Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2023/0618

 

                                    “Р” ХХК

                                   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч  Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. Номинцэцэг

Нэхэмжлэгч: “Р” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Б” ХХК

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0560 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нацаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2020/0308/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Р” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1067 дугаар захирамжийн хавсралтын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 560 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 32 дугаар  зүйлийн 32.1,  32.3.2 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн хавсралтын 32-д заасан 862 м.кв газраас 242 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох 620 м.кв газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т тус тус зааснаар шинжээчийн зардал 263,819.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэгээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тухайд: ...Гуравдагч этгээд  “Б” ХХК нь 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 322 дугаар захирамжаар 220 м.кв газар, дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар 620 м.кв газар, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар 862 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон.

3.2. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 984 м.кв газрыг өмнө нь “Шинэ барилга” ХХК Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамж болон 2011 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн 295 дугаар захирамжаар эзэмшиж байсан бөгөөд нэхэмжлэгч “Р” ХХКнь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02 -ны А\99 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг “Шинэ барилга” ХХК-иас шилжүүлж авсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газар ямар нэгэн байдлаар  давхцалгүй, талууд эзэмшиж байгаа газраа барилга байгууламж, хилийн заагийг тогтоосон хашаа барьсан бөгөөд үүнтэй нь тэдний аль аль нь маргаж байгаагүй, үүнийг бодит байдал дээр талууд хүлээн зөвшөөрч ирсэн.

3.3. Гэтэл нэхэмжлэгчид Хот байгуулалт хөгжлийн газраас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр барилгын эх загвар зургийг баталж өгөхдөө түүний хоёр орц, гарцын нэгийг гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газраар дамжин өнгөрөхөөр байгааг анзаараагүй байдаг.

3.4 ...нэхэмжлэгчийн гол үндэслэл болгож байгаа баримт нь хууль тогтоомжид нийцээгүй болох нь тодорхой байх тул түүний зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлын нотолгоо болж чадахгүй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтаар шийдвэр гаргах тохиолдолд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхын зэрэгцээ тухайн захиргааны акт хууль бус байхыг давхар шаарддаг. Гэтэл ийм нөхцөл байдал үүсээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагдана.

3.5. Шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг биелүүлээгүй тухайд: ...Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 311 дугаар тогтоол гарах үед гуравдагч этгээдийн хойд талын хэсэгт байрлах газрыг хэн нэгэн эзэмшиж, ашиглаагүй байсан тул энэ үндэслэлийг тухайн шийдвэрт дурдсан. Харин хожим буюу 2018 оны эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг дарга дээрх 242 м.кв газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн.

3.6. Ийнхүү тус газрыг эзэмшүүлснээс хойш үүнтэй холбоотой маргаан үүсч, шүүхийн шийдвэр гараагүй болно. Үүнээс дүгнэхэд хожим бий болсон харилцаанд тухайн асуудалд хамааралгүй газрыг эзэмшүүлсэн эсэх нь Нийслэлийн Засаг даргын мэдэлд байсан үеийн шүүхийн шийдвэрийг нотлох баримт болгож дүгнэлт хийсэн нь буруу юм. Түүнчлэн тухайн шүүхийн шийдвэрүүдээр тус газрыг эзэмшүүлэхийг хориглож, хязгаарлаагүй юм.

3.7. Шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Гуравдагч этгээд нь 2018 онд өөрийн эзэмшил газрыг 242 м.кв-аар нэмэгдүүлэх хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар  зүйлд заасан шаардлагыг  хангуулж зохих журмын дагуу нийслэлийн Засаг даргад хандсан. ...Мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “нотлох баримтыг шүүхээс шаардсан хүрээнд гаргаж өгсөн” гэж тайлбарлаж байсан. Үүнээс үзэхэд гуравдагч этгээдийн хууль тогтоомжид нийцсэн бүрдүүлбэр нь бүрэн байсан болох нь тодорхой байна.

3.8. Гэтэл шүүх Газрын тухай хуулийн 32 дугаар  зүйлийн 32.3.2-т заасан тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг байхгүй гэдэг үндэслэлийг зааж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрхийг илтэд дорд үзсэн, захиргааны байгууллагын текник, зохион байгууллагын алдааг гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг хандуулсан хэрэг болно.

3.9. Мөн гуравдагч этгээдийн 2018 оноос эзэмшиж эхэлсэн 242 м.кв газартай холбоотой түүнийг эзэмших талаар нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу хэзээ ч хүсэлт гаргаж байгаагүй. Энэ тохиолдол нэхэмжлэгчид үүсээгүй эрх, байгаагүй хууль ёсны ашиг сонирхлыг байсан, бодитой мэтээр хандаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэж байгаа нь мөн л Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 5 дугаарт “...түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол уг этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд  гэж үзнэ” гэсэн тайлбарт үл нийцэх юм.  Иймд  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараахь байдлаар   шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Рийл стейт проперти менежмент” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1067 дугаар захирамжийн хавсралтын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...  үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж тус тус заасан.

2.2. Захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу түүний нийтийн эрх зүйн субъектив эрх нь зөрчигдсөн гэдгээ тодорхойлсон байхыг шаарддаг. Хэрэв захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн тусгай болон нийтлэг урьдчилсан нөхцөлүүд хангагдсан гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлт байдлыг шалгаж, уг акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн нь тогтоогдвол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэрийг гаргах хуулийн  зохицуулалттай.

2.3. Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар аливаа дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тус тус заасан.

 

3.1. Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч маргаан бүхий  актыг хэзээ, хэрхэн мэдсэн, 2018 оны акттай 2020 онд маргах болсон нь дээрх хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар нөхөж дүгнэх боломжгүй.

 4. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 32 дугаар  зүйлийн 32.1,  32.3.2 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий А/1067 дугаар захирамжийн хавсралтын 32-д заасан 862 м.кв газраас 242 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох 620 м.кв газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

4.1. Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг анх “Шинэ барилга” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2009 оны  671 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 984 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, мөн Засаг даргын 2011 оны 295 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрлийг олгосон, улмаар нийслэлийн Засаг даргын 2018 оны А/99 дүгээр захирамжаар уг газар эзэмших эрхийг “Шинэ барилга” ХХК-иас  нэхэмжлэгчид шилжүүлсэн болон гуравдагч этгээд  “Б” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 322 дугаар захирамжаар 220 м.кв газар, мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжаар 620 м.кв газар эзэмших эрхтэй болсон үйл баримттай талууд маргаагүй. Харин нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 242 м.кв-р нэмэгдүүлж 862 м.кв  болсонтой нэхэмжлэгчээс маргасан байна.

4.2. Нэхэмжлэгч А/1067 дугаар актыг хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлээ “...нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1067 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн эзэмшиж байсан 620 м.кв газрыг 862 м.кв болгон 242 м.кв газрыг үндэслэлгүйгээр шинээр нэмж олгохдоо ...хуулийн холбогдох заалтууд болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 02/03 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг ноцтой зөрчиж олгосон. ...Манай компанийн нөхөн олговорт авсан газартаа барихаар төлөвлөсөн 2 тусдаа 15 давхар орон сууцны барилга барих эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж орц, гарцыг хаасан, барилгын үйл ажиллагаанд дахин саад учруулсан” гэж, хариуцагчаас “...маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй...” гэж, гуравдагч этгээдээс “...манай компани шүүхийн шийдвэрүүд гарсны дараа өөрийн газар эзэмших эрхийг хангах үүднээс нийслэлийн Засаг даргад дахин газар эзэмших хүсэлт гаргасан ба тус газар нь бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, орц гарцын хөдөлгөөнд саад болохооргүй байсан тул ...А/1067 дугаар захирамжаар дээрх газрыг эзэмших эрхтэй болсон” гэж тус тус тайлбарлан маргажээ.   

4.3. Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хот байгуулалтын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан бөгөөд хуулийн 8.1.4-т “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн газар олголт, техникийн нөхцөлийн үндэслэл, бүрдэл, гүйцэтгэлд хяналт тавих” гэж, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 8.1 дүгээр зүйлийн 8.1.3-т “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих”-ийг хориглоно гэж заасан.

4.4. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...маргаан бүхий актаар 2018 онд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосны дараа Хот байгуулалт хөгжлийн газраас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн барилгын эх загвар зургийг баталж өгөхдөө түүний хоёр орц, гарцын нэгийг гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газраар дамжин өнгөрхөөр байгааг анзаараагүй”  гэх  давж заалдах гомдлыг шууд үгүйсгэх боломжгүй байна.

4.5. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М-ээс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “...барилгын эх зураг дээр төлөвлөсөн орц, гарцыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 862 м.кв газрын аль хэсэг, хэрхэн хаасан болохыг тогтоолгохоор ...шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж өгнө үү” гэх хүсэлт, мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “...нэхэмжлэгчээс ирээдүйд баригдах барилгын орц, гарц хаасан үндэслэлээр маргаж байгаа тул хэргийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж тодруулах нь хэргийг нэг мөр, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул маргаан бүхий газарт үзлэг хийж өгнө үү” гэх хүсэлтүүдийг гаргасан байх боловч тус хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

4.6. Талууд газрын давхцалгүй боловч орц гарцын асуудлаас болж маргаж буй энэ тохиолдолд  хүсэлтийг шийдвэрлэж, шүүхээс газрын үзлэг хийснээр бодит нөхцөл байдлыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

5. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор “...нэхэмжлэгч хуулийн этгээдийн барих зочид буудлын барилгын урд, баруун, зүүн талын хэсэгт орчны тохижилт хийхээр тусгасан болох нь ...тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас олгогдоогүй, барилга барих газарт хамааралгүй газарт тохижилт хийх эрхгүй” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүхээс гуравдагч этгээдэд барилгын хойд талд газар эзэмших эрх үүсээгүй талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

5.1. Тодруулбал дээрх тогтоолоор “...өөрийн газраас илүү гаргаж тохижилт хийсэн нь буруу” гэж дүгнэснээс бус газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн эсэхэд аливаа байдлаар дүгнэлт өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

6. Түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 12 дугаар сарын  13-ны өдрийн 10/4621 дүгээр “...тус компанийн үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зурагт орц, гарц нь “Б” ХХК-ийн эзэмшиж буй газартай давхцаж байна” гэх албан бичиг, Замын хөгжлийн газраас 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/996 дугаар “... “Р” ХХК нь ажлын хэсгийн хуралд оролцохоор хүсэлтээ 2018 оноос 2022 оныг хүртэлх хугацаанд тус газарт орц гарц гаргах хүсэлт ирүүлээгүй” гэх албан бичгүүдэд дурдсан үйл баримтуудыг шүүхээс хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА    

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН