээ цус хурж улайсан, нүдний хар цагаан ялгагдаж харагдахгүй, нэлэнхүйдээ цус хурж хавдсан, өвчин эмзэглэл ихтэй байсан. Тэгээд сумын Эрүүл мэндийн төвд Аийг авч ирж эмчилгээ хийж аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Мөнхсоёлтой холбогдож зөвлөгөө авч яаралтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэх талаар зөвлөсөн ба аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү Аийг явуулсан. Би тухайн хүнээс “юу болсон юм бэ” гэж асуухад тэр хүн “архи уусан үедээ зодолдоод нүдэндээ цохиулсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

5. Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед сумын төв рүү хөдөөнөөс ганцаараа орж ирэх замд Бөө харган гэх газарт А таараад намайг дуудсан. Тэгээд А дээр очиход А нэг танихгүй хүнтэй 1 ширхэг 2.5 литрийн савтай пиво уугаад сууж байсан. Цаана нь дахиад 2 шил архи харагдаж байсан. Тэгээд А тэр танихгүй хүнтэй намайг танилцуулахад Баруунтуруун сумын Б гэдэг залуу байсан. А намайг “архи уу” гээд архи өгөхөөр нь би “ажилтай явж байна, би архи уухгүй” гэж хэлсэн. Тэгээд А “унаагүй болчихлоо, чи мотоциклоо надад өгчих, би ойрхон хөдөө явчхаад ирье” гэж хэлэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би унаагүй яах юм” гэж хэлэхэд А “тэгвэл чи намайг сумын төв оруулаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын төв оруулаад цэцэрлэгийн арын гудамж руу ороод төв гудамж руу орсон. Тэгтэл гудамжинд Өндөрхангай сумын иргэн П ах машинтайгаа зогсож байсан. Тэгээд А “П ах дээр очоод зогсчих” гэж хэлэхээр нь би П ахын хажууд очиж Аг буулгачхаад банк руу явчихсан. Тэгээд тэрнээс хойш Атэй уулзаагүй. А, Б хоёр нэлээн согтчихсон байсан. А, Б хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдож байсан зүйл байхгүй зүгээр юм яриад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

6. Гэрч А.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед сумын төвд гэртээ байж байтал хүргэн А над руу утсаар залгаад “намайг ирээд аваадхаач миний нүд юм харахгүй байна, би Нгийнд байна” гэж хэлэхээр нь би өөрийн машинтай охинтойгоо хамт Нгийнд очиход А Нгийн хашаанд байсан машины хажууд хэвтэж байсан. Тэгэхээр нь би А дээр очоод “юу болсон бэ, нүд нүүр чинь яачихсан юм бэ, нүднээс чинь цус гарчихсан байна” гэж асуухад “би Атэй зодолдсон” гэж хэлсэн. Тэгээд би А дээр очиход  А Нгийн гэрийн гадна унтаж байсан. Тэгээд би Аийг “ямар ч байсан манайд очъё” гэж хэлээд Аийн машиныг охиноороо бариулаад би өөрөө Аийг машиндаа суулгаад гэртээ авч ирэхэд А “миний нүд юм харахгүй байна” гээд байхаар нь сумын эмч дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзчихээд “Аийн нүд их муу байна, хавдартай байгаа учраас сайн үзэж болохгүй байна” гээд тариа тарьж өгчхөөд маргааш ирж эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд явсан. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэг ороод Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Мт үзүүлэхэд “Аийн нүд бараг юм харахгүй байна. Улаангомын эмнэлэгт очиж яаралтай үзүүлэх шаардлагатай байна” гэж хэлсэн юм. Би А, А хоёр зодолдож байхыг хараагүй. Юунаас болж маргалдаж зодолдсон талаар мэдэх юм алга. Би очиход Аийн зүүн нүдний доод талд хурц иртэй зүйлээр зүссэн юм шиг болсон цус гарсан байсан. Зүүн, баруун хоёр нүд нь хавдаад бүүр тэгширсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

7. Гэрч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед сумын төвд хөдөөнөөс ганцаараа орж ирсэн. Тэгээд Н ахын гэрт очоод түүнтэй юм яриад сууж байтал гаднаас А архи уучихсан халамцуу ганцаараа орж ирсэн. Тэгээд А ах Н ахтай худалдаж авах адууныхаа талаар ярьчхаад гарахдаа намайг дагуулаад гарсан. Тэр үед Н ахын гэрт архи уугаагүй. Тэгээд А ах “машинаа бариулаад чамаар хүргүүлнэ” гэхээр нь “би мотоциклтой явж байгаа” гэтэл “чи мотоциклоо миний машин дээр аччих” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Н ахын гэрийн үүднээс сумын ШТС-аас бензин авах гээд явж байтал А таараад А Аг машинд суучих гэж хэлээд машиндаа суулгасан. Тэгэхэд А архи уучихсан байсан. Тэгээд бид 3 сумын ШТС дээр ирээд машиндаа бензин хийчхээд буцаад Н ахын гэрийн үүдэнд очоод би А ахад “сумын төвөөс хөдөө гэр лүүгээ авч явах хоол хүнсний юм бэлдээд ирье” гэж хэлээд өөрийнхөө мотоциклийг унаад явсан. Намайг явж байхад А ах, А хоёр Н ахын гэр лүү орох гэж байсан юм. Тэгээд би хөдөө гэр лүү авч явах юмаа бэлдээд буцаад 15 цагийн үед Н ахын гэрт иртэл А Н ахын байшингийн үүдэн дээр нь унтаж байсан. Тэгтэл Н ахын эхнэр Хишгээ эгч гарч ирээд “А, А хоёр хоорондоо зодолдоод аюул боллоо, арай гэж энэ хоёрыг салгаад унтууллаа, одоо чамайг А харчихвал гэртээ хүргүүлнэ гээд унтаж өгөхгүй, чи яв, яв” гээд намайг явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

8. Гэрч С.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 21-ний өглөө гэрээсээ гараад Шажингийн давааны өвөрт Б гэдэг айлд очиход А байсан. Би сумын төв рүү орох ажилтай өөрийнхөө машиныг авах гэж байсан юм. Тэгээд Баас “сумын төв рүү оруулаад өгөөч” гэж гуйхад Б “би адуугаа уях ажилтай байна, үдээс хойш завтай болно” гээд бид хэд юм яриад сууж байтал Б нэг шил 0.5 литрийн “ХL” гэсэн нэртэй архи байсан тэрийг гурвуулаа уучхаад сууж байтал А “би сумын төв рүү орох ажил бас байгаа” гэж хэлэхээр нь А бид хоёр машинаар нь сумын төв орсон. Тэгээд А бид хоёр 13 цагийн үед  сумын төв рүү ороод шууд Нгийн гэрт очсон юм. Тэгээд Нгийн гэрт А бид хоёр ортол С гэдэг залуу сууж байсан. Тэгээд Н гэрээсээ 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи задалж өгсөн. Тэр архинаас А бид хоёр уугаад сууж байгаад би согтоод Нгийн гэрт унтаад өгсөн юм. Би Бын гэрт очиход А эрүүл байсан. А бид хоёрын дунд ямар нэгэн маргаан болоогүй. Би тэр хоёрыг зодолдсон талаар мэдээгүй. Би Нгийн гэрт унтаж байсан. Аийн нүүр, нүдэнд ямар нэгэн учирсан зүйл байгаагүй. Нтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

9. Гэрч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр бид хоёр усанд явчхаад ирэхэд Н.А, В.А хоёр маргалдаад зогсож байсан. Нөхөр бид хоёр очиход А, А хоёр нэг нэгнийхээ нүд рүү гараараа нэг, хоёр удаа цохисон байх. Тэгээд нөхөр бид хоёр тэр хоёрыг салгаад хоёр тийшээ аваад явсан. А, А хоёр нэлээд согтсон байсан. Тэр хоёрыг салгаад хоёр тийшээ аваачаад суулгахад хоёулаа суусан газраа унтаад өгсөн. Тэр хоёр зодолдож байхад С байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/

10. Гэрч П.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед сумын төвд гэрт байж байтал А ах ээж Ж рүү утсаар залгаад “би Н гэдэг айлд байна, миний нэг талын нүд юм харахгүй байна, намайг ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд ээж бид машинтай Нгийн гэрт очсон. Тэгээд ээж Н ахын гэр лүү ороод 10 минут орчим болоод А ахыг аваад гараад ирсэн. Тэгээд А ахыг дагуулаад сумын төв рүү явсан. Гэрт ирээд А ахын нүд, нүүр хэсэг нь хавдсан, “нэг нүд юм харахгүй байна, нүд өвдөөд байна” гээд байхаар нь сумын эмнэлэгт дуудлага өгөөд би машинаараа сумын эмнэлэг ороод эмч авч ирж 18 цагийн үед үзүүлсэн юм. Тэгээд эмч ирж А ахыг үзээд “нүүр, нүд хэсэг нь хавдсан учраас үзэж болохгүй байна, маргааш эмнэлэгт ирж үзүүлээрэй” гээд эм өгөөд, тариа хийгээд явсан юм. А ахын нүд, нүүр хэсгээс цус гараагүй байсан, нүүр, нүд хэсэг нь хавдаж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

11. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “1. Үзүүлэгч В.Аийн биед гэмтэл тогтоогдлоо. Баруун нүдний алимны нэвт гэмтэл, 12 цагаас 5.30 цагийн хооронд байрласан задрал /баруун нүдний алимны язарсан шарх, салстад цус хуралт, солонгон бүрхүүл болон нүдний агуулагдахуун гадагшлалт, торлог бүрхүүл, судаслаг бүрхүүлийн ховхрол, торлог, судаслаг бүрхүүлийн доорх цусан хураа, шилэнцэрт цус хуралт/ баруун нүдний хараа алдагдал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний гадна буланд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 4. Баруун нүдний алимны нэвт гэмтэл, 12 цагаас 5.30 цагийн хооронд байрласан задрал /баруун нүдний алимны язарсан шарх, салстад цус хуралт, солонгон бүрхүүл болон нүдний агуулагдахуун гадагшлалт, торлог бүрхүүл, судаслаг бүрхүүлийн ховхрол, торлог, судаслаг бүрхүүлийн доорх цусан хураа, шилэнцэрт цус хуралт/ баруун нүдний хараа алдагдал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 5. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.7.31.1-д /1 нүд бүрэн хараагүй болох/ зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулна” гэх 272 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-75-р хуудас/,

12. Шүүгдэгч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед хөдөөнөөс танил Б гэх ах ирчихсэн “одоо хөдөө гэр лүүгээ явах гэж байна” гэж гудамжинд тааралдсан. Бид хоёр олон жил уулзаагүй байсан болохоор би дэлгүүрээс 2.5 литрийн 3 ширхэг пиво аваад сумын төвөөс зайдуу гарч Б ах бид хоёр авсан пивоо ууж дуусгасан. Тэгээд пиво ууж дуусаад Б ахад “та энд байж бай, би сумын төв ороод пиво аваад ирье” гэж хэлээд бид хоёрын хажуу талын замаар хөдөөнөөс Б гээд залуу ганцаараа мотоциклтой сумын төв рүү орж явахаар нь түүнд дайгдаж сумын төв рүү орсон. Би сумын төв ороод бууж дэлгүүр орж 2.5 литрийн пивоноос 2 ширхгийг аваад гарахад гудамжинд Аийн машиныг С барьчихсан хажууд нь А суучихсан явж байхаар нь би очоод мэнд мэдээд машинд орж суугаад А ахад “би ийшээ хөдөө явах ажил гараад байна, танд мотоцикл байна уу” гэж асуусан. ...Нгийн гадна очиж зогсоод С Нгийн гэрийн гадна байсан өөрийн мотоциклийг унаад явсан. Хаашаа явж байгааг нь мэдэхгүй. Бид нарыг Нгийн хашааны гадна ирсний дараа Н өөрийн машинтайгаа ус авч ирээд гэрт оруулж байсан. Би Н ахаас “мотоциклоо өгч байгаач” гэж гуйхад тэр “миний мотоциклийг хүн аваад хөдөө явах гэж байгаа” гэж хэлэхээр нь би хашааны дотор А ах сууж байхаар нь хажууд нь очиж “та мотоциклоо олж өгөх юм уу, өгөхгүй юм уу, ямар хаашаа юм бэ” гэж хэлэхэд тэр “надад ямар мотоцикл байдаг юм, би чамд хэзээ мотоцикл олж өгнө гэж хэлсэн юм” гээд бид хоёр маргалдаж, барьцалдаад заамдалцаж авахад А миний зүүн нүдний доод талд толгойгоороо нэг удаа мөргөхөөр нь би түүний нүүр лүү 3-4 удаа алгадаад салахад Н ах хашааны гадна явж байхыг хараад А ах түүн рүү явахаар нь би бас араас нь явсан. Нтэй А уулзаж миний машины түлхүүр хаана байна гэж асуухад би Аийн дээлийн бүсээс нь барьж “та яах гээд байгаа юм, түлхүүрээр яах гэж байгаа юм, согтуу машин унаж явах гэж байна уу” гэж хэлэхэд А “чамд ямар хамаатай юм, чам шиг гуйлгачин мэддэг юм уу” гэхээр нь би Аийг бариад авахад миний дээлийн энгэрийг татаад урахаар нь би “та дээл урчихлаа ш дээ” гэхэд А “тэгээд яадаг юм” гээд дахиад татаж урахаар нь би түүнийг барьж дээлийнх нь захаар бооход А бас миний дээлийн захаар боож бид хоёр ноцолдоход би доор нь унахад А миний дээр гараад боогоод тавихгүй болохоор нь би түүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиход Н ах эхнэртэйгээ ирж салгасан. Тэгээд би Аийг “боль” гээд би түүнээс холдож байшингийн үүдэнд очиж суусан. А ахыг Н ах “манай гэрт орж унт” гээд гэр лүүгээ аваад орсон. Би Н ахын байшингийн үүдэнд тамхи татаад сууж байгаад согтуу байсан болохоор унтчихсан байсан. Тэгээд орой босоход Н ахын эхнэр “А та хоёр зодолдоод аюул боллоо” гэж хэлсэн. Миний үйлдлийн улмаас түүний нүд гэмтсэн байх. Би өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний дээл оёдлоороо жаахан газар урагдсан байсныг оёж авсан. Дээл ураад оёод авчихсан болохоор хохирол байхгүй. Би энэ явдлаас хойш А ахтай уулзсан. Би А ахаас уучлалт гуйж хохирлыг барагдуулж өгнө гэхэд А надад “би Улаанбаатар хот руу эмчид үзүүлээд ирлээ, миний нүд хараа орох эсэхийг мэдэхгүй, би нүдтэй болохоос өнгөрч байх шиг байна, надад одоогоор 3 сая төгрөгийн зардал гарч байна” гэж хэлэхээр нь “би таны хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн. Одоогоор мөнгийг нь өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94-р хуудас/,

-Шүүгдэгч Н.Агийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 3,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг ч төлж барагдуулна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогч В.Атэй маргалдаж, улмаар түүний нүдний орчимд цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч В.Аийн эрүүл мэндэд учирсан “Баруун нүдний алимны нэвт гэмтэл, 12 цагаас 5.30 цагийн хооронд байрласан задрал /баруун нүдний алимны язарсан шарх, салстад цус хуралт, солонгон бүрхүүл болон нүдний агуулагдахуун гадагшлалт, торлог бүрхүүл, судаслаг бүрхүүлийн ховхрол, торлог, судаслаг бүрхүүлийн доорх цусан хураа, шилэнцэрт цус хуралт/ баруун нүдний хараа алдагдал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний гадна буланд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн хацарт зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол нь шүүгдэгч Н.Агийн гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Агийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Иймд шүүгдэгч Н.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч В.Аийн “...3,000,000 төгрөгийн зардал гарсан, цаашид хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай...” /хх-ийн 11-р хуудас/ гэх мэдүүлэг, мөн хохирогчийн “... хохиролд 3,000,000 төгрөгийг авсан” гэх баримт /хх-ийн 130-р хуудас/ хавтаст хэрэгт авагджээ.

Хохирогчийн зүгээс эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгөөгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,000,000 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй байна гэж үзлээ.

Харин хохирогч В.А нь цаашид мэс заслын эмчилгээ хийлгэх, эмчилгээнд явах зардлыг нэхэмжилнэ гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Агийн хувийн байдлыг нотолсон гэрч Б.Бгийн “Бид ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж байсан тул сайн танина. Найзууд юм. ...Н.А нь ихэнхдээ Өндөрхангай суманд нагац эгчийнхээ гэрт байдаг. Тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, архи нэг их уугаад байдаггүй. Тамхи татдаг, өөрийн гэсэн гэр орон, эхнэр хүүхэд байхгүй. Хүнтэй энгийн нийтэч харьцаатай, хүнтэй нэг их маргалдаж, хэрэлдэж зодолдоод байдаггүй” /хх-ийн 44-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Н.Нийн “...миний хүү архи тамхи хэрэглэдэггүй, илүү дутуу зан авиргүй, хүнд тусархаг хүүхэд байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-р хуудас/  зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Н. Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хорих ялаас өршөөн хасах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Н.Агийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлсэн болно.

Тиймээс шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.  

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарсан бөгөөд тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заажээ.

            Шүүгдэгч Н.Агийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа, шүүгдэгч Н.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад хамаарч байна.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Ад оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

   Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т ургийн овогт Нийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жилээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч В.Ад 3,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч В.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХСАЙХАН