Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 27

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
             Улсын яллагч: Б.Батсайхан 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Сүрэнхорлоогийн Энхбаатарт холбогдох 201503000572 тоот хэргийг хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, Эх голомтын илч ХХК-д дулааны слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 18-05 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигин овогт Сүрэнхорлоогийн Энхбаатар РД:/АЮ69071771/
Шүүгдэгч С.Энхбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 18-05 тоот гэртээ хадам ах Л.Цогтбаяртай маргалдан барьцалдан авч улмаар орон дээр давхралдан унахдаа мах хөшиглөж байсан хутгаар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 


ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
     Шүүгдэгч С.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний орой ажлаа тараад эхнэр хүүхэдтэйгээ эхнэрийн найз Баасансүрэнгийн гэрт очтол нэг шил архи гаргаж өгөхөөр нь тэр архинаас нь 150 грамийг уусан. Тэгээд эхнэр Оюунааг жаахан хуучилж байгаад араас гэртээ хариарай би гэртээ харьж хоолоо хийж байя гэж хэлчихээд 20 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 18-05 тоотод гэртээ жижиг хүүтэйгээ харьсан. Тэгтэл манай гэрт манай эхнэрийн төрсөн ах Цогтбаяр нилээд согтуу сууж байсан ба намайг ороод хоолоо хийх гээд зүүн талын орон дээр хөлдүү махаа хэрчээд сууж байтал хадам ах Цогтбаяр надад агсан тавих гээд хэрүүл өдөөд байхаар нь би Цогтбаяр ахад та надад агсан тавиад яах вэ, тэрнийхээ оронд манай хашаанд хамт амьдарч байгаа 87 настай ээжийнхээ түлээ модыг хагалаад өгчихгүй та ер нь ээж болон төрсөн дүү нараа боддоггүй гээд хэлчихсэн чинь Цогтбаяр ах надтай олон юм яриад байгаарай гээд зүүн талын орны урд талаас босож ирээд салаавч гаргаж май муу пизда минь чам шиг гөлөг тэгэхгүй шүү гэж хэлээд  миний ам руу гараа хийхээр нь би орон дээрээсээ босоод иртэл Цогтбаяр ах намайг заамдаж аваад бид хоёр хойшоо давхраараа орон дээр уначихсан юм. Тэгтэл миний баруун гартаа мах хэрчиж байсан жижиг хутга газар уначихсан Цогтбаяр ахын зүүн талын хавирганы доод талд хатгачихсан байсан. Цогтбаяр ахыг хатгасан хутга шар алаг иштэй ойролцоогоор иштэйгээ хийлээд 15 см хэмжээтэй манай гэрийн хүнсэндээ хэрэглэдэг хутга байгаа юм. Би тухайн үед бага зэрэг архи уучихсан жаахан халамцуу байсан. Цогтбаяр ахыг хатгахад манай 8 настай хүү унтаж байсан. Өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг
    Хохирогч Л.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед архи уугаад хадам дүү Энхбаатарын гэрт очтол Энхбаатарын гэрт хүн байгаагүй. Тэгээд удаагүй гаднаас манай хүргэн Энхбаатар орж ирээд гаднаас мах оруулж хоол хийх гээд гэрийнхээ зүүн талын орон дээр суучихсан мах хэрчээд сууж байхаар нь би жаахан агсраад эхэлтэл Энхбаатар надад та хөдөөнөөс ирээд архи ууж байгаад явах юм. Манай хашаанд байгаа 87 настай ээжийгээ төрсөн дүү охинтойгоо хармаар юм даа гээд хэлэхээр нь би Энхбаатарыг битгий хуцаад бай гээд бид хоёр хэсэг маргалдаж байгаад би босож очоод Энхбаатарыг орон дээр мах хэрчээд сууж байхаар нь заамдаад, багалзуурдаж автал Энхбаатар босож ирээд бид хоёр давхралдаад Энхбаатар миний доор би дээр нь орон дээр унасан. Тэгтэл миний зүүн талын хавирга руу хөндүүр оргиод байхаар нь Энхбаатарт хэлсэн. Энхбаатарын мах хэрчиж байсан хутга орны урд талд уначихсан Энхбаатар гарч яваад эхнэр Оюунааг дагуулж орж ирсэн. Тэгээд эмнэлэг дуудсан. Энхбаатар намайг санаатай хутгаар хутгалаагүй, би Энхбаатарыг боогоод орон дээр давхралдаж унахдаа хутга нь миний зүүн талын хавирга руу хатгачих шиг болсон. Энхбаатар бид хоёрын хооронд өмнө нь ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй хоорондоо таарамж сайтай байдаг. Энхбаатар архи уудаггүй. Тэр өдөр архи уучихсан байсныг мэдэхгүй байна. Тэр үед Энхбаатарын 8 настай хүү унтаж байсан шиг санагдаж байна. Надад гомдол санал байхгүй” гэх тайлбар /хх-8-9х/
    Хохирогч Л.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн төвд ээж Мядагмаагийнд ирсэн. Тэр өдрөө хоночихоод маргааш өглөө нь захаар явж байгаад ганц нэг таньдаг хүнтэйгээ таараад архи уусан. Орой 18-19 цагийн үед ээжийндээ очиход манай ээж ганцаараа байсан. Энхбаатарынд ороход гэрт нь хүн байгаагүй орон дээр нь нэг хүүхэд унтаж байх шиг байсан. Миний араас Энхбаатар гэртээ орж ирсэн. Энхбаатар намайг архи ууж байхаар ээж, дүү хоёроо хараач гэхээр нь би манай ээж чамаар тэжээлгээгүй гэж хэлээд очоод заамдаж авсан. Энхбаатар эргэж хараад надтай барьцалдаад орон дээр нь арагш нь дараад унагаасан. Би дээр нь гарчихсан Энхбаатарын нүүр рүү гараараа цохиж байсан. Тэгтэл миний зүүн суганы доогуур хүйт оргихоор нь гараараа дарж үзтэл гар цус болсон байсан. Би Энхбаатарыг чи намайг хутгалсан байна гэж хэлэхэд Энхбаатар гэрээсээ гараад гүйсэн. Удаагүй Энхбаатар эхнэртэйгээ орж ирсэн. Тэгээд түргэн дуудаад эмнэлэгт хэвтсэн. Миний биед зүүн бөөрний харалдаа хутгалагдсан шарх гэмтэл, зүүн бугалганы ард хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн. Би согтуу гэрт орж хэрүүл маргаан хийж Энхбаатарыг заамдаж авч хоолойг боогоод орон дээр унасан. Тэрнээс намайг ална гэж хутга авч над руу дайраагүй. Санамсаргүй л юм болсон байх гэж бодож байна. Би хүнсний зах дээр Дамцаг гэж Цэнхэр сумын харъяат нэг найзтайгаа таараад 1 шил 0.5 литрын Ерөөл гэсэн архи хувааж уусан. Тэгээд мотоциклийн такси аваад харих замдаа дэлгүүрээс Архангай гэсэн нэртэй 0.5 литрийн архи аваад ээжийндээ очсон. Тэр архиа ганцаараа уучихсан юм. Би Энхбаатарынд орох үед болж байгаа үйл явдлыг мэдэж байсан. Тасартлаа согтоогүй байсан. Энхбаатарыг би их сайн хүргэн гэж боддог. Тухайн үед яагаад ингэж хэрэлдэж, маргалдсанаа сайн мэдэхгүй байна. Согтуудаа л ингэж хэрүүл маргаан хийчихлээ. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал бүх мөнгийг Энхбаатар төлсөн. Би Энхбаатарыг бооход урдаас тонгочиж хөдөлж л байсан. Гэхдээ намайг цохиж зодсон зүйл байхгүй” /хх-21-22х/ гэх мэдүүлэг 
    Хохирогч Л.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...Энхбаатар намайг архи ууж байхаар хөгшин настай ээж, бие муутай дүү хоёроо хараач гэсэн. Би согтуу байсан болохоор хэрүүл маргаан хийсэн. Манай дүү хорт хавдартай бие муу байдаг юм. Миний биед зүүн бөөрний харалдаа хутгалагдсан шарх, зүүн гарын тохойны ард өнгөц зүсэгдсэн шарх үүссэн. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй. Энхбаатар гэрийнхээ зүүн талын орон дээр ертөнцийн зүгээр хойд зүгт хараад орныхоо урд ширээ тавьчихсан ширээн дээрээ мах хөшиглөж байсан. Энхбаатар орон дээрээ суугаад мах хөшиглөж байхад зүүн талаас нь очоод би зүүн гараараа заамдаад арагш дарж унагаасан. Тэгээд зүүн гараараа заамдсан байхдаа баруун гараараа нэг удаа нүүр рүү нь цохьчихоод салсан. Энхбаатар баруун гартаа хутга барьсан байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Энхбаатартай хэрүүл маргаан хийж байгаад л ийм юм болсон. Энэ явдал миний буруу. Би хүнсний зах дээр Содоотой таараад нэг шил 0.5 литрийн Ерөөл гэсэн архи хувааж уусан. Тэгээд гэртээ харих замдаа дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Архангай гэсэн архи аваад харьсан. Өөр хүнтэй архи уугаагүй. Би Энхбаатарыг намайг гэнэт арагш унагаахад гартаа барьсан байсан хутгаа тавихгүй санамсаргүй намайг хутгалсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-26-27х/
    Хохирогч Л.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...миний өмнө нь өгсөн байцаалтууд үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед би хэрүүл, маргаан эхэлж үүсгэсэн. Намайг Энхбаатарыг дарж унах үед Энхбаатар намайг болгоомжгүй хутгалсан байх. Тухайн үед Энхбаатар баруун гартаа хутгаа барьсан байсан. Энхбаатар угаасаа юм хийх, бичихдээ баруун гараараа хийдэг. Тухайн үед болсон асуудал бол миний буруу, Энхбаатарт холбогдох хэргийг түргэн шуурхай, бага арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Би архи ууж Энхбаатар дүүгээ ийм асуудалд оруулсан, их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-29-30х/
Гэрч Л.Оюуны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед нөхөр Энхбаатарын хамтаар Цагаан давааны 16-02 тоотод оршин суух найз Баасансүрэн гэдэг айлд орсон. Манай нөхөр Энхбаатар 50 граммийн хундагаар 3 удаа уучихаад намайг Баасансүрэнгийнд жаахан сууж бай би гэртээ харьж хоолоо хийж байя гээд явсан. Удаагүй 30 минутын дараа Энхбаатар гаднаас орж ирээд Цогтбаяр ах согтуу надтай зууралдаж давхралдаж унаад мах хэрчиж байсан хутганд зүүн талын хавирга руугаа хатгуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь эмнэлэг, цагдаа дуудсан. Тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг бол сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Энхбаатар миний төрсөн ах Цогтбаяртай урд өмнө маргалдаж хэрэлдэж байгаагүй хоёулаа таарамж сайтай байдаг” гэх тайлбар /хх-6-7х/
    Гэрч М.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манайд 18-19 цагийн үед Энхбаатар эхнэр Оюуны хамт орж ирсэн. Манайд хоол идээд 0.33 литрийн Ерөөл гэсэн архи гаргаж өгсөн. Энхбаатар тэр архинаас жижиг рүнкээр 2 уучихаад би түрүүлж хариад хоолоо бэлдэж байя гээд явсан. Тэгтэл ойролцоогоор 30 орчим минутын дараа Энхбаатар манайд гүйсээр орж ирээд Цогтбаяр ах намайг харихад согтуу байсан. Намайг мах хөшиглөж байтал надтай зууралдаад миний барьж байсан хутган дээр дараад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд Оюун тэр хоёр гэрээс гараад явсан. Энхбаатар тухайн үед зүгээр байсан. Гаднаас анх орж ирэхэд биед нь ямар нэгэн ил шарх гэмтэл байгаагүй. Манайд ямар нэгэн хэрүүл, маргаан болоогүй. Тухайн үед манай гэрт эхнэр Энхжаргал, охин Чимэгсайхан болон Энхбаатарын эхнэр Оюун нар байсан. Би Энхбаатартай 2005 оны үеэс эхлэн найзалж нөхөрлөж байна. Энхбаатар манай байгууллагад зуухны слесарь буюу уурын зуухны ээлжийг ахалж ажилладаг. Энхбаатар ажилсаг, ажилдаа идэвхи зүтгэлтэй, архи ууж хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Эхнэр Оюун нь 2015 оноос эхлэн хөхний хорт хавдар өвчин тусаад жаахан гачигдалтай л байгаа. Ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрээ асрана бас хадам ээжийнх нь бие муу байгаа болохоор их л завгүй байдаг. Тухайн үед Энхбаатарын хувцсанд ямар нэгэн урагдал гэмтэл байгаагүй. Ямар нэгэн хүнтэй хэрүүл, маргаан, зодоон хийсэн шинж тэмдэг байгаагүй” гэх мэдүүлэг /хх-32-33х/ 
    Гэрч Н.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Энхбаатар эхнэр Оюуны хамт  манайд 17 цагийн үед орж ирсэн. Манай нөхөр Баасансүрэн 0.33 литрийн Ерөөл гэсэн архи  задалж өгсөн. Энхбаатар тэр архинаас жижиг рүнкээр 2 удаа л уусан байх тэгээд гэртээ харьж хоолоо хийнэ гээд нэг их удалгүй явсан. 30 орчим минутын дараа Энхбаатар амьсгаадаад л орж ирээд намайг мах хөшиглөж байтал Цогтбаяр ах согтуу надтай зууралдаад унатал миний барьсан байсан хутган дээр уначихлаа гэж хэлсэн. Тэгээд Оюун тэр хоёр гараад явсан. Би Энхбаатар, Оюун нартай найзлаад 20-иод жил болж байна. Манай нөхөр Баасансүрэн, Энхбаатар нар нэг газар ажилладаг. Би Оюунтай хамт зах дээр хамт зогсдог байсан. Оюун бие муу сүүлийн 2 жил зах дээр зогсоогүй” гэх мэдүүлэг /хх-35-36х/ 
    Гэрч Г.Содоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Цогтбаяртай найзууд. Энхбаатарыг Цогтбаярын хүргэн гэдгээр нь л танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Хүмүүс намайг Дамцаг гэж хочилж дууддаг. Миний бүтэн нэрийг Содоо гэдэг. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүнсний зах дээр Цогтбаяртай таараад бид 2 нэг шил 0.5 литрийн Ерөөл гэсэн нэртэй архи нэгийг хувааж уугаад 18 цагийн үед салцгаасан. Цогтбаяр их согтоогүй байх” гэх мэдүүлэг /хх-40х/
    Гэрч Д.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Л.Цогтбаяр гэдэг хүнийг танихгүй. Хоорондоо ямархуу харьцаатайг нь мэдэхгүй байна. С.Энхбаатар бид нар нэг газар ажиллаад 23-24 жил болж байна. Энхбаатар ажилсаг хичээнгүй, эрхэлсэн ажилдаа сайн манай байгууллагын тэргүүний ажилтан байгаа юм. Ажлаасаа урлаг спортын арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцдог манай байгууллагын аваргаар хүртэл шалгарч байсан. Хамт олны дунд нэр хүнд сайтай, их шударга зантай. Гэр бүл үр хүүхэддээ халамжтай, эхнэр нь бие муу эхнэр хүүхдээ тэжээх гэж л яваа хүн. Энхбаатар архи уугаад байдаггүй. Баяр ёслолын үеэр л бага зэрэг уудаг. Архи ууж хүнтэй хэрүүл, маргаан хийж агсам согтуу тавиад байдаггүй. Миний мэдэхээр ямар нэгэн хэрэг, зөрчил гаргаж цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-42х/
    Гэрч Ж.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...С.Энхбаатарыг таньдаг болоод 10 гаран жил болж байна. С.Энхбаатар ажилдаа их сайн манай байгууллагын шилдэг ажилтан. Эрхэлсэн ажилдаа үнэн ч ер нь их шударга, үнэнч зантай. Энхбаатар 6 дугаар уурын зуухыг хариуцан ажилладаг. Энхбаатарын хариуцсан уурын зуух нь дандаа л ажлаараа тэргүүлж шагнуулж байдаг. Энхбаатар архи уугаад байдаггүй. Хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Бусадтай их эвсэг найрсаг харьцаатай, ажлын хамт олон дунд нэр хүнд сайтай. Ямар нэгэн хэрэг төвөгт холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-44х/
    Гэрч С.Мягмарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний 21 цагийн үед би утсаар юу болсон талаар сонссон. Тэгээд Энхбаатар ахын гэрт очиход Цогтбаяр ах, Энхбаатар ах, Оюун эгч нар байсан. Юу болсон талаар асуухад юу болсоноо мэдэхгүй байна гэцгээгээд сууцгааж байсан. Энхбаатар ах Цогтбаяр ахыг санамсаргүй хутгалсан гэж байсан. Тэгээд удалгүй түргэний машин ирээд Цогтбаяр ах эмнэлэгт хэвтсэн. Намайг очих үед Цогтбаяр ах орон дээр хэвтэж байсан. Энхбаатар ах, Оюун эгч нар гэртээ сууцгааж байсан. Энхбаатар ахын хамгийн бага нэгдүгээр ангийн сурагч хүүхэд нь гэртээ унтаж байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Энхбаатар болон Цогтбаяр нар өмнө нь хоорондоо хэрүүл, маргаан хийж байгаагүй. Гэр бүл, үр хүүхэддээ халамжтай. Эхнэр Оюун нь хорт хавдартай тул гэрийнхээ хамаг ажлыг л хийж байдаг. Бас өндөр настай хадам ээж нь хамт хашаанд нь амьдардаг” гэх мэдүүлэг /хх-46-47х/
    Гэрч П.Билэг-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би уг хэрэг болох үед хөдөө байсан. Миний сонссоноор Цогтбаяр ахыг Энхбаатар ах хутгалсан гэж сонссон. Өөр хэргийн талаар мэдэх зүйл надад байхгүй. Энхбаатар ах манай хүргэн байгаа юм. Энхбаатар ахын хашаанд манай эмээ Мядагмаа байдаг. Эмээ Мядагмаа Энхбаатар ахын хашаанд 2007 оноос хойш байгаа. Энхбаатар ах, Цогтбаяр ах нар хоорондоо ах дүүсийн л харьцаатай. Би хувьдаа дотно харьцаатай гэж бодож байна. Энхбаатар ахын эхнэр Оюун нь Цогтбаяр ахын төрсөн дүү нь байгаа юм. Энхбаатар ах их ажилсаг, гэр бүл, үр хүүхэддээ халамжтай миний хувьд их сайн хүн шиг санагддаг. Энхбаатар ах ер нь архи уудаггүй. Хааяа нэг баяр ёслолын үеэр л уудаг байх. Архи ууж хүнтэй хэрүүл, маргаан хийж агсам согтуу тавьж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-49х/
    Гэрч С.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Цогтбаяр миний нөхөр, Энхбаатар манай нөхрийн төрсөн дүүтэй нь гэр бүл болсон. Энхбаатар бид хоёр нэг айлын хүргэн, бэрүүд байгаа юм. Манай нөхөр Цогтбаярыг хутгалж биед нь гэмтэл учруулсан. Би тухайн үед хөдөө гэртээ байсан. Цогтбаяраас сонсоход Цогтбаяр архи уусан байх үедээ Энхбаатартай хэрүүл, маргаан хийн орон дээр унах үед л санамсаргүй хутгалсан гэж хэлж байсан. Би хөдөө гэрээсээ дуудагдан ирж Цогтбаярыг эмнэлэгт сахиж байсан. Одоо Цогтбаярын бие нь бүрэн эдгэрсэн. Энхбаатар болон манай нөхөр нар өмнө нь хоорондоо хэрүүл маргаан хийж байгаагүй. Ах дүүс шиг хоорондоо хоорондоо эвтэй найртай сайхан харьцаатай. Манай нөхөр уг нь архи уугаад байдаггүй. Архи уусан үед нь урдаас нь юм ярихаар л үг сөрөөд хэрүүл хийх гээд байдаг. Согтуу байхад нь юм ярихгүй чимээгүй байвал хэсэг байж байгаад өөрөө унтаад өгдөг. Энхбаатар үг дуу цөөтэй, төлөв томоотой, хүнтэй их олон юм ярьж хэрүүл маргаан өдөөд байдаггүй. Архи уугаад байдаггүй их томоотой л хүндээ. Манай нөхөр л хааяа нэг архи уучих гээд байдаг. Энхбаатар ер нь архи уудаггүй” гэх мэдүүлэг /хх-52х/
    Шинжээч эмч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Архангай аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн ахмад А.Алтанзулын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын дагуу Лувсан овогтой Цогтбаярын биед учирсан гэмтлийн зэргийг 2 дугаар шатлалын эмнэлгийн өвчний түүхийг үндэслэн гаргасан. Л.Цогтбаярын биед хэвлийн зүүн хажуугаар суганы дунд шугамаар 10 дугаар хавирганы төгсгөлөөр хэвлийн хөндий рүү нэвтэрч хэвлийн гялтан хальсыг гэмтээсэн шарх, зүүн талын 10 дугаар хавирганы үзүүр /төгсгөл/ хэсгийн хугарал, зүүн бугалганы дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэсэн гэмтлүүдтэй байсан. Энэ оношийг орсоор Л.Цогтбаярын өвчний түүх дээр бичсэн байсан. Орсоор плеча гэж мөр гэж ойлгоно, плечевая области гэвэл мөр орчмын гэж орчуулна. Иймд би мөр орчмын гэдгээр нь махчилж орчуулсан. Энэ нь өвчний түүх дээр бичигдсэн онош тул би орчуулан дүгнэлтийнхээ үндсэн онош хэсэгт бичсэн. Харин хэсэг газрын үзлэгт ... эмч бичихдээ зүүн гарын бугалганд 7 см арьс өөхөн эдийг хамарсан зүсэгдсэн шархтай гэж бичсэн байсан тул үүнийг би анатомын байршлаар нь зүүн бугалганы дээд хэсэг гэж бичсэн. Энэ нь хоёр өөр гэмтэл биш, зүүн бугалганы дээд хэсгийн гэмтэл” гэх мэдүүлэг /хх-58х/
    Сэжигтэнээр С.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын үед эхнэр Оюуны хамт түүний найз Энхжаргалынд очсон. Бид хоёрт идшээ идсэн гээд мах чанаж өгөөд 0.5 литрийн Ерөөл гэсэн архи задалж би тэрнээс нь ойролцоогоор 100-150 грамм архи уусан. Тэгээд эхнэртээ миний хань найз нөхөдтэйгөө хууч хөөрөөд байж бай би хариад хоолоо хийж байя гэж хэлээд түрүүлээд гэр рүүгээ явсан. Гэртээ очиход манай гэрт эхнэрийн ах Цогтбаяр согтуу сууж байсан. Би махаа оруулж ирээд орон дээр тавиад махаа хөшиглөөд байж байтал Цогтбаяр агсам тавих маягтай хэрүүлийн чанартай юм яриад байсан. Тэгэхээр нь би та хашаанд байгаа 87 настай ээжийгээ болон охин дүүгээ буюу манай эхнэр хоёрыг боддоггүй юм уу, архи ууж байхын оронд түлээ модыг нь бэлдээд өгөхөд яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл над руу чам шиг муу гөлөг юу гээд байгаа юм гээд босож ирээд миний ам руу салаавч хийгээд намайг заамдаж боож дарж унасан. Тэгээд босоод иртэл миний мах хөшиглөж байсан хутга орны урд унасан байсан. Цогтбаяр чи намайг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би Энхжаргалынд очиж эхнэртээ Цогтбаяр ах намайг дараад унатал би Цогтбаяр ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт мэдэгдээд цагдаа дээр ирсэн. Би мах хөшиглөөд хутгаа гартаа барьчихсан байхад Цогтбаяр над дээр ирж заамдаж аваад хамт унасан. Тэгтэл орны урд хутга байж байсан. Би юу болсон талаар мэдээгүй. Цогтбаярын зүүн гарынх нь ард хэсэгт зүсэгдсэн, тэгээд зүүн талын хавирга руу хутгалсан шарх гэмтэл үүссэн. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр авалга өс хонзон байхгүй. Манай гэрт манай 8 настай хүү Жанлавцогзол унтаж байсан. Тэгээд Цогтбаяр бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Би тухайн үед бага зэрэг л архи уусан. Согтоогүй байсан. Цогтбаяр тухайн үед нилээн их согтолттой байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-72-73х/
    Яллагдагчаар С.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би эхнэрийн хамт найз Баасансүрэнгийнд очсон. Баасансүрэнгийнх идшээ идсэн ирж хоол ид гэж дуудсан байсан. Тэгээд эхнэрийн хат Баасансүрэнгийн гэрт очоод хоол идээд 0.33 литрийн Ерөөл гэсэн архи задлаад надад өгөхөөр 2 удаа жижиг аягаар /рүнкээр/ уугаад түрүүлж гэртээ хариад хоолоо хийхээр явсан. Гэртээ харихад манай хүү Жанлавцогзол гэрийн зүүн талаар унтаж байсан. Намайг гаднаас гэртээ орж ирэхэд манай эхнэрийн ах Цогтбаяр манай гэрт согтуу сууж байсан. Би орон дээрээ суугаад ертөнцийн зүгээр хойд зүг рүү хараад жижиг ширээн дээрээ махаа хөшиглөж байхдаа хадам ах Цогтбаярт та ингэж архи ууж байхаар хашаанд байгаа настай ээж, өвчтэй охин дүүгээ бодоход яадаг юм бэ? гэхэд чамаар би ээжийгээ тэжээлгээгүй шүү гээд намайг шууд заамдаад ам руу гараараа салаавч гарган хийгээд намайг орон дээр арагш дарж унагаасан. Тэгээд миний нүүр рүү нэг удаа цохиод Цогтбаяр ах бид хоёр салтал Цогтбаяр ах чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Миний мах хөшиглөж байсан хутга орны урд унасан байсан. Би тэр хутгыг хэзээ орны урд унасныг мэдэхгүй байна. Тэгээд гэрээсээ гарч гүйгээд Баасансүрэнгийнхээс эхнэрээ дуудаад эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би Цогтбаярыг хутгалаагүй. Цогтбаяр ах намайг дарж унах үед л хутган дээр дарсан байх гэж бодож байна. Намайг цохих үед би хариу үйлдэл хийгээгүй. Би Цогтбаяр ахыг цохиж зодоогүй. Би тухайн үед баруун гартаа хутгаа барьсан байсан. Тэгээд Цогтбаяр ах намайг гэнэт заамдаад авахаар би хутгаа тавиагүй байсан юм шиг байна лээ. Би санаатай хутгалаагүй. Санаандгүй л ийм юм болсон. Би Цогтбаяр ахад эмнэлэгт хэвтсэн зардал болон хэрэглэсэн эм тарианы мөнгийг бүгдийг нь төлсөн. 600.000/зургаан зуун мянга/ төгрөг орчим болсон. Яг хэд болсонг мэдэхгүй байна. Эм тариа хэрэгтэй гэсэн болгонд л авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-75х/
    Туршилт хийсэн тэмдэглэл /хх-11-13х/
Фото зургийн үзүүлэлтүүд /хх-14-15, 17х/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16х/
Эд мөрийн баримтаар тогтоож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-18х/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 464 тоот дүгнэлт 
Дүгнэлтэд: 1. Л.Цогтбаярын биед хэвлийн зүүн хажуугаар суганы дунд шугамаар 10 дугаар хавирганы төгсгөлөөр хэвлийн хөндий рүү нэвтэрч хэвлийн гялтан хальсыг гэмтээсэн шарх, зүүн талын 10 дугаар хавирганы үзүүр /төгсгөл/ хэсгийн хугарал, зүүн бугалганы дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалд нөлөөлөхгүй /хх-56х/ гэжээ. 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-100-103х/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 930 тоот тодорхойлолт /хх-81х/
Өргөмжлөл, сайшаалын үнэмлэхийн хуулбар /хх-84-95х/ зэрэг болно. 
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч С.Энхбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 18-05 тоот гэртээ хадам ах Л.Цогтбаяртай маргалдан барьцалдан авч улмаар орон дээр давхралдан унахдаа мах хөшиглөж байсан хутгаар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим шүүгдэгч С.Энхбаатарын гэрт түүнийг мах хөшиглөж байхад хохирогч Л.Цогтбаяр маргалдаж орон дээр дарж унаган ноцолдох явцад хутгалагдсан талаар мэдүүлсэн хохирогч Л.Цогтбаярын мэдүүлэг /хх-8-9, 21-22, 26-27, 29-30х/, туршилт хийсэн тэмдэглэл /хх-11-13х/, фото зургийн үзүүлэлтүүд /хх-14-15, 17х/, хохирогч Л.Цогтбаярын биед хэвлийн зүүн талын хажуугаар суганы дунд шугамаар 10 дугаар хавирганы төгсгөлөөр хэвлийн хөндий рүү нэвтэрч гялтан хальсийг гэмтээсэн шарх, зүүн талын 10 дугаар хавирганы төгсгөл хэсгийн хугарал, зүүн бугалганы дээд хэсэгт зүсэгдсэн хүнд гэмтэл учирсан болохыг нотолсон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 464 тоот дүгнэлт /хх-56х/, шүүгдэгч С.Энхбаатар нь хохирогч Л.Цогтбаярыг ноцолдох явцдаа хутганд хатгагдчихлаа гэж ярьсан талаар мэдүүлсэн гэрч Л.Оюуны мэдүүлэг /хх-6-7х/, гэрч М.Баасансүрэнгийн мэдүүлэг /хх-32-33х/, гэрч Н.Энхжаргалын мэдүүлэг /хх-35-36х/ нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч С.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч С.Энхбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч С.Энхбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирлдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Боржигин овогт Сүрэнхорлоогийн Энхбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч С.Энхбаатарыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.Энхбаатарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урттай шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч  С.Энхбаатарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,  түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Энхбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Р.АЛТАНЦЭЦЭГ