Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/146

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Лт холбогдох эрүүгийн 2135001120150 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х ургийн овогт Бын Л, регистрийн дугаар: ОМ99020414.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Л нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг байрлах иргэн Ц.Уын хашааны гаднаас 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр түүний эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч түүнд 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135001120150 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р хуудас/,

2. Эд зүйл хураан авах тухай прокуорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20-21-р хуудас/,

3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24-р хуудас/,

4. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27-р хуудас/,

5. Хохирогч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 13-ны өглөө гэрээсээ өөрийн эзэмшлийн мотоциклтой Улаангом сумын 9 дүгээр багт байдаг төрсөн аавынхаа гэрт очиж үхрийг нь тууж бэлчээрт гаргачхаад орой үхрээ бэлчээрээс авч ирж аавын хашаанд оруулж өгчхөөд мотоциклоо унаад орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Би гэрийн хашааны гадна талд мотцоциклоо данхраадаж орхиод гэртээ орсон. Би гэртээ оройд 20-30 минут байж байгаад ус авахаар гарахад миний мотоцикл байхгүй байсан. Би ус авахаар гарахад нар дөнгөж орж байсан. Гадна бол гэгээтэй байсан. Би мотоцикл байсан газарт ул мөр харахад мотоциклийг аваад явсан мотоциклийн дугуйн ул мөр байсан. Гэхдээ хүний гутлын ул мөр харагдахгүй байсан. Би мотоциклийн мөрийг дагахад манай хашааны үүднээс түлхээд баруун тийш явж гудамжны эхэнд байдаг хар зам дээр гараад хаашаа явсан нь тодорхойгүй болсон. Манай гэрийн ойролцоо камер байхгүй. Гэхдээ манай гэрээс холхон хойд талын зам дээр цагдаагийн камер, урд талд “Магнай Трейд”-ийн шатахуун түгээх станцын камер байдаг. Би эхэндээ манай найз нөхөд, ах дүү нарын нэг нь аваад явчихсан байх гэж бодоод найз нөхөд, ах дүү нар луугаа гар утсаар залгаж асуухад аваагүй гэсэн. Тэгэхээр миний мотоциклийг хулгайлаад аваад явсан байна гэж бодсон. Миний хувьд хэн авсан талаар хардаж сэрдэж байгаа хүн байхгүй байна. Миний хулгайд алдсан мотоцикл бол БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгийн, улсын номер дугааргүй, 2020 оны 10 сард 2,000,000 төгрөгөөр авч байсан. Миний мотоциклийн содон шинж тэмдэг гэвэл урд талын шаврын хаалт нь улаан өнгийн машины зурагтай цэнхэр өнгийн шаврын хаалттай, улаан хүрээтэй тольтой, суудлын бүрээс нь улаан өнгийн, 03 суудлын бүрээстэй, мотоциклийн рульд цэнхэр өнгийн хадаг ороосон байсан. Би гэртээ орохдоо мотоциклийн түлхүүрийг авч гэртээ орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

            -хохирогч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах захын тэнд тамхины цэгийн хойд талын хаалганы хойд талын хэсэгт миний хулгайлагдсан мотоцикл байсан. Тэр үед О.Даваа-Од мөрдөгч бид хоёр мотоциклийг хайж явж байсан бөгөөд О.Даваа-Одыг дуудаад уг мотоциклийг унаж явсан гэх хүүхдээс “энэ мотоциклийг хаанаас авсан бэ?” гэж асуухад “манай төрсөн ах Б.Лын мотоцикл, би унаж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь О.Даваа-Од цагдаа бид хоёр тухайн залуугийн хамтаар тус аймгийн Цагдаагийн газрын баруун талд мотоциклийг аваачаад мотоцикл жолоодож явсан залуугийн төрсөн ах Б.Лыг дуудуулаад би “хэний мотоцикл юм, чи яагаад миний мотоциклийг хулгайлсан юм” гэж асуухад Б.Л гэх залуу “миний буруу, би таны хохирлыг төлж өгнө, би ажил тараад явж байгаад авчихсан юм” гэж хэлсэн. Би хулгайлагдсан гэх мотоциклийг буцаан авсан. Мөн Б.Л надад бэлнээр, болон дансаар надад нийт 500,000 төгрөгийг хохирол гэж өгсөн. Би өөрийн мотоциклоо олон өдөр хайж явсан, мөн 3 сар гаруй хугацаанд ашиглаж чадаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

            6. Гэрч Н.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 13-ны 20 өнгөрч байхад манай найз Уламбаяр нь манай гэрт ирээд миний мотоциклийг хулгай авчихсан байна гэхээр нь би Уламбаярын хамтаар гадуур гарч гудамжаар явж мотоциклийг нь хайсан боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний хувьд Уламбаярын мотоциклийг хэн авсан талаар мэдэх зүйл байхгүй. Уламбаяр нь 2020 оны 10 дугаар сард худалдаж авсан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Мустанг-5 маркийн, улсын номер дугааргүй мотоциклтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

7. “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Д.Ганбаатарын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Мустанг-5 загварын мотоциклийн үнэ цэн Увс аймагт 2021 оны 6 дугаар сарын байдлаар 1,400,000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх №21/33 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/,

            8. Шүүгдэгч Б.Лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 13-ны орой Шинэ дулааны цахилгаан станцын арын хэсэгт баригдаж байгаа 2 давхар байранд цутгалтад ажиллаж байсан юм. Тэгээд орой ажлаас 18-19 цагийн үед буугаад гэр лүүгээ ганцаараа алхаад явж байгаад “Цастогтох” дэлгүүрээс урагшаа яваад цэцэрлэгийн урд талын хэсэгт алхаад явж байхад нэг айлын хашааны гадна “Мустанг-5” загварын улаан өнгийн мотоцикл байсан. Би тухайн үед явган, холоос ажил руугаа алхаж явдаг байсан учраас мотоциклтой болчих гээд тухайн мотоциклийн хажууд очиход ямар нэг хүн байгаагүй, мотоциклийн түлхүүр байхгүй байсан тул мотоциклийн хүзүүний доод хэсгийн кундакторын утсыг залгуураар нь салгаж мотоциклийг маниулиар /дөрөөгөөр/ нь гишгэж асаагаад явсан юм. Уг мотоциклийг унаад би шууд гэртээ очсон бөгөөд мотоциклийн суудлын бүрээсийг өөрчилсөн. Тухайн мотоциклийг би гэр, ажлын хооронд явахдаа унаж ашигладаг байсан юм. Уг мотоциклийн толь хагарчихаар нь би хоёр толийг нь шинээр авч хийсэн. Өөр мотоциклд сольсон зүйл байхгүй. Би гэрийнхэндээ хэлэхдээ уг мотоциклийг хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сард цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, манай төрсөн дүү Бумбаяр нь миний хулгайлж авсан мотоциклийг унаж байгаад цагдаагийн алба хаагчид баригдлаа таныг хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Би цагдаа дээр очиход надаас “чи энэ мотоциклийг хаанаас авсан бэ” гэж асуухаар нь би уг мотоциклийг Улаангом сумын 9 дүгээр багийн нутгаас “Цастогтох” дэлгүүрийн урд байрлах цэцэрлэгийн урд талын хэсгээс 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хулгайлж авсан талаараа хэлсэн юм. Би цагдаагийн алба хаагчид бүх үнэнээ хэлж хэргээ хүлээн зөвшөөрсөн. Одоо хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа. Би мотоциклийн эзэмшигч Ц.У гэгчтэй уулзаад мотоциклийг нь цагдаагийн алба хаагч буцаан өгсний дараагаар хайсан зардал, мотоциклгүй байх хугацаанд таксигаар явсан, мотоциклийн элэгдлийн зардал гэж 500,000 төгрөг өгсөн. Ингэхдээ 400,000 төгрөгийг бэлнээр, 100,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн юм. Одоо надаас ямар нэгэн нэхэмжилсэн зүйл байхгүй. Хохирлыг нь бүрэн барагдуулсан. Би уг мотоциклийг өөртөө ашиглах гээд хулгайлчихсан юм. Би мотоциклийг авч явж байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаагаа ойлгож, ухамсарлаж байсан. Тухайн мотоцикл нь улаан өнгийн “Мустанг-5” загварын, улсын дугааргүй, өнгө өнгөөр асдаг гэрэлтэй байсан. Мотоциклийн арын гишгүүрийн хажуугийн ачааны даруулга унаад явж байхад дуугардаг учраас уяагаар бэхэлж уясан байсан. Би ганцаараа явсан, ганцаараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, дахиж ийм хэрэг хийхгүй, хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,

            -Шүүгдэгч Б.Лын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

Гэм буруугийн болон хохирлын талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Л 2021 оны 6 дугаар сарын 13-ны орой Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт байрлах иргэн Ц.Уын хашааны гаднаас 1,400,000 төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоциклийг хулгайлж авсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.

Шүүгдэгч Б.Л нь хохирогч Ц.Уын мотоциклийг түүнд мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх тул “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ут 1,400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21/33 дугаартай хөрөнгийн үнэлгээчний гаргасан тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/-оор нотлогдсон бөгөөд хохирогч Ц.У нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 96-р хуудас/-үүд хэрэгт авагдсан байна.

Иймд хохирогч Ц.Уын учирсан хохирол, хор уршгийг арилгасан, хохирогч ямар нэгэн гомдол байхгүй талаар мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Б.Лаас гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Л нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

-Гэрч Б.Агийн “Б.Л нь миний төрсөн дүү юм.  ...Б.Л нь зан байдлын хувьд төлөв даруухан зантай, элдэв муу зуршил байхгүй, ажилсаг тусархуу, үг дуу, цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг, зөөлөн харилцаатай, сайхан сэтгэлтэй, аймхай, уурлаж уцаарлаад байдаггүй, хүний үгнээс гардаггүй, илүү дутуу зан байдаггүй, ахмад настныг хүндэлдэг хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/, гэрч Б.Бын “...Ах Б.Л нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон гоё харилцаатай, уурлаж уцаарладаггүй, надад ууралдаггүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, цэргийн алба хааж байгаагүй, аав, ээж цэргийн албанд явуулаагүй. Одоогоор Б.Лт эд хөрөнгө гэх зүйл байдаггүй, нэр дээр нь портер загварын автомашин 1 ширхэг байдаг, өөр эд хөрөнгө байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг нотолсон ял шалгах хуудас /хх-ийн 83-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэн байна.

            Шүүх хуралдааны шатанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар мөн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлж солих тухай саналыг, шүүгдэгч “Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн байдлыг харгалзан өршөөлд хамруулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

            Шүүгдэгч Б.Л нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарсан бөгөөд тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заажээ.

            Шүүгдэгч Б.Лын 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа, шүүгдэгч Б.Лын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад хамаарч байна.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Лд оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Лыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

            Бусад хариуцлагын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Лт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х ургийн овогт Бын Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Лт оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Лыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Лаас гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХСАЙХАН