Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 22

 

Г.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                           Прокурор Д.Бат-Өлзий /Цахим сүлжээгээр/

                                           Өмгөөлөгч А.Нацагдорж 

                                           Шүүгдэгч Г.А /Цахим сүлжээгээр/                                       

                                           Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Г.А-д холбогдох эрүүгийн 1727000340023 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, гавъяа шагнал, ял шийтгэлгүй Харцага овогтой Г.А

Г.А нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орох хүндэтгэлийн хаалганы орчимд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн А-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх, Г.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасан, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.А-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Г.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Г.А нь хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг болон хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч А.Н давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Г.А-д хорих ял оногдуулсаныг үндэслэлгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.  Шүүгдэгч Г.А нь Хархорин сумын хүндэтгэлийн хаалганы орчим оройн 20 цагийн үед машинтай явж байгаад зам тээврийн осол гарган хүний амь нас үрэгдсэн. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч морьтой хүний араас мөргөсөн гэж байна. Шүүгдэгч А /хх-101б/-д гэнэт баруун гар талаас морьтой хүн давхиад ороод ирсэн. Гэрч Д /хх-4/ баруун гар талаас хөндлөнгөөрөө нэг морьтой хүн гарч ирээд манай машинтай мөргөлдсөн гэх /хх-ийн 8-12х дахь 8, 9, 10-14, 16 дугаартай гэрэл зурганд машины баруун урд талд учирсан их гэрэл ба гэрлийн хуванцар чих хугарч унасан зураг. Тээврийн хэрэгслийн тодорхойлолт гэсэн /хх-13х/ баруун урд их гэрэл хагарч, салж унасан. Бэхлэгээ чих хугарсан, эвдрэл гэмтэлтэй гэх. 16 болон 69-71-р хуудас дахь гэрэл зурганд машины баруун урд хэсэгт үүссэн эвдрэлийг харуулсан байдаг. Машинд хийсэн үзлэгт /хх-66х/-д машины баруун урд талын 47x25 хэмжээтэй их гэрэл байхгүй болж унасан. Нэг том чийдэн /хх-17,18х/, гэрлийн хуванцар чих хугарсан. Тоормозны 4 хавчигч хэвийн ажиллагаатай /хх-67х/ зэрэг нотлох баримтыг судлаж үзэхэд хохирогч замын баруун талаас гарч ирэн машины баруун урд хэсэгт анх мөргөлдсөн байдал тогтоогдож байна. Энэ нь шүүгдэгч А, гэрч Д нарын мэдүүлгээр нотлогдож байна. Эндээс дүгнэж үзэхэд А болсон үйл явдлаа эхнээсээ үнэн зөв мэдүүлсэнийг нотолж байна. А болон хохирогчийн архи хэрэглэсэн эсэх 7953 тоот шинжээчийн дүгнэлтэнд /хх-60х/ А-н цусанд спиртын агууламж илрээгүй. Дүгнэлтийн 2-т хохирогчид 2.7 бүхэлтэй спиртийн агууламж илэрсэн. Дүгнэлтийн 3-т энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх заалтаас үзэхэд хохирогч өөрийн үйлдлээ бүрэн хянах чадваргүй хэмжээний согтолттой явсан болох нь тогтоогдсон. Зам тээврийн осол болоход хэн аль нь ямар буруутай болох талаар 5 хүний бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчдийн 16 тоот дүгнэлт гарсан. /хх-134-136х/, Дүгнэлтийн 3-т хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Дүгнэлтийн 4-т хохирогч ЗХД-ийн 23.9-р зүйлийн 8-д заасан ердийн хөсгөөр зорчиход согтуу байхыг хориглоно. Дүгнэлтийн 6-д хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Дүгнэлтийн 8-д Хархорин, Хужирт сумын цагдаагаас гаргасан дүгнэлт, акт учир дутагдалтай байна гэж дүгнэсэн. Эндээс үзэхэд ЗХД зөрчсөн талаарх эхний хоёр шинжээчийн дүгнэлт, бодит байдалд нийцээгүй, дутуу дулимаг болсоныг тогтоосон. Нөгөө талаас хохирогч хүнд хэлбэрийн согтолттой үедээ ердийн хөсөг морь унаж замын хөдөлгөөнд орохыг хориглосон заалтыг зөрчсөн. Энэ зөрчил нь зам тээврийн осол гаргах гол шалтгаан болохыг тогтоосон. Энэ дүгнэлттэй холбогдуулж шүүгдэгч А болон хохирогч хоёрын хэн аль нь буруутай болох талаар дүгнэлт гаргахад оролцсон шинжээч Г /хх-140х/, Б /хх-144х/, Н /хх-148х/, Д /хх-162х/, А /хх-166х/ нараас мэдүүлэг авахад: Хохирогч ердийн хөсгөөр согтуу зорчсон буруутай ажиллагаа нь зам тээврийн осол гаргах үндэслэл болсон талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Эндээс дүгнэж үзэхэд зам тээврийн осол болоход зөвхөн А-н буруутай үйлдэл төдийгүй хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна. А нь хийсэн хэрэгтээ гэмшиж байсан, түргэн тусламж, цагдааг дуудсан байдаг. Эрүүгийн хуулийн 6.5-р зүйл Эрүүгийн хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэсэн зүйлийн: 1.1 Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, 1.2 Гэмт хэрэг үйлдсний хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн, хохирлыг төлсөн, 1.4 Хохирогчын хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал. Шүүхээс хохирогчид төлөх бодит хохирлыг 6793350 төгрөгөөр тогтоосон. Шүүгдэгч А нийт 10350000 төгрөгийг хохирогч талд төлж, шүүхээс тогтоосон төлбөрөөс 3556650 төгрөгийг илүү төлсөн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 6.5-р зүйлд хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарагдаж байгаа. Хувийн төлөвшил нь нийгмээс тусгаарлах байдал байхгүй. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, хохирогч талд хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 2018/ШЦТ/31 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т заасан жилийн хугацаагаар хорих ял гэсэн заалтыг тэнсэх буюу торгох гэж өөрчилж өгнө үү...

Шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч А.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018/ШЦТ/31 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсныг өөрчлүүлэх гомдлыг гаргасан. Гаргасан гомдолтой танилцаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ч, түүний өмгөөлөгч Ү.Ч, улсын яллагч Д.Б нар тайлбарууд гаргажээ.  Хохирогч болон түүний өмгөөлөгч нар шүүгдэгч А-г гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, гэм хорыг арилгах санаачлага гаргаж байгаагүй. Талийгаачийг нас барахаас өмнө зээлсэн өр, буяны ажилд зарцуулсан зан үйлтэй холбоотой зардал, өмгөөлөгчийн ажлын хөлсийг төлөөгүй, бидний нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 11.017.130 төгрөгийг хасч тооцсон, талийгаачийг машины урдуур санаатай орж ирсэн гэж ярьсан. Мөргөж, амь насыг нь хохироосон үйлдэл нь санаатай үйлдэл гэх зэрэг хавтаст хэрэгт нотлогдоогүй гомдол тайлбарыг гаргажээ. Харин хохирогчийн өмгөөлөгч тайлбартаа зам тээврийн ослын талаар шинжээч нар боломжит үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж хүлээн зөвшөөрсөн байна. Шинжээч нар хохирогчийг хүнд хэлбэрийн согтолттой байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 23.9 дүгээр зүйлийн 8-д заасан согтуу байхыг хориглоно гэх заалтыг зөрчсөн. Энэ үйлдлээс хамаарч зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж дүгнэлтэндээ дурдсан. Энэ дүгнэлтийг гаргахад оролцсон нэр бүхий 5 шинжээч хохирогч ердийн хөсгөөр согтуу зорчсоноос зам тээврийн осол гарсан гэх мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг нь зөвхөн А-н буруутай үйлдлээс болоогүй. А замын хөдөлгөөний дүрэмд заасан цагдаа, түргэн тусламж дуудах үүргээ биелүүлсэн. Учирсан хохирлыг мөрдөн байцаалтын явцаас төлөх санаачилга гаргаж явсан. Хохирогч нар болон түүний өмгөөлөгчид энэ байдлаа удаа дараа илэрхийлж байсан боловч хохирогч нар анх нэхэмжилсэн 19000000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэж 10000000 төгрөг авна гэх мэтээр төлбөр авахаас татгалзаж ирсэн тул арга буюу регистрийн дугаараар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А. Ч-н дансанд хохирлын төлбөрийг төлсөн. А-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 жил хүртэлх хугацаагаар хасч, 1 жилээс 5 жил хүртэлх хорих ялаар шийтгэхээр хуульчилсан. Мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан: Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил оногдуулахаар тогтоосон бол хөнгөн хэрэгт тооцно гэх заалт. Хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т хорих ялын дээд хэмжээг 5 жил тогтоосон, гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн хохирлоо нөхөн төлсөн... бол 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэнэ гэх заалтыг удирдлага болгож анх удаа гэмт хэрэг хийсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Учруулсан хохирлоо 3500000 төгрөгөөр илүү төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дахь зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэнсэх ял оногдуулж, хохирогчийн давж заалдах гомдол түүний өмгөөлөгч болон улсын яллагчийн тайлбарыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч Г.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шийтгэх тогтоолтой танилцаад шүүгдэгч Г.А миний бие доорх тайлбарыг гаргаж байна. 2017.08.14-ний орой 20 цагийн орчимд Хархорин сум руу орох хүндэтгэлийн хаалганы орчим Jeep Grand Cherokee маркын автомашинтай явж байгаад зам тээврийн осол гаргаж иргэн А.А-н амь насыг хохироосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгтээ 1 жилийн хорих ял авсан. Тухайн өдөр Архангай аймгийн Хотонт суманд явж байсан манай төрлийн ах машин эвдэрсэн өөрийн машиныг аваад ирээч гэж хүссэний дагуу 8 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш насанд хүрээгүй дүү Дөлгөөний хамт явсан юм. Хархорин сум руу ойртож ирэх үед олон машин гэрлээ шилжүүлэхгүй зөрж байсан, энэ талаар дүү Д-тэй яагаад гэрлээ шилжүүлэхгүй байгаа юм бол доо гэж хоорондоо ярьж, хурдаа багасгаж явж байтал гэнэт баруун талаас морьтой хүн давхиад ороод ирсэн. Тухайн үед гэгээ тасарсан харанхуй байсан. Тэгээд толиндоо харахад морь нь босч суугаад байгаа юм шиг харагдсан. Би сандараад машинаа замаас гаргаад тэр хүн дээр очоод 102 луу утасдаж Хархорины цагдаагийн утас руу утасдаж мэдэгдээд, түргэн дуудсан. Ингэж явж байхдаа би согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Мөрдөн байцаалт дуусч өмгөөлөгчтэйгээ хавтаст хэрэгтэй танилцах үед машины баруун урд хэсэгт ихээхэн эвдрэл гэмтэл гарсаныг мэдсэн. Надтай явсан дүү Дөлгөөн морьтой хүн баруун гар талаас гэнэт гарч ирсэнийг мөн хэлж байсан. Сүүлд өмгөөлөгчдөө уг осол болсон газрыг зааж үзүүлэхэд морьтой хүн гарч ирсэн замын хажуу хэсэг нэг метр хэрийн огцом өндөр юм байна, зам руу орохын тулд морио хүчилж зүтгүүлж гарсан байхаар байна гэж өмгөөлөгч хэлж байсан. Тухайн үед морьтой хүн гэнэт мөргөснөөс болж яахаа мэдэхгүй, шоконд орж машинаа замын хажуу руу зогсоох гэж хэсэг явчихсан байсан. Энэ хэрэг явдлаас хойш оршуулгын ажилд нь зориулж 500,000 төгрөг ар гэрийнхэнд нь өгсөн. Аав Г хамт гэрт нь очиж уучлалт гуйх гээд айгаад орж чадаагүй нь миний буруу. Хохирогчийн группт байдаг бага хүүхдийг нь аав хот руу дагуулж яван эмнэлэгт үзүүлж, туслалцаа үзүүлж байсан. Хохирогч нар 20,0-иод сая төгрөг нэхэмжилсэн баримтыг манай өмгөөлөгч үзээд 6,0 сая гаруй төгрөг төлөхөөр юм байна гэж мөрдөн байцаалтын явцад надад хэлж байсан. Тэр үеэс миний бие ах дүү нараасаа мөнгө цуглуулж төлөхөөр болсон. Манай өмгөөлөгч энэ талаар хохирогчийн эхнэр болон бага хүүхэдтэй нь уулзаж хохирлын төлбөрийг төлөх саналаа хэлэхэд ард үлдсэн группт байгаа хүүхдийн эмчилгээ, өмнө нь авч байсан банкны зээл зэргийг тооцоод 20,0-иод сая төгрөг авна гээд хүлээж аваагүй. Прокурор болон шүүхэд шилжсэн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ч болон түүний өмгөөлөгчтэй манай өмгөөлөгч уулзаж хохирол барагдуулах саналаа хэлж байсан. Миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч-тэй хоёр ч удаа уулзаж 7-8 сая төгрөг өгье гэсэн боловч 20,0 сая төгрөгөө авна, дээр нь сэтгэл санааны хохирол гэж 10-с дээш сая төгрөг авна гээд эхний шүүх хурал болсон. Тэр үед би найз нөхөд болон хамаатнуудаасаа нэмж мөнгө олоод нийт 10,0 сая төгрөгтэй очсон. Тэгэхэд хохирогчийн өмгөөлөгч ажилтай гээд шүүх хурал хойшлогдсон. Би авч явсан 10,0 сая төгрөгөө хохирогчийн хүү Ч-д өгөх гэсэн боловч мөн л 20-30 сая төгрөгөө нэхээд аваагүй. 2018.04.26-ны өдрийн шүүх хурлын өмнө нь шүүгчийн туслахад хандан 10,0 сая төгрөгийн хохирол барагдуулах гэсэн юм хохирогчийн хүү авахгүй гээд байна. Танайд мөнгө байршуулдаг тусгай данс байдаг уу гэхэд тийм зүйл ерөөсөө байдаггүй, регистрийнх нь дугаараар нь хийж болно гэсэн. Үүний дагуу манай өмгөөлөгч хохирогчийн хүү Ч-н дансны дугаарыг нь олж шүүх хурал болох өдөр хохирлыг нь барагдуулсан. Би хохирлын төлбөрийг төлөхөө мөрдөн байцаагч болон улсын яллагч, шүүгчийн туслах нарт тухай бүрт хэлж явсныг тэд бүгд мэдэх юм.  Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Миний суух гэж байгаа найз бүсгүй маань энэ оны 6 дугаар сарын сүүлээр төрнө. Энэ байдлыг харгалзан үзээд нэг жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Б гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч А.Н-н гаргасан гомдлыг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцлаа. Өмгөөрөгч А.Н гаргасан гомдолдоо “...А хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэсэн зүйлийн 1.1. тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, 2.2. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг төлсөн, 1.4. Хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал ...Хохирогчид учирсан хохирол, төлбөрийг сайн дураараа төлсөн ...2 сая гаруй төгрөг илүү төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Г.А-д оногдуулсан хорих ялыг тэнсэж буюу торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орох хүндэтгэлийн хаалганы орчимд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 1 хүний амь нас хохиросон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2017-08-23-ны өдөр үйлдсэн ослын акт, бүдүүвч зураглал, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд, малд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, ШШҮХ-ийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “... Талийгаач А.А-н биед гавал яс, тархины суурь яс, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт тархины хатуу хальсан доорх болон дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайлбал автомашин ослын улмаас үүсгэгдэнэ. ...Талийгаач А-н тархины их хэмжээний няцрал гэмтэл, мөн гавал суурь ясны хугарал гэмтэл нь үхэлд шууд хүргэх гэмтэл юм. ...Талийгаач А нь тархины их хэмжээний няцрал, гавал, суурь ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн 89 тоот дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээч Б.Тэнүүний 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “... Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн болон бор хүрэн өнгийн үс мэт зүйлс нь үс мөн байна ...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн болон бор өнгийн үс нь хүний үс байх боломжгүй байна” гэсэн 7955 тоот дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...Уг автомашины тоормозны системийн хавчигчууд шинжилгээний явцад ажиллаж байх тул ослын өмнө болон дараа нь ажиллаж байна. Анх морьтой хүн мөргөсөн гэх “А” цэгээс автомашин зогссон “А4” цэг хүртэлх хэмжилтийн нийлбэрээр 80.3 метр зай гарсан, осол хэргийн материалд зогсоох арга хэмжээ авсан гэх тоормозны мөр болон нотлох баримт байхгүй тул жолооч зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж дүгнэх үндэслэлтэй. ...” гэсэн 4384 тоот дүгнэлт, шинжээч Ц.Пүрэвсүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “...Дээрх гэмтлүүдийг үндэслэхэд хүчтэй хойноос тээврийн хэрэгсэл мөргөсөн ...Үхлийн шалтгаан нь механик гэмтлийн улмаас дээрх гэмтлүүд үүсч их хэмжээний дотуур цус алдаж үхэлд хүргэсэн” гэсэн 03 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд, нас барсны гэрчилгээний хуулбар, Нийслэлийн замын цагдаагийн газрын Техникийн шинжээч нарын гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “...Жолооч Г.А замын хөдөлгөөний дүрмийн 9-р  бүлгийн 9.2-д заасан заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохилдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн 36 тоот дүгнэлт, хохирогч А.Ч-н өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ө.Д өгсөн мэдүүлэг, шинжээч Г.О, Ч.Д, Х.А, Ц.П нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Г.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны заримд нийцэж байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Ангарын өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна...гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.А-д холбогдох эрүүгийн хэрэг, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Г.А нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед   Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орох хүндэтгэлийн хаалганы орчимд Jeep Grand Cherokee маркын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа машиний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авалгүй засмал зам дээр морьтой согтуу явж байсан иргэн А.А-г  морьтой нь араас мөргөн  түүний  амь насыг нь хохироожээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Г.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

Тус үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-5-12х/, замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2017-08-23-ны өдөр үйлдсэн ослын акт, бүдүүвч зураглал/хх-13-14х/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд/хх-15-20х/, малд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/хх-21-24х/,

 “... Шинжилгээнд ирүүлсэн “Г.А 29 настай эр” гэж хаягласан цусанд спиртын агууламж илрээгүй, ...”А.А 53 эр” гэж хаягласан цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрч байна... цусан дахь 2,7 промилли нь  согтолын хүнд зэрэгт хамаарна ...”  гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч эмч Б.Ламчингийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7953 тоот дүгнэлт/хх-60-61х/,

 “... Талийгаач А-н биед гавал яс, тархины суурь яс, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт тархины хатуу хальсан доорх болон дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...Талийгаач Ц.А-н тархины их хэмжээний няцрал гэмтэл, мөн гавал суурь ясны хугарал гэмтэл нь үхэлд шууд хүргэх гэмтэл юм. ...Талийгаач А нь тархины их хэмжээний няцрал, гавал, суурь ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 89 тоот дүгнэлт/хх-46-47х/,

“... Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн болон бор хүрэн өнгийн үс мэт зүйлс нь үс мөн байна ...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн болон бор өнгийн үс нь хүний үс байх боломжгүй байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч Б.Тэнүүний 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7955 тоот дүгнэлт/хх-53х/,

“...Уг автомашины тоормозны системийн хавчигчууд шинжилгээний явцад ажиллаж байх тул ослын өмнө болон дараа нь ажиллаж байна. Анх морьтой хүн мөргөсөн гэх “А” цэгээс автомашин зогссон “А4” цэг хүртэлх хэмжилтийн нийлбэрээр 80.3 метр зай гарсан, осол хэргийн материалд зогсоох арга хэмжээ авсан гэх тоормозны мөр болон нотлох баримт байхгүй тул жолооч зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж дүгнэх үндэслэлтэй” гэсэн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4384 тоот дүгнэлт/хх-65-68х/,

“...Дээрх гэмтлүүдийг үндэслэхэд хүчтэй хойноос тээврийн хэрэгсэл мөргөсөн ...Үхлийн шалтгаан нь механик гэмтлийн улмаас дээрх гэмтлүүд үүсч их хэмжээний дотуур цус алдаж үхэлд хүргэсэн” гэсэн  үхсэн моринд хийсэн шинжээч Ц.Пүрэвсүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот дүгнэлт/хх-87х/,

-Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд/хх-103-104х/, нас барсны гэрчилгээний хуулбар/2-р хх-114х/,

“...Жолооч Г.А замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2-д заасан заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохилдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

... Талийгаач А нь замын хөдөлөөний дүрмийн 23-р бүлгийн 23.9-в-д заасан заалт “ Ердийн хөсгөөр зорчихдоо согтуу байхыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй" гэсэн  Нийслэлийн замын цагдаагийн газрын Техникийн шинжээч нарын гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 36 тоот дүгнэлт/хх-157-158х/ , хохирогч А.Ч-н өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ө.Д өгсөн мэдүүлэг/хх-41-42х/, шинжээч Г.О, Ч.Д, Х.А, Ц.П нарын өгсөн мэдүүлгүүд/хх-118-119, 161-161, 165-166х, 2-р хх-136-137х/ болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон байна.

Иймд анхан шатны шүүхээс  Г.А-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна  гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хариуцлага ноогдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, өөрөө хэлбэл хэргийг зөв зүйлчилжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хууль тогтоогчоос тухайн төрлийн хэрэгт гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсаны дагуу анхан шатны шүүхээс Г.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хохирогч А.А-н хууль бус үйлдэл, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Г.А-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.А-г  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давуулан нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн гэмшиж байгаа, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд тохиолдолын шинжтэй нөхцөл байдал нөлөөлсөн, хохирогчид  эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэн анхан шатны шүүхээс Г.А-т оногдуулсан хорих ялыг тэнсэх буюу торгуулийн ялаар сольж өгнө үү хэмээн гаргасан  А.Нацагдоржийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Г.А нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13 -ны өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Г.А-н өмгөөлөгч А.Нацагдоржийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс Г.А-н цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.