| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0119/э |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Л, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З ургийн овогт Цын От холбогдох эрүүгийн 2135000000140 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, З ургийн овогт Цын О, Регистрийн дугаар: ОЙ 93030817.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар 2135000000140 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-13-р хуудас/,
2. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19-р хуудас/,
3. Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23-25-р хуудас/,
4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-36-р хуудас/,
5. Эд зүйл /шүүгдэгч Ц.Оын №907544 дугаартай жолооны үнэмлэх/ хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 50-51-р хуудас/,
6. Амь хохирогч О.Я нас тоолсон /2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 2 нас, 2 сар, 1 хоногтой байсан/ тэмдэглэл /хх-ийн 52-р хуудас/
7. Хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хадам аав Цынхтай хамт Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутаг “Ширэгт” гэх газраас “Шар бүрд” гэх газар луу нүүсэн. Манай гэрийг Л гэх залуу өөрийнхөө автомашин дээр ачсан, хадам аав Цын гэрийг Г буюу Аазаа гэх ах өөрийн автомашин дээр ачаад, манай нөхөр өөрийн цайвар цэнхэр өнгийн 17-24 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад бид нар ойролцоогоор 10-11 цагийн үед хөдөлсөн. Манай хадам аав Ц малаа араас туухаар үлдээд, Гантулгын машинд хадам ээж, Г ах, манай том 2 хүүхэд болох Б, Х нар хамт явсан. Л машиндаа ганцаараа, манай машинд нөхөр О, би, отгон охин Я нар явсан юм. Бид нар Бургастай гэх газарт очоод дэнж рүү гарч зогсоод автомашины кабинд бензин авч явж байгаад хойд талын хэсэгт ачсан цагаан идээ ааруул руу үнэр шингэчихэж магадгүй гээд нөхөр ачааны автомашин дээр ачихаар болсон. Тэгээд нөхөр маань савтай бензинийг хойноос аваад буусан. Тэр үед ачааны машин манай машины хажууд ирээд зогссон байсан. Би жолоочийн эсрэг талын суудалд өөрийн охин Яыг тэврээд сууж байсан ба охин Я нь надаас чихэр нэхэхээр нь би бүсээ тайлаад машины хойд талын суудлын хэсэгт байрлах цүнхнээсээ чихэр аваад өгөх үед гэнэт машин хөдлөөд жолоочгүйгээр зам руу орсон. Тухайн үед гадаа салхилж, шуурч байсан. Би автомашиныг унагахгүйн тулд зүүн гараараа охиноо тэврээд нэг гараараа жолооны хүрдийг чиглүүлээд явсан. Тухайн үед толгодоос доош буугаад машин зогсчих байх гэж бодсон. Тэгтэл хэсэг явж байгаад машин миний тал руу хазайгаад ирэхээр нь би хоёр гараараа охин Яыг тэвэрсэн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машины гадна талын хэсэгт байсан. Намайг хэн татаж гаргасныг мэдэхгүй байна. Гэнэт эргээд харахад миний охин Я нь машины доор ороод дарагдчихсан байдалтай байсан бөгөөд нөхөр, өөр бусад хүмүүс ирээд машиныг өргөөд талийгаач охиныг маань гаргаж ирээд хадам ээж М тэвэрсэн. Түүний дараагаар хадам ах Б машинтайгаа ирээд бид нар аймаг руу яаралтай ороод эмнэлэгт очоод үзүүлэхэд миний охин Яыг нас барчихсан байна гэж хэлсэн. Автомашинаас татаж гаргасны дараа миний охин ямар нэг зүйл хэлээгүй, ямар нэг авиа гаргаагүй юм. ...Миний биед зүүн талын гарны дал яс цуурсан, зүүн талын цээж, мөрний хэсгээр мах тасарсан, зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Зүүн талын гар даагдахгүй, хөдөлж болохгүй байгаа. Би автомашин жолоодож чадахгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй, хэрвээ би автомашин жолоодож мэддэг байсан бол охиноо суудал дээр үлдээгээд жолооч талын суудал руу гялс суугаад автомашиныг жолоодоод зогсоочих байсан. Тэгсэн бол охин минь нас барахгүй байсан. ...Нөхөр маань машинаас буухдаа машинаа асаалттай орхисон. Машинаас буусны дараа удахгүйгээр автомашин дэнж рүү хөдөлчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,
-Хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний бие одоо хэвийн болж эдгэсэн. Одоо тус аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгт цэцэрлэгийн туслах багшаар ажилд ороод байгаа. Манай нөхөр О нь санаатайгаар ийм алдаа гаргаагүй, бид хоёр өөрсдийн нялх хүүхдээрээ хохирсон учраас надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, манай нөхөр хүүхдээ өөрийн буруутай үйлдлийн улмаас зуурдаар алдсандаа маш их харамсаж энэ шалтгааны улмаас нойр хоолондоо муу болсон, өөрт нь маш хэцүү байгаа, өөрийгөө маш ихээр буруутгаж байгаа. Одоо бид хоёр хүүхдүүдээ өсгөхөд нөхрийн маань дэмжлэг туслалцаа маш их хэрэгтэй, хамтдаа амьдралаа босгосон, цаашдаа ч хамтдаа явна. Тиймээс нөхрийн маань энэхүү алдаанд аль болох зөөлнөөр хандаж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,
8. Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Явж байгаад О нь машинаа дэнж дээр зогсоосон бөгөөд би араас нь очиж зогсоход О машинаасаа савтай бензин авч бууж ирээд “машинд бензин үнэртээд байна, ачаан дээр чинь тавьчихмаар байна” гэж хэлсэн. Би “тэг, тэг” гэж хэлсэн бөгөөд тухайн газар сүлжээ барьдаг газар тул сүлжээ байгаа эсэхийг шалгах гээд гар утсаа оролдож байхад гэнэт О гүйсэн. Би харахад Оын машин дэнжээс уруудаад зүүн зүгт зам дагуу явж байсан. Тухайн үед баруунаас зүүн зүгт салхитай байсан. Би араас нь машинтай хөдлөх зуур уг машин нь доор очоод шороо манарсан. Яваад очиход машин онхолдож унасан, 4 дугуй нь дээшээ харсан байдалтай, хамар буюу урд хэсэг нь баруун зүг рүү харсан байдалтай байсан. Талийгаач хүүхэд машины урд хэсэгт хоёр хаалганы дунд багана доор кабины гадна талд дарагдсан байдалтай, Оын эхнэр нь машин дотроос гарчихсан хүүхдээ гаргах гэж оролдож байсан. Түүний дараа Аазаа ах машинтай ирээд Аазаа ах, О, бид нар машиныг араас өргөөд хүүхдийг гаргаж авсан. Тэгээд би машинаараа өөрийн хүргэн ах Бумцэнд рүү ярьж мэдэгдээд жижиг машинтай Ц ахыг аваад осол болсон газарт очоод Улаангом сум руу авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/,
9. Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэд нар манай гэрт ирээд цай уучихаад цаашаа явсан бөгөөд явснаас хойш 30-40 минутын дараа манай хадам дүү Л нь өөрийнхөө машинтай ирээд намайг авч Өмнөговь сумын Бургастай гэх газарт очиход Ц.Оын машин онхолдож, 4 дугуй нь дээшээ харчихсан, автомашины хамар урд хэсэг нь баруун зүг рүү харсан байдалтай, манай төрсөн ээж М талийгаач охин Яыг тэвэрчихсэн, бэр дүү Л, төрсөн дүү О нар уйлчихсан сууж байсан. ...Тэгээд талийгаач Яыг аваад дүү О, бэр Л, ээж М бид нар шууд Улаангом сум руу явж түргэн тусламжийн тасаг руу оруулаад үзүүлэхэд нас барчихсан байна гэж хэлсэн. Талийгаачид ямар нэгэн эмчилгээ хийгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/,
10. Гэрч Х.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхээр нь би яваад очиход Л ирчихсэн байсан бөгөөд би юу болсон талаар асуухад “Оын машин онхолдчихлоо, хүүхдийнх нь бие тааруу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан” гэхэд Улаангом сумаас яриад “гэр Улаангом сум руу оруулаад ир гэж хэлсэн” гэхээр нь би тухайн автомашинтай хамт Улаангом сум руу ороход манай ач Яыг нас барсан талаар хэлсэн. Бид Улаангом сум руу явахдаа осол болсон гэх газрын хажуугаар явахад машины 4 дугуй дээшээ харсан байдалтай осолдсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/,
11. Гэрч И.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар замд явж байхад Г хойшоо хараад “тэд нар юу болчихсон юм бэ” гэж хэлээд буцаад эргээд явсан. Тухайн газар очоод харахад машин онхолдсон байдалтай ач Я машинд дарагдчихсан байдалтай байсан бөгөөд машиныг өргөөд талийгаач хүүхдийг гаргаад би өөр дээрээ аваад тэвэрсэн. Хүү О “надад өг” гэхээр нь бас хүүхдээ тэвэрч байгаад яах ч юм билээ гэж бодоод өгөөгүй. Тэгээд тухайн газар юу болсон талаар асуухад хүү О “кабинд бензин үнэртээд байсан болохоор нь ааруулд үнэр орчихно гэж бодоод дэнж дээр гараад машинаа зогсоогоод кабинд байсан савтай бензинийг ачаатай портер дээр гаргаад уяж бэхэлж байхад машин уруудаад дугуй нь эргээд хөдлөөд явчихсан, би араас нь ирэхэд осол болчихсон байсан” гэж хэлсэн. Бэр маань “гэнэт машин дэнжийн уруу гүйхээр нь би хүүхдээ өвөр дээрээ нэг гараараа тэврээд, нөгөө гараараа машиныг зогсоох гээд жолооны хүрдийг бариад чиглүүлээд явж байснаа гэнэт ухаан алдчихсан, хүүхдээ алдчихлаа, миний буруу” гэж хэлж байсан. Түүний дараа манай хүү Б нь машинтайгаа ирсэн бөгөөд түүний машинтай талийгаачийг Улаангом сум руу авч ороод эмнэлэг дээр очоод үзүүлэхэд нас барчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,
12. Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Бургастай гэх нэртэй газарт тэд нар дэнжтэй замаар явсан, харин би дэнжийн урд талын дэнжгүй шулуун замаар явсан. Тэгээд түрүүлээд доогуур тойрч явж байгаад толиндоо харахад гэнэт тоос манарсан. Тэгэхээр нь эргээд тухайн газарт яваад очиход Оын машины 4 дугуй дээш харсан, Оын эхнэр цонхоор гараад ирчихсэн байсан. Тэгээд хүүхдийг харахад автомашины кабины доод хэсэгт дарагдчихсан байдалтай байсан бөгөөд Л, О бид гурав машиныг өргөөд хүүхдийг татаж гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,
13. Гэрч Г.Рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “N буюу ниетрал гэдэг араа нь автомашины арааг мулталж, сул зогсолтод шилждэг араа юм. N араа дээр тавибал машин ямар ч араагүй хөдөлгөөн чөлөөтэй болно. N араан дээр тавигдсан машин уулын уруу, налуу зам дээр шууд налуугаа дагаад гүйнэ. Машин өөрөө налуугаа дагаад хэний ч оролцоогүйгээр гүйх аюултай тул N дээр тавиад давхар зогсоолын гар тоормоз татах ёстой. Уруу газар машиныг зогсоох болвол арааг P дээр буюу паркалж тавиад зогсоолын тоормоз татаж, аюулгүй байдлыг хангаж зогсоох ёстой. Жолооч нар түр зогсож байна гэж бодон N дээр тавиад гар тоормоз татахгүй тавиад байх тохиолдол их байдаг. Налуу газарт машин энерци буюу хүндийн хүчээр гүйх аюултай. Гар тоормоз машины хөдөлгөөнийг зогсоож аюулгүй байдлыг хангах зориулалттай” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/,
14. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “1. М.Лын биед гэмтэл тогтоогдлоо. Зүүн дал ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зам тээврийн ослоос үүссэн байх боломжтой битүү гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Зүүн дал ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах ба хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн 323 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-91-р хуудас/,
15. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “1. Талийгаач О.Я биед гэмтэл тогтоогдлоо. 2. Эрүүн доор язарсан шарх, дух, нүүрний баруун тал, эрүүн доор, хэвлийд зулгаралт гэмтлүүд учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зам тээврийн улмаас үүсэх боломжтой гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. 5. О.Я биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 6. Талийгаач О.Я цус, ходоодны агууламжинд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач нь нас барах үедээ эрүүл буюу согтолтгүй байсан байна. 7. Талийгаач О.Я нь моноклон урвалаар О (I) бүлгийн цустай байна. 8. Талийгаач О.Я нь битүү доргилт гэмтлийн улмаас элэг няцарч мөн уушги няцарч дотор эрхтнүүдэд цочмог цус алдалт үүсэж улмаар амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. 9. О.Я нь 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шинжилгээнд ороход нас бараад 24-с дээш цаг болсон байна” гэх шинжээчийн 57 дугаартай дүгнэлт /хх-ийн 104-107-р хуудас/,
16. Увс аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “1. 17-24 УВС улсын дугаартай, Королла маркийн Румион загварын тээврийн хэрэгсэлд дараах эвдрэл, гэмтэл гарсныг комисс үзэж шалгаж тогтоов. Үүнд: Кузов дээгүүрээ зурагдаж хонхойсон, арын 2 талаараа үрчийсэн, салхины шил хагарсан, зүүн 2 хаалга зурагдаж, урд хаалганы шил хагарсан, багажны хаалга гажсан, зүүн урд дохио, их гэрэл хагарсан, арын гупер зүүн хэсгээрээ зурагдаж бага зэрэг урагдсан, копуд хагарч умайсан, зүүн урд дугуй хагарсан зэрэг гэмтэл гарсан байв. 2. 17-24 УВС улсын дугаартай, Королла маркийн Румион загварын автомашины тоормозлохтой холбоотой эд анги эвдэрч гэмтээгүй. 3. Тогтоолд тусгагдаагүй хэрэгт ач холбогдолтой бусад зүйл байхгүй байна” гэх шинжээчийн 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-118-р хуудас/,
17. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад /шинжээч/ Ц.Эрдэнэболдын “1. Ц.О нь /ОЙ93030817/ тээврийн хэрэгсэл жолоодох №907544 ангиллын хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна. ...2. 17-24 УВС улсын дугаартай, Тоёота Румион загварын суудлын автомашиныг “В” ангиллын жолооны үнэмлэхээр... жолоодно. 3. Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б. “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 14.6. “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно”, 23.8. “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байршуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтлана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 4. Зорчигч М.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1.а. “хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх (энэ дүрмийн 3.4-ийн “б” заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд); гэснийг зөрчсөн байна. 5. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6. “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно. 6. Уг осол Ц.Оын буруутай үйлдлээс болж шууд шалтгаалж гарсан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6. “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг осол гарсан байна” гэх 21 дугаартай дүгнэлт /хх-ийн 125-р хуудас/,
18. Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би автомашиндаа саарал өнгийн хуванцар материалаар хийсэн савтай бензин, мөн тагтай ааруул, цагаан идээ машины тээшний хэсэгт авч явсан бөгөөд бензин үнэртээд байхаар нь савтай бензинийг ачааны автомашины тэвшин дээр гаргаж тавих гээд жижиг толгод дээр гараад автомашинаа зогсоогоод буугаад савтай бензинийг аваад миний баруун хойд талын хэсэгт зогсож байсан Лхагвын ачааны машин дээр гараад бензинийг уяж байхад миний машин өнхөрөөд толгод уруу гүйх шиг болсон. Би гүйгээд очиход машины 4 дугуй дээшээ харчихсан байдалтай, эхнэр машин дотор ёолж байсан болохоор эхнэрийг гаргаад хүүхдээ хайхад машины кабины хэсэгт дарагдчихсан байдалтай байсан. Тэгэхэд гэр ачиж байсан 2 жолооч залуу ирээд бид нар автомашиныг хойд талын хэсгээс нь өргөхөд хүүхэд авах боломжтой болсон ба манай төрсөн ээж М нь өвөр дээрээ авч тэвэрсэн. Л нь миний төрсөн ах Быг дуудахаар гэр лүү нь яваад Б ах ирээд би, манай ээж М, эхнэр Л, Б ахын хамтаар түүний машинтай Улаангом сум руу очоод Нэгдсэн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд талийгаач охин Я нас барсан байна гэж хэлсэн. Би машинаа зогсоогоод гар тоормоз /гар кардан/ татаад буусан эсэхээ санахгүй байна. Араа, хүрдийг ямар байрлал дээр байрлуулсан талаараа санахгүй байна. ...машин асаалттай байсан бөгөөд сүүлд автомашинд үзлэг хийхэд гар тоормоз татаагүй байсан. Манай эхнэр машин жолоодож чадахгүй. ...Би эхнэр Лын биед учирсан гэмтлийг эмчлүүлсэн. Талийгаач охиноо хөдөөлүүлсэн. Надаас хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй, бид нар хамтдаа уй гашуудлаа даван туулахын тулд хичээж байгаа. Өөрийн санамсаргүй, болгоомжгүй байдал, буруутай үйлдлээс болж эхнэрийнхээ эрүүл мэндэд гэмтэл учруулж, хүүхдээ алдсандаа харамсаж гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152-р хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.О нь Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутаг Бургастай гэх газарт 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн 17-24 УВС улсын дугаартай “Тоёота Румион” загварын тээврийн хэрэгслийг шороон гадаргуутай замд жолоодож яваад тээврийн хэрэгслийг зогсоож машинаас буухдаа машиныг бүрэн зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас машин жолоочгүйгээр өнхөрч онхолдон машин дотор зорчиж явсан иргэн М.Лын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, насанд хүрээгүй иргэн О.Я амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт юм.
Шүүгдэгч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 14.6-д заасан “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно”, 23.8-д заасан “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэж заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарчээ.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ.
Дээрх зам тээврийн ослын улмаас иргэн М.Лын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй иргэн О.Я амь нас хохирсон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний амь нас хохирч, эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Гэм буруугийн талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч маргаагүй.
Хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Л нь “Манай нөхөр О нь санаатайгаар ийм алдаа гаргаагүй, бид хоёр өөрсдийн нялх хүүхдээрээ хохирсон учраас надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, манай нөхөр хүүхдээ өөрийн буруутай үйлдлийн улмаас зуурдаар алдсандаа маш их харамсаж энэ шалтгааны улмаас нойр хоолондоо муу болсон, өөрт нь маш хэцүү байгаа, өөрийгөө маш ихээр буруутгаж байгаа. Одоо бид хоёр хүүхдүүдээ өсгөхөд нөхрийн маань дэмжлэг туслалцаа маш их хэрэгтэй, хамтдаа амьдралаа босгосон, цаашдаа ч хамтдаа явна. Тиймээс нөхрийн маань энэхүү алдаанд аль болох зөөлнөөр хандаж өгөхийг хүсэж байна...” гэж, шүүгдэгч Ц.О нь “энэ ослын улмаас үр хүүхдээ алдсандаа маш их харамсаж, гэмшиж байгаа” гэж тус тус мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв. Иймд шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч М.Мгийн “Ц.О нь манай төрсөн дүү М.Лтай ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхаас эхлээд найзалж, нөхөрлөж, үерхэж эхэлсэн ба 2014 оноос хамт амьдарч эхэлсэн. 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. ...Ц.О нь зан байдлын хувьд төлөв даруухан, элдэв муу зуршилгүй, ажилсаг, тусархуу, үг дуу цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг зөөлөн харилцаатай, сайхан сэтгэлтэй, халамжтай, уурлаж уцаарлаад байдаггүй, илүү дутуу зан авир байхгүй, ахмад настныг хүндэлдэг, архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164-р хуудас/, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 167-170-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Ц.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хуульчлахдаа “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх”, шүүгдэгчийн өмгөөлөгч “...үйлдсэн хэргийн шинж байдал, үр хүүхдээ алдсан эцгийн хувийн байдал, гэм буруутай үйлдэлдээ харамсан гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.От тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тооцохоор шийдвэрлэв.
Бусад хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.От мэдэгдэх нь зүйтэй.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Оын 907544 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн 17-24 УВС улсын дугаартай “Тоёота Румион” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.От шилжүүлэн олгосон болохыг дурдаж, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгов.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Дивиди, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан хоёр ширхэг гарын мөр зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж, шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ургийн овогт Цын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.От тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.От мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Оын 907544 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Сувд-Эрдэнэд даалгасугай.
7. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн 17-24 УВС улсын дугаартай “Тоёота Румион” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.От шилжүүлсэн тул “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Дивиди, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан хоёр ширхэг гарын мөр зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН