Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 614

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “В” ХХК

Хариуцагч: ГУБ

Нэхэмжлэлийн шаардлага: “...ГУБ оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэгийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “В” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм. Тус компани нь Холбооны бүгд найрамдах улсын Wuerth брэндийн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж, хэрэгслийг Монгол улсад худалдан борлуулдаг Wuerth группын салбар гишүүн компани юм. Манай компанид Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэг, Д.Бат-Эрдэнэ нар нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 117/18 дугаар нэг хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэг нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Бат-Эрдэнэ 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудсуудыг тус тус бичиж, шийтгэл оногдуулсан. Энэхүү хяналт шалгалтыг манай компанид өмнө нь Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан А.Өсөхбаярын гомдлын дагуу хийсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ажлаас халагдсандаа өс хонзон тээсэн хүний худал гомдол мэдээллийн дагуу дээрх хяналт шалгалтыг хийж, үндэслэлгүйгээр дээрх актуудыг тавьсан гэж үзэж байна. А.Өсөхбаяр нь 2017 оны 8 дугаар сард ажлаас халагдсаныхаа дараа санхүүгийн зохицуулах хороо, нийгмийн даатгалын байгууллага, харьяалах дүүргийн татварын хэлтсүүдэд хандаж удаа дараа огт үндэслэлгүй гомдлуудыг гаргаж, манай компанийн нууц мэдээллийг задруулж хууль зөрчиж байгаа этгээд бөгөөд манай компанитай холбоотой гааль, татварын асуудлаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс манай компанид шалгалт явуулж, гомдолд дурдсан асуудлаар зөрчилгүй гэж үзэж, гомдлыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Санхүүгийн зохицуулах хороо мөн Өсөхбаярын гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг.

Нэг. ГУБ оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот акт нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн 839,649,463 төгрөгний барааны үнийг дутуу, худал мэдүүлсэн гэж үзэж, 139,938,179 төгрөгний нөхөн татвар, 41,981,454 төгрөгний торгууль нийт 181,919,632 төгрөгний шийтгэл ногдуулсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Манай компани нь дээр дурдсанчлан Wuerth брэндийн бараа бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад оруулж ирэх албан ёсны эрхтэй цорын ганц байгууллагага юм. Бидний энэхүү давуу тал нь Wuerth брэндийн бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээрх ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс илүү хямд үнэ өртгөөр Монгол улсад оруулж ирж, худалдан борлуулах боломжийг олгодог ба бидний үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд явагддаг, гаалиар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний үнийг шударгаар мэдүүлж ирсэн бөгөөд Гаалийн улсын байцаагчийн дээрх актанд дурдсан 839,649,463 төгрөгний барааны үнийг дутуу, худал мэдүүлсэн явдал огт байхгүй болно.

2. Гаалийн улсын байцаагчийн дээрх актын хавсралтанд заасан “гаальд мэдүүлээгүй барааны үнийн дүн” /хүснэгтийн 10 дахь багана/-г хаанаас, хэрхэн яаж тооцож гаргаж ирсэн дүн болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. 2013 онд бидний Монгол улсын гаалиар оруулж ирж мэдүүлсэн бараануудын нийт барааны үнийг 23,7 хувиар нэмж, 2014 оны барааны үнийг 8,5 хувиар, 2015 онд 37,5 хувиар, 2016 онд 19 хувиар, 2017 онд 24,4 хувиар тус тус шууд нэмэгдүүлж дээрх зөрчлийн дүнг гаргаж ирсэн байгаа нь баримтад үндэслээгүй, хууль бус гэж үзэж байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлох аргуудын алийг нь ашигласан нь мөн тодорхойгүй байна. Бидний толгой компаниасаа авч байгаа бараа бүтээгдэхүүн нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “хэлцлийн үнийн арга”-аар тодорхойлох бүрэн боломжтой бараа бүтээгдэхүүнүүд бөгөөд бид “хэлцлийн үнийн арга”-ын дагуу барааны үнээ хууль, журмын дагуу үнэн зөвөөр, шударгаар мэдүүлж ирсэн.

3. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан зөрчил шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно. Мөн Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль нь тус тус Татварын ерөнхий хуулиас бүрдэж байгаа бөгөөд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан. Гэтэл Гаалийн улсын байцаагч нь дээрх актаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан /2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх/ байхад шалгалт явуулж акт тавьсан нь үндэслэлгүй байна.

Хоёр: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэгийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот акт нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн 191,429,618 төгрөгний бараа бичихгүй орхисон гэж үзэж 29,671,591 төгрөгний нөхөн татвар, 8,901,477 төгрөгний торгууль нийт 38,573,068 төгрөгний шийтгэл ногдуулсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Уг актын үндэслэл болсон SАР санхүүгийн програм хангамжийг манай компани нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай компанийн хамаарал бүхий зэрэгцээ компани болох Wuerth IT компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглаж эхэлсэн нь үнэн боловч уг санхүүгийн програм хангамжийг худалдаж аваагүй, импортоор оруулж ирээгүй, толгой компанийн хэрэглэдэг програм хангамжийг ашиглаж байгаа явдал юм. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж юу байх талаар тодорхойлсон ба бараа гэж “гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, гээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг” ойлгоно гэж тодорхой заасан бөгөөд програм хангамж нь дээрх тодорхойлолтоор бараа гэж тооцогдохгүй юм. Мөн бид дээрх програм хангамжийг худалдаж аваагүй, програм хангамжийн лиценз эзэмшдэггүй тул Гаалийн улсын байцаагчийн уг акт үндэслэлгүй юм.

2. Гаалийн улсын байцаагчийн актын хавсралтанд манай компанийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх SAP санхүүгийн програм хангамжийг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэглэж эхэлсэн мэтээр нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй акт тавьсан нь үндэслэлгүй байна.

          Иймд ГУБ оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэгийн оногуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Бат-Эрдэнэ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 117/18 тоот удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Бат-Эрдэнэ, Д.Отгонцэцэг нар “В” ХХК-ийн 2013-2017 оны гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримтанд үндэслэн гаалийн байгууллагад барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн болно. Шалгалтаар тус компани нь 2013-2017 онд 839.649,463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж 50.884,757 төгрөгийн гаалийн татвар, 89.053,442 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 139.938,179 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг төлүүлэх, 41,981,454 төгрөгийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Мөн “В” ХХК нь 2015-2017 онд 191.429,618 төгрөгийн програм хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргаж 9.571,481 төгрөгийн гаалийн татвар, 20.100,110 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 29.671,591 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг, 8.901,477 төгрөгийн шийтгэлийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэвч тус компани нь дээрх гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан байгаа бөгөөд гомдлыг хүлээн авч үзэхэд хариуцагч нь Монгол улсын хууль, журамд нийцээгүй үндэслэлүүдээр гомдол гаргасан байгаа тул дараах тайлбаруудыг өгч байна. Үүнд:

1. Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн татварын хэлтэс “В” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтанд шалгалт хийж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь гаалийн байгууллага иргэн А.Өсөхбаярын гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь тус компани барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримтанд үндэслэж гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийх талаар Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлд тусгайлан зааж өгсөн байгаа.

2. “В” ХХК нь гаргасан нэхэмжлэлдээ Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлох аргуудын алийг ашигласан тодорхойгүй талаар дурьдсан байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ” гэж тусгайлан заасан байна. Өөрөөр хэлбэл уг хуулийн заалтын дагуу “В” ХХК нь 2013-2017 онд худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бусаар төлсөн буюу төлбөл зохих 348706.19 ам.доллар буюу 839.649,463 төгрөгийн үнийг гаалийн үнийг дутуу мэдүүлсэн байсныг гаалийн байгууллага олж тогтоосон болно.

3. Мөн тус компани нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан тул 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд хамаарах тавьсан нөхөн төлбөр, торгууль нь хүчингүй гэсэн тайлбарыг гаргасан байна. Гэвч Татварын еренхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2-д “тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажпын өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ” гэсэн заалтыг тус компани нэхэмжлэлдээ орхигдуулсан байна. Иймд “В” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд хамаарах тавьсан нөхөн төлбөр, торгууль нь энэ хуулийн заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна.

4. “В” ХХК нь 2015-2017 онд 191.429,618 төгрөгийн програм хангамжийг толгой компани болох Wuerth IT компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглаж байгаа, мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэж “гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5.-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг” ойлгоно гэсэн тодорхойлолтоор бараа гэж тооцогдохгүй гэж үзсэн байна. Тус компани нь тухайн програм хангамжид зориулж 191.429,618 төгрөг төлсөн нь өөрөө импорт болж байгаа юм. Өөрөөр хэлбэл ашиглахын тулд төлбөр төлсөн, нөгөөтэйгүүр худалдан авалт буюу импорт хийсний дүнд тухайн програм хангамжийг өөрийн байгууллагын компьютерт суулгаж өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа юм.

Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэдэг ойлголтыг төлөөлүүлэн эд юмс, үнэт зүйлс гэх мэтчилэн заасан байна. Өөрөөр хэлбэл програм хангамж уг хуулийн заалтад хамаарахгүй гэж заагаагүй төлөөлүүлэн эд юмс, үнэт зүйлс гэж тусгасан байгаа юм. Үүний дагуу бусад аж ахуйн нэгж, байгууллагууд интернетээр худалдан авсан програм хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлэн холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байгаа болно. Энэ нь хууль бүгдэд ижил тэгш үйлчилж, хуулийг бүгд ижил тэгш мөрдөх зарчмыг “В” ХХК нь мөрдөхгүй байгааг харуулж байна гэж гаалийн байгууллага үзэж байна.

Дээрх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүдэд өгсөн тайлбараас харахад “В” ХХК-аас тус шүүхэд гаргасан гомдол нь бүхэлдээ хуулийн заалтыг буруу ойлгосон, хамааралгүй хуулийн заалтыг хамааруулж ойлгож бичсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “В” ХХК нь “...ГУБ оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэгийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах”  нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: ГУБ оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс “...бараа бүтээгдэхүүний үнийг дутуу, худал мэдүүлсэн зүйл байхгүй, хэлцлийн үнийн аргын дагуу барааны үнээ хууль журмын дагуу үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан /2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх/ өршөөлд хамрагдах ёстой байхад шалгалт явуулж акт тавьсан гэж маргаж байх бөгөөд хариуцагчаас 348706.19 ам.доллар буюу 839.49.463 төгрөгийн гаалийн үнийг дутуу мэдүүлсэн байсан, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж тайлбарлан маргаж байна.

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 117/18 дугаар шалгалтын удирдамжаар[1] гаалийн улсын байцаагч Д.Бат-Эрдэнэ, Д.Отгонцэцэг нар нь гомдол гаргагч “В” ХХК-ийн 2013-2017 оны импортлосон барааг гаалийн байгууллагад  үнэн зөв мэдүүлсэн эсэхийг гадаад худалдааны болон санхүүгийн баримтад тулгуурлан бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийж, Гаалийн улсын байцаагч Д.Бат-Эрдэнэ 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудсаар[2] “В” ХХК нь 2013-2017 онд 839.649,463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж,  Гаалийн татварт 50.884,757 төгрөгийн, Нэмэгдсэн өртгийн албан татварт 89.053,442 төгрөг, нийт 139.938,179 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг төлүүлэх 41,981,454 төгрөгийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7-т заасны дагуу гаалийн улсын байцаагч нь “гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт “...гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн; гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцагч нар дээрх маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлтэй байна.

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “...Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “...Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ” гэж заасны дагуу Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага нь бараа бүтээгдэхүүнийг үнэн зөвөөр мэдүүлж, зохих татварыг төлөх үүрэгтэй атал нэхэмжлэгч “В” ХХК нь 2013 онд 38,469,51 ам.доллар буюу 77,145,704 төгрөг, 2014 онд 23,458,81 ам.доллар буюу 55,922,420 төгрөг, 2015 онд 95,331,50 ам.доллар буюу 208671,877 төгрөг, 2016 онд 81,132,68 ам.доллар буюу 192,594,944 төгрөг, 2017 онд 110,313,69 ам.доллар буюу 305,314,518 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй болох нь “В” ХХК-ийн 2013-2017 оны санхүүгийн тайлан[3] болон төлбөрийн нэхэмжлэх[4], гадаад шилжүүлгийн даалгавар[5] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 “Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ”, 10.2. “Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг хэлцлийн үнэ гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 10.3-т зааснаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоот үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан зардал, тухайлбал мөн хуулийн 10.3.1-10.3.5 заасан зардлыг нэмж тооцохоор байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “В” ХХК нь 2013-2017 онд худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бусаар төлсөн болон төлбөл зохих төлбөрийг Гаалийн байгууллагад мэдүүлэх ёстой байсан бөгөөд хариуцагч гадаад шилжүүлгийн баримтууд дээр үндэслэн төлсөн үнийн дүнгийг гаргасан байгаа нь дээрх Хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлсон болох нь тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “....Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна”, 11.3.2-т “...тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс тоолж эхлэнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хяналт шалгалт явуулж, акт тавьсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “...Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан байх бөгөөд “В” ХХК-ийн 2013-2017 оны зөрчилд Гаалийн улсын байцаагчид 2018 онд хяналт шалгалт явуулж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шийтгэл ногдуулсан байх бөгөөд өршөөлд хамрагдах ёстой байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс 2013 онд нийт барааны үнийг 23.7 хувиар нэмж, 2014 онд барааны үнийг 8.5 хувиар, 2015 онд 37.5 хувиар, 2016 онд 19 хувиар, 2017 онд 24.4 хувиар тус тус шууд нэмэгдүүлж, зөрчлийн дүнг гаргаж ирсэн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Гаалийн улсын байцаагчийн нэгж үнийг бодохдоо тухайн жилд нийт илүү төлсөн мөнгөн дүнг, тухайн барааны нийт үнийн дүнд эдлэх хувийг харгалзан тооцоолж гаргасан болох нь Гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүнд ногдох дүнгийн тооцоололоос[6] харагдаж байна. 

Хоёр: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэгийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 117/18 дугаар шалгалтын удирдамжаар[7] Гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэг нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсаар[8] “В” ХХК нь 2015-2017 онд 191.429,618 төгрөгийн програм хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэсэн зөрчилд 9.571,481 төгрөгийн гаалийн татвар, 20.100,110 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 29.671,591 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг, 8.901,477 төгрөгийн шийтгэлийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий актыг эс зөвшөөрч “...SAP санхүүгийн программ хангамжийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс манай компанийн хамаарал бүхий зэрэгцээ компани болох Wuerth IT компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглаж эхэлсэн. Уг программыг худалдаж аваагүй, импортоор оруулж ирээгүй, програм хангамж нь бараа гэж тооцогдохгүй, уг програмыг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэглэж эхэлсэн мэтээр акт тавьсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж маргаж байх бөгөөд хариуцагчаас 2015 оноос эхэлж, тухайн програмд зориулж 191,429,618 төгрөг төлсөн, нөгөөтэйгүүр худалдан авалт буюу импорт хийсний дүнд тухайн програм хангамжийг өөрийн байгууллагын компьютерт суулгаж, өдөр тутамын үйл ажиллагаандаа ашиглаж  байгаа, Гаалийн тухай хуульд заасны дагуу бараа гэх тодорхойлтод багтаж байгаа” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “... “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг;” гэж заасан байх бөгөөд эд юмс гэх ойлголтод програм хангамж багтахаар байна.

Хэдийгээр нэхэмжлэгч SAP санхүүгийн программ хангамжийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ байгууллан ашиглаж эхэлсэн гэх боловч 2015 оноос эхлэн тухайн програмд зориулж төлбөр төлж байсан болох нь гадаад гуйвуулын шимтгэл, санхүүгийн тайлан програмаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ГУБ нарт холбогдуулан гаргасан “...ГУБ оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэгийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий “В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 274 дүгээр зүйлийн 274.13, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ГУБ нарт холбогдуулан гаргасан “...ГУБ оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэгийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий “В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА

 


[1] Нотлох баримт  1-р хавтас 1-3 хуудас

[2] Нотлох баримт 1-р хавтас 14-15 хуудас

[3] 1-р хавтас хэргийн    тал.

[4] Нотлох баримт Төлбөрийн нэхэмлэхүүд,

[5] нотлох баримт 207-243

[6] Нотлох баримтын 15-199

[7] Нотлох баримт  1-р хавтас 1-3 хуудас

[8] Нотлох баримт 1-р хавтас 202-203 хуудас